Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн дугаарын зочноор спортын дэд мастер Б.Ууганбаярыг урилаа. Тэрээр удам дамжсан уралдаанч бөгөөд “УАЗ-469” автомашины төрөлд уралддаг юм.
-Өнгөрсөн он таны хувьд амжилтаар дүүрэн байлаа. Улсын аваргын мөнгөн медаль гэдэг залуу тамирчны хувьд том амжилт шүү?
-2016-2017 он миний хувьд амжилтаар хурцлагдсан сайхан жил байлаа. Холын зайн таван тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Мөн улсын аваргын мөнгөн медаль хүртэж, спортын дэд мастерын болзол хангалаа.
-Олон эрсдэлийг туулсны тань үнэ цэнэ гэж ойлгож байна?
-Аливаа спорт тамирчнаас тэсвэр хатуужил, зоригоос гадна ухаан шаарддаг. Шууд уралдаад амжилт гаргана гэж байхгүй. Таны хэлдгээр олон эрсдэлийг туулж, уралдаанаас уралдааны хооронд туршлагажиж, сурч байж зорьсондоо хүрдэг. Миний хувьд ч энэ замыг туулсан.
-Анхны гараагаа хаана хийж байв?
-2014 онд анх уралдсан. Хоёр сарын өмнөөс машинаа бэлдээд тавдугаар сарын 1-нд анх гараалж байлаа. Эхний уралдаан байсан учир туршлага дутсан, сандарсан. Гэхдээ эргээд бодоход дурсамжтай, сайхан санагддаг шүү.
-Анх уралдах саналыг аав тань тавьсан гэсэн үү?
-Анх Өмнөговь аймагт болсон уралдааныг үзээд, буцаж явах замд “Аав нь машин бэлдээд өгье. Миний хүү уралдах уу” гэсэн. Аав минь өөрөө тамирчин учир намайг чадна гэж итгэсэн хэрэг. Миний хувьд багаасаа аавынхаа оролцсон уралдаануудыг үзэж өссөн учир энэ спорт хол санагдаагүй. Ааваас минь гадна энэ спортод намайг дурлуулж, зааж сургасан хүн нь миний багш спортын мастер Ж.Төрмөнх. Багшаасаа их олон зүйлийг сурсан.
-Таны аав бас спортын мастер хүн. Аавынхаа замналыг хүү нь үргэлжлүүлж байна гэж бодохоор бахархаж байна шүү?
-Миний аавыг Б.Батсүх гэдэг. Насаараа уул, уурхай, авто тээврийн салбарт ажиллаж байна. Мэдээж миний хувьд үлгэр жишээ авдаг, хайрлаж хүндэлж явдаг эрхэм хүн минь. Надаас гадна хоёр эрэгтэй дүү маань уралддаг. Ээж минь биднийг дагаж, хоол унд бэлдэж өгдөг гээд бодохоор манай гэр бүлийг “автоспортынх” гэж онцолж болно.
-Гэхдээ л эрсдэлтэй, аюултай харагддаг юм?
-Унах, онхолдох, мөргөх, шүргэлцэх гээд эрсдэл олон бий. Энэ бүхнийг эхлээд сайн тооцоолох хэрэгтэй. Мөн хамгаалалтын малгай, бүс, хувцас, суудлыг ашиглах нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Үүнээс гадна сэтгэлзүйн бэлтгэл их чухал. Тэмцээний өмнөөс өөрийгөө тайван байлгаж, аав болон багш нарынхаа зөвлөгөөг сайн сонсдог.
-Өөрийгөө ингээд хамгаалчихдаг юм байна. Машинаа яах вэ?
-Бэхэлгээ их чухал. Уралдахынхаа өмнө ихэвчлэн карказ төмрөөр бэхэлгээ хийдэг.
-Та 96 дугаартай уралддаг. Магадгүй энэ дугаар танд аз авчирдаг уу?
-Миний бэлгэшээдэг, азын дугаар. Сонирхуулахад аав 97, багш маань 98 дугаартай уралддаг.
-“УАЗ-469” ангиллын онцлог нь юу вэ?
-Бусад ангиллыг бодвол нэг стандартын машинаар уралддаг. Мотор, кроп гээд эд анги нь адилхан учир жолоочоос илүү ур чадвар шаарддаг. Мөн автоспортын хамгийн их үзэгчтэй, сонирхолтой, өрсөлдөөнтэй төрөл.
-Мэдээж том зорилготой байх?
-Удахгүй Дархан хотод “Чингис мастер кросс” тэмцээн болно. 20 дахь жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээн тамирчдын хувьд хамгийн өрсөлдөөнтэйд тооцогддог. Миний хувьд бэлтгэлээ базааж байна. Амжилт ахих тусам зорилго минь өөрчлөгддөг. Анх тэмцээнээ амжилттай дуусгая гэж боддог байсан бол одоо кросс ангиллын шилдэг таван тамирчны нэг болох зорилго өвөртлөөд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин