Б.ЭНХТУУЛ
Том оврын болон хүнд даацын автомашины хатуу хучилттай автозамаар зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс ирэх сарын 20 хүртэл түр хязгаарласан талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Урин дулааны улирал эхэлж, газрын хөрс гэсэхтэй холбогдуулан жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард автозам эвдрэх, гэмтэх тохиолдол их байдаг аж. Тиймээс олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-д заасны дагуу авто замын зөвшөөрөгдөх даацын үзүүлэлтээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ачааны автомашинаар барилгын материал, хог хаягдал, хөрс шороог тээвэрлэхдээ тэвшийн даац хэтрүүлэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөх, өндөрлөх зэрэг зөрчил ихээр бүртгэгдэж буй юм. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдийг автомашины үйлдэрийн хийцийг өөрчлөхгүй байх, даац хэтрүүлэхгүй байх, мөн заасан хугацаанд том оврын болон даацын автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: www.polit.mn