Д.ЦЭРЭННАДМИД

Энэ удаагийн “Хүмүүн судар” буландаа Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхийн ухааны доктор, профессор, археологич Дамдинсүрэнгийн Цэвээндоржийг урьж ярилцлаа.

Түүний үндсэн захиргаа нь Архангай аймгийн Өндөрсант (одоогийн Хотонт сумын нэг баг) сум. 1972 онд Москвад М.В.Ломоносовын нэрэмжит их сургуулийн түүхийн факультетийг археологич  мэргэжлээр төгссөн.Үүнийхээ дараа ШУА-ийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1989 оноос археологийн секторын эрхлэгч төслийн удирдагч, 1999 оноос Археологийн судалгааны төвийн захирал, 2002 оноос Археологийн хүрээлэнгийн захирал, 2014 оноос төвийн эрхлэгчээр ажилласан. Монголын археологийн салбарын толгой эрдэмтний нэг юм. Эртний ба дундад зууны нүүдэлчдийн түүх соёлыг судалдаг. Энэ талаараа монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн. 1996 онд АНУ-ын Аризоны их сургуулийн антропологийн шинжээч профессор, 1995 оноос Юнеско-гийн дэргэдэх нүүдлийн соёл иргэншил судлах олон улсын хүрээлэнгийн сурвалжлагч, 2006 оноос Монголын ШУА-ийн бага чуулганы гишүүн юм. Тиймээс энэ эрхмийг Монголын археологийн түүхийн нэгэн хөтөч гэж хэлэх гэсэн минь. Д.Цэвээндорж археологич гэдэг мэргэжлээрээ 50 жил үнэнчээр зүтгэхдээ эрдэм шинжилгээний сэдэвт зохиол 50 гаруй, мөн тэр орчим хамтын бүтээлд зохиогчоор оролцож 410-аад өгүүлэл, илтгэл бичиж туурвисан түүнээсээ Орос, Унгар, Бельги, Герман, Япон, АНУ, Хятад зэрэг олон оронд хэвлүүлсэн юм билээ. Монголын археологийн Өвөг эцэг нь хөдөөгийн хэмээх Пэрлээ

[caption id="attachment_47807" align="aligncenter" width="750"]Д.Цэвээндорж өөрийн багш Х.Пэрлээгийн хөшөөний дэргэд. Д.Цэвээндорж өөрийн багш Х.Пэрлээгийн хөшөөний дэргэд.[/caption]

-Таныг Москвагийн их сургуульд сурч байх үеэс л археологичийн замналаа эхэлсэн гэх юм билээ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн хүн. Дөрвүүл алтан медальтай төгссөн гэж байгаа. Миний төрсөн ах Д.Гүүнээ (одоо гавьяат эдийн засагч), Чойгол гэж багш, генерал Дашзэгвэ бид дээ. Сургуулийн хуваарь авах боллоо. Бүгд л гадаадад явах санаатай байсан. Гэтэл ах Гүүнээ, Чойгол нар найз охинтой болчихоод гадаадын хуваарь авсангүй. Би хуваарь олгох комисс дээр орлоо. Инженер, архелогич, цэргийн гэсэн гурван хуваарь байна. Би уг нь инженер болно гэж боддог байсан ч “Археологич гэж шинжлэх ухаанд чухал мэргэжил шүү” гэж Даш багшийн хэлсэн үг санаанд орж уг мэргэжлийг сонгосон. Миний дараа Дашзэгвэ ороод цэргийн сургуулийн хуваарь авсан. Тэгээд Москвад оюутан боллоо.

-Ломоносовын нэрэмжит их сургууль чинь ер нь томоохон сургуулийн нэг байсан биз?

-Тэгэлгүй яахав. Бараг л дэлхийн хамгийн том сургууль байсан байх. Их олон факультеттай, 121 орноос оюутан суралцдаг. 32 давхар байртай сурах боломж 100 хувь хангагдсан сургууль байв.

Хичээлдээ л шамдахаас өөрцгүй, хоол унд бэлэн. Гарч явах шаардлага байдаггүй. Сургууль дотроо кино үзчихнэ. Миний хувьд тэшүүрт жаахан хорхойтой болохоор сургуулийнхаа дэргэд гулгуурын талбайд жаахан зугаацчихна. Багш нар нь том эрдэмтэд. Үздэг сурах бичгийн зохиогчид нь тэд голдуу. Юм сурах таатай орчин тэнд л байсан даа.

-Та тэнд бас онцгой сурагч байсан тухайгаа ярьсан байл уу?

-Тийм ээ. Нэг удаа нутгийн хэдэн оюутан хамт байж байтал ази царайтай, өрөөсөн гар муутай юм шиг нэг хүн ирээд намайг “Чи монголоос ирсэн археологчийн ангийн оюутан уу” гэв. Би тийм ээ л гэлээ. Нөхөд маань хэлж байна “За чи ч баларсан. Энэ чинь хамгийн хатуу багш” гээд л...

Түүний гурав дахь өдөр надтай уулзаарай гэснээр нь очлоо. Тэгсэн тэр багштай уулзсанаас хойш би бусдаас илүү хичээл үздэг боллоо. Бүр зуны хээрийн ажилд явах эрх олголоо надад. Энэ нь жинхэнэ археологич болоход их тус болсон юм. Оюутан байхдаа л ОХУ-ын 15 улсын нутгаар явлаа. Дундад Ази, Самарканд, Бухарь, Казахстанаар явлаа. Ёстой нүд тайлсан даа. Хөдөө явах болгондоо тэр Л.А.Кызласов багшаас даалгавар авна. Зуны амралтаараа нутаг явах ч байхгүй.

-Тэгж явахдаа археологийн малтлага, судалгаанд оролцсон л биз. Гайхамшигтай юм их үзсэн үү?

-Доголон Төмөр хааны төрсөн газар Самарканд, Бухарь чинь одоогоос 40 гаруй жилийн өмнө очиход овоо чулуу ч байхгүй л газар байв. Тэгвэл сүүлд Ташкентын төв талбайд Төмөр хааны морьт хөшөө, хажууд нь музей нь бас дэргэд нь дүрслэх урлагийн музей хослочихсон дэвэн дэлхийн жуулчид аялагчид заавал очдог, үзлэг газар болсон байна лээ. Төмөр хаан гэдэг нэр дээр төвлөрүүлээд маш сайхан тохилог болгож. Үүнээс л монголчууд бид сурмаар байгаа юм. Миний хувьд сайн сургууль, багш нарын ачаар тийм олон сайхан юм л үзэж билээ.

-Сургууль төгсч ирээд хаана ажиллав даа?

-Би ШУА-ийн нэр дээр сурсан хүн л дээ. Ирээд л Түүхийн хүрээлэнгийн археологийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан болсон. Тэгээд тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгч, төвийн болон Археологийн хүрээлэнгийн захирал гээд ердөө нэг шугамд зогссон хүн дээ. Ер нь эрдэм шинжилгээний ажил хийх хүн нэг чиглэлээрээ тогтвор, суурьшилтай ажиллах хэрэгтэй байдаг. Миний хувьд зүг чигээ өөрчлөөд явчих боломж гарч л байсан. Гуйваагүй явсаар өдий хүрлээ. Их сургуулийн декан. Багшийн дээд сургуульд гадаад харилцаа эрхэлсэн захирал ч гэнэ үү. Зарим санал ирж л байсан.

-Монголын Археологийн түүхэнд Оросын нэр бүхий эрдэмтдээс гадна Монголоос Ц.Доржсүрэн, Н.Сэр-Оджав, Д.Дорж, О.Намнансүрэн, Ш.Нацагдорж, Д.Наваан гээд олон хүний нэр байдаг юм билээ. Тэр дотроос хамгийн эхэнд Хөдөөгийн Пэрлээ гэдэг хүний нэр бичигддэг юм гэсэн. Тэр хүн таны багш гэл үү?

-Тэгэхээр Хөдөөгийн Пэрлээ гэдэг хүн археологичийн хувьд миний багш. Тиймээс тэр хүнийг надаас илүү мэдэх хүн ховор байх. Археологичоос гадна зохиолч, орчуулагч том хүн байлаа. Энэ хүнийг дурдахгүйгээр Монголын археологийн түүхийг ярих нь ямар ч утгагүй юм болно гэж би хэлнэ.

-Та Х.Пэрлээ гуайтай хэзээ танилцсан бэ?

-Би багштайгаа 1971 онд төгсөх ангийн оюутан байхдаа анх уулзсан. Тэгэхэд багш тийм урт сахалгүй байв. Миний хувьд археологийн нэг том хүн энэ юм байна гэж ойлгосон доо. Тэгээд өвөл нь Х.Пэрлээ багш утасдаж байна. Би Москвад ирчихлээ. Академийн зочид буудалд байна. Ирж монгол малын мах ид гэж. Монголын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн хүн нэг муу оюутныг ид барь гэж ярих сайхан байсан шүү. Очлоо. Идлээ. Монголын тухай сонин сонслоо. Тэгсэн Х.Пэрлээ багш “За хө чи надтай Москва, Ленинградаар хамт жаахан явна гэлээ. Би Дундад Ази руу хээрийн дадлагад явах гэж байгаа гэвэл түүнийгээ хойшлуул гэв. Тэгээд дадлагаа больж бид Ленинградын Эрмитаж болон судалгааны хэд хэдэн лаборатори үзлээ. Тэр үеэс л Х.Пэрлээ гэдэг тун гайхамшигтай хүн юм. Юмны учир жанцанг яаж ойлгохов, аливааг аль талаас нь эхэлж үзэх нь зөв юм бэ гэдгийг энэ хүнээс мэдэж авсан даа.

-Ер нь хөдөлмөрч хүн байсан гэдэг юм билээ?

-Тийм ээ, туйлын хөдөлмөрч, нягт намбай сурах юм ихтэй хүн дээ. Хамгийн гайхамшигтай нь гэвэл хаа ч явсан үзэж харснаа заавал тэмдэглэж авдаг. Түүнийгээ сонин, сэтгүүлд гаргаж баталгаажуулна. Томоохон олдвор зүйлийн тухайд ном товхимол хийчихнэ. Тэгэхгүй бол юм мартагддаг, орхигддог гэж хэлдэг. Ер нь үзсэн харсан, олсон мэдснээ авторжуулж авч байгаа хэрэг. Түүнээс хойш би багшийнхаа жишээгээр ажиллаж хэвшсэн дээ.

-Х.Пэрлээ гуайтай олон жил хамт ажилласан уу?

-1972 оноос багшийг тэнгэрт хальтал л хамт явж дээ. Тоолбол 20-оод жил болох байх. Багш маань хэнд ч даргархана гэж байхгүй. Загнаж зандрахгүйгээр зөвхөн өөрөө л үлгэрлэнэ. Багшийн дээд сургуулийн гурван жилийн хөтөлбөрт хичээлийг ганцхан жилд багтаан үзэж шалгалтыг нь өгсөн гэдэг юм.

-Нэг жил сураад төгсгөсөн гэсэн үг үү?

-Тийм. Сургуульд оюутан болоод хоёр сар болов уу үгүй юу багшдаа “Би хоёрдугаар ангид ормоор байна” гэсэн гэдэг. Тусгай комисс гарч шалгалтыг нь аваад хоёрдугаар ангид дэвшүүлж тун удалгүй би гуравдугаар ангид орьё гэж. Мөн л шалгаад дэвшүүлж. Тэгээд л ганцхан жилд багшийн сургуулийг төгсгөсөн юм билээ. Багш бас өөрт тохиолдсон сонин сонин дурсамж ярьдаг байсан.

үүнээс нь ярьвал сонин байна л даа?

-Ганц нэгийг нь хэлье. Багшийн сургуулиа төгсөөд Өвөрхангайн Баян-Өндөр суманд захирлаар очиж. Дараа нь Архангайн Тариад суманд багш болсон байдаг. Тэгж байхдаа нэг зун амралтаа аваад Архангайд ирж. Хот явах гэж байтал “За Х.Пэрлээ багш буцнаа. Амралтын мөнгө юмыг чинь гаргаж өгнө. Энэ цэргийн улсуудад газарчилж Тариат яв, цаана чинь эсэргүү бослого гараад байгаа” гэсэн байна. Буцлаа. Тариатад очиход бүх юм шатсан нурсан хачин газар угтаж. Хүмүүс нь уул хад руу дүрвэн зугтсан ийм л байна гэнэ. Үймээнийг намжаахаар Намын төв хорооноос томилогдсон Содном даргатай комисс очсон байсныг багштай хамт очсон Дотоод яамныхан барьж аваад долоон хүнийг зэрэгцүүлэн цааш нь харуулж зогсоож байгаад буудчихаж. Хүрэн савхин дээлтэй, хүрэн малгайтай хүн эргэж хараад унаж байсан гэнэ. Ийм л ер бусын зүйлийг үзэж дээ. Энэ тухай хожим нь Хэнтийд явж байгаад Тариатын үйл явдалд хамт оролцож явсан Батаа гэдэг хүнтэйгээ уулзаж ярьж байхад нь энэ дурсамжийг би сонсч билээ. Би боддог юм. Ч.Лодойдамба гуай “Тунгалаг тамир” романдаа Тариатын сургуулийн Бат багш гэсэн дүр гаргасан нь Х.Пэрлээ багшаас эхтэй байж магадгүй гэж. Багшийн ярьсан бас нэг дурсамж бий. Мань хүн дугуйгаар Тариатаас хот орчихдог, Хэнтий ч хүрчихдэг байж. Нэг удаа Улаанбаатар руу явж байхдаа Архангай Булганы нутгийн заагт нэг айлд очиж. Хоёр гэр, ганцхан залуу хүүхэн байж тэднийхэн бүгд найранд явчихсан таарч. Гүүг нь татаж өгөөд айраг ууж хонож дээ. Маргааш нь замдаа гараад даваан дээр гартлаа эргэж харахад нөгөө хүүхэн гаднаа хараад зогсож. Х.Пэрлээ багш түүнийг их өрөвдөж. Тэгээд “Цэнхэр пансан алчуур” гэдэг тууж бичсэн гэдэг юм. Гайхамшигтай сайхан зохиол доо. Энэ тухайд нь багштай ярихад, “Тэр бүсгүйн нэр хэн бэ. Та асуусан уу” гэвэл “Би нэрийг нь асуугаагүй нь алдас. Яахав “Цэнхэр пансан алчуур” тэр бүсгүйн нэр болж үлдэг гэж билээ.

-Х.Пэрлээ зохиолчийн хувьд Б.Ренчин гуайтай дотно байсан гэж сонссон. Энэ тухайд нь та юу мэдэх вэ?

-Өөрөө надад ярьж байсан л даа. Хөдөөгөөс орж ирээд холбооны яаманд морзчин байсан юм билээ. Энэ үедээ их зохиолч, гүүш Б.Ренчин гуайтай сүрхий нөхөрлөж байхдаа эсперант хэл сурч. Б.Ренчин гуай Швед, Данийн эрдэмтэнд захиа бичиж заримд нь хариу авсан юм гэдэг. Үүнээс нь болж түүнийг шоронд хийчихсэн. Тэр үеийн боловсролтой сэхээтнүүд тэр дотор гадаад оронд сургууль төгссөн бүхнийг шахам буруутгаж шоронд явуулж байсан бусармаг цаг үе байлаа. Х.Пэрлээ багшийг ч энэ гай тойроогүй. Батцагаан гэх шоронд Б.Ренчин гуай ном зохиолоо бичиж суух. Пэрлээ багш морин тэрэг хөтлөөд гадуур дотуур ажил хийдэг хоригдол байсан гэдэг. Ер нь Б.Ренчин гуай Х.Пэрлээ багшийг их хүндэтгэдэг байж л дээ. Гутал сайхан хийдэг эрдэмтэй. Маршал Х.Чойбалсанд хүртэл орос хром дуурайлгасан шпортой урт түрийтэй гутал хийж өгсөн гэж ярьж байсан. Маршал нэг зураг дээрээ тийм гутал өмссөн харагддаг даа. Тэр нь Пэрлээ багшийн хийсэн гутал байсан болов уу.

-Археологичдод олгодог Х.Пэрлээ гуайн нэрэмжит шагнал гэж бий билүү?

-Бий. Миний хувьд өөрийнхөө хэр хэмжээнд багшийнхаа нэр алдрыг мөнхжүүлэх гэж бодсон. Тэгээд хоёр ажил хийсэн. Нэг нь багшийнхаа нэрэмжит шагналыг бий болгосон. 3-4 хүн энэ шагналыг аваад байгаа. Бас манай археологийн судалгааны төв Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хөдөө арал”-д байдаг юм. Тэнд багшийнхаа гэрэлт хөшөөг босгосон. Уг нь Улаанбаатарт босгох санаа байсан ч аль аятай газар нь эзэнтэй болчихсон газар олдоогүй юм. Миний хэр хэмжээ л энэ байсан даа. Ямартай ч хөдөө орон нутагт эрдэмтэн хүний хөшөө анх боссон нь тэр байлаа.

өдөөгийн гэдэг нэрний учир ер нь ямар учиртай юм бэ?

-Багш Өвөрхангайд багш байхдаа зохиол бүтээлээ зохиолчдын хороонд явуулдаг байсан юм билээ. Гэтэл Улаанбаатарт нэг Пэрлээ гараад ирж. Тэгэхээр зохиолчдын хорооныхон бүтээлийг нь сонин хэвлэлд нийтлүүлэхдээ багшийг Хөдөөгийн Пэрлээ гээд өгчихөж. Тэр нь явсаар нэршсэн овог юм шиг болсон гэдэг.

Монголын археологи хэдэн оноос үүсэлтэй вэ?

-Одоо Монголын археологийн түүхийг чанд мэдэх хүн нь та байх. Тэгэхээр хэдий үеэс үүсэлтэйг нь хэлж өгнө үү?

-Монгол археологийн судлалыг 1941 оноос тооцож үзэх учиртай. Х.Пэрлээ тэргүүтэй Монгол археологчид мөн онд малтлага судалгааны ажлаа эхэлсэн байдаг юм. Х.Пэрлээ багш 1940-өөд оны эхээр “Монгол Улсын археологийн картын сан” гэдгийг зохиож гаргасан. Тэгээд 1942 оны наймдугаар сард Төв аймгийн Авдарбаян сумын нутаг Авдар уулнаа монголчууд анхны бие даасан малтлага судалгаагаа хийсэн. Энэ түүхэн үйл явдлыг л Монголын археологийн эхлэл гэж үздэг.

-Жирийн уншигч бид түүхийн сэдэвтэй юм уншиж байгаад бүр 1889 онд Оросын эрдэмтэд Н.М.Ядринцевын удирдлагаар Монголд хайгуул судалгаа хийхдээ Орхон голын хөндийгөөс эртний Түрэгийн үл уншигдах бичээст хөшөөг олж бас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын ор үлдэцийг малтаж эрдэм шинжилгээний тодорхойлолт гаргасан. Бас түүнээс хойших нь Финландын Г.Гейкелийн толгойлсон эрдэм шинжилгээний баг хөшөө цайдамд Билгэ хаан, Культгиний хөшөөний бичээсийг олж судалсан гэдэг. Энэ үеэс л Монголын археологийн түүхийг эхэлсэн гэж ойлгож байлаа?

[caption id="attachment_47808" align="aligncenter" width="750"]Оросын эрдэмтэн А.П.Окладников Д.Цэвээндорж нар хээрийн экспедицид явж байсан үе. Оросын эрдэмтэн А.П.Окладников Д.Цэвээндорж нар хээрийн экспедицид явж байсан үе.[/caption]

-Өмнө нь Оросын болон бусад орны эрдэмтэдтэй хийсэн малтлага судалгааны ажил тэр дагуух бүтээлүүд нэлээд байсан л даа. Ардын хувьсгалын дараахан монголчууд Оросын эрдэмтэдтэй хамтарсан шинжилгээ судалгаа ч хийсэн л дээ. Гэвч бид Монголын археологийн хөгжлийн эхлэлийг 1940-өөд оны эхээр гэж баримжаалдаг. Тэгж ч ном зохиол бүтээлдээ тусгаж ирсэн.

-Ер нь Монголын археологийн судалгааны хөгжлийн эрчимтэй үеийг 1940-1950-аад он гэж үздэг юм гэсэн биз?

-Тиймээ. Тэгж үздэг. Томоохон малтлага судалгааны ажлууд 1940-өөд мөн 1950-аад онд хийсэн байдаг юм. Сонин сайхан нээлт, олдвор ч тэр л цаг хугацаанд хамаатай гэж болно. Түүнээс ганц хоёрыг дурдая л даа. 1940-өөд оны эхээр манай Пэрлээ багш, зөвлөлтийн эрдэмтэн С.В.Киселев нарын удирдсан баг Хархорум болон хар балгасыг малтаж гар үйлдвэр, худалдааны хөгжлийн холбогдолтой эд зүйлийг олж орд харшийн үлдэгдлийг судалсан нь бий. Тэгвэл Х.Пэрлээ багш 1940 онд Булганы Дашинчилэн сумын нутаг Чинтолгой болон хар бухын балгасыг малтаж хэдэн төрлийн үйсэн дээрх бичиг, ном олсон. Үүнийг судлахад XVI-XVII зууны үеийн Халхын дөрвөн хошуу, хотуудын ноёдын чуулганы цааз бичиг, хураамжийн хуулга байсан гээд аль сонин сайхан олдворыг тэр гэхэв дээ.

-Тэр үйсэн дээрх бичгийг чинь Германд сэргээн засварлуулсан гэдэг бил үү?

-Тэгсэн. Тун аятайхан засч янзалсан байсан. Харин засчихаад буцааж өгөхгүй жаахан зовоосон. 10-аад жил лав болсон байх. Олон удаа захиа явуулсан ч удсан юм. Энд бас үнэт олдворыг үгүй хийчихлээ. Зарим нь худалдчихсан гэж хүртэл ярьсан даа. О.Дашбалбар агсан хүртэл тэр үед “Номун дээр гишгэсэн алдас” нэртэй том нийтлэл Утга зохиол сонинд гаргаж биднийг зад шүүмжилж байсныг санах нэг нь санах л байх.

-Одоо уг олдвор хаана хадгалагдаж байгаа вэ?

-Үндэсний төв номын санд байгаа.

-За тэгвэл таны өөрийн чинь олсон зарим үнэт олдвор олон байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Чухал үнэ цэнэтэй олдвор цөөнгүй л дээ. Эртний хүн судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг олдвор бол Хэнтийн Норовлин сумын “Салхит” гэдэг газраас олсон нэн эртний хүний гавлын чулуужсан яс. 50 мянган жилийн өмнө тэнд хүн амьдарч байсны гэрч. Уг олдворыг баталгаатай хадгалах, судлахын тулд би академийн ерөнхийлөгч Б.Чадраа, Ш.Бира гуай, Р.Барсболд гээд толгой эрдэмтдийг байлцуулж байгаад олдвороо үзүүлж илтгэлээ хийгээд протокол үйлдэж уг олдворыг Монголоос хэзээ ч гаргахгүй, судлах хүмүүс нь судална гэж гарын үсэг зурцгааж байлаа. Юмыг ингэж хамгаалах л учиртай.

Тэр гавлын яс нь Германаас Алянскийг хүртэл, өмнө зүгт Бээжингийн хойд талаас тундр хүртэлх тийм уужим нутагт эртний хүн амьдарч байж гэдгийг баталж байгаа чухал олдвор доо.

үүлд саяхандаа морьтой нь оршуулсан баатрын хувцастай хүний олдвор олсон гэж шуугисан даа?

-Би 1979 оноос хойш Алтай чигт олон удаагийн малтлага, судалгаанд оролцож явсан л даа. Тэгээд 2007 онд Алтай таван богдын мөнх цэвдэг дунд байсан булшийг малтаж хоёр морьтойгоо, иж бүрэн зэвсэгтэй хүнийг оршуулсныг олсон. Манайхан ч яахав тэгж гэнэ, олж гэнэ гэж дөнгөж яриад л өнгөрсөн. Харин АНУ-ын “Десковери” сэтгүүлд уг олдворыг 2007 оны дэлхийн 10 шилдэг олдворын нэг гэж бичсэн дээ. Энэ бол судлаад баршгүй үнэт олдвор гэсний баталгаа юм. Түүнийг Германд сэргээж засуулсан одоо манай музейд бий. Уг нь зөвхөн уг олдвороор музей байгуулчихдагсан бол гадна дотны олон хүн үзэж, харахыг эрмэлзэх байх. Манайхан тийм юмыг даанч санахгүй, санаачлахгүй юм.

-Музей гэснээс танай археологийн музей хаа байдаг вэ?

-Музей гэхэд ч ичмээр юм санагдаж магадгүй. Гэхдээ боломжийн байр. Юмаа аятайхан хадгалаад байгаа. Даанч гадаадын хүнд үзүүлэхэд тусгүй байдаг юм. Байрлал нь ШУА-ийн нэгдсэн байрны хажууханд байдаг орон сууцны хонгилд.

-Археологийн музей байгуулах тухай яриа нэлээд гарч байсан санагдах юм?

-Тэр үнэн олон жил ярьж байна. Г.Оюунгэрэл сайд байхдаа нэлээд хөөцөлдсөн. Ц.Элбэгдорж дээр нэг удаа ажлаар ороод санаагаа хэлж л байлаа. Тэгэхэд Монголын палентологи, археологийг хамтатгасан “Монголын гайхамшиг” гэсэн музей байгуулах нь зүйтэй юм гээд комисс гаргаж музей барих газрыг Богд уулын баруун хойд талын нэг аманд зааж өгч байлаа. Гэтэл Засаг солигдоод яам үгүй болж мэдэж байсан сайд халагдаад л уг ажил дуусаа.

-Хархорум, Хэрлэн барс хотыг шинжилгээ судалгааны явцад хэр том хот байсан гэдгийг тодорхойлсон байдаг уу?

-Тухайн үедээ том хот байсан гэж тодорхойлдог. Ямар хэмжээний талбай эзэлж байв гэдэг нь гол биш л дээ. Хархорум гэхэд тэр үедээ дэлхийн нийслэл байлаа. Яагаад ингэж хэлэв гэвэл Монголын их эзэнт гүрэн гэдэг чинь дэлхийг эзэлчихсэн байсан үе. Монголчууд дэлхийн талыг эзэлсэн гэж ярьдаг ч буруу санагддаг. Америк тив тэр чигээрээ нээгдээгүй байсан цаг. Анх Хүннү нар Ази, Европ хоёрыг холбож байлаа гэж түүхэнд бий шүү дээ. Хэрлэн барс бол X зууны үеийн хот. Ер нь Хэрлэнгийн хөвөө дагаад олон жижиг хот байж. Тэдний нэг нь Хэрлэн барс хот.

-Энд Киданы үеийн түүхийн тухай яриа гарч ирдэг гэдэг?

-Х.Пэрлээ багш Монголын эртний түүх, соёл иргэншлийг судлахдаа Монгол бол цэвэр нүүдэлчид биш хотжилт, суурьшлын улс үндэстэн байлаа гэж бичсэн. Багшийн “Кидан нар монголчуудтай холбогдсон нь” сэдэвт зохиол бий. Уг зохиолд Кидан чинь Хятадын хувьд бол нүүдэлчин. Харин Монголыг бодоход хагас суурьшлын байдалтай гэж түүх үздэг. Киданчууд нэлээд хүчирхэг анагаах ухаан мал эмнэлэг, одон орон зурхайн ухаан хөгжүүлсэн байжээ гэсэн байдаг. Одоо Киданы үеийн түүхийн судалгаан дээр манай залуу эрдэмтэн доктор Ц.Энхтөр үргэлжлүүлэн ажиллаж байна. Ер нь манай залуу археологичид олон улсын хэмжээнд ажиллаад сурчихсан. Судалгааны арга зүй, түвшин нь тогтчихсон ийм л хүмүүс байна. Тэд хаа ч очоод ажиллахад бэлэн. Орост гэхэд Б.Гүнчинсүрэн, баруун тийш Франц гээд явбал Ц.Төрбат, Японд Б.Цогтбаатар, Энхтөр нарын бэлтгэгдчихсэн археологичид бий. Бүгд л миний шавь даа.

-Археологи дотроо олон чиглэлтэй. Таны хувьд алийг нь голлон судалдаг юм бэ?

-Бидний сургууль төгсөөд ирэх үед Монголын археологичид тоотой хэдэн хүн байлаа. Х.Пэрлээ, Сэр-Оджав, Д.Дорж, Д.Наваан гээд. Би залуу хаашаа ч хайгуулд явахад бэлэн ядарч зүдэрнэ гэж мэдэхгүй үе байлаа. Ер нь миний сурч бэлтгэгдсэн чиглэл бол чулуун зэвсгийн үеийн судалгаа юм шүү дээ. Харин явцын дунд тал тал руу л ажилласан. Тэр дотроос хадны зураг дээр нэлээд голлосон доо.

-Та монголдоо хээрийн хайгуулд хэнтэй хаана явж байсан бэ?

-Оросын нэрт эрдэмтэн А.П.Окладников Монгол талаас Д.Дорж нарын ахалсан хамтарсан хайгуулд оролцсон нь анхны юм байна. А.П.Окладников бол академич том эрдэмтэн. Бас л миний багш Дорнод Ази, Монголын түүх, археологийн судлалаар олон бүтээл туурвисан хүн. Малтлага, судалгаа хийсэн газар нь Өмнөговь аймгийн Баянзаг. Д.Дорж багштай бол би “Монголын палеолит” гэдэг ном бичсэн.

-Одоо монголчууд археологийн малталт, судалгаан дээр дан бие даан ажилладаг уу?

-Археологичдын чадвар чансааны хувьд ярих юм байхгүй сайн гэдгийг бий дээр хэлсэн. Одоо жилд 10 орчим газарт малтлага, судалгаа хийдэг. Гэхдээ зардал мөнгө хүрэлцэхгүй тал бий. Иймээс гадаадын улс оронтой хамтарч ажиллах нь зардал босгоход ашигтай байдаг юм. Археологийн хүрээлэн байхад гадаадын 10 гаруй орны 20-иод байгууллагатай холбоо харилцаатай ажилладаг байсан. Одоо ч тэр харилцаа хэвээр л дээ.

-Археологийн хүрээлэнг түүхийн хүрээлэнтэй нэгт­гэчихсэн. Энэ зөв юм уу?

-Үүнийг би зөв, буруу гэж дүгнэхгүй. Цаашдын ажил үйлийн явц л зөв, бурууг ялгах байх. Археологичид бид хийдэг юмаа хийгээд  л явж байна. Хөдөө орон нутагт ажиллах зардал, мөнгөнөөс эхлээд төвөгтэй асуудал гардаг л юм. Бас энд тэнд археологийн талын элдэв асуудал гарахад орон нутгаас мэдээлэх нь ховордсон. Ирлээ гэхэд бид шуурхай очиж чадахгүй байна. Ер нь зохион байгуулалт буруу байвал тууштай зүгширсэн ажилд хортой байдаг л даа.

-Манай Монголын нутагт байгаа археологийн дурсгал өөр бусад орныхоос илүү юм шиг санагддаг?

-Хамгийн баялаг гэхэд бас хэцүү. Харин их олон үеийн дурсгал Монголд хадгалагдаж байдгаараа онцлог юм даа.

-Жирийн бидний мэдэх нь ил байгаа хөшөө дурсгал, хот балгасын туурь юм даа. Тэгэхээр Тамирын хөндийд гэхэд элбэг юм л тэр харагддаг?

-Үнэхээр тийм. Бид Тамирын хөндийн олдворыг бүхэлд нь судлах төсөл дээр ажиллаж байна. Уг төслөөр Моника гэдэг жижигхэн улстай хамтарч голын хөндий дагасан хөшөө дурсгалыг босгох сэргээх ажил эхлээд байгаа. Манай доктор Ц.Төрбат, Гантулга хоёр энд хүчин зүтгэдэг. Археологичид маань ер нь чиглэл чиглэлээр дагнаж мэргэшиж байдаг юм. Киданы үеийн түүхээр А.Энхтөр, чулуун зэвсгийн үеийн түүхээр Б.Гүнчинсүрэн, Б.Цогтбаатар нар ажилладаг.

Чингисийн онгон Бурхан халдунд бий юҮ?

-Та “Гурван гол” гэдэг Монгол, Японы хамтарсан төслийн багт ажилласан хүн. Энэ төслийн зорилго юу байв. Түүнийгээ биелүүлж чадсан уу?

-Уг төслийг санаа­чилсан хүн нь угсаатны зүйн том эрдэмтэн С.Бадамхатан гуай юм. Төслийн анхны зорилго нь Чингис хааны он­гоныг олно гэж байлаа л даа. Анхны гэрээ нь тийм. Ганц хүрз шороо хөдөлгөхгүйгээр Чингисийн онгон хаана байна гэдгийг олно гэж л ажилласан. Төсөл зорилгоо биелүүлсэн үү, үгүй юу гэдэг нэг хэрэг. Гурван голын сав газарт 400 шахам хоног ажиллаж 2300 гаруй булш бунхан илрүүлж газрын зурагт тэмдэглэсэн. Энэ бол том ажил. Цаашид аль хэсэгт нь нарийвчилсан судалгаа хийе гэхэд бүх юм бэлэн гэсэн үг. Шинжлэх ухааны хамгийн сүүүлийн үеийн техникийг энд ашигласан. Нисэх онгоцны сүүлэн дээр байрлуулж байсан “Gandol” гэдэг багаж (антень) тун хүчтэй эд л дээ. Агаараас газрын 30 метрийн гүний юмыг харж чаддаг. Нүхэндээ байгаа тарвага хүртэл шар будаа шиг юм харагддаг. Геофизикийн таван метр урт, хагас тонн жинтэй багаж байгаа юм. Тэр багажийг Монголд оруулж ирэх гэж цөмийн зэвсэгтэй хэдэн улс орноос зөвшөөрөл авсан байгаа юм. Чухал эд байгаа биз. Ер нь бол энэ төслийг хэрэгжүүлэх ажил нь эрдэм шинжилгээний ололт бий болгох нь гол үр дүн биш Монголыг Чингис хаантай нь дэлхийд сурталчилах ажил болсон юм.

-Зарим хүн ярьж, бичихдээ Чингис хааны онгон Бурхан Халдуны оройд байгаа гэх юм. Гэтэл тийм биш гэх хүн ч таардаг. Тэгэхээр үнэн мөнийг хэлэх хүн нь та л болж таарч байна даа. Уг асуултыг таньд л тавья?

-Чингис хааны онгон яг тэнд байгаа гэж хэлэх боломжгүй. Боломжгүй нь нуугаад байгаа ч юм биш. Хэнтийн нурууны аль нэг хэсэгт л бий. Яагаад гэхээр Чингис хаан, түүнээс өмнөх хойших хаадыг бүгдийг Хэнтий нутагт онголсон гэж түүхийн эх сурвалжуудад бичсэн бий шүү. Чингисийн онгон энд байна гэж тогтоогоогүй болохоор “Гурван гол” төслийн зорилго биелээгүй гэж ойлгогддог тал байдаг.

-Булш бунхан ер нь тийм их гүнд байдаг уу?

-Бид ярьдаг юм. Египетчүүд пирамидаа дээш нь барьсан. Харин монголчууд газрын гүнд доош нь барьж байжээ гэж. Үнэндээ тийм шүү дээ. Ноён ууланд байдаг Хүннүгийн үеийн булш гэхэд 18 метрийн гүнд байгаа юм. Архангайн Хайрхан, Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Төв аймгийн зарим нутагт 200-300 жилийн өмнөх гүний булш бунхан бий. Энд нэгийг хэлэхэд түүхэнд буруу асуудал дэвшүүлсэн явдал гараад байдаг нь хортой. Тухайлбал, Төв аймгийн нутгаас нэг алтан бүс олдсон. Үүнийг зарим хүн “Жамухын бүс” гэж зарлачихсан. Тэгж бичигддэг хэвээр. Яаж ч бодсон Жамухыг энүүхэнд оршуулсан байх гэж үү.

-Таныг “Гурван гол” төсөлд явуулах шийдийг их тулгуу өгсөн гэж сонссон?

-Тийм ээ. Нэг өдөр хүрээлэнгийн захирал Ш.Нацагдорж гуай дуудлаа. Очсон чинь “Гурван гол” төсөлд явах даалгавар өгдөг юм. Би чулуун зэвсэг судалдаг хүн шүү дээ гэж хэлээд ч нэмэр байсангүй. Японы талаас хэд хэдэн археологич ирсэн байна. Тэгэхээр монголоос археологийн нэгдүгээр хүн чи явах ёстой гэж тулгалаа. Явах боллоо. Төсөлд оролцогчдод тусгай хувцас хийлгэсэн байлаа. Гэтэл тэднээс нь надад таарах юм алга. Сүхбаатарын талбайд болсон төслийн нээлтэд хөвөнтэй дээлтэй очоод тоон дотор үсэг гэдэг шиг л юм зогсож байлаа. Хожим нь япончууд ярихдаа “Монголчууд давхар санаатай. Гол хүнээ нуугаад яг явах болохоор гаргаж ирлээ” гэсэн байсан.

-Та түрүү Ноён уулын тухай хөндөөд орхилоо. Тэр ууланд алт олборлоно гэж нэг хэсэг нь мэрийдэг. Нөгөө хэсэг нь болохгүй түүх, соёлын үнэт өв тэнд бий гэж эсэргүүцдэг. Бөөн хэрүүлийн бай болж байгаа. Энэ талаар таниас асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Ноён уул гэдэг маань Сэлэнгийн нутгаас эхлээд Төв аймгийн нутагт байдаг үргэлжилсэн том нуруу л даа. Яг булш бунхантай хэсэг нь наад энгэртээ бий. Тиймээс бид үйлдвэрлэл явуулж болохгүй хил хязгаарыг аль эрт тавиад өгчихсөн. Цаад талд ухна уу төнхөнө үү. Алтаа авна уу боломжтой. Хэрүүл яагаад гараад байгаа юм гэхээр тэнд ажиллах гэсэн хоёр тал өрсөлдөхдөө улс төр хийгээд байгаа юм билээ. Улс төржинө гэж одоо цагт нэг айхтар юм байна шүү дээ.

-Та Халх голд нэг хэсэг ажилласан гэдэг байхаа?

-Чингис хааныг зүүн нутагт явж байхад Хуулдар сэцэн гэгч анд явж байгаад тэнгэрт хальсан. Түүнийг Ор нугын Хэлтгий хад гэдэг газарт оршуулвай гэж Монголын нууц товчоонд гардаг даа. Уг түүхийг баримтаар нотлох үүднээс уг газарт малтлага, судалгаа хийсэн. Тэнд ердөө ганц хүн оршуулсан болохоор бүх юм нь тодорхой байсан. Түүхэнд тодорхой зүйлийг археологийн үүднээс судалж баталгаажуулна гэдэг чухал зүйл байсан.

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрөх гэж байна. Энэ юу вэ гэвэл таны олсон нэг үнэт олдвор хэл хуурын тухайд?

өв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Морин толгой” гэдэг газраас ясан хуур олсон. 15 см урттай уг хөгжмийн зэмсгээ “хэл хуур” гэж нэрлэсэн. 2000 жилийн өмнө хүн төрөлхтөн хөгжмийн тийм зэмсэгтэй байжээ гэдэг нь хамгийн сонирхол татаж байгаа юм. Энэ тухай мэдээ сонинд гарсны дараахнаас л дотоод, гадаадын соёл урлагийн хүмүүс, эрдэмтэд ёстой шуугисан. Би хүртэл Унгар, АНУ-д явж байхдаа хөгжмийн зэмсгийн эртний олдвор олсон Монгол эрдэмтэн ирлээ гэж олон газар хүндлүүлж явлаа. Түүхийн юм тэр дотор археологийн олдворын үнэ цэнийг ойлгодог хүмүүсийн хандлага ийм байдаг юм байна гэдгийг тэндээс харсан. Манай Ц.Төрбат, Д.Батсүх нарын саяхан олсон “Алтай ятга” ч гэсэн чухал олдвор VI-VII  зууны үеийн хөгжмийн зэмсэг, түүхийн тод баримт юм.

-Археологийн дурсгалыг хамгаалах, эрх зүйн баримт бичиг ер нь юу байна вэ?

үүх, соёлын дурс­галыг хамгаалах хууль байна. Одоо нэр нь хэвээр байна уу, үгүй юу. Бас соёлын өвийн хууль гэж бий. Уг хуулийг анх боловсруулахад би оролцож археологийн талын заалт оруулж байсан юм. Энд булш бунхан, хөшөө дурсгалыг сум  орон, засаг захиргаа, нутгийн иргэд харж хамгаалж байх чухал заалт байдаг. Бас ашигт малтмал хайх, олбор­лох лиценз олгоход манай байгууллагаас зөвшөөрөл авах тухай заалт бий.

-Хуулийн хэрэгжилт хэр байдаг юм бэ. Манай сонинд саяхан “Хан Тайширын нурууны гэр шүтээн тэнгэрт халив” гэсэн нийтлэл гарсан. Үүнийг та бүхэн мэдсэн үү?

-Хуулийн хэрэгжилт ер нь таарууг нуугаад яахав Хоёрдугаарт, хүрээлэн татан буугдсанаас хойш бидэнд ирэх мэдээ, мэдээлэл ховордсон. Говь-Алтайд тэр шүтээнийг ухсан гэдгийг одоо л сонсч байна.

-Археологийн олдворт үнэлэмж гэж байдаг уу?

-Алт, мөнгө гээд эдлэл тодорхой үнэлэмжтэй байдаг бол археологийн олдвор гэдэг яаж ч үнэлэх аргагүй үнэт зүйл. Үнэлж баршгүй үнэ цэнэтэй гэж хэлнэ. Археологийн олдворыг яаж үнэлэх вэ гэдгийг дэлхийд нээгээгүй юм шүү дээ.

-Тэгвэл тэр үнэлж баршгүй гаймамшгийг олж илрүүлсэн археологчид гэдэг хүмүүсийн нэр төр, хийсэн бүтээсэн нь бас их үнэ цэнэтэй болж таарна даа?

-Тийм шүү дээ. Монголоос нэг шинэ олдвор олдлоо гэхэд дэлхийд Монголын нэр гарч байдаг юм шүү дээ. Саяхан шинэ сайдтайгаа шинж­лэх ухааны сал­барын­хан уулзах уулзалт дээр Р.Барсболд гуай “Цогзолмаа сайд аа энэ тэр бөх тив, дэлхийд аврага болж Монголынхоо нэрийг гаргаж байна гэх юм. Тэгвэл энэ хэдэн археологичид чинь монголоо дэлхийд зарлаад алдаршуулж яваа юм шүү дээ гэдгийг санаарай” гэж хэлнэ лээ. Ер нь түүхийн шинжлэх ухааны нэг хөтөч нь археологичид юм л даа. Археологичид үнэ цэнэтэй олдвор олоогүй бол түүхийн судалгааг ямар үндэслэлээр хийх вэ гэдэг нь ойлгомжтой биз дээ. Археологичдын гарт байгаа чулуун зэвсгийн үеийн нэг олдвороос л хүний үүсэл хөгжлийн явцыг судалдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин