Энэ дуу бол үзэмчин ардын дуу. Монгол нутагт дээр цагт бол хаа ч ялгаагүй эхнэр болж буй хүн нөхрийн нутаг хошуунд даган очиж амьдардаг байжээ. Тийм ч учраас бэр буулгана гэсэн үг гарсан байна. Харин энэ дуу бол нөхрөө дагаж хол нутагт очиж буй охиноо, шинэ бэрээ аргадан тайтгаруулах гэсэн санаатай дуу юм.

Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юм аа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

Уруу газар ургана гэдэг чинь дээ хө
Улиас модны жам юм аа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

Өндөр газар ургана гэдэг чинь ээ хө
Өргөст модны жам юм аа хө
Өөр газар очно оо гэдэг нь ээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

Эх сурвалж:www.polit.mn