Б.СОЛОНГО

НҮБ-аас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцид Монгол Улс нэгдэн орсны есөн жилийн ойн өдөр энэ сарын 13-нд тохионо. Энэхүү конвенцид нэгдэхээс эхлээд, бүрэн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд голлох байгууллагаар ажиллаж байгаа Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруултай ярилцлаа.

-Танай байгууллагыг бусад холбоодтой адил гишүүнчлэлийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байсан нь өрөөсгөл ойлголт бололтой. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагад улсаа төлөөлдөг ганц байгууллага гэж та хэллээ. Тэгэхээр манай уншигчдад түүхээсээ сонирхуулах уу?

-Манай байгууллага 1990 оны гуравдугаар сард Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэг­тэйгээр Тахир дутуу иргэдийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж 1993 оноос Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болж, олон улсын холбоонд гишүүнээр элссэн. Олон улсын нэршлээр ярьвал DPI-Mongolia гэж явдаг юм. Харьяаллын хувьд Зүүн хойд Азийн DPI-д багтдаг. Энэ холбоонд Монгол, Япон, Солонгос, Хятад гэсэн дөрвөн улс байдаг юм.

Холбоо гээд ярихаар хуучнаар сэтгээд малгай, дээвэр байгууллага гэж ойлгох хандлага бий. Гишүүдээсээ татвар аваад гишүүнчлэлтэй болно гэхээр манай байгууллагын хувьд тохиромжгүй. Учир нь бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг хууль ёсны язгуур эрх ашгийг хамгаалж, тэднийг олон улсад төлөөлөх ганц байгууллага нь тул хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаж болохгүй гэсэн үг л дээ. Тиймээс үйл ажиллагааны хувьд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар холбоод байна. Яг л адилхан Баян-Өлгий аймгийн DPI  гэх мэт бие даасан бүтэцтэй ажилладаг. Бидний хийх зүйл бол тэдэнд НҮБ-аас гаргасан шийдвэрийг цаг тухайд нь танилцуулах, сургалт явуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцийг бүрэн хэрэгжүүлэхэд уриалах, дэмжих, хамтрах юм.

-НҮБ-аас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцид Монгол Улс нэгдэн орсон өдөр удахгүй тохиох гэж байна. Танай байгууллага энэ үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдрийн тухай яривал?

- НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай үүрэгдсэн хэлбэртэй конвенц батлагдсан юм. Үүрэгдсэн гэдэг нь нэгдэн орсон улсын Засгийн газар нь  дөрвөн жил тутамд НҮБ-ын Хүний эрхийн хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар арга хэмжээ авсан, эрх ашгийг нь хэрхэн хамгаалсан тухай тайлангаа өгөх ёстой. 2006 онд конвенц батлагдаж, түүнд нэгдсэн эхний 20 улсын тоонд орохын тулд их ажилласан. УИХ-д ажлын хэсэг байгуулж, жагсаал хүртэл хийж байлаа. Ингээд 2008 оны арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-аас батлагдсан. Дараа нь НҮБ-ын төлөөлөгч 2009 оны тавдугаар сарын 13-ны өдөр баталсан. Ингээд энэ жил есөн жилийн ойл болж гэж байна. Үүний дараа олон улсын төлөөлөгч бидэнд конвенцийн тухай сургалт явуулсан. Үүнийг бид үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараа нь Ази номхон далай дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгъё гэсэн 10 зүйл бүхий Инчоны стратеги батлагдсан. Энэ стратегийг хэрэгжүүлчихвэл НҮБ-ын конвенцид нэлээд дөхөж очих юм. Харин энэ стратегийг хоёр дахь зорилтыг манай улс тойроод байгаад бид шүүмжлэлтэй ханддаг.

-Тэр нь ямар зорилт вэ?

-Улстөрийн болон шийдвэр гаргах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хэрэгжүүлэх тулгын чулуу нь юм гээд заачихсан байгаа. Энэ тулгын чулуугаа хэрэгжүүлэхүй зөвхөн халамжийн систем яриад байгааг өөрчлөхгүй бол болохгүй нь .  Гарч ирсэн Засгийн газар бүр биднийг мөнгө харсан, халамж горьдсон гэж харж, аргацаасан байдлаар өдөр хоногийн өнгөрүүлж байна.  Үүнд бид бухимддаг. Төр засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эрхийнх нь өдрөөр нэг дурсаж байна, сонгууль болохоор нэг дурсаж байна. Манай байгууллага бол төр шийдвэр гаргахыг, хэрэгжүү­лэхийг шаарддаг, хянадаг байгууллага. Хамгийн гол нь бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс манлайлагч удирдагчдыг бэлдэх хэрэгтэй байна. Шийдвэр гаргах түвшинд энэ хүмүүсийн төлөөлөл очиж байж байгаа оносон зөв бодлого хэрэгжүүлнэ.  Одоогийн нөхцөлд бол бид өөрсдөө сайн дураараа сургалт зохион байгуулж байна. Ганц нэг төслөөс гуйж байна. Бид угаасаа алдах юмгүй болсон. Олон жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө нэг ч төгрөгийн цалингүйгээр ажиллаад ирсэн. Харин сурч мэдсэнээ, олон улсын түвшин туршлагыг бусдадаа заамаар байна. Засгийн газраас ямар тогтоол шийдвэр гарсныг хорооны Засаг дарга, ажилтангууд ч мэдэхгүй л сууж байна шүү дээ. Бид дамжуулаад хэлье, сургаад өгье гэхээр хамтарч ажиллахгүй юм.

-Ингээд ярихаар улстөржөөд эхэллээ гэсэн шүүмжлэлтэй тулдаг шүү дээ?

-Манайхан улстөрийг угаасаа буруу ойлгоод явчихлаа. Буруу ойлгогдоод ч явчихлаа.  Их хурал, Засгийн газар, аймаг, НИХТ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бий болгох асуудлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Конвенцид нэгдсэний дараа бид хуулиа батлуулсан. Хууль батлагдсаны дараа хэрэгжүүлдэг систем нь хэрэгтэй болсон тул хариуцсан яамны дэргэд хэлтэс байгуулагдсан. Тухайн үед бид Ерөнхий сайдын дэргэд агентлаг байгуулья гэсэн саналыг өгч байсан. Хэрэв агентлагтай болчихвол байдал арай өөр болно шүү. Цаасан дээрх тогтоол, хөтөлбөрүүд биелэгдэх магадлал арай өндөр болно. Бүх аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг байгуулж, даргаар нь Засаг дарга ажиллах Засгийн газрын 136 дугаар тогтоол гарсан. Харин энэ тогтоолыг мэдэхгүй байгаа, үл ойшоосон дарга олон байна.

-Хэлтсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах нь хангалтгүй гэж та үзэж байна уу?

-Ажиллах сэтгэл байгаа боловч зохион байгуулалтын хувьд буруу байна. Болж өгөхгүй байна. Зүгээр л хэлбэрдсэн төдий л явж байна. Монгол Улсад халамж гэхээр зүгээр л мөнгө олон хэрэгсэл шиг болж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж гэж л харж байна. Түүндээ ч бүрэн хамруулж чаддаггүй. Таны өвчинд тохирох заалт алга гээд группд оруулдаггүй. Тэр хүн хөдөлмөрийн чадвар алдсан л бол заалт ямар хамаатай юм бэ. Өөрсдөө тэр заалтыг нь нэмээд оруул л даа. Дээрээс нь тэргэнцэртэй, хараагүй, дүлий гээд эрхтнээр нь ялгаварлан гадуурхаад ангилчихсан. Уг нь НҮБ-ын конвенцид үүнийг хориглосон байгаа. Тэгсэн хэрнээ олон улсын хүний эрхийн байгууллагууддаа тайлангаа худлаа өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах гэсэн дээр 100 айлд байдаг ахмадын түрээсийн орон сууцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон мэтээр бичээд явуулсан байх жишээтэй. Одоо энэ жил дараагийн тайлан бичигдэнэ. Засгийн газар ямар тайлан явуулах вэ гэдэгт бид маш соргогоор анхаарал хандуулж байна.

-Мэдээж үйл ажиллагаа явуулахад санхүүжилт маш чухал. Та бүхэн хаанаас болгодог юм бэ?

-Би Японы DPI-ийн төлөөлөгчөөс танайх яаж санхүүждэг юм бэ гэж асуулаа. Төрөөсөө л авдаг гэж байна. Ардчилал утгаараа хөгжсөн газар “Май чи энэ мөнгийг аваад намайг хянаадах” гээд өгч байна. Харин Монголд бол үүнд мөнгө өгч болохгүй гэсэн эсрэг сэтгэлгээтэй. “Манайх ямар ч санхүүжилт авдаггүй” гэж хариулахад нүд нь орой дээрээ гарсан. Та 20 гаруй жил яагаад энэ ажлыг хийсээр ирсэн юм бэ гэж гайхаж байсан.  Манай Зүүн хойд Азийн холбоонд дэлхийд эдийн засгаараа дээгүүрт ордог гурван улс байна шүү дээ. Тийм байхад бид зөв бодлого барьчихвал хөгжих боломж байна. Бас нэг мэдээлэл өгөхөд хоёр жилд нэг удаа болдог Зүүн хойд Азийн DPI-ийн хурал энэ оны есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Бид бэлтгэл ажлыг хангаад явж байна. Үнэнийг хэлэхэд санхүүгийн нөхцөл байдал хэцүү байна. Солонгос, Япон улсаас асууж  байсан. Зохион байгуулж чадах уу, эдийн засгийн боломж байна уу гэж. Бид ямар улсаа муулалтай биш, чадна аа л гэсэн.

-Хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ?

-34 сая төгрөг зарцуу­лагдахаар төсөвлөсөн байгаа. 10 саяыг нь яамнаас зөвшөөрсөн. 12.8 сая төгрөгийг нь шийдэж өгөхийг Нийслэлийн Засаг даргад уламжилсан байгаа. Одоогоор шийдэгдээгүй байна. Үлдэгдэл мөнгийг нь бид хаанаас олохоо сайн мэдэхгүй байна. Болохгүй бол ард түмэндээ хандана. Хэвлэлийн хурал хийгээд, хайрцаг бариад гуйна. Ичнэ гэж байхгүй. Бизнесийнхэнд хүртэл хандаж байгаад энэ хурлыг зохион байгуулах төсвийг босгоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин