Ч.ЗОТОЛ

 “Намгүй сум-дүүрэгхөдөлгөөний тэргүүн Н.Батболдтой ярилцлаа

 -Намаас татгалзах санаачилгыг иргэд хэр дэмжиж байна вэ?

-Улс даяар хийрхсэн намчирхал, талцал, хуваагдал, олон намын талхлал дор ард түмний амьдрал тарамдан хөгжил зогсч хямрал нүүрлэлээ. Иймд бид  улстөржсөн солиорлыг зогсоож, сум орон нутагт иргэний төлөөллөө шийддэг хүмүүсээ сонгож, төрийн босоо удирдлагатай хавсран хөдөө орон нутгийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Сумын иргэдийг намын харъяалалтай болгосноор иргэд хоорондоо талцаж, ялагдсан намуудын боловсон хүчин ажилгүй болж, төв суурин руу нүүдэллэх болсон. Төв суурин газрынхан болон залуучууд нь гадаад улс орон руу дүрвэцгээж байна. Улс төрийн үзэл бодол төлөвшөөгүй ЕБС-ийн сурагчдыг хүртэл намуудад хувааснаар цөөн хүн амтай орон нутагт сонгуулийн эрх чөлөө хумигдаж, итгэл үнэмшлээрээ бус намын гишүүнчлэлээр сонгуульд санал өгдөг боллоо. Статистик мэдээнээс үзвэл, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 28 нам бүртгэлтэй байдаг. Харин сонгуулийн насны хоёр  сая гаруй иргэний нэг сая нь ямар нэг намд харъяалагдах буюу улс төрийн үйл ажиллагаанд оролцдог гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, 28 намаар дамжиж 700 мянган хүн улстөржиж байна шүү дээ. Энэ байдлаас гарахыг орон нутгийн иргэд дуу нэгтэй  дэмжиж бидэнтэй холбогдож байгаа.

- Ямар гарц, шийдэл байна?

-Гол нь   орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохгүй байх нь чухал юм. Нам оролцохоор талцаж хуваагддаг. Албан тушаал, шагнал урамшуулал, төсөл хөтөлбөр, халамж дэмжлэг бүгд намын харъяаллаар шийдэгддэг.Залуус намгүйгээр хөгжиж дэвших ямар ч боломжгүй. Намын нүсэр бүтцийг санхүүжүүлэх нэрээр төрийн албыг тойрсон авлигын сүлжээ бий болчихож байна. Орон нутгийн бодлого байнга өөрчлөгддөг. Нам,дарга дагасан тохиолдлын шинжтэй бэлтгэгдээүй хүмүүс төрийн албанд  шургалдаг. Эрх баригч хүчнийг буруушаах, харлуулах нэрээр улс төр хийж төрийн нэр хүндийг унагаадаг гэхчлэн сөрөг зүйлүүд байна. Үүнээс гарах гарц нь Үндсэн хуульд улс төрийн нам сонгуульд оролцож үл болно. Улс төрийн намын тухай хуульд сум, дүүрэгт улс төрийн намын салбар нэгж байгуулж үл болно гэсэн  заалтуудыг  нэмж хуульчлах нь зүйтэй. “Намгүй сум-дүүрэгхөдөлгөөнийг орон даяар өрнүүлж Улстөрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулинд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд намууд оролцдоггүй байх, сум дүүрэгт нам байгуулахыг хязгаарлах хэрэгтэй. Хязгаарлалт  тогтоосноор төрийн албаар дамжин намууд санхүүжилт босгох шаардлага хумигдах, төрийн албан хаагчдын ажлын байр баталгаажих, орон нутгийн хөгжлийн бодлого тогтворжих, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тухайн орон нутгийн шилдэг хүмүүс өөрсдөө нэрээ дэвшүүлж сонгогдох зэрэг олон давуу талууд бий болно.

- Тэгээд үр дүн гарах уу, манайд хууль хэрэгждэггүй, бас зориуд   хэрэгжүүлдэггүй байдал ч байдаг шүү дээ?

-Орон  даяар хөдөлгөөн өрнүүлж, улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуульд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд намууд оролцдоггүй болгож сум, дүүрэгт нам байгуулахыг хязгаарласнаар  тодорхой үр  дүнд хүрнэ.

Тухайлбал, улс төрийн намуудын санхүүгийн хэрэгцээ багасна. Хөрөнгө мөнгөтэй хүмүүсээс хамааралгүй болно. Тухайлбал, 60 тэрбумын гэх гэмт хэрэг шиг төрийн албаар санхүүжилт босгодог явдлыг хумина. Иргэний сонгуулийн эрх чөлөө хангагдана. Орон нутгийн хөгжлийн бодлого тогтвортой болж залгамж чанартай болно. Төрийн алба тогтворжино. Хөгжил ирнэ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин