С.УЯНГА
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Э.Хүдэрчулуунтай ярилцлаа.
-Танай төв бүсийн гэдэг утгаараа ачаалалтай байдаг байх. Иргэдэд үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Манайх бүсийн төв гэдгээрээ онцлогтой. Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булганы Рашаант сумыг хамардаг. Засгийн газрын тогтоолоор 2001 оноос бүсийн оношилгоо эмчилгээний төв болж шинэчлэгдэн зохион байгуулсан. Одоогоор жилд 110 гаруй мянган хүн амбулаториор үзэж байна. Мөн дунджаар жилд 10 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Бүсээс ирж байгаа хүмүүс нэг хэсэг харьцангуй цөөрсөн. Одоо бол нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн тав орчим хувь нь бүсээс ирж байна. Ихэнхдээ Өмнөговь, Дундговийн зарим сумаас ирж эмнэлгийн үйлчилгээ авч байна. Өөрөөр хэлбэл, аймгийнхаа 14 мянган хүнээс гадна орон нутгийн харьяаллын бус 5000 хүнд үйлчилж байна.
Манай эмнэлэг 315 ортой, 365 орон тоотой. Үүний 100 орчим нь эмч. Хөдөөгийн аль ч эмнэлэг дээр гардаг нэг асуудал бол оочер дугаар, ачаалал ихтэй. Үүнийг багасгахын тулд амбулаторийн дугаар олголтоо цахим хэлбэрт шилжүүлж, кабинетуудынхаа тоог олшрууллаа. Поликлиникийн албаны зохион байгуулалтад нэлээд анхаарч ажилласны үр дүнд ачаалал мэдэгдэхүйц буурсан. Олон хоногоор хүлээгддэг байдал багассан. Хүлээгдэл, чирэгдэлтэй холбоотой иргэдийн гомдол ч мөн буурсан.
-Харьяаллын бус аймаг, сумын иргэд ихэвчлэн ямар шалтгаанаар ирж байна. Шуурхай мэс засал хийлгэх зэргээр зайлшгүй тохиолдолд хандаж байна уу?
-Булганы Рашаант сум, Баянхонгор аймгийн иргэд байнгын үйлчлүүлдэг. Архангай харьцангуй бага. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь зайлшгүй шаардлагаас гадна компьютерийн томографик, хэвлийн дурангийн мэс засал гэх мэтчилэн оношилгоо эмчилгээний шинэлэг технологи дээр тулгуурлаж байна. Аймгуудад хэвлийн дурангийн мэс засал нэвтэрсэн ч манайх 10 орчим жил болж байгаа учраас илүү туршлагатай.Зайлшгүй тохиолдолд хүндэрсэн өвчтөнөө манайх руу тээвэрлэх зэргээр Баянхонгор аймгийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон.
-Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчин хэр хангалттай байна.Өвчтөнийг хот руу тээвэрлэх тохиолдол хэр гарах вэ?
-Хот руу явах урсгалыг аль болох багасгах тал дээр анхаарч ажиллаж байна. Үүний тулд шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх шаардлагатай. Эмнэлгийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдсэн гэхэд хэцүү. Эдийн засаг, хүн амын өсөлт ямар байгаа билээ. Тэр дундаа анагаахын шинжлэх ухааны хөгжил биднийг хүлээхгүй хурдацтай өсч байна. Улсын болон орон нутгийн төсвөөр боломжийн хэмжээнд тоног төхөөрөмжөө шинэчилдэг.
Зүрхний шигдээс болон судасны зураг авах зэрэгт хот руу явуулдаг. Мөн их хүндэрсэн өвчтнийг хот руу хүргэхээс гадна алсын дуудлагаар цаг алдалгүй зөвлөгөө авч байна. Улаанбаатарт түргэн тусламжийн алба гэж байсан. Одоо бол эмнэлгүүд дээр машинуудыг тарааж байршуулсан. Үүнийг буруу гэж үздэг. Алсын түргэний нэгдсэн төв машинуудаа зохион байгуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, түргэний төв нь машинаа гаргаад эмнэлэг нь эмчээ гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол эмнэлэг болгон нэг машинтай болчихоор нэгдүгээр эмнэлгийн ерөнхий мэс заслыг дуудах боллоо гэхэд өөр тийшээ явсан бол дараа дараагийнх нь хүлээгддэг. Энэ мэтээр эмнэлэг нь машингүй зэрэг асуудал их гардаг.
-Өвөрхангай аймаг болон бүсийн иргэдийн дунд ямар өвчлөл зонхилж байна?
- Бүс нутгийн хэмжээний өвчлөлийг гаргахад бэрхшээлтэй.Аймгийн хэмжээнд бол зүрх судас, хоол боловсруулах, амьсгалын өвчин зонхилж байна. Ханиад томуу ихсэхээр амьсгалын замын өвчин элбэгшдэг. Эмнэлгийн хувьд эх, хүүхдийн асуудалд анхаарч байна. Өнгөрсөн жил эхийн эндэгдэлгүй. Хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлт гарсан.
-Иргэдийг шинжилгээнд тогтмол хамруулах, урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллага, мэргэжлийн хүмүүс хэрхэн анхаарч байна вэ?
-Улсын хэмжээнд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 45-60 насны иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Анхан шатны сум, өрхийн эмнэлгийг оношлуураар хангасан. Мөн вирустэй хүмүүсийг эмчлэхэд мэргэжлийн боловсон хүчин томилж ажиллууллаа. Багцийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүмүүст урамшуулалт үзлэг хийлээ. Үзлэгт хамрагдсан элэгний вирустэй хүмүүсийн 70 орчим хувийг эмчилсэн гэж үзэж байгаа. Хувийн эмнэлгүүдтэй хамтарч хийсэн багцын үзлэгт 1000 орчим хүн хамрагдсан. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
Эмнэлгээс төсөв мөнгө гаргаад урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг тогтмол зохион байгуулдаг. Өнгөрсөн жил бүх суманд ажилласан. Аймгийн төвийн албан байгууллагуудын ажилчдын 80-аад хувийг үзлэгт хамруулсан.
-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийг хаагуур, хэрхэн борлуулж байна вэ?
-Нийт иргэдийн 80 гаруй хувьд нь буюу 20 мянган хүнд элэгний вирусын шинжилгээ хийсэн. Хөнгөлөлттэй эмийн хувьд анхан шатны байгууллагууд бичих ёстой. Сум өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ачаалал их байна. Аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй эмийн олголт асуудалтай хэвээр байна. Санхүүжилтыг нь нэмээд өгвөл эмийг өдөр бүр олгох боломжтой. Мөн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байна.
-Эмч нарын ур чадвартай холбоотой асуудал хөндөгддөг. Эмч нараа мэргэшүүлэхээс гадна дотооддоо сахилга хариуцлагын асуудлыг ярьдаг уу?
-Эмч нарын ур чадварын асуудал дээр нөлөөлөх хүчин зүйл их бий. Үндсэн мэргэжил эзэмшүүлэхэд жилдээ 5-8, мэргэжил дээшлүүлэхэд 10 гаруй хүнийг сургаж байна. Эрүүл мэндийн салбар бол ур чадвар, хариуцлага шаарддаг. Боловсон хүчний чадамжтай холбоотой асуудал ярих юм бол сүүлийн үеийн төгсөгчдын чадвар сул ирж байна. Дадлагажуулна, сургана гэхээр асуудал их байдаг. Тиймээс боловсон хүчний чадамжийг анагаахын сургуулиас л эхлэх хэрэгтэй. Анх элсүүлэхдээ ямар хүн авах вэ гэдэг шаардлагыг эргэж харах ёстой. Эмч болох гэж байгаа хүний сэтгэлзүйн байдал, зан чанар, чин сэтгэлийг мэдэхийн тулд ярилцлага хийж байж элсүүлэх хэрэгтэй. Үнэхээр эмч болох сэтгэлзүй, зан чанаргүй уур, уцаартай хүмүүс их бий. Хариуцлагажуулах, сургах бол дараагийн ажил.
Байгууллагын ажилчдын хариуцлага, сахилга бат, ёсзүйн тал дээр хууль журам чангарсан.
-Ар гэртээ санаа зовохгүй байх нөхцлийг бүрдүүлж өгөх тал дээр удирдлагын хувьд хэрхэн анхаарч байна вэ?
-Нийгмийн асуудал дээр эрүүл мэндийн салбарын хувьд нэг л асуудал бий. Тэр нь цалин хангамж. Европ, Ази, барууны оронд хамгийн өндөр цалинтай нь эмч нар байдаг. Японы дундаж эмнэлгийн унтуулгын эмчийн цалин гэхэд 11-15 сая төгрөг байна. Гэтэл манайд сая төгрөг хүрэхтэй үгүйтэй байна. Хортой нөхцөлд ажилладаг цаг наргүй алба. Ажилчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Цалинг огцом нэмэхээс илүүтэй үечилсэн байдлаар нэмэх хэрэгтэй. Мөн гүйцэтгэлийн урамшууллын асуудал бий.
-Өнгөрсөн оны ажлын үзүүлэлт, энэ онд хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудынхаа талаар мэдээлэл өгвөл?
-Ажлын үзүүлэлт болон эмнэлгийн тусламжтай холбоотой алдаа эндэгдэл буурсан. Иргэдийн өргөдөл гомдол 60.8 хувиар буурсан. Алдаа дутагдал гараад хууль хяналтын байгууллагад хүрсэн зүйл алга. Харин тусламж үйлчилгээний хүлээгдэлтэй холбоотой гомдол бол ирсэн. Ажилчдын зан харилцаатай холбоотой гомдлын мөрөөр Ёсзүйн салбар хороонд хандахаас гадна удирдлагын зүгээс сануулах арга хэмжээнээс эхлээд дараа дараагийн арга хэмжээг авна. Энэ онд эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулна. Үйлчилгээгээ илүү сайжруулахыг зорьж байна. Мөн эмнэлгийнхээ 90 жилийн ойг угтаж 90 бүтээлч ажил хийх, шинэ технологийг нэвтрүүлэх гээд олон ажил төлөвлөж байна. Хүн болгон дор бүрдээ амжилт үр бүтээлтэй ажиллахыг зорьж байна.
-Тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Хөрөнгө оруулалтын чанартай асуудлууд бий. Ариутгал угаалгын барилга хоёр ажил яригдаж байна. Нэн тэргүүний зүйл бол байгууллагын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн ам хурдацтай өсч, өвчний төрөл хэлбэр олширч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин