Д.АРИУН

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2018.05.04/ мэдээлэл хийж, “Миний бие шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  лхагва гаригийн /2018.05.02/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Н.Цэрэнбат сайд аа ажлаа хийсэн шиг хийгээч ээ. Танай салбар үнэхээр бугшсан, авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон газар. Байгалийн бүх баялаг, ургамал, амьтан гээд зарж болох бүгдийг зарж байгаа. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг хил давуулж зарсан тухай мэдээлэл байна. Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулж шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж гадагшаа гаргахыг хориглосон. Гэтэл Засгийн газар нууц тогтоол гаргаад, танай яам 750 шонхор шувуу зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая ам.долларын ашиглалтын асуудал гарсан байна. Энэ талаархи мэдээллийг Байнгын хороонд нээлттэйгээр мэдээлэл өгөхийг хүсч байна. Тагнуул, гаалиас бүх мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” гэж хэлсэн юм. Харин салбарын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Энэ тоог яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө хэлэх байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийн 11 цаг 43 минут хүртэл шонхор шувууны асуудлаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулаагүй” гэж тайлбарлалаа. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гадагш нь гаргаж байсан.  Харин 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөг үйлчилж байгаа гэж онцоллоо.

Эх сурвалж: polit.mn