Т.БАТСАЙХАН
Алтайн өвөр говийн цөөн хэдхэн үндсэн гол, тэдгээрийн урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийг хамгаалах цаг болжээ. Ялангуяа Номхон далайн ай савд багтах, Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч ОХУ-ын нутагт орших Тарь нуурт цутгадаг Улз голын эхийг улсын тусгай хамгаалалтад авах нь Монгол Алтайн нурууны төдийгүй цөлийн эмзэг экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан үлдэх боломжтой бөгөөд бүс нутгийн байгаль орчны тэнцвэрт байдалд онцгой ач холбогдолтой юм.
УЛЗ ГОЛЫН ЭХ ОРЧМЫГ ХАМГААЛАХ БОЛОМЖ БАЙНА, БҮҮ АЛДААРАЙ
Улз гол нь Xэнтий aймгийн Нoровлин сумын нутаг дахь Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч Хэнтий, Дорнод аймгийн нутгаар зүүн хойш урсаж, улсын xил дaван Тарь нууруудын хотгорт орших Баруун Тарь нуурт цутгaдаг. Тэнд хүрэхийн тулд эх авсан газраасаа 495 км зам “туулж” байж цутгал нууртаа хүрдэг аж. Энэ нь Монголын томоохон голуудын тоонд зүй ёсоор багтдаг. Улз гол цутгал хүрэх замдаа олон зуун амьтан, ургамал, хүн малын ундаа болж, байгаль дэлхийн ундаа болж, экологийн тэнцвэрийг хадгалан, тэнцвэржүүлдгийн нэгэн баталгаа юм. Гэвч Тарь нуурыг тэжээдэг Улз голын урсац сүүлийн жилүүдэд эрс татарч, зарим газраа урсгал нь тасраад байгаа тухай мэдээлэх болсон. Энэ бол зөвхөн Тарь нуурт учрах аюулын харанга биш юм. Улз голын сав газар, түүнийг даган идээшилж, ундлах хүн, мал, ургамал, амьтны хувьд том гарз төдийгүй зарим ургамал, амьтны хувьд мөхөл билээ. Иймд уг голын эх бүрэлдэх газрыг улсын хамгаалалтад нэн даруй авах нь хамгийн оновчтой хамгаалалт юм. Үүнээс гадна Улз голд учраад байгаа аюул хийгээд тусгай хамгаалалтад авах зайлшгүй шалтгаануудын заримаас дурдъя. Нэгдүгээрт, Улз голын урсац татарч, зарим хэсэгтээ урсгал нь тасарч эхэлсэн мэдээлэл сүүлийн жилүүдэд гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард “МОНЦАМЭ” агентлаг “Дорнод аймгийн хойд сумдын нутгаар урсан өнгөрдөг Улз голын урсгал 60 км газар тасарч, адагтаа хүрэхээ больжээ. Голын урсацын эх үүсвэр нь хурын ус байдаг. Сүүлийн жилүүдэд хэт халсны уршгаар урсгал нь шургах үзэгдэл байнга давтагдах болсон гэж нутгийн иргэд ярьж байна. Гэхдээ энэ удаагийнх шиг 60 км-ээр тасарч байгаагүй гэв. Онон, Улз голын сав газрын захиргааны өнгөрсөн сард хийсэн үзлэг шалгалтаар Улз гол Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт очоод шургаж, адагтаа хүрч чадаагүйг тогтоосон байна. Уг нь тэндээсээ Чулуунхороот сумын нутгаар дайрч хил давдаг байтал энэ жил Дашбалбараас цааш урссангүй. Уртаараа улсад дээгүүрт бичигддэг Улз голын усны төвшин 1996 оноос хойш багассаар иржээ” хэмээн мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, урсац бүрэлдэх эх газрыг нь хамгаалахгүй л бол урсгал дундаа “сульдсан” Улз гол өдгөө хүч сэлбэх “тамиргүй” болчихоод байна. Хоёрдугаарт, Улз голын ай сав газрууд, түүнд нийлэх голууд уул уурхайнхны гарт сүйтгэгдэж болзошгүй байдал бий болжээ. Ийн хэлсний учир нь алтны хайгуул, олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага хайгуул олборлолт хийж эхэлсэн баримт цөөнгүй бий. Иймд урсац бүрэлдэх эх газрыг уул уурхайнхны савраас хамгаалах цаг нь болжээ. Түүнчлэн судлаачид Улз голын усыг хүн, мал, үйлдвэр аж ахуйн аль ч хэрэгцээнд ашиглаж болохыг тэмдэглэн хэлдэг. Тодруулбал, Усны химийн бүтцийг үзэхэд голын уртад усны найрлага нэлээд ялгаатай. Уруудах тутамд усны ерөнхий эрдэсжилт нэмэгддэг байна. Зонхилох ионы бүтцээр Улз голын усыг гидрокарбонатын төрөлд оруулдаг аж. Энэ гол Онон мөрний адил тул, цурхай, зэвэг, хайруус, алгана, цулбуурт, булуу цагаан, гутаарь, мөрөг жараахай зэрэг олон төрөл зүйлийн загастай нь бас нэгэн хамгаалах шалтгаан мөн билээ.Гуравдугаарт, Улз голын эх Цогтын хоолой, Эхэн бүрдийг цэвдгээс үүсэлтэй голын тэжээл байсан гэж зарим судлаач үздэг. Гэтэл уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдэг хайлж, усны эх үгүй болоход тун ойрхон байгаа гэнэ. Гэхдээ тус голын эх бүрэлдэх газрыг улсын хамгаалалтад авч, хүн малын хийгээд уул уурхайн нөлөөллөөс хамгаалж чадвал цөөнгүй жилдээ санаа зовохооргүйг усныхан хэлж буй. Түүнчлэн Улз голын эхийг хамгаалах нь түүний дагуух доройтсон бэлчээрийг нөхөн сэргэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар байгалийн нөөц баялгийг хамгаалан зүй зохистой ашиглах, экосистемийн тэнцвэрийг хадгалах нөхцлийг бүрдүүлж, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг судалгааны үндэслэлтэйгээр тайлбарлах хүмүүс ч байгаа юм. Дөрөвдүгээрт, сүүлийн 20 гаруй жилд уур амьсгалын өөрчлөлт, газар тариалан, уул уурхай, ой хээрийн түймэр байгалийн нөөцийн зүй зохисгүй ашиглалт зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр сав газрын усны нөөц, ургамалан нөмрөг багасч, зэрлэг амьтдын амьдрах орчин доройтож, тархац, нөөц нь эрс багасаж ирсэн. Ялангуяа, хяналтгүй, замбараагүй хууль бус агналтаас тал хээрийн экосистемийн гол төлөөлөл болох монгол тарвага устах аюулд орж, цагаан зээрийн нүүдэллэн өвөлжиж, хэвийн өсч үржих экологийн орчин алдагдаж, популяцийн тоо толгой багассаар байгаа нь энэ бүс нутаг, ялангуяа, Улз голын эхийг нэн түрүүнд улсын тусгай хамгаалалтад авах бас нэгэн гол үндэслэл юм.
БУЛГАН ГОЛЫН ЭХ ОРЧМЫГ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ
Булган гол, Их онгогийн байгалийн цогцолборт газар буюу Алтайн нурууны үзэсгэлэнт Минжит Булган голыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөлд хамруулах нь зүйтэй. Ингэж хэлсний учир нь байгалийн онгон дагшин төрхөө олон зууны турш хадгалан, хүн мал, амьтан, ургамлын ундаа болж ирсэн голд мөн л аюул занал учирч эхлээд цөөнгүй жил боллоо. Монгол Алтайн нурууны мөнх цас, мөсний томоохон төвүүд, уур амьсгалын өөрчлөлт, даяарчлалын үйл явцын мониторингийн салшгүй хэсэг болох Алтайн уулын систем, түүнээс эх авсан томоохон голуудын нэг болох Булган гол Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг. Булган голын эх орчмын энэ нутаг нь гол мөрний урсац бүрэлдэх эх, сав газарт орох бөгөөд ус зүйн сүлжээнд Булган гол Алтайн нуруундаа чухал байр суурь эзэлнэ. Алтайн нурууны мөнх цаст уулсаас эх авсан Булган гол 100 гаруй цутгал гол горхитой нийлж, голын үндсэн урсацыг бүрдүүлдэг. Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумын дундуур урсаж улмаар улсын хил даван Өрөнгө гол нэртэй болдог. Булган гол нь өндөр уулнаас буугаад хангай говь хосолсон өргөн хөндий дундуур урсаж улмаар БНХАУ-ын нутгийг дайран Енисей мөрөнд нийлж, Хойд мөсөн далайд цутгана. Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн баруун тийшээ урсах болсон билээ. Булган гол орчмын нутагт 61 овгийн 241 төрлийн 690 гаруй зүйлийн ургамал байдгаас 98 зүйл нь мод, сөөг, 592 зүйл нь өвслөг ургамал юм. Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн элемент нийлж оршихоос гадна өрнөдөөс Казахстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж ирсэн уулзвар нутаг учраас ургамлын аймгийн хувьд дэлхийд ховор тохиолдох сонин газар юм. Тус нутагт дэлхийд ховордсон нэн ховор ургамал болох залаархаг хавраг буюу чийр ургадаг. Чийрийн давирхай нь ховор сонин ургамал. Эмчилгээний ач холбогдолтой нь албан ёсоор батлагдаагүй ч хүмүүс ихээр түүж ашиглах болсон байна. Амьтны аймгийн хувьд нэн ховор амьтан болох минж, мөнгөн сортой хар булга, хадны цагаан элэгт суусар, замба гүрвэл бий. Нөөц газрын зурваст аргаль, янгир, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад элбэгээс гадна Булган голд алгана, мөрөг, зоодой зэрэг загас амьдарна. Мөн нүүдлийн болон усны олон төрөл шувуудтай. Булган голд амьдардаг үнэт арьстай, дэлхийд ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтад авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна. Булган голын хавцал дагуу хадны сүг зураг, эртний дүрс, тэмдэгтүүд багагүй тохиолдоно. Булган голын ай сав биологийн төрөл зүйлээрээ нэн баялаг. Хоёр нутагтан, хэвлээр явагч амьтад болон загасны зүйлийн бүрдлээрээ нэлээд онцлогтой. Монголын улаан номонд орсон ногоон бах энд элбэг тааралдана.
Шивэр чимхүүр, алтлаг хэлтэг, ердийн гүрц, зүүн гарын сугас, бух сугас, нүцгэн жараа, шаргал үхэрдээ, алгана зэрэг 14 зүйл загас байдгийг судалгаагаар тогтоосон. Энэ мэтээр Булган голын баялаг, түүнийг дагасан сав шимийн гайхамшгийг дурдаад байвал дуусахгүй. Гэвч эдгээрийг хамгаалахын тулд Булган голын урсац бүрэлдэх эх газрыг тусгай хамгаалалтын өргөтгөлд багтаах ёстой юм. Учир нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар голын эх, ай сав газар ашигт малтмал олборлохыг хориглосон. Гэсэн ч энэ хууль Булган голын эх Доод нарийны ам орчим, цаашлаад Булган голын урсгал дагуух олон газарт хэрэгжихгүй байна. Дархан цаазат Булган голын эхэнд алт ухаж байгаа ажил үргэлжилбэл Булган голын экологийн тэнцвэр алдагдаж, амьтан ургамал үхэж, дэлхийд ховор минж устах аюул нүүрлэнэ. 10 мянга гаруй хүн амьдардаг Булган сумын иргэдийн амьжиргааны эх ундарга, хүн малын ундаа бохирдоно. Цаашлаад үзэсгэлэнт Булган гол урсаж байсны гэрч “хатаж, хорчийсон” чулуудтай сайр үлдэхийг хэн ч таахын аргагүй юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин