Эрхэм уншигч танд манай сонинИргэний индэрбулангаа хүргэдэг. Энэ удааЗууны мэдээсонины хаягаар Доктор, профессор Ж.Сэржээ захидал ирүүлснийг хүргэж байна.

Доктор, профессор  Ж.СЭРЖЭЭ

Монгол Улсын Үндэсний номын санд олон зуун ховор чухал ном судар хадгалагдаж байдгийг мэдэхгүй хүн ховор биз. Тэрхүү үнэт ховор номыг эрдэмтэн судлаачид, жуулчин сонирхогч нарт болон ард түмэндээ үзүүлж сурталчлах зорилгоор 1995 ондҮнэт ховор номын музей”-г байгуулан ажиллуулсаар 20 гаруй жил өнгөрч байна. Нөгөө талаар тэрхүү ховор чухал ном судрын тухай судалгааны ном, лавлах танилцуулгууд цөөн бус хэвлэгдэн гарч манай номын дээжээс АНУ, Япон, Солонгос, ХБНГУ, Авсрали, Тайвань зэрэг гадаад улсад гарсан Монголын түүх соёлын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож байвГэвч эдгээр ном судрын тухай хэвлэгдсэн ном зохиолуудад бодит үнэнээс зөрсөн алдаа мадагтай зүйл нэлээд гарч байна. Бүр Үндэсний номын сангийн маань үе үеийн танилцуулга, лавлах номуудад ч нэг номын тухай өөр өөрөөр бичсэн, үндэслэлгүй буруу тайлбар өгсөн нь цөөнгүй.

Цаашид ийм буруу ташаа, алдаа мадагтай мэдээллийг багасгаж нэгдсэн нэг үнэн ойлголтыг судлаач эрдэмтэн, багш оюутан номын санчид, сонирхогч нийт хүмүүст өгөх зорилгоор Үндэсний номын сангаасМонгол Улсын Үндэсний номын сангийн эрдэнэсийн саннэртэй лавлах номыг саяхан хэвлүүллээ. Түүнд эхний ээлжинд 68 ном монгол англи тайлбар, гэрэл зурагтайгаа орсон нь энэ ажлын эхлэл бөгөөд цаашид монгол судлалын хамгийн чухал ном, гар бичмэлээсээ судлан хэвлүүлэх нь гарцаагүй. Энэ лавлах номд орсон тайлбар өгүүллүүдээ орчуулгад өгөх, зургийг нь авахуулах хэвлэлд бэлтгэх, хянан тохиолдуулах их ажил байсан тул номд орох тайлбаруудыг 2017 оны аравдугаар сараас хойш хүлээн авалгүй дуусгасан билээ. Түүнээс хойш судалгааны ажил үргэлжилж олон номын тайлбарыг дэлгэрүүлэн шинэ мэдээ баримтуудаар баяжууллаа. Эдгээр тайлбар өгүүллээсээ дээж болгон уншигч, ном сонирхогч нартаа цувралаар толилуулж байна.

 МОНГОЛЫН НОМЫН САНД 2000 ГАРУЙ ЖИЛИЙН НАСТАЙ НОМ БИЙ ЮУ?

Монголын үндэсний номын санд эртний Энэтхэгийн ланз үсгээр дал модны навчин дээр бичсэн хоёр ном хадгалагдаж байна. Энэ номын нийтлэг нэгэн онцлог гэвэл тэдний хуудаснуудын дунд хос нүх гаргаж утсаар гадна модон хавтастай нь нэвт холбоод тэрхүү утсан дээр нь хуудсаа гүйлгэн эргүүлж уншдаг. Ийнхүү утсан холбоотой учир хуудаснууд нь гээгдэх, холилдох явдал гардаггүй, бас хуудас хугарах нугарах аюулгүй.

Энэ хоёр номыг нь манай судлаачид, номын санчид Жадамба судар гэх ба түүнийг МЭ I зуунд бүтээгдсэн, I зууны үеийн Энэтхэгийн алдарт эрдэмтэн Нагаржунай хэрэглэж байсан гэх домогтой гэх мэтээр олон арван жилийн турш бичсээр ирсэн нь үнэнд үл нийцнэ. Тодорхой хэлбэл 1961 онд хэвлэгдсэнУлсын нийтийн номын сангийн танилцуулганомдМанай эриний өмнө амьдарч байсан Энэтхэгийн эрдэмтэн Наганзуны дал модны навч дээр ланз үсгээр бичсэн...”(12-р тал) гэжээ. Түүнээс хойш өнөө хүртэл олон ном, танилцуулгад ийнхүү бичсээр байна. Хамгийн сүүлд 2016 ондБаримтат өв: бүртгэл судалгаа, хадгалалт хамгаалалттөслөөр хэвлүүлсэнСудар бичгийн алтан санномдЭнэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр ланз үсгээр бичсэн Жадамба ...” (4-р талд), “МЭ I зуундбүтээгдсэн...нэн ховор дурсгал”(49-р тал), “алдарт эрдэмтэн Нагаржунай /МЭ- I зуун/хэрэглэж байсан гэх домогтой Жадамба...” гэх мэтээр манай эриний 1 дүгээр зуунд бүтээгдсэн,хэрэглэж байсан гэж гурван удаа бичсэн байна. Өөрөөр хэлбэл энэ ном 2000 жилийн настай гэж тус төслийн удирдагч, төслийн зөвлөх МУИС-ийн профессор докторууд үзсэн байна. Яг ийм тайлбарыг Үндэсний номын сангийн тайлбарлагч гадаад дотоодын хүмүүст ярьсаар байна. Ахмад эрдэмтдийн судалгааны бүтээлүүд болон бодит байдлыг нь судлан үзвэл энэхүү ном нь манай эринийI зуун биш, харинXI зуунд хамаарах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл энэ номын насыг бүтэн 1000 жилээр алдаж тайлбарласаар иржээ.

Академич Б.Ринчин 1958 онд орос хэлээр бичсэнСокровища Публичной библиотекиөгүүлэлдээ: Нийтийн номын сангийн бахархал болсон гар бичмэлүүд дундаас олон тооны гоёмсог, өнгөт зургаар чимэглэсэн XI зууны санскрит гар бичмэлийг дурдах хэрэгтэй. Дал модны навчин дээр бичсэн энэ гар бичмэл дээр түүний хожмын XIY зууны эзэн, шар малгайтны шашныг үндэслэгч Зонховын багш эрдэмтэн Жанчивзэмо, Зонховын шавь Хайдав цорж нарын мутрын бичиг байдагхэмээн бичсэн байна. Богд Зонхова Лувсандагва 1357 онд төрж 1419 онд нас барсан хүн билээБ.Ринчин энэ гар бичмэлийг Жадамба гэж бичээгүйг бас анзаарсан буй за. Үүнийг судлан тогтоох хэрэгтэй. Манай улсад Энэтхэгт шашны сургууль төгссөн эрдэмтэй лам нар цөөнгүй шүү дээ. Академич Ц.ДамдинсүрэнОдоогоос 2000 орчим жилийн өмнө амьдарч байсан Нагаржуна бол Бурханы шашны зургаан чимэг хэмээн алдаршсан зургаан эрдэмтний нэг мөн. Гэвч түүний тухай элдэв домог элбэг байхаас бус бодитой түүхийн баримт ховор байдагхэмээн 1976 онд хэвлүүлсэнМонголын уран зохиолын тойм II ботьномдоо (266-р тал) бичсэн байдаг. Энэ бүхнээс үзвэл манай улсын номын санд 2000 жилийн настай ном байхгүй, харин 1000 жилийн настай ном байна.

Сүүлийн 50 гаруй жилд энэхүү гар бичмэлийн тухай бичсэн хүмүүс бие биеэ  даган үндэслэлгүй тайлбарыг давтаж байснаас бус манай нэрт эрдэмтэн Б.Ринчин багшийн 60 жилийн өмнө бичсэн энэ өгүүллийг олж үзээгүй учир түүний зохиогдсон он цагийг бүхэл бүтэн мянган жилээр зөрүүлжээ

 ХУТАГТ ДЭЭД АЛТАНГЭРЭЛТ ЭРХЭТ СУДАР НУГУУДЫН ХААН ОРШИВ

Алтангэрэл судрын нэрийг сонсоогүй хүн байхгүй биз ээ. Түүгээр ч үл барам энэ их хөлгөн судрын нэрээр Алтангэрэл гэж нэрлэгдсэн хүн 2000 оны судалгаагаар 7575 байжээ. Монгол Улсад эртнээс дэлгэрч ард түмний дунд өөрийн юм шиг ойр дотно байснаас Сэр-Од гэдэг төвд нэрээрээ бусАлтангэрэлхэмээх монгол орчуулгын нэрээрээ түгэн дэлгэрснээрээ Буддын шашны бусад хөлгөн судруудаас ялгардаг. Гэвч энэ номд юуны тухай өгүүлдэг? Яагаад монголчуудын дунд хаан  харц ялгалгүй  өргөн дэлгэрсэн тухай мэдэхгүй хүн олон бий.

Алтангэрэл судар нь 1330-аад оны эхээр монгол хэлнээ орчуулагдан 1584 онд Түмэдийн Алтан хааны зарлигаар анх модон бараар хэвлэгдсэн ба анхны орчуулгаасаа эхлэн ихэд алдаршиж хэд хэдэн удаа  орчуулагдан, гар бичмэл болон модон бараар Монгол даяар түгэн тархсан, хамгийн их нэр хүндтэй их хөлгөн судруудын тоонд ордог. Энэ судар Их хөлгөний ёсны судрын аймагт дээд зэрэглэлд тооцогддог бөгөөд хятад, хотан, согд, уйгар, төвд, монгол, япон, манж болон бусад олон хэлээр орчуулагдан тархаж байжээ. Түүнийг XIY зууны Монголын их хэлмэрч Шаравсэнгэ төвд хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэхдээ уйгар болон хятад орчуулгатай нь тулган шалгасан гэдэг.

 Энэ ном есөн хэсэгтэй бөгөөдИрсэн бурхны чинээг номлосон нь”, “Орчныг бясалгах нь”, “Зүүдэнд наманчлан үзсэн нь”, “Нууц тарни”, “Хамаг өвчнийг амарлиулах ньгэх мэтийн 24 бүлэгтэй бөгөөд бурхны номлол сургаалыг үлгэр хэлбэрээр өгүүлсэн нь хүмүүст ойлгомжтой байснаас ийнхүү ихээр түгэн дэлгэрсэн байнаЭнэхүү судар нь бусад хөлгөн судруудыг бодвол хүний амьдрал ахуй, нийгэмд ойр, ялангуяа эзэн хааны засгийг номчлон өргөмжлөх зэргээр ертөнцийн шинж чанартай ашиг сонирхлыг илт өгүүлсэн байдаг. Мөн албат иргэд нь хаандаа үнэнч шударга байх, хаан нь улс иргэдийнхээ амар сайхны тусын тулд бүх хүч чадлаа зориулахыг номлосон байна. Ийм учраас Монголын хаад төдийгүй харц иргэд, олон түмэн Алтангэрэл судрыг асар ихээр хүндэтгэн тахин шүтэж иржээ.

Энэ судрын тухайӨршөөл нь өрх гэрийн өлзий буяныг тогтооноГай зовлонгийн үүдийг хаана. Хишиг буяныг даллан авчирна. Гал усны аюулаас зайлуулнахэмээн сүм хийд лам нар иргэдэд тайлбарлан сурталчилдаг. Манай зурхайчид ч бас иймэрхүү тайлбар өгсөөр байна. Жишээ нь, саяхан нийтлэгдсэнАрван хоёр жилтний шороон нохой жилийн төөрөг, засал”-д хулгана, бар, туулай, луу, могой, бич, тахиа, гахай жилтнүүдийнсанаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул Алтангэрэл уншуулбаас засагданагэжээ. Тэгвэл номын сангийн үнэт ховор номыг ингэж тайлбарлаж болохгүй, шинжлэх ухааны тайлбар хийх хэрэгтэй нь ойлгомжтой.

Монгол Улсын номын санд хадгалагдаж байгаа барын Алтангэрэл судруудаас хамгийн эртнийх нь Дайчин улсын Эеэр засагчийн 16 дугаар он буюу 1659 онд унзад Лувсаншамба хэвд бүтээсэн 21х59cм. хэмжээтэй 235 хуудас бүхий судар юм. “Ном бол өглөгийн дээд өглөгхэмээн номлосон энэ судрыг бариваас, уриваас, уншваас тэр хүний хамаг сэтгэсэн бүхэн үтэр түргэн бүтнэ хэмээн хууччууд  өгүүлдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин