А.ЦЭРЭНДОРЖ

 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Танай аймагт өвөлжилт хэр байна?

-Аймгийн хэмжээнд нийт 15 сумын 58 багт харьяалалтай 5800 малчин өрх, 2.6 сая толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн зун гантай, зуншлага тааруу байснаас хэцүүхэн өвөл боллоо. Нийт нутгийн 50 хувь нь цастай байгаа учраас нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байна. Одоогийн байдлаар 500 мянган мал хорогдсон. Өвөл, хаврыг хохирол багатай даван туулахын тулд бүхий л боломж, бололцоог дайчилж байна. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд мал сүрэг таван төрөл дээр өсч  340 мянган тоо толгойгоор нэмэгдсэн. Тэмээн сүрэг 141 мянгад хүрч улсдаа тэргүүлсэн юм. Цаг үеийн цас, зудаас илүү хойд талаар хил залгаа Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн сумдаас маш их мал, адуу орж ирсэн нь хүндрэл учруулж байна. Орж ирсэн адуу гэхэд л 20 мянга гарчихаад байна. Мөн Өвөрхангай, Дорноговь, Дундговь аймагт гарсан шүлхий өвчнийг аймагтаа оруулчихгүйн тулд маш их хүч, хөрөнгө зарж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Өвчний голомттой бүс нутгаас цагаан зээр хэдэн зуугаараа орж ирж байгааг хянаж, зохицуулах  бэрхшээл тулгарч байна.

-Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Аймгийн хэмжээнд шүлхийн вакцин дууссан. Засгийн газарт хандсан ч ОХУ-аас вакцин удахгүй орж ирнэ гэсэн хариу аваад байж  байна.

-Өвс, тэжээлийн нөөц хэр байна вэ?

-Хаврыг угтсан шат дараатай арга хэмжээ төлөвлөж байна. Өнгөрсөн намар аймгийн нөөцөд 785 тонн өвс, 525 тонн тэжээл татаж төвлөрүүлсэн. Өвөл цаг  хүндэрч эхэлсэнтэй холбоотойгоор нөөцийн­хөө 50 хувийг хямдруул­сан үнээр зарж малчдад хүргүүллээ. Засгийн газраас 50 хувийн хямдруулсан үнээр нэмэлт тэжээлийг аймагт ирүүлсэн. Бид ч  өөрсдийн хөрөнгөөр өвс, тэжээл ахиу худалдаж авах талаар ярилцаж байна.

 -Өмнөговь аймаг улсаас татаас авдаггүй аймгуудын нэг. Хөрөнгө мөнгөний тал дээр хүндрэл гардаг уу?

-Манай аймаг улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Мөн уул уурхайн том компаниудаас авдаг татвар, ашигт малтмал ашигласны төлбөр, хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөрүүдийг улс 100 хувь авдаг. Аймаг, орон нутагт нэг ч төгрөг үлддэггүй. Үүнд нутгийн ард иргэд бухимддагУул, уурхайн компаниудаас олборлосон  тонн нүүрс тутамд 1000 төгрөгөөр тооцож агаарын бохирдлын төлбөр гэж авдаг. Энэ  мөнгийг мөн л улсын төсөвт тушаадаг. Уг нь  2016 он хүртэл тодорхой хэсгийг орон нутагт үлдээдэг байсныг өмнөх Засгийн газрын үед зогсоосон нь аймгийн хөгжлийг боомилсон шийдвэр болсон. Нэгэнт ам нээснийх, орон нутгийг хөгжүүлэх бодлогод хамгийн ихээр саад болж байгаа гол хүчин зүйл гэвэл  нийгмийн гол хоёр салбар болох эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх талаар гаргасан аймгийн бодлого хэрэгжих ямар ч нөхцөл алга.

-Яагаад?

-Энэ хоёр салбарын дарга, эрхлэгч нарыг  яам томилж байна. Төсвийг нь ч яам мэддэг.Энэ байдлаас болж төвөгтэй нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн бодлогын гол асуудлууд аймаг, орон нутгийн удирдлагад  хамаарахгүй байнаОрон нутагт хэдэн сум, багийн Тамгын газрын төсөв л хамаарч байна. Зарим сумын татвар болон гаалийн байцаагчийг хүртэл яамнаас томилдог. Цагдаа, Гааль, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяат, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Төрийн хамгаалалттай газрын удирд­лага, Аймгийн бүсийн эмчилгээ, оно­шилгооны төв, лаборатори сургуулийн захирлыг хүртэл яамнаас томилж, төсөв, боловсон хүчнээ мэддэг болсон нь улстөржилттэй холбоотойгоор гаргасан хамгийн үр ашиггүй шийдвэр. Удирдлагын дээрээс төвтэй хэт их  төвлөрлийг задлая гэж ярьдаг хэрнээ хэрэгжүүлж байгаа юм алга. Ярьсан хэлсэн бүхэн нь цаасан дээр үлдсэн. Уг нь олон удаа гомдол гаргасны эцэст 2016 онд удирдлага, томилолттой холбоотой энэ төвлөрлийг сааруулах тогтоол гаргасан. Даанч хэрэгжиж байгаа юм алга.

-Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөн­дөгдөх нь үнэн. Ядаж багийн даргыг  сумын Засаг дарга томилдог байх хэрэгтэй юм. Хамгийн том баг гэхэд  100 гаруй хүнтэй. Багийн даргаа сон­гох болохоор 30-40 хүн оролцоно. Хамаатан садан олонтой  бол 20 хүн цуглуулаад сонгогдчихож байна.

-Ирэх жилүүдэд ямар бүтээн байгуулалт Өмнөговьд  өрнөх бол?

-2018 оныг бид бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, түүхэндээ байгаагүйгээр их буюу 103.8 тэрбум төгрөг төсөвлөөд байнаАймаг өөрөөсөө 73 тэрбум төгрөгийг  гаргаж байгаа нь бусад аймагтай харьцуулалтгүй. Мөн Өмнөговийг бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөөг гаргалаа. Оюутолгой, Тавантолгой  бүхий зүүн бүсийг уул уурхайн хөгжилд тулгуурласан, харин төвийн бүсээ аялал жуулчлалын, баруун талаа  уул уурхай, аялал жуулчлал хослосон бүс болгож хөгжүүлэх юм. Уул уурхай мал сүргийг шахах болсон тул бүтцийг нь тооноос илүү чанаржуулан, орчин үеийн фермерийг хөгжүүлэх бодлогыг барина. Зам, дэд бүтцээ сайжруулна. Хамгийн түрүүнд Улаанбаатар-Даланзадгадын засмал замаас Ханангийн хөтөлөөс салж Цогтцэций хүрэх хатуу хучилттай 59 км замыг энэ жил тавина. Зам тавих компани  бэлтгэлээ хангаад ажлаа эхлэхэд бэлэн болсон. Өнөө л дээрээс зөвшөөрөл хүссэн шат дараалсан бичиг, цаасны ажлаас болоод цаг алдаж саатаад байна. Хөрөнгө мөнгө, ажиллах хүч бүрэлдэхүүн бэлэн атлаа хайрга, дайрга ашиглах зөвшөөрлийн бичиг, баримт хөөцөлдсөөр хоёр  жил саатаж өдийг хүрч байна. Түгээмэл тархацтай элс, хайрга, дайрга мэтийг ашиглахыг орон нутаг мэдээд зөвшөөрөл өгчихдөг байж яагаад болдоггүй юм. УУХҮЯ-наас энэ асуудлыг даруй шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Энэ мэт саад бэрхшээл мундахгүй учраас ажил урагшлахгүй байна.

-Жижиг, дунд үйлд­вэрлэл хэр хөгжиж байна вэ. Уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд  хангалттай дэмжлэг өгч чадаж байна уу?

-Энэ тал дээр Өмнөговь аймаг давуу. Үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 14 компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Орон нутагт  хөрөнгө оруулна. Ханган нийлүүлэлт, ажиллах хүчийг мөн л орон нутгаас авна гэсэн гол заалтуудыг гэрээндээ тусгасан. Үүний дагуу ажлын хувцас, баяжмалын уут оёдог үйлдвэр, цэвэр ус, бууз банш, хүнсний ногооны бизнес эрхлэгчдээ холбож өглөө. Нүүрс, баяжмалын тээвэрт орон нутгийнхаа жолооч нарын нэгдлийг мөн холбосон. ЖДҮ-ийн салбараа энэ мэтээр  дэмжиж байна.

Хятадад  нүүрсний үнэ унаж, олборлолт зогслоо гэж бодоход  уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг ЖДҮ-ийн үйл ажиллагаа ч зогсох эрсдэл гарна. Тийм үед хүн ам хэдий олон байна тэр хэрээрээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн борлогдох зах зээлтэй байна гэсэн үг.

-Хүн амын өсөлтийг дэмжих хүрээнд шилжин ирж байгаа хүмүүсийг суурьшуулах бодлого чухал байх?

-Хамгийн чухал асуудал. Хүн рүү чиглэсэн бодлогодоо маш их анхаарч байна. Нэн ялангуяа ир­гэдийн  эрүүл мэнд, бо­ловс­­ролд чиглэсэн тө­­сөл, хөтөлбөрүүд түлхүү хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Эрүүл шүд” хөтөлбөр ам­жилттай хэрэгжиж байна. Аймгийнхаа 18-аас дээш насны бүх иргэдэд хавдрын иж бүрэн оношлогоог үнэ төлбөргүй хийлээ. Боловсролын тухайд “Англи хэлтэй-Өмнөговь” хөтөлбөр хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд англи хэлний 43  багштай. Тэднийгээ гадаадад явуулж, ур чадвар дээшлүүлэх сургалтад 100 хувь хамруулсан. Мөн гадаадаас багш урьж ажиллуулж байна. Хэлний сургалтын хамгийн орчин үеийн кабинет байгууллаа. Хоёр цэцэрлэг, хоёр сургууль шинээр барьж ашиглалтад оруулсан. АНУ-д сурч байхдаа тус улсын хэрэгжүүлдэг чадварлаг боловсон хүчнийг татах “Тархины ангууч” хөтөлбөрийг сонирхож судалсан. Энэ ажлаа аймагтаа хэрэгжүүлж, эмч, багш гэх мэт төрийн чадварлаг албан хаагчдыг орон нутагтаа ажиллуулахаар чамгүй зүтгэж байна. Мөн “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 300 албан хаагч Энэтхэг, Сингапур, Тайландад сургалтад яваад ирсэн. Цагаан сарын дараа гэхэд 25 хүн төрийн удирдлагын чиглэлээр Тайваньд 1-2 жил суралцахаар явах гэж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ" сонин