Ч.Үл-Олдох

“Миний ээж” булан 13 дахь жилдээ шинэ зочны хамт уншигч танаа мэндчилж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ныг угтан Монголын бизнесмэн эмэгтэйчүүдийн төлөөлөл, “Гэгээн Икас” компанийн захирал Ч.Цэндээг урьж ярилцлаа.

-Удахгүй болох эмэгтэйчүүдийн баярын мэндийг урьдчилан хүргэе. Хүн болгон ижийгээ баярлуулахыг хичээж, ач буяныг нь дурсдаг энэ өдрүүдийн түүчээнд энэ сэдвээр ярилцаж байгаадаа баяртай байна. Ээжийнхээ тухай манай уншигчдад танилцуулна уу?  

-Баярлалаа. Мартын 8-ны баярыг угтан “Миний ээж” буландаа урьсан танд болон танай редакцийн хамт олонд маш их баярлалаа. Баярын өмнөх оргилуун, дэврүүн энэ  сайхан  өдрүүдэд ээжийнхээ тухай ярина гэхээр маш догдолж байна шүү.  Миний ээж Дамдинжавын Нарантуяа гэж  нас сүүдэр 70 хүрч байгаа сайхан буурал бий. Өвөрхангай аймгийн уугуул. Ээж, аав хоёр маань нэг нутгийн хүмүүс. Аав минь Гомбосүрэнгийн Чагнаадорж гэж  нутаг усныхан андахгүй, насаараа нэгдлийн ня-бо хийсэн хүн байгаад  цагаасаа эрт хорвоогоос буцсанд харамсч явдаг. 2000 оны зуд турхантай хатуу жил аав минь өнгөрсөн юм. Ээж минь Өвөрхангай аймгийн Зүйл сумын 10 жилийн сургуулийг төгсч сумын захиргаанд бичээч, одоогоор бол нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан. Сүүлд худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, нярав зэрэг ажлыг хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ээж минь айлын өргөмөл. Айлд үрчлэгдэж очоод 13 дүү дагуулсан булган сүүлтэй буянтай хүн  дээ. Бид эцэг эхээс долуулаа.Хамгийн том нь эрэгтэй, бидний ганц ах юм. Одоо Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг. Би айлын хоёр дахь хүүхэд, дороо таван эмэгтэй дүүтэй, нэг нь бурхан болсон. Хоёр дүү маань Белги улсын иргэн, тэнд ажиллаж, амьдардаг. Манай гэр бүл Белгийг хоёр дахь эх орноо гэж боддог. Сайхан аав, ээжийнхээ  буянд сайхан өсч хүмүүжиж, өдий зэрэгтэй яваадаа баярлаж, талархаад ч баршгүй. Ер нь ямар ч хүн нас ахих тусмаа аав, ээжийгээ улам их бодож явдаг юм байна. Ээж  минь биднийхээ бурхан. Эрүүл саруул дэргэд хамт байхад нь үр хүүхэд биднийх нь  тэр жилийн ажил үйлс, амьдрал ахуй өөдөө, дээшээ байдаг. Ээж дуу султай байвал сэтгэл үймрээд нэг л тогтворгүй, хоорондоо “ээж яасан юм бол” гээд яриад, бие биеэсээ асуугаад явна шүү дээ. Ээж бурхан гэдэг үнэхээр хүчтэй, энэ амьдралд хэзээ ч олдошгүй эрдэнэ. Ээжийнхээ өөдөөс хараад цайгаа уугаад сууна гэдэг энэ насны жаргал, амьдралын баяр баясгалан. Уярмаар, охин нь болж төрсөндөө баярлаж хөөрмөөр  бахдалтай байдаг. Өөртэй чинь ярилцахын өмнөхөн “Ээж ээ, хоёулаа нэг сайхан зурагаа авахуулъя” гээд  зургаа  авахуулчихаад ирлээ. Энэ ярилцлагаар дамжуулаад ээждээ хайртай шүү, урт наслаарай гэж ерөөе.Та минь байвал бид жаргалтай.

Өвөр эгнээний баруун гар талд Дамдинжавын Нарантуяа охидын хамт.

-Дэргэд нь байгаа атлаа тэр болгон хайртай шүү гэж ил хэлдэггүй, дотроо хайрлаад, эзгүйд нь их санадаг хэрнээ зургаа хамт авахуулдаггүй юм билээ шүү?

-Бид ээж, аавыгаа мөнхийн байх ёстой юм шиг боддог. Гэтэл үгүй юм, хорвоо мөнх биш шүү дээ. Нэг өдөр ч гэсэн сэтгэлийн үгээ амжиж хэлж байх ёстой. Танай  хамт  олон  хүний амьдралын, бусдын сэтгэлийн торгон агшныг олж харж, Мартын 8-ны баярыг  тохиолдуулан нэг ч гэсэн ээж, үрийг баярлуулъя, сэтгэлийн үгийг нь хэлүүлж, ээжид нь баярын  шуудан шиг хүргэж өгье гэсэн сайхан санаачилга гаргасан нь өөрөө маш том буян, гоё санаа юм.  Сэтгэл хөндсөн хэрнээ баярлуулж байгаа сайхан үйлс юм. Ярилцлагаа гарахаар нь ээжтэйгээ хамт хурдан уншихсан гэсэн хүсэл төрж, яарч байна шүү.

-Олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг маш том ухаан, бас буян юм. Ээж чинь та нарт юуг чухалчилж захиж сургаж ирэв?

-Хэзээ ч мартагдахаарүй хэлж сургасан зүйл маш олон бий. Тэр дотроос миний охид ямар ч айд очсон гэрийг нь сайхан цэвэрлэж, цэмцийж суугаарай. Ажилсаг байх ёстой. Цэвэр, цэмцгэр явахад ажил үйлс өөдөө байдаг гэж хэлдэг байсан. Бид бүгдээрээ ээжийнхээ захиас сургаалыг биелүүлж, ажил үйлс, амьдралын хувьд амжилттай яваа. Ээж маань өөрөө маш ажилсаг, хөдөлмөрч хүн. Бид ээж, аавынхаа энэ сургаалыг тархи, сэтгэл, энэ биедээ шингээж өссөн. “Санаа сайхан бол заяа сайхан шүү, миний хүүхдүүд” гэж одоо ч ээж минь хэлж байдаг юм. Яг энэ үг, ээжийнхээ тэр сайхан бодол сэтгэлээр өглөө ажилдаа “Санаа сайхан бол заяа сайхан” гээд  гардаг. Тэр ч эрч хүчээр өнөөдөр хүртэл явж байна. Айлын том охины хувьд дүү нараа чирэх гээд ачаа их ирдэг. Тэгвэл өнөөдөр би сайхан дүү нарынхаа хүчинд сайхан явж байна. Ажилсаг, амжилт бүтээлээрээ хэний ч дор орохгүй, хүнээс царай алдахүй, юу ч хийсэн чадварлаг, мэдлэг боловсрол гологдохгүй байна гэдэг хүнд маш их хэрэгтэй юм. Хүний ард сууж бусдаар ажлаа хийлгэчихээд явах бус үүнийг ингэж хийдэг юм, чи миний араас дагаад ингээд хий дээ гээд харуулах баг болж хамтарч ажиллахад бас дөхөм л дөө. Энэ талаас их зүйлийг зааж сургасанд нь ээждээ бид их баярлаж явдаг. Ээж маань одоо  нас өндөр гарсан ч гэлээ гялалзсан сайхан буурал бий. Орой ажлаа тараад очиход цэмцийгээд, цай, хоолоо хийчихсэн угтана. Их алиа, хүн их инээлгэнэ. Орсон гарсанд зочломтгой, олонтой, найрсаг. Сая Цагаан сарын дараа хаа байсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас найз хөгшчүүл нь ирж, золголтоо хийсэн.  Зургаан сайхан буурал ээж  бие биенийхээ гэрээр орж, гарч, хөзөр даалуу тоглоод сайхан байлаа. Ээждээ, найз нарт нь зориулж дуртай хоолыг нь хийж  өгч, нэг өдөр ч гэсэн сэтгэлийг нь амсхийлгэчих юм сан гэж хичээж өдрийг өнгөрүүллээ. Тэднийгээ хараад сууж байхад ч, залуугийнхаа үеийг, сонин сайхан дурсамжаа яриад суухыг нь сонсох ёстой сайхан байлаа.

Ч.Цэндээгийн хоёр эмэгтэй дүү Белги улсад ажиллаж амьдардаг.

-Ээжийгээ баярлуулсан мөчүүдээс дурсахгүй юу?

-Ээжийнхээ ачийг хариулна ч гэж юу байхав дээ, барахгүй зүйл. Гэхдээ аль болох сэтгэлийг нь амар амгалан байлгах сан, инээд хөөртэй байлгах сан гэж боддог. Утсаар яриад дуу нь цоглог байвал баярлаад, дуу муутайхан бол сэтгэл үймэрдэг. Ээжийнхээ ачийг хариулж барахгүй  л дээ, ямар ч хүн. Гэхдээ чармайх л юм, чармайж  хичээж  л явна даа. 2005 онд Францад урьж аваачихад ээж минь их  баярлаж “Хэдэн  хүүхдийнхээ  буянд  газар үзлээ” гэж байсан. Тэр үед би гадагшаа таван жилийн хугацаатай яваад тэндээ ажиллаж байсан юм. Ээж минь нисэх буудлын  хүлээлгийн танхимын хаалгаар бөртийгөөд гараад ирэхэд өөрийн эрхгүй нулимс асгараад тэвэрч аваад асгатал уйлж бас омогшиж байлаа.

-Гомдоож, бухимдуулсан үе байна уу?

-Байлгүй яахав. Жаахан байхад ээжийгээ  уурлуулж, бухимдуулсан юм зөндөө. Айлын хүүхэдтэй зодолдоно, үснээсээ зулгаалцана, чихэрийн цаас түүж гадуур тэнэнэ. Даарч хөрч ханиад хүрч  ирээд халуурч айлгана. Хичээлээ хийхүй оройжин тоглоно. “Орж ир”  гэсэн цагаас нь хоцорч загнуулна. Гэхдээ тэр бүхэн цайлган  гэнэн хүүхдийн  зан,  цагаахан  сахилгагүйтэл юм даа. Эргээд санахад   бидний үе сайхан байжээ.

-Танайх олуулаа юм байна, ямар боловсрол эзэмшив?

-Бид бүгдээрээ их,дээд сургууль төгссөн. Сурч, боловсрохыг аав, ээж минь маш их дэмжсэн. Та нар олонх  нь эмэгтэйчүүд, боловсрол мэдлэгтэй, чадвартай байх ёстой гэсэн зарчмыг барьж, санаа тавьж ирсэн. Одоо бид өөр өөрийн сурч мэдсэн, эхлүүлсэн ажлыг хийж, чамгүй амжилттай яваа. Хүн ихийг харж, ихийг мөрөөдөх ёстой, гэхдээ өнөө маргаашдаа өмнөө байгаа, зорьсон төлөвлөсөн ажлаа бүтээж явна даа.

Зүүн гар талаас Дамдинжавын Нарантуяа багын найзуудын хамт.

-Танай аав ээжид чинь хэр халамжтай  байв?

-Аав маань ээжээс 10 насаар ах  байсан. Мундаг ухаантай, түшигтэй, нуруутай, ач буянтай хүн байлаа. Хэлье гэх нь ээ, зүйрлүүлэх сайхан алга. Наснаасаа арай эрт  хорвоог орхисон нь л харамсалтай. Аав минь нэгдлийн ня-бо байсан юм. Одоо надад ааваас өвлөсөн сампин бий. Одоогоор бол тооны машин юм даа. Тухайн  үед  сампин дээр тоо бодож, тооцоо нийлнэ гэдэг мэргэжил байлаа. 10 хуруу нь гялалзаад, бүжиглээд байгаа юм шиг байдаг сан.

-Аав чинь ямар захиас, сургааль хэлж байв?

-Хүн залуудаа оюунлаг, бурханлиг явах ёстой, миний хүүхдүүд үүнийг бодож яваарай гэж захидаг сан. Нийтийн хоолны үйлчилгээг  их эрхэмлэдэг хүн байсан юм. Буянтай сайхан ажил, энэ ажлыг эрхэлж яваа хүн олонтой хийгээд хэзээ ч ядарч өлсөхийг үзэхгүй гэдэг сэн. Тэр үг нь санаанд одоо ч байдаг. Тийм болохоор чадлаараа ресторан ажиллуулж, энэ төрлийн бизнес эхэлж явна. Айлын том охин болохоор аавынхаа захиасыг санаж, хэдэн дүү нараа сайн хүн болгож өсгөхсөн гэж бодож ээж, ах хоёртойгоо  хамтдаа зүтгэж өдий зэрэгтэй болгосондоо баярладаг. Өнөөдөр  түүнийгээ ярьж суугаа маань ч сайхан  байна. Энэ маань бас сайхан аав, ээжийн маань буян юм даа.

Ч.Цэндээгийн том ах өдгөө Өвөрхангай аймгийн Зүйл сумандаа ажиллаж амьдардаг.

-Одоо  ээж чинь ач, зээгээ үзэж, танайхан ч  өнөр өтгөн болоо биз ?

-Тэгэлгүй яахав. Ээж минь есөн ач, зээтэй болсон. Өнөр өтгөн сайхан амьдарч байнаа манайхан, ээжийгээ тойроод.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. “Миний ээж” ярилцлагын булан маань сэтгэлийн  нэгэн шуудан. Энэ шууданд хэн нэгэнд, эсвэл нийгэмд, хүүхэд залуустаа хандаж та ямар үгсийг дайх бол?

-Ээжийнхээ тухай ярьж өгөөч гэж асуудаг сэтгүүлчтэй таарч байсанүй шүү /нулимстай инээв/. Тийм болохоор буянтай сайхан ажил үйлсийг өрнүүлж яваа танд, танай хамт олонд талархаж байна. “Миний ээж” ярилцлагын булан чинь чухал юм биш үү. Хэсэгхэн зуур ч гэлээ ээж, аавыгаа дурсаад сууна гэдэг хамгийн сайхан юм. Хэр баргийн зүйлд догдолдоггүй атал энд тантай ярилцсан цөөн хоромд сэтгэл догдолж, цээжин дотор бодол үймэрч байна шүү. Энэ ярилцлагаараа дамжуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ныг тохиолдуулан Монголынхоо бүх эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэе. Ээжийгээ баярлуулж яваарай гэж захъя. Улс орны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд эмэгтэйчүүд маань манлайлал болж яваад би их бахархдаг. Та бүхэндээ аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Манай урилгыг  хүлээж авч цаг зав гарган ярилцсанд баярлалаа.