Ч.ГАНТУЛГА

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн профессор, Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Боловсрол судлалын доктор, дэд профессор О.Алтангэрэлтэй дээд боловсролын хөгжил сэдвээр ярилцлаа.

-Боловсролыг бид юу гэж ойлгох ёстой вэ. Хүссэн сургуульдаа сурсан л бол өөрийгөө боловсролтой болчихлоо гэж ойлгох нь өрөөсгөл юм шиг санагдах юм?

-Боловсрол гэдгийг өргөн утгаар ойлгож болно. Товчоор бол хүн төрөлхтний өнө эртнээс өнөөг хүрсэн хөгжил, хувьслыг нөхцөлдүүлэгч, амьдралын галыг тээгч юм. Өнөөгийн бид өөрсдийн энэ ертөнцийг цогцлоон бүтээсэн нь ч өмнөх үеэсээ өвлөн авч, хөгжүүлж ирсэн мэдлэг, туршлагын үр дүн. Бид өмнөх үеийн туршлагыг тулгуурладаггүй байсан бол хөгжил явахгүй. Магадгүй бүхнийг шинээр эхэлж, байрнаасаа хөдлөхгүй байсан байх. Хүссэн сургуульдаа сурсан бол боловсролтой боллоо гэж ойлгох нь таны хэлснээр өрөөсгөл ойлголт. Өнөөдөр мэргэжилтэй ажилгүй хүн олон бий. Үүнээс харахад зөвхөн өөрт хэрэгцээтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах мэргэжлээ зөв сонгох нь чухал. Тэгж чадвал та өөрийгөө жинхэнэ боловсролтой мэргэжилтэн боллоо гэж ойлгох хэрэгтэй.

-Бид боловсролдоо хэрхэн зөв хөрөнгө оруулах ёстой вэ. Дөрвөн жил хий дэмий их мөнгө төлөөд сурчихдаг. Үр шимийг нь хүртэж чадахгүй хүн олон байна?

-Бид боловсролдоо хөрөнгө оруулснаар өөрсдийн ирээдүйн баталгааг бий болгож байна гэж харах хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалт бол хамгийн үр ашигтай, өндөр хүүг буцааж төлдөг. Тиймээс боловсролдоо зөв оновчтой хөрөнгө оруулж чадсан хүн амьдралын баталгаатайгаас гадна нийгэмд эзлэх байр суурьтай, боловсролтой иргэн болж төлөвшинө. Хүүхдүүд ирээдүйн мэргэжил, сургуулиа эртнээс төлөвлөх хэрэгтэй. Ахлах ангиа төгсөх дөхөхөөр гэнэт ямар сургуульд орох вэ гэж хайдаг. Зөвхөн хүүхэд ч биш эцэг эхчүүд хүүхдийнхээ юунд сонирхолтой, ямар чиглэлээр, ямар сургуульд суралцвал амжилт гаргах вэ гэдгийг ажиглаж, ирээдүйнх нь тухай ярилцдаг баймаар байна.

-Боловсролтой иргэн гэдэг эх орны хамгийн том хөгжил, хөрөнгө гэж харах ёстой байх?

-Өнөөдөр Америк, Япон, Герман, Солонгос гэсэн орон яагаад хөгжлөөрөө дэлхийд тэргүүлээд байна вэ. Тэдний нууц нь өөрийн нөхцөлдөө тохирсон оновчтой боловсролын систем, боловсролоо дээдэлсэн тогтвортой төрийн бодлогын үйлчлэлийн үр дүн юм. Боловсролын хөгжил нь эргээд эдийн засаг нийгмийнхээ хөгжилд нөлөөлдөг зүй тогтол гэдгийг тэдгээр орны жишээнээс харж болно. Өнөөдөр үйлдвэрлэл, технологи дээд цэгтээ тултал хөгжиж байна. Үүнээс улбаалан хүмүүсийн хөдөлмөрийн шинж чанарт өөрчлөлт гарч байгаа. Ялангуяа, боловсролд нь. Дэлхийн жишигт хүн төрөлхтний мэдлэг, туршлагын охиор тэжээгдэгч дээд боловсролын үүрэг, ач холбогдол тэргүүн зэрэгт яригдаж байна.

-Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхахын тулд манай улсад ч энэ сэдвийг чухалчилах, системийн өөрчлөлт хийх цаг болжээ?

-Өнөө үед дэлхийн улс орнууд баталгаат, тогтвортой хөгжлийнхөө тулгуур эх сурвалжийг боловсрол, дээд боловсрол гэж анхаарал хандуулж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй энэ тухай анхаарал хандуулж, ярилцах цаг болсон. Энэ талбарт дүйцэхүйц дэлхийн иргэнийг бэлтгэхийн төлөө боловсролын байгууллагууд улам чанаржих шаардлагатай байна. Энэ нь улсын нэр төрийн хэрэг  бөгөөд ирээдүйгээ цогцлоох чухал зорилт юм.

-Өнөөгийн дэлхийн боловсролтон ямар үндсэн шалгуурыг давсан байх ёстой вэ?

-Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх дээд боловсролтой мэргэжилтэн нь онол, практикийн цогц мэдлэгт тулгарсан асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай бүтээлч сэтгэлгээтэй байх шаардлагатай. Мөн нийгмийн идэвхтэй, итгэл үнэмшилтэй, эх түүхийнхээ болон хүн төрөлхтний үнэт зүйлийг  ойлгож, хүндэтгэдэг соёлт, дэлхийн иргэн байхад оршиж байна. Манай боловсон хүчин бэлтгэж буй сургуулиуд үүнийг л чанад баримталмаар санагдах юм. Тэгж байж бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ.

-Тэгвэл манай их, дээд сургуулийн боловсролын төвшин энэ шаардлагад хүрэхгүй байна гэж ойлгож болох уу?

-Манай дээд боловсролын өнөөгийн төлөв байдлыг хувийн зүгээс болон зарим судалгааны дүнгээс үзвэл төрийн бодлогын нэгдсэн тогтолцоот байдал, дунд боловсрол, дээд боловсролын агуулга, арга технологийн залгамж уялдаа хангалтгүй гэж харагдаж байна. Ямар үр дүн хүлээж байгаа нь тодорхойгүй байна. Аргагүй л дээ. Боловсролын салбар төрийн бодлогын төвд тавигдаагүй учир ахиц дэвшил алга. Салбарын бодлого нь тууштай биш, улстөрчдийн нөлөө гүнзгий нэвтэрсэн зэргээс хамаарч, удирдлага менежментийн хувьд одоог хүртэл цэгцэрч, хөлөө олж чадахгүй явна.

-Таны хувьд энэ сэдвээр судалгаа хийсэн гэсэн. Ямар хариулт олсон бэ?

-Их, дээд сургуулийн багш ажилтны дунд явуулсан судалгаанаас гарсан зарим гол санааг харахад их, дээд сургуулийн удирдлагыг улс төрөөс ангид,  ил тод, сонгон шалгаруулалтаар, хамт олны саналаар сонгодог байя гэсэн санал их байсан. Мөн сургуулиудын хараат бус, бие даасан байдлыг хангах, босоо тогтолцооноос хэвтээ тогтолцоонд шилжих, судалгаанд суурилж, өөрийн орны онцлогт тохирсон уялдаа бүхий шаталсан тогтолцоо бүрдүүлэх зэрэг чиг баримтлал манай дээд боловсролын тогтолцоонд дутагдалтай байна. Их сургуулиудыг үндсэн гол чиглэлээр нь мэргэшүүлэх, боловсролын захиргааны төв байгууллагын зарим шаардлагатай эрх үүргийг их сургуулиуд руу шилжүүлэх, дээд боловсролын байгууллагын удирдлага нь тухайн салбартаа өндөр төвшинд мэргэшсэн байвал хөгжил урагшилна шүү дээ. Үүнээс гадна тухайн сургуулийн захирал онолын мэдлэг практик туршлага, хамт олонтой ажиллах сайн арга барил бүхий шалгарсан эрдэмтэн, удирдагч байх шаардлагатай.

-Энэ бүхэн улс төрийн оролцооноос болж алдагдаж байна гэж та үзэж байна уу?

-Дээд боловсролын байгууллагын удирдлагыг намын нөлөөллөөс гаргах зайлшгүй шаардлагатай. Мэргэшсэн удирдлагын тогтолцоонд оруулж байж хөгжил ирнэ гэж би хардаг. Харин төр ивээлдээ авсан шиг авч, хөгжих орчинг нь бүрдүүлж, хяналтаа сайн тавьдаг байгаасай. Зах зээлийн харилцаанд оруулж, санхүүгийн эрх чөлөө, багш нарын нийгмийн асуудлаар эрхзүйн  зохицуулалтыг хийх хэрэгтэй байна. Үүнийг манай төрийн өндөрлөгт сууж буй эрхэм түшээд ойлгож, ухамсарлаасай.

-Улс орны тэргүүлэх салбар нь боловсрол гэж та хэллээ. Тэгвэл энэ салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого дутмаг байгаа?

-Багшийн цалин болон эрдэмтэн, судлаачдын ажлын үнэлэмжийг өндөрсгөх шаардлага бий. Зөвхөн цалин хангамж яриад зогсохгүй элсэгчдийн суурь төвшин, мэргэжлийн баримжаа төсөөллийг дээшлүүлж, мэргэжил сонголтыг оновчтой болгох, эрдэм шинжилгээ, инновацийн ажил нэр төдий байгааг засах хэрэгтэй. Манайд төсөл шалгаруулалт шударга бус явж байна. Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Үүнээс гадна эрдэм шинжилгээний ажлыг ерөөсөө дэмжихгүй юм. Багш нар судалгааны ажил хийхийн тулд ямар их цаг, хөдөлмөрөө зарцуулдаг билээ. Ядахдаа үүнийг нь үнэлж, урамшуулж хэвшмээр санагдах юм. Багшийн нийгмийн асуудлыг дэмжиж, цалинг нь нэмчихээд шаардлагыг нь өндөрсгөх хэрэгтэй. Энэ мэт хөтөлбөрийн шинэчлэлийг хэлбэр төдий бус, үндэслэлтэйгээр дахин хиймээр байна.

-Дээд боловсролтой иргэнээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин болгохын тулд бид ямар алхам хийх ёстой вэ?

-Монгол Улсын боловсролын чанарыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэх нь үндсэн зорилт гэдгийг салбарынхан төдийгүй, ирээдүйн боловсон хүчнүүд эхлээд ойлгох нь чухал. Үүний тулд боловсролын чанар, судалгааны үндэстэй бодит дүн шинжилгээ хийх цаг иржээ. Өөрөөр хэлбэл, системийн оношилгоо хэрэгтэй байгаа юм. БСШУСЯ-наас санаачилан энэ сард “Тогтвортой хөгжил- дээд боловсрол” улсын зөвлөгөөн болон сургуулийн өмнөх боловсрол гэсэн сэдвээр  хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөн, хэлэлцүүлгээс гарах зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлж, бодлого шийдвэртээ тусган, баримтлах нь чухал юм.

-Манай дээд боловсролын тогтолцоог тогтвортой байлгах хамгийн чухал хүчин зүйл юу вэ?

-Боловсрол, сургалтын өөрийнх нь хөдөлгөгч хүч болох багш ажилтнуудын чадамж бололцоо, бүтээлч идэвх санаачилгад агуулагдаж байдаг. Дээд боловсролын сургалтын байгууллага бол амьд организм. Иймээс боловсролын удирдлагын менежментийн үндсэн асуудал нь багш, ажилтнуудынхаа чадамжийн шавхагдашгүй дотоод нөөцийг нээх. Үйл ажиллагааны эргэлтэд оруулахад оршино. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь сургалтын байгууллагын гурван тулгуур бүрдэл  буюу суралцагч, багш ажилтан, удирдлагын багийн харилцан ойлголцсон хүндэтгэл бүхий нэгэн зорилгын төлөөх үйл ажиллагаа юм. Мөн уур амьсгал, сэтгэл зүйн болоод, орчин нөхцлийн таатай орчин бүрдүүлэх нь чухал. Эндээс цаашдын ажлын амжилт шалтгаалдаг. Өнөөдөр манай салбарт ийм орчин нөхцөл тэр болгон бүрдэж чадахгүй байгаад учир бий.

-Та дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэгийг удирдаж ажилладаг гэсэн. Нийгэмлэгийнхээ талаар сонирхуулаач?

-Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай нийгэмлэг нийслэл болон орон нутгийн олон сургууль, судалгааны байгууллагуудын багш, ажилтны идэвхтэй ажиллагаа, санаачилгад тулгуурлан, эрдэм шинжлгээний ажлыг дэмжих, судалгааны ажлын онол, аргазүйн төвшнийг дээшлүүлэх тал дээр хамтран ажилладаг. Мөн дээд боловсролын сургалтын олон талт үйл ажиллагаа, түүний чанарын төлөв байдалд судалгаа дүгнэлт гаргах чиглэлд анхаарлаа хандуулж байна. Үүнээс онцолбол дээд боловсролын байгууллагуудад чанарын эрэмбэ тогтоох ажлыг дэлхийн ба гадаад улсуудын төвшинд хийж байгаа туршлагатай уялдуулан, өөрийн улсын их, дээд сургуулиудын хөгжилд түлхэц болохуйц байдлаар явуулахаар бэлтгэж байна.

-Тэгэхээр удахгүй дэлхийн жишигт нийцэхүйц сургуулиудыг албан ёсны жагсаалт гарна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Энэ эрэмбэ гарахаар дээд боловсролын байгууллагуудад чанарын өрсөлдөөн үүсч, хүүхдүүд ч чанартай үйлчилгээг сонгоход нь хялбар болох юм. Улмаар дээд боловсролын чанарыг дэлхийн төвшинд хүргэхэд дэмжлэг болох чухал арга гэж харж байна. Мөн “Тогтвортой хөгжил- дээд боловсрол” улсын зөвлөгөөнийг угтаж манай нийгэмлэгээс “Дээд боловсрол” сэтгүүлийг шинээр гаргах гэж байна. Энэ нь дээд боловсролын талаарх төр, засгийн бодлого шийдвэр, сургалтын ажлын санаачилга, арга туршлага, судлаачдын бүтээл, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгон чанаржуулах, дээд боловсролын тухайд гадаад, дотоодын мэдээллээр хангах зорилготой онол, аргазүйн сэтгүүл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин