С.УЯНГА
Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой ярилцлаа.
-Аймгууд эхнээсээ улсын төсвөөс татаас авахгүй гэж мэдэгдэж эхэллээ. Өвөрхангай аймгийн хувьд эдийн засгийн бүтцээ хэрхэн сайжруулж байна вэ?
-Манай аймаг эдийн засгийн бүтэц талаасаа эмзэг. Мал аж ахуй дээр суурилж байна. Эдийн засгийн 57 хувь нь дангаараа мал аж ахуйгаас бүрддэг. Тэр утгаараа байгаль цаг агаарын хараат эдийн засагтай гэж хэлж болно. Тиймээс бидний хамгийн гол зорилго бол эдийн засгийн бүтцийг өөрчлөх. Ингэхдээ малын тоо, толгойг бууруулахгүйгээр эдийн засагт эзэлж байгаа байр суурийг нь бууруулах юм.
Аймгийн хувьд төсвийнхөө дийлэнхийг улсаас татдаг. Томоохон уул уурхай байхгүй. Орон нутгийн өмчтэй ганц нэг нүүрсний уурхайг эс тооцох юм бол орлого олдог аж ахуйн нэгж бараг байхгүй. Уул уурхай байлаа гэхэд улсын хил дагуу аймгуудтай тээвэр ложистикийн хувьд өрсөлдөх боломж багатай. Түүнээс биш томоохон нүүрсний уурхай бий. Гэвч 500 км шороон замаар яваад хил гаргаж Өмнөговь аймагтай өрсөлдөх боломжгүй. Тэгэхээр мал аж ахуйн салбараа түшиглэж, түүхий эдийн нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлүүдийг бий болгож байж эдийн засагт өөрчлөлт оруулах юм байна гэсэн зорилгоор өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлд анхаарч ирлээ. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд анх удаа махны үйлдвэр ашиглалтад оруулсан. Улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөг гаргуулаад аймагт Төрийн банкны зээлийн барьцаанд байсан үйлдвэрийг чөлөөлж АНУ-ын компанийн тоног төхөөрөмжөөр тоноглож шинэ махны үйлдвэр ашиглалтад орууллаа. Махны үйлдвэр амжилттай ажиллаж байна. Мөн ноосны үйлдвэр ашиглалтад орж 200 орчим хүнийг ажлын байраар хангалаа. Ноосыг зөвхөн угаадаг байсан бол самнах, ээрэх эцсийн бүтээгдэхүүн гаргах олон салбаруудыг бий болгож байна. Өнгөрсөн жил 3-4 сүүний үйлдвэр ашиглалтад оруулсан. Энэ онд арьс ширний үйлдвэрүүдийг нээж малын гаралтай түүхий эдүүддээ нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Энэ нь эдийн засагт дорвитой өөрчлөлт орно гэж харж байгаа.
-Аялал жуулчлалаар эдийн засгаа хөгжүүлэхэд ямар ажлууд хийгдэх вэ?
-Өвөрхангай аймгийн хувьд түүх дурсгал, байгаль, шашин соёл гээд бусад аймгуудтай харьцуулахад аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Энэ утгаараа аялал жуулчлалын гол салбар, гол бүс болгож хөгжүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн жил Торгоны зам ба Хархорин гэсэн аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгууллаа. Хятадын Альшаа аймгийн эзний хошуутай хамтарч ажиллаж тус улсаас яаж жуулчин татах зэргээр олон талаас нь ярилцаж буй зүйл бий. Нэгэнт уул уурхайгаар өрсөлдөх боломжгүй учраас мал аж ахуйн салбарын эцсийн бүтээгдэхүүн гаргах, аялал жуулчлалын салбараар эдийн засгаа хөгжүүлж байж улсын төсвөөс татаас авдаггүй аймаг болох зорилт тавьж байна. Ер нь бол өнгөрсөн онд том ахиц дэвшил гарсан. Орон нутгийн өмчит аж ахуйн нэгж үр ашигтай ажиллаж байгаа. Тухайлбал, Баянтээгийн нүүрсний уурхай жилдээ 1.5 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллаж байна. Тэр ашгийг дараагийн үйлдвэр ашиглалтад оруулахад зарцуулах бодлого баримталж байна. Махны үйлдвэр ашиглалтад оруулахдаа Баянтээгийн уурхайгаас тэрбум төгрөг хөнгөлөлттэй зээлээр өгч махны үйлдвэр эргэлтийн хөрөнгөтэй болсон. Ирэх жилээс Баянтээг биш махны үйлдвэр маань эргээд орон нутагт тодорхой хэмжээний төсөв бүрдүүлэх үр өгөөжөө өгөх хандлагатай. Бүс нутгийн хэмжээний мах, ноосны үйлдвэр, Баянтээгийн уурхайг түшиглэхэд 2020 он гэхэд эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орно. Мөн улсын төсвөөс татаас авах хувь хэмжээ нэлээд багасна гэсэн төсөөлөлтэйгөөр ажиллаж байна.
-Махны үйлдвэр малчдаас ченжүүдийн гар дээрх үнээс арай ахиу үнээр мах, түүхий эдийг худалдан авч чадаж байна уу?
-Махны үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт маш том давуу тал бий болсон. Ченжүүдээр дамжихгүй. Улаанбаатар хот руу тээврийн зардалгүйгээр орон нутагт малаа амьдаар нь өгнө гэдэг малчдад том боломж. Үйлдвэр жаахан оройтож арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орлоо. Малыг зах зээлд борлуулах идэвхтэй цаг үе бол 9-12 сар байдаг. Малын тооллого явагдсанаас хойш малчид малаа борлуулах нь ховор байна. Гэхдээ малаа тасралтгүй борлуулж байна. Малыг амьдын жин болон нядалгаа гэсэн хоёр хувилбараар авч байна. Махны үнэ өсч байна. Улаанбаатар хотын махны үйлдвэрүүдийн ханшаар авч байна. Нэг кг нь 3500 орчим төгрөг боллоо. Махны үйлдвэрээ түшиглээд жижиг үйлдвэрүүд ашиглалтад оруулах шаардлагатай. Ядаж элэгний нухаш үйлдвэрлэх хэрэгтэй. Мөн дайвар бүтээгдэхүүн боловруулах үйлдвэр байх хэрэгтэй юм байна. Энэ өвөлдөө багтаагаад дулаан аргын үйлдвэрлэл хийж гадагшаа зах зээлд гаргах зорилго тавьсан. Зах зээлийн эдийн засгийн онол бол эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зарчимтай. Тиймээс эрэлт хаана байна тэнд нийлүүлэлт хийх талаар зах зээлийн судалгаа хийж байна. Өвөрхангай аймаг ямар хэрэглээтэй, жилд хэчнээн ширхэг өндөг, талх хэрэглэдэг, үүнийгээ дотооддоо үйлдвэрлэж чадаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Судалгаагаа бизнесийнхэндээ танилцуулж, зах зээл эрэлт хэрэгцээнд түшиглэнэ.
-Үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн гаргах, махыг экспортлох чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Махны үйлдвэр маш эрэлт хэрэгцээтэй байх нь тодорхой байна. Үйлдвэр ашиглалтад оруулсны дараа олон хүн, экспортлох чиглэлийн компаниуд бидэнтэй уулзаж байна. Тухайлбал, Иран, Хятад руу мах гаргах компаниуд хандлаа. Өнөөдрийн байдлаар Хятадын компанийн гэрээгээр 2000 үхэр 15000 хонь, ямаа нядалж өгч байна. Компаниуд нь өөрсдөө малаа худалдаж аваад манайх нядалж өгч байна. Нядалгааны хөлс л гэхэд орон нутагт 200 сая төгрөг орж ирж байна. Энэ бол үйлдвэрийн ажилчдын жилийн цалин, зардлаа хаах мөнгө. Өнгөрсөн жил Иран руу 100 мянган төлөг нядалж гаргах санал ирсэн ч үйлдвэр ашиглалтад ороогүй байсан учраас чадаагүй. Ирэх жилүүдэд илүү үр дүнтэй, ашигтай ажиллах боломж байна. Захиалга, хамтарч ажиллах санал ч их ирж байна.
Махны үйлдвэр хоногт 800 бог нядлах хүчин чадалтай ч ажилчид бүрэн мэргэшээгүй учраас өнөөдрийн байдлаар өдөрт 100 бод, 300 орчим бог нядалж байна. Эхэлж байгаа үйлдвэрийн хувьд хангалттай үзүүлэлт юм байна. Нөгөө талаас зах зээл дээр өдөр болгон 1000 мал тууж ирнэ гэдэг амар биш.
-Мах экспортлоход эрүүл бүс хамгийн чухал. Үйлдвэр өргөжөөд ирэх юм бол зэргэлдээ аймгийн малчдын махыг авах боломжтой юу?
-Өвөрхангай аймаг малын эрүүл бүс. Нэг талаар аймгийн сонирхоод байгаа нэг шалтгаан бол улсын хэмжээнд хамгийн олон буюу 5.7 сая малтай. Мөн малын гоц халдварт өвчин гарч байгаагүй, эрүүл бүс гэдгээрээ онцлог. Азаар ч юм уу, эрүүл бүс болсон юм биш. Малын эрүүл мэндэд онцгой анхаардаг, сум болгонд хоёроос доошгүй мал эмнэлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Малаа тарилга, вакцинд тогтмол хамруулдаг. Үйлдвэрт махаа өгөхийн тулд заавал гарал үүслийн бичгийг багийн дарга, эмчээс авч ирнэ. Махны үйлдвэр дээр малын эмч нар ажиллаж байгаа.
Энэ жил зуншлага тааруу, өөрөө олон малтай учраас эхний ээлжинд орон нутгаас мах авах бодлого баримталсан. Үйлдвэр жигд хүчин чадлаар ажиллаж, мөн зах зээлийн олдоцоос шалтгаалж хөрш зэргэлдээ аймаг сумын малчдаас мах авах боломжтой. Цаашид үйлдвэрээ түшиглээд бүс нутгийн хэмжээний томоохон өргөтгөл барихаар Хятадын компанитай урьдчилсан байдлаар ярьж байна. Махны томоохон үйлдвэр барья гэсэн санал их ирж байгаа. Өвөрхангай аймгийг тойрсон аймаг сумдад нийт малын 35 орчим нь байдаг.
-Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрлээ. Одоо бол байгалийн эрсдлийг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал чухал байна?
-Өвөлжилт амаргүй байна. Зуншлага сайнгүй байлаа. Цас ихтэй. Бусад аймгуудтай харьцуулахад бага газар нутагтай хэрнээ хамгийн олон малтай. Үндсэндээ бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн. Аймгийн хэмжээнд 2.3 сая мал бэлчээх даацтай ч 5.7 саяыг тоолуулчихаад сууж байна. Бэлчээрийн даац хэтэрчихээр зуншлага сайн байсан ч өвөл хүндрэх магадлалтай.
Одоогийн байдлаар хунгар газраа 80 см, тал газар 20-30 сум цастай долоон сум байна. Өвлийг өнөтэй давах хүрээнд отор нүүдэл сайн зохион байгуулсан. Хөрш зэргэлдээ аймгууд руу 350 орчим мянган толгой мал отроор явж байна. Зуншлага гайгүй сумдад 700-800 мянган толгой мал отор хийж байна. Улсын нөөцийн дөрвөн салбарт 1600 тонн өвс, тэжээлийн нөөц бий. Аймгийн аюулгүй нөөцөөр бүх суманд 70 орчим мянган боодол өвс хүргүүллээ. Өвсөө малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулж, эргэлтэд оруулж байна. Засгийн газраас 40 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд хүүгүй зээл олгож байгаагийн хүрээнд аймгийн хэмжээнд таван компани ОХУ-аас өвс, тэжээл оруулж ирж байна.
Өвлийг өнөтэй давахад малчдын ухамсар дээшилсэн. Малчид өвөлд маш сайн бэлтгэж, идэвхи зүтгэл гаргаж байна. Отор нүүдлээ ч сайн хийж байна. Зарим сумын малчдын 70-80 хувь нь оторт явсан.
-Танай аймгийн хувьд өглөө, оройдоо нэлээд утаатай санагдлаа.Шалтгаан болон бууруулах гарцыг хэрхэн харж байна вэ?
-Утааны асуудал хүнд байна. Аймгийн төвд 40-өөд мянган хүн амьдарч байна. Үндсэндээ 8000 яндангаас утаа гарч байна. Утааны шалтгаан гэвэл Баянтээгийн уурхайн нүүрсний чанар өндөр илчлэгтэй, үнслэг, тортог маш ихтэй. Энэ утгаараа агаарын бохирдол их байна. Бид өөрсдөөс шалтгаалах ажлаа хийхийг оролдсон. Аймгийн төвд 3000 гаруй бүрэн шаталттай зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Энэ жил 1000 гаруй өрхөд дулаан баригч төхөөрөмж өглөө. Энэ бол төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.
Манайх дулааны станцгүй цөөхөн аймгуудын нэг. Томоохон 40 гаруй уурын зуух байна. Утааны асуудлыг шийдэх боломжийг олж харсан. Үүнд тээг болж буй зүйл бол Засгийн газраас сүүлийн таван жил дулааны станцтай болгоно гэж хүлээлгэлээ. Хэрэв Засгийн газрын зүгээс энэ ажлыг хийж чадахгүй бол орон нутагт эрхийг нь өгчих гэсэн саналыг тавина гэж бодож байгаа. Нам даралтын 40 гаруй зуухыг нэгтгээд бүрэн шаталттай хоёр зуух болгоё гэж санал тавьж байгаа аж ахуй нэгжүүд бий. Мөн гурван жилийн дотор дулааны станц ашиглалтад орохгүй гэвэл бүх зуухандаа шинэчлэл хийе гэсэн санал ч байна. Гэтэл Засгийн газрыг харсаар тэр баталгааг нь өгч чадахгүй байна.
-Утааг бууруулахад зуух тараахаас илүү яндан цөөлөх бодлогыг шат шатандаа ярьж байна. Аймагт орон сууцжуулах ажил хэр байна вэ?
- Засгийн газрын аймаг бүрт хэрэгжсэн 1000 айлын орон сууц хамгийн хурдан хэрэгжсэн нь манай аймаг. Өнгөрсөн 3-4 жилд 1400 айлын орон сууц ашиглалтад орсон. Хамгийн гол нь ипотекийн найман хувийн зээл олдохгүй байгаа учраас иргэдэд тээг болж байна. Энэ жил 150-аад айлын орон сууц баригдаж байна.
Улаанбаатарын утааг бууруулахад улсын төсвөөс асар их мөнгө зарж байгаа ч үр дүн гарахгүй байна. Тиймээс утаатай тэмцэх ажлаа нэг аймаг дээр туршмаар байна. Тэгээд үр дүнд хүрсэн төслөө хотод хэрэгжүүлмээр байгаа юм. Жижиг аймгийн утааг ч арилгах боломжтой. Орон сууцжуулах дорвитой бодлого барихгүй бол орон сууцанд орсон айл хэзээ ч хашаа байшингийнхаа түлхүүрийг төрд хүлээлгэж өгөхгүй. Дараагийн айлдаа хямдхан худалдаад адилхан л утаа гаргаж байна. Хашааныхаа газрыг төрд хүлээлгэж өгөөд орон сууцанд орж байгаа өрхөд хөнгөлөлт үзүүлдэг механизмаар явах хэрэгтэй.
-2018 онд төсвийн хөрөнгө оруулалт хэр хийгдэв. Мөн аймагт бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хэр үргэлжлэх вэ?
-Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалт хийнэ. Урьд хожид байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Аймгийн төвд 928, Богд суманд 320, Жаргалант багт 120 хүүхдийн сургууль ашиглалтад орно. Цэцэрлэг гэхэд Арвайхээрт 150 хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл, дөрвөн цэцэрлэг, таван соёлын төв баригдана. Гурван гүүр, Хүүхдийн ордон, авто зам, зургаан спорт заал шинээр баригдана. Аймгийн ИТХ-аас энэ жилийг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан. Сүүлийн жилүүдэд хүүхдийнхээ сурлагад анхаарсан ч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэндийн асуудал орхигдсон байна.
-Төрийн алба мэргэшсэн, ур чадвартай байхын үндэс нь тогтвортой байдал. Та ажлаа авснаасаа хойш халаа сэлгээ хэр хийсэн бэ?
-Аливаа улс орныг тогтвортой төр засаг хөгжилд хүргэнэ гэж үздэг. Өвөрхангай аймгийн хувьд 1992 оноос нэг нам олонхи болж ирсэн. Энэ утгаараа сонгуулиас шалтгаалж төрийн албан хаагчдыг халж солих асуудал бага. Тогтвортой засаглаж байна. Миний хувьд өмнөх Засаг дарга нарын эхлүүлсэн ажил, боловсон хүчний бодлогыг үргэлжлүүлж байна.
-Оны эхнээс хэрэгжиж байгаа хуулиудыг таниулах, хэрэгжих үйл явц хэр байна вэ?
-Батлагдсан хуулиудыг сурталчлах таниулах талаар орон нутгаас идэвхтэй ажиллаж байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүд тойрогтоо сайн ажиллаж, хуулиудаа сурталчилж байна. Сүүлийн жилүүдэд хуулийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл нэмэгдсэн. Сумдад хууль сурталчилах ажлын хэсгүүд ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин