М.БААСАНДЭЛГЭР

 Эцэг эх, нийгмийн ажилтнууд хамтран “School police”-д тулгамдаж буй асуудлын талаар өчигдөр хэлэлцлээ. Энэ үеэр Монголын сурагчдын холбооны дэргэдэх ”School police” төвийн захирал О.Оргилсайханаас зарим зүйлийг тодруулав.

 -Сургуулийн дэргэд “School police” ажиллуулс­наар хүүхэд осол гэмтэлд өртөх нь буурсан уу?

-“School police”-г 2013 оноос эхлүүлснээс хойшх үр дүнг харвал, гэмт хэргийн тоо буурч байгаа. Бүр тодруулбал, энэ хичээлийн жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэрэг 37 хувиар буурсан. Тиймээс өдөрт 4-8 эцэг, эх эргүүлд гардаг байсныг 16 болгож нэмэгдүүлэх саналтай байна. Нийслэлийн хэмжээнд 200 гаруй ерөнхий боловсролын сургууль байдаг. Өдөрт 1400 хүн эргүүлд гарч байна. Эцэг эхчүүд жилд нэг л удаа эргүүлд гардаг. Төрийн байгууллагад ажилладаг бол хагас өдрийн цалинтай чөлөө олгодог болсон. Сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд чөлөө өгч эхэлсэн шүү дээ.

-Эцэг, эхчүүд эргүүл хийхэд ямар асуудал тулгардаг вэ?       

-Эцэг, эхчүүд зам дээр зогсч эргүүл хийхдээ “Зогс” гэсэн дохио өгөхөд жолооч зогсохгүй шууд явдаг. Зарим жолооч дайрах шахаад явах нь ч бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд Замын цагдаагийн газраас зогсоогүй жолоочид торгууль ногдуулдаг болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин