Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор Улсын филармонийн гоцлол дуучин, “Серж меценат сан”-гийн дуучин Б.Дэлгэрбаярыг урилаа.

-П.Адарсүрэн гуайн дуунуудаар теле концерт хийсэн чинь хүмүүст их хүрсэн байна лээ?

-П.Адарсүрэн гуайн дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн дуу” теле, баримтат концертоо амжилттай хийлээ. Баримтат гэсний учир нь концертод маань дуучны хүү А.Амартайван ах аавынхаа тухай дурсамж ярьсан.

-Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай таныг П.Адарсүрэн гуайтай харьцуулсан нь их сонирхолтой санагдсан?

-Н.Жанцанноров гуай П.Адарсүрэн бол ямар нэгэн сургуульд суралгүй, төрөлх авьяасаараа дуунуудаа амьдруулсан. Харин Б.Дэлгэрбаяр бол мэргэжлийн сургуулийг нь төгссөн уран бүтээлч. Харин алдарт дуучны дуунуудыг дуулахдаа арга техникийг нь хэр гүйцэтгэж байна гээд харьцуулах шинжтэй, дүгнэлт хийсэн. Энэ нь ч миний хувьд их урам болсон шүү.

-П.Адарсүрэн гуайн дууг хүмүүс ихэвчлэн дуурайж дуулдаг. Харин таны хувьд эсрэгээрээ өөрийн болгож дуулжээ?

-Эдгээр бүтээл П.Адарсүрэн гэсэн нэрээр ард түмний сэтгэлд мөнх үлдчихсэн шүү дээ. Тиймээс монгол түмний хайртай дуучинг эргэн сануулах, дуунуудыг нь мөнхлөх зорилготой энэ бүтээлийг хийсэн юм. Гэхдээ дуучныг дуурайх биш өөрийнхөөрөө амилуулахыг зорьсон.

-Таны уран бүтээлд цэрэг, эх орны сэдэвтэй дуу голлох байрыг эзэлдэг. Энэ сэдвийн дууг дуулахын сайхан нь юунд байдаг юм бэ?

-Цэрэг, эх орны сэдэвтэй дуу намайг хурцалдаг. Эрх чөлөө, тусгаар тогтнол бидэнд ямар үнэ цэнээр ирснийг хэн ч мартах ёсгүй. Тиймээс уран бүтээлээрээ  дайчдынхаа яруу алдарыг мөнхлөхийг зорьж явна. Мөн миний аав ээж цэргийн хүн байсан. Багаасаа цэргийн амьдралыг мэддэг учир энэ төрлийн бүтээл их ойрхон санагддаг юм.

-Аав ээжийгээ дагаад л цэргийн хуаранд их очдог байв уу?

-Бага нас минь цэргийн амьдрал дунд л өнгөрсөн. Эргээд бодоход их сайхан санагддаг. Цэргүүд намайг өхөөрдөж, дуу зааж өгдөг байсан нь урлагийн хүн болоход нөлөөлсөн байх. Цэрэг ах нарын зааж өгсөн дууг гэртээ ирээд л дуулна. Мөн ээж минь гитартай их сайхан дуулдаг.

-Та “Серж меценат сан”-гийн дуучин. Энэ сантай хэрхэн холбогдсон бэ?

-Би энэ сантай, Я.Баярцэцэг эгчтэй холбогдсондоо өөрийгөө азтай гэж боддог. Бидэнд өсч дэвжих, санаа амар уран бүтээлээ хийх бололцоог бүрдүүлж өгдөгт нь талархаад баршгүй. Өнөөгийн энэ нийгэмд ямар ч хариу нэхэлгүйгээр уран бүтээлчдийг дэмжинэ гэдэг энэ урлагт чин сэтгэлээсээ хайртайгийн илрэл. Сангаас уран бүтээлийг минь ингэж дэмжлээ гээд ярихаар зарим хүн үлгэрт л тийм сайхан сэтгэл байдаг байх гэдэг юм. Гэхдээ бидний дунд ийм хүн байна гэдэг сайхан.

-Сангийн шугамаар итали багш ирж хичээл заасан гэсэн үү?

-Италийн алдартай багш ирж хоёр удаа бидэнд хичээл орсон. Олон шавь нь дэлхийн урлагийн ертөнцөд амжилттай хөдөлмөрлөж яваа юм билээ. Үүнээс гадна Итали, Москва руу мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. “Серж меценат сан”-гийн анхны дуучин нь А.Жавхлантөгс байсан. Түүний Ялалтын баярт зориулсан тоглолтыг нь зохион байгуулсан байдаг. Мөн Д.Гомбо-Очирын “Өвөрмөц” тоглолтыг зохион байгуулсан.

-Таны дуулах авьяас “Universe best songs” наадмаар нээгдсэн гэж бодож байна?

-Анх 2009 онд “Universe best songs” наадмын зар явж эхлэхэд би ямар гадаад дуу дуулах биш дээ гэж болож байсан. Харин ээж “Чи энэ тэмцээнд оролцоод үз” гэж хэлсэн юм. Ээжийнхээ шахалтаар очиж бүртгүүлсэндээ одоо баярлаж явдаг. Энэ тэмцээнээс би олон зүйл сурсан. Хүнд өөрийгөө хэрхэн ойлгуулах, тайзан дээр яаж биеэ авч явах гээд уран бүтээлч хүнд байх ёстой олон сайн чанарыг тэмцээн надад өгсөн. Мөн рок поп урсгалаар уран бүтээл хийж яваа үеийнхээ мундаг залуустай танилцаж, амьдралынхаа найзыг олж, одоог хүртэл сайхан нөхөрлөж явна.

-Таны дүү бас энэ тэмцээнд хүч сорьж байсан байх аа?

-Намайг оролцож байхад дүү минь хурдхан л 16 нас хүрээд оролцмоор байна гэдэг байсан. 2012 онд яг 16 нас хүрээд энэ тэмцээнд оролцож, шилдэг 25-д шалгарсан. 16-хан настай хэрнээ их зориг гаргаж, тэр том тайзан дээр дуулахад нь би дүүгээрээ бахархаж, өөрийн эрхгүй нулимс унагаж байлаа. Өөрөө амжилт гаргаснаас илүү их баярлаж, догдолсон.

-Дүү тань магадгүй анх ахыгаа хараад л урам зориг авсан байх. Одоо дуулаачаар сурч байгаа гэсэн үү?

-Хөгжим бүжгийн флет хөгжмийн ангийг төгсөөд одоо дуулаачаар сурч байна. Эхлээд би жаахан дургүй байсан. Хэлний авьяастай юм чинь тэр чиглэлээрээ яв гэсэн ч хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэж үзсэн.

-Харин ч сайхан юм биш үү. Танай удам урлагийн өндөр мэдрэмжтэй бололтой?

-Манай ээжийн тал урлагийн их мэдрэмжтэй. Зураач, яруу найрагч хүмүүс бий. Харин аавын талынхан их шооч. Хүнийг нөхөрсөгөөр элэглэдэг. Би аавыгаа жүжигчин болсон бол болох байсан байх гэж боддог юм. Даанч аав минь насаараа Хилийн цэрэгт жолоо мушгилаа даа.

-Рагу таныг их хүчтэй хоолойтой юм гэж магтаж байсныг саначихлаа?

-Аавын талынхан барилддаг, их бүдүүн хоолойтой улс байдаг. Түүнийг нь өвлөж авсан юм болов уу гэж боддог юм. Бурхнаас заяасан өгөгдөл нь надад байхад энэ авьяасаа хайрлаж, хэрхэн тордож явах нь миний ухааны л асуудал. Олон жил дуулж, сонсогчдынхоо хайр, хүндэтгэлийг хүлээсэн сайн дуучин болмоор байна.

-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Спортоор хичээллэдэг үү?

-Бага байхад аав минь намайг бөх болгох хүсэлтэй байлаа. Нэгдүгээр ангид ороход бөхийн секцэнд аваачаад өгчихсөн. Орой болохоор л байрны гадаа дэвжээ засаад хүүхдүүд цуглуулчихна. Манай хүүтэй цувраад барилд, амрааж болохгүй шүү гэдэг байж билээ. Ээж хүүхэд ядраачихлаа гэж гарч ирж уурлаад л. Энэ үеэс л бөхөд их хорхойтой болсон доо.

-Таны гэргий бас урлагийн хүн. Филармонид хамт ажилладаг байх аа?

-Гэргийтэйгээ анх хөгжим бүжигт танилцсан. Манай хүн Флет хөгжимчин. 2010 онд нэг гэрт орсон. Одоо Филармонид хамт ажиллаж байна.

-Урлагийн гэр бүл байх олон давуу талтай гэдэг?

-Хань минь адилхан урлагийн хүн сонгосондоо баярладаг гэж үргэлж хэлдэг юм. Хамт ажилладаг болохоор бүр амар. Оройтсон ч хамтдаа л харина. Магадгүй нэг нь өөр мэргэжилтэй байсан бол чи орой ирлээ гээд маргалдах асуудал гарна. Бидний хувьд орой хамтдаа очоод гэрийнхээ ажлыг зохицуулна гээд давуу тал олонтой.

-Хоёр хүүхэд чинь дуулж байна уу?

-Манай хоёр цэцэрлэгийн нэг ангид явдаг юм. Нэг удаа шинэ жилээр нь эхнэр бид хоёр өвлийн өвгөн, цасан охин болоод очлоо. Хүүхдүүд өвлийн өвгөнд авьяасаа үзүүлэх болсон юм. Гоцлол дуу гэсэн чинь охин минь дүүгээ хөтөлж гарч ирээд дүүгийн тухай дуу дуулсан. Өнөөх өвлийн өвгөн, цасан охин нь уйлаад бөөн юм болно биз дээ. Дараа нь эрэгтэй гоцлол дууг нь хүү минь дуулахад үнэхээр сэтгэл хөдөлж байсан шүү .

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин