Дэмчигжавын Отгонбаяр
Хураангуй
Монгол Улсын Драмын эрдмийн театр 2017 оны төгсгөлөөр Оросын зохиолч Лев Толстойн “Холстомер” туужаас сэдэвлэсэн “Адууны түүх” жүжгийг Норовын Пүрэвдагвын орчуулга, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Баянцагааны Баатарын найруулгаар үзэгчдэдээ толилууллаа. Л.Толстойн зохиолоос сэдэвлэсэн жүжгийг Монголын театрын тайзнаа анх удаа найруулан тавьсан нь энэ юм.
Гэнэт ер бусын этгээд шаазгай алаг зүстэй унага төрөхөд ижил сүрэг нь ч, эзэн нь ч бүгд гадуурхаж байгаа тухай өгүүлэх уг жүжгийг найруулан тавихдаа зөвхөн адууны бус хүний амьдралыг зэрэгцүүлэн харуулжээ.
Жүжгийн зохиол, найруулга, жүжиг бүхэлдээ Монголын тайзны урлагт инэ чиг хандлага орж ирж байгааг харуулсан бүтээл болсон.
Драмын жүжиг нь зөвхөн яриан, дуулалт, моно гэх мэт нэг төрөл хэлбэрт баригдахаа больж, урлагийн олон төрлийн зааг хослол дээрээс уран бүтээл төрж байгаа шинэ чиг хандлагыг Монголын тайзнаа “Адууны түүх” харууллаа.
Түлхүүр үг: Орчуулагч-монгол жүжиг, найруулга-найруулагч, дүр-жүжигчин, олны хэсэг-бүжиг хөдөлгөөн, тайзны урлаг-шинэ хандлага.
Оршил буюу Зохиолын тухай
Лев Николаевич Толстой ийм зохиол бичих санаа нь Холстомер нэртэй алаг зүстэй одой морины талаар дуулсан тухай буюу 1956 оны үеэс эхэлжээ. Харин “Холстомер” туужийг бичиж дуусгасан цаг хугацааг түүний уран бүтээлийн жагсаалтад 1861 он гэж бичсэн байдаг. “Холстомер” туужаас сэдэвлэсэн жүжиг, уран зураг, дуурь зэрэг урлагийн олон төрлөөр туурвисан бүтээл байдаг. 1975 онд Орос Зөвлөлтийн нэрт найруулагч Г.А.Товстоногов “Холстомер” туужаас сэдэвлэсэн “Адууны түүх” жүжгийг найруулан тавьжээ. Туужаас сэдэвлэсэн жүжгийн зохиолыг Марк Розовский бичсэн бөгөөд гол дүр Холстомерт ЗХУ-ын ардын жүжигчин Евгений Лебедев тоглож, хожим нь буюу 1989 онд телевизийн урын санд бүрэн эхээр нь бичиж авчээ.
Монгол Улсад энэ жүжгийг найруулан тавих талаарх санаа оноо анх гарч байсан нь 2007 он бөгөөд энэ үед Л.Толстойн зохиолоос сэдэвлэн Марк Розовскийн бичсэн жүжгийн зохиолыг орчуулагч Н.Пүрэвдагва орчуулж бэлэн болгосон боловч санхүүгийн шалтгаанаас болоод тайзны бүтээл болж чадаагүй байна. Харин 2017 онд найруулагч Б.Баатарын санаачилга хүсэлтээр уг жүжиг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлийн төлөвлөгөөнд багтан тайзны бүтээл болж, үзэгчдэд хүрлээ. Энэ жүжиг дээр хамтран хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очироос гадна, Санкт-Петрбургийн Театр урлагийн академийг 2014 онд төгссөн залуу найруулагч О.Итгэл, Москвагийн Театр урлагийн их сургуулийг найруулагчаар төгсч байгаа М.Батболд гээд театрын урлагийн шинэ үеийнхэн Б.Баатар найруулагчтай хамтран ажилласан байна.
“Жүжгийн тавилтыг өөрчлөх санаачилга уран зохиолоос л төрдөг”[1]. Мөн “Жүжгийн зохиол хэдий чинээ олон талтай, сонирхол татахаар бичигдсэн байна, тэр чигээрээ театрт шаардлага тавьж, өөрийн онцлог бичлэгийн хэлбэрт тохирох илэрхийллийн арга хэрэгсэл, тайзны орон зайг шийдвэрлэх шинэ шийдэл нэхдэг” [2]. Тэгвэл Монголын тайзнаа анх удаа тавьсан Л.Толстойн адууны тухай зохиолоос сэдэвлэсэн жүжгийн зохиол, орчуулга, найруулгын онцлог, өгүүлэмж санаа, дүрүүдийн сонголт, найруулагчийн шийдэл, тайзны урлагийн тухайд шинэ, шинэлэг зүйл юу байв гэдгийг авч үзлээ.
Жүжгийн орчуулгын онцлог
Нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай монголчуудын тухайд хүлэг сайн морь гэж хүндлэн авч үздэг уламжлалтай. Хүлэг сайн морио магтан дуулсан үлгэр домог, түүх хууч олон байдаг. “Харин харамсалтай нь монголд адуутай холбогдолтой энэ хэмжээний бичсэн зохиол алга байж. Б.Баатар найруулагч үүнийг бодож, нэг талдаа уг жүжгийг оюутан ахуй цагтаа үзэж байснаасаа хойш сэтгэлд нь явсан нийгмийн амьдралыг монгол хүний сэтгэлд ойрхон байдаг мориор дамжуулан илэрхийлэх гэсэн зорилгоо биелүүлэх гэж энэхүү зохиолыг барьж авсан” [3].
Адуу гэдэг амьтныг гаршуулж, унаж эдэлж хэрэглэсэн ахуй соёл уламжлалаараа орос, монгол хоёр тэс өөр. Эх зохиолоос нь хөөж бодвол адуутай холбоотой бүхэн, эд хэрэглэл, орос ахуйнх байх ёстой. Харин УДЭТ-ын тайзнаа амилсан “Адууны түүх” монгол ахуйг түлхүү тусгаж өгсөн байна. Жишээ нь, Монголын тал хээр дов толгод дунд адуун сүрэг жүжгийн эхнээс дуустал гарч байна. Унасан газар, угаасан усны билэгдэл нь нэг жижигхэн нүцгэн дов. Бас жүжгийн бяцхан хэсэгт цөөхөн буриад үг аялга хэлэгдэж байна. Гэхдээ тэр чигээрээ монгол гэвэл бас биш. Суурин болон нүүдлийн хоёр ахуйн хэлбэрийг хослон орж ирж байна.
Жүжгийн баатруудын нэр Данагар, Пүүпай, Сэрсэр, Жанжаа гэхчлэн өрнөж байгаа үйл явдлыг тодруулсан давхар санаатай сонин содон. Тухайлбал, Сэрсэр гэдэг нэртэй агтчины дүр. Мөнхийн согтуу явах агтчины дүрийг нэр нь илүү тодотгож өгч байна. Энэ мэтээр зөвхөн баатруудын нэрийг монгол болгосон төдийгүй, агуулгаараа бүхэлдээ монгол жүжиг болсон байна.
Жүжгийн агуулгын тухай товч
Цагийн саалтанд нугарч, амьдралын нугачаанд сөхөрч, насны намартай золгосон эцэж ядарсан өтөл морь… Харин нөгөө талд нь зүс ижил, нас залуу сүрэг. Сүрхийн давхиж, сүрхийн далдрах идэр залуу сүрэг, өтөл хөгшин морь хоёрт зэрэгцэх адилтгах зүйл даанч нэг үгүй…
…Олон адуу ойлж цойловч
Олон тийшээ дүүлж цоролзовч
Сүргийн хууль- нэг жолоо
Сүргийн удирдлага-нэг толгой!… [4] гэж дуулах идэр залуу сүрэгт өтөл хөгшин, шаазгай алаг зүстэй Данагар таалагдсангүй, бас түүнийг уугуул сүргийнхэн нь хэн болохыг таньсангүй. Хазаж хайрч, хөөж элдэвлэж зовооно…Угтаа бол Данагар ингэж эдэнд элдэвлүүлж явах ёстой нэгэн биш байлаа. Энэ тухайгаа “Жүчээний тэргүүн азарга Эрхэм Тэргүүн, Эзэгтэй хоёрын үр мөн.Ургийн бичиг ёсоор бол би Тэргүүн азарга. Удам судраа бодвол уугуул байр минь тэр.Харин одоо хар муу хоч минь Данагар болж” хэмээн хэлэх. Тэргүүн азарга байх ёстой Данагар ингэж сүрэгт гадуурхагдсан амьтан болсон нь ганцхан зүйлээс болсон байлаа. Тэр бусдаасаа онцгой, содон шаазгай алаг зүстэй. Бусдаасаа онцгой байна гэдэг, шаазгай алаг байна гэдэг ямар байдгийг, ямар зам туулсныг, яагаад бусдаасаа онцгойг, сүргийн хуулийг дагаагүйгээ сүрэг ч, хүн ч, хүний нийгэм ч үзэн ядаад байдаг юм бэ?…Энэ бүх асуултын хариуг шаазгай алаг зүстэй, Холстомерийн амьдралын түүх өгүүлж байна. Гэхдээ дан ганц адууны түүх, адууны амьдрал биш, хүний амьдрал зэрэгцэн нэгэн тайзнаа өрнөж, адуунууд хүмүүний амьдралыг хөндлөнгөөс харж гайширч, бүр шоглоно. Холстомер буюу морины амьдралтай зэрэгцэн түүний шинэ эзэн болсон Хадран ван буюу Серпуховскийн дүр, түүний амьдрал зэрэгцэн тайзнаа өрнөнө.
Бас нэгэн тайзнаа гэнэн хонгор хүүхэд нас, идэр ирмэг залуу нас, гундаж хагдарсан өтөл нас гэдэг амьдралын гурван цаг хугацаа өөр өөрийн өнгө төрхөөрөө ээлжлэн гарч ирнэ.
Найруулгын онцлог
Найруулагч Б.Баатар Г.Товстоноговын найруулан Орос-Зөвлөлтийн нэрт жүжигчин Лебедевийн тоглосон “Холстомер” жүжигт зөвхөн адууны амьдрал гардаг. Харин бид өөрөөр хийж байгаа гээд “адуу нь хүн, хүн нь адууны байранд орчихсон сонин хэлбэртэй” [5] гэдгийг онцолсон байна.
Зүс гундаж, нас өтөлсөн Данагар өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж дурсан “Яагаад?” гэдэг асуултын хариу хайж байгаа өгүүлэмжтэйгээр жүжиг өрнөх бөгөөд шаазгай алаг зүстэй бяцхан унага төрөнгүүтээ л зүс ижил “сайхан” сүргийн өнгийг гутаах гэсэн буруутан болон ад үзэгдэж, сүргээс захлан хөөгдөж, гадуурхагдаж эхэлнэ. Нэг талаасаа сүрэг, нөгөө талаасаа шаазгай алаг Холстомер. Сүрэг өөрийн дүрэмтэй, сүргийн хуулийг хэн ч зөрчиж болохгүй гэдэг дүрэм л сүрэгт үйлчилнэ. Сүргийн хуулиар бол сүргээс өөр зүстэй төрсөн Холстомер хэчнээн хурдтай, хүчтэй гайхамшигтай адгуус байгаад ч сүрэгт багтах учиргүй. Энэ жүжгийн олны хэсэг буюу сүрэг өөрөө бүхэлдээ нэг том дүр болж эсрэгцэж тодорч гарч ирж байна. Уламжлалт ойлголтоор авч үзвэл олны хэсэг нь гол дүрээ тодотгож өгөх үүрэгтэй байдаг бол энэ удаад Б.Баатар найруулагч түүнийг эвдэж, олны хэсэг буюу сүргийг гол дүртэй нэг талаасаа зэрэгцүүлэн /хүний амьдрал/ нөгөө талаасаа эсрэгцүүлэн гаргаж иржээ. Сүрэг ярьж байна, дуулж байна, бүжиглэж байна, морины хөдөлгөөн нь циркийн үзүүлбэр ч юм шиг үзүүлж байна.
Нэг талаасаа хүн, нөгөө талаасаа морь гэдгийг харуулан дуулж, бүжиглэж, жүжиглэх нь жүжигчдээс ур чадвар, хүч хөдөлмөр шаардсан хүнд ажил. Энэ бол жүжигчнээс физикал драм, биомеханик талаасаа бас дээрээс нь нэмээд оюун санааны талаасаа гээд өндөр ачаалалтай ажиллахыг шаардаж байгаа хэлбэр.
Дүрүүдийн сонголт, онцлог
Сүрэгтээ гадуурхагдсан Холстомер-Данагарын дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран бүтээжээ. Чухамхүү энэхүү бүтээлээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр олон жилийн өмнөөс бодож төлөвлөж байсан Г.Мягмарнаран жүжигчний хувьд бэлтгэл хангалттай байсан гэдгээ харуулж тоглов. Өтөлж хөгширсөн Холстомер эргээд сүрэгтээ ирэхэд таньсан ганцхан адуу болох хөгшин гүү Хулангоод Ардын жүжигчин Сарантуяа, бяцхан унагахан Холстомерт залуу жүжигчин Э.Тодгэрэл, идэр залуу эрмэг хурц Холстомерт жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тогложээ.
Хөгшин Данагар, хөгшин гүү Хулангоо хоёр, үзэсгэлэн гоо идэр залуу настайгаа эсрэгцэнэ. Хулангоогийн залуу насны дүрийг бүтээсэн залуу жүжигчин М.Тогтохжаргалын омог бардам, харц дээгүүр төрх зурвас зурвас гараад өнгөрч байгаа ч гэлээ залуу нас гэдэг даравч дардайж, булавч бултайх гайхамшиг гэдгийг харуулах. Хөгшин залуугийн энэ эсрэгцэл нь “Өтлөе гэж өтлөдөггүй, өнгөт орчлонгийн жамаар өтлөдөг” тэр жам ёс, залуу нь хөгшнөө, хөгшин нь залуугаа ойлгодоггүй амьдралын аяг аашийг улам тодруудан харагдуулах шийдэл болсон байна.
Дүрийн сонголтын тухайд бас тоглосон уран бүтээлчдийн тухайд онцлууштай зүйл олон байна. Тухайлбал, сүргийн эзэн Жанжаа гэж хазганасан явдалтай, хахир дуутай, дээдэст долдой, доодост ширүүн хачин хүний дүрийг Б.Шинэбаяр бүтээжээ. Б.Шинэбаярыг Ромео ч юм уу эсвэл Д.Нацагдоржийн дүрийг бүтээж байснаас нь салгаад “Адууны түүх”-ийн Жанжаа гэж буулгаж бодоход амаргүй байсан нь залуу жүжигчин дүрээ хэрхэн сайн бүтээснийг харуулж байгаагийн нотолгоо болов уу.
Хадран ван буюу Серпуховскийн дүрд жүжигчин М.Түвшинхүү тоглосон байна. Үнэтэй цэнэтэй бүхнийг өөрийн болгож, найр наадам зугаа цэнгэлд умбасан Хадран ван хурд хүчний гайхамшиг болсон шаазгай алаг адууг ч өөрийн болгоно. Хадран вангийн дүрийг бүтээсэн М.Түвшинхүүгийн тоглолт эхлэл хэсэгтээ уралдаан, зугаа цэнгэлд автсан баян хүнийг харуулдаг хиймэл, хээнцэрлэл, хэтэрхий хэлбэрдсэн гэж өөлмөөр байсан ч, харин төгсгөлдөө тэс өөр байлаа. Хадран ван өтөлжээ. “Би олон хүнийг дайлж тэжээж тэтгэж явсан, одоо та нар намайг тэжээ л дээ” гэж хэлж байгаа өтөлж хөгширсөн Серпуховский-Түвшинхүүгийн тоглолтод өөлөх зүйл алга байлаа.
Сонирхолтой ч юм шиг атлаа ойлгомжгүй нэг дүр энэ жүжигт байгаа нь Мандал гэдэг бүсгүй. Гавьяат жүжигчин Ж.Оюундарь энэ дүрийг бүтээжээ. Хадран ван Мандалд архи цутгаж уулгаад байгааг нь харахаар зүгээр зугаа цэнгэлийн хүүхэн ч юм шиг. Гэтэл өөр эр дагаад оргоод зугтангуут гайхамшигт хүлэг Холстомерийн шандасыг шавхан нэхэн хөөж байгааг нь харахаар дурлалт бүсгүй нь ч юм шиг. Жүжгийн зохиол дахь бүхнийг холбож өгч байсан дүрийг хэтэрхий танаж оруулсан нь ойлгомжгүй болгосон байна.
Дүгнэлт
Л.Толстойн зохиолоос сэдэвлэсэн жүжиг Монголд анх удаа тайзны бүтээл боллоо. Л.Толстой Холстомерийн тухай туужаа бичиж дуусгасан цаг хугацаа нь 1861 он, түүнээс сэдэвлэсэн жүжгийг Г.А.Товстоногов найруулан тавьсан нь 1975 он. Л.Толстойн зохиолоос сэдэвлэн бичсэн жүжгийг Монголын тайзнаа найруулан тавьж үзэгчдэдээ толилуулсан нь 2017 он. Орон зай, цаг хугацааны хувьд ихээхэн зөрүүтэй боловч зохиолд-жүжигт өгүүлж байгаа утга санааг өнөө цаг үедээ буулган үзүүлэхэд үзэгчдэд шинэ хэвээр байгаад зохиолын үнэ цэнэ оршиж байна. Ингэхдээ “Адууны түүх” зүгээр нэг орчуулгын жүжиг болсонгүй. Жүжгийн агуулгын хувьд монгол хүний сэтгэлд ойрхон буух монгол жүжиг болсон байна.
Сүрэг буюу жүжгийн олны хэсэг бүхэлдээ нэг өөрөө дүр болон тодорч гарч ирсэн нь энэ жүжигт шинээр хөдөлгөөний найруулагч гэдэг шинэ нэр томьёо, шинэ алба орж ирсний тайлал боллоо. Хөдөлгөөний найруулагчаар ажилласан Г.Ган-Очирт ч, олны хэсэг буюу сүрэгт жүжиглэсэн УДЭТ-ын залуу уран бүтээлчид, СУИС, “СИТИ” их сургуулийн оюутан залууст тайзны том сургууль болсон нь лавтай.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатарын хувьд “Одоо хүн хүнийхээ тухай ярихаар хүлээж авахаа больсон цаг. Хүний эмгэнэл, хүний болохгүй байгаа юмны талаар ярихаар хүн хүлээж авахгүй байна.Тэгсэн хэрнээ монголчууд адуутай холбоотой асуудлыг эмзэг хүлээж авдаг их сонин сэтгэхүйтэй. Тиймээс адуугаар дамжуулж өнөөгийн хүний, нийгмийн болохгүй байгааг гаргаж байна. Тайзан дээрээс хүний зовлонг адуугаар дамжуулан, адуугаар элэглэн хэлж хашгирч байна” [5] гэж хэлсэн байсан. Найруулагч энэ санаагаа жүжгийн төгсгөлд хүн ч, адуу ч адилхан цагийн аяс орчлонгийн жамаар өтөлж хөгширнө, бүр үхнэ. Харин үхэхийн цагт адуунаас, хүнээс юу үлдэж байна вэ гэдгийг харуулан зангиджээ. Үүгээрээ “Адууны түүх” жүжиг тайзан дээрээс олон асуултыг үзэгчдэд төрүүлж байна. Нийгэмд байгаа, хэн нэгнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах үзэл хандлага театрын тайзнаа тоглож байгаа “Адууны түүх” жүжиг хоёр эсрэгцэж байгаа нь найруулагч жүжгээрээ өгүүлэх гэсэн зорилгоо биелүүлж байгаагийн илрэл болов уу.
Яриа, бүжиг, дуу, циркийн ч гэмээр хөдөлгөөн, хөгжим, хэмнэл энэ бүхэн нэг тайзнаа цогц болж байж “Адууны түүх” амилж байна. Энэ бол манай улсын театруудын тухайд шинэ чиг хандлага. Энэ шинэ чиг хандлага руу Б.Баатар найруулагч яагаад хөтлөөд орчихов гэхээр эргээд зохиолтойгоо уялдана. Театрын шинэчлэлийг жүжгийн зохиолоос эхэлж хийдэг юм байна гэдгийг Шинэ юм гаргаж ирэх хөрс нь зохиолд байжээ гэж дүгнэж болно.
Тайзны урлаг тэр дундаа драмын жүжиг нь хэлбэрийн тухайд яриан, дуулалт, моно гэх мэт нэг төрөл хэлбэрт баригдахаа больж, урлагийн олон төрлийн зааг хослол дээрээс уран бүтээл төрж байгаа шинэ чиг хандлагыг Монголын тайзнаа “Адууны түүх” харууллаа.
Ишлэл татсан бүтээл
[1] В.Э.Мейерхольд “Өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа” /Орчуулагч Н.Пүрэвдагва/ УБ., “Жиком пресс” 2013 125 дахь тал.
[2] Ё.Балдан “Тайзны орон зайн хөдөлгөөн” УБ., “Жиком пресс” 2017. 147 дах тал.
[3] Ц.Галбадрах “Б.Баатар найруулагч ярьж байна”. “Адууны түүх-сонгодог жүжиг” сэтгүүл, УБ 2017.12 дугаар сар. №1 хх 4
[4] Н.Пүрэвдагва “Жүжиг, жүжиг” УБ., “Жиком пресс” 2011 он.
[5] Ц.Галбадрах “Б.Баатар найруулагч ярьж байна”. “Адууны түүх-сонгодог жүжиг” сэтгүүл, УБ 2017.12 дугаар сар. №1 хх 5: