Д.ЧИМЭГ
БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна. Энэ хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?
-Дэлхий нийтээр байгаль орчны асуудал тулгамдаж байгааг хүмүүс мэдэж байгаа. Манай улсын хувьд ч ялгаагүй. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон ажлыг төрийн бодлогоор хийх ёстой. Ойн хүрээнд 30 ажлыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, хууль эрх зүйн хүрээнд болон энэ жилийн ажлын төлөвлөгөөнд багтсан ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хөдөө орон нутгаас төлөөлөгчид оролцож байна.
-Онцлох 30 ажилд юу, юу багтсан гэдгийг тодруулж хэлнэ үү?
-Энэ онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд багтсан. Үүнд хууль эрх зүйн орчин, Засгийн газрын бодлого, салбарын яамнаас гаргах бодлого, чиглэл болон харъяа газруудаас авч хэрэгжүүлэх, хийхээр төлөвлөсөн ажлууд багтсан. Тодруулбал, хийхээр төлөвлөсөн ажлуудыг 100 хувь хийсэн гэж хэлэхгүй. Мэдээж төсөв мөнгөтэй холбоотой ажил бий. Өнгөрсөн онд анх удаа ойгоо тоолсон. Манай улсын хувьд таван тэрбум модтой байгаа юм. Тэгэхээр ойгоо ашиглах, хамгаалахын тулд Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Мөн манай орны ойн нөхцөл байдал ямар байгаа талаар олон удаагийн онолын хурал зохион байгуулсан. Ингээд таван боть ном гарган цаашдын чиг хандлага ямар байгааг тодорхойлсон.
-Дэлхийн дулаарал болон уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотойгоор байгал хамгаалах асуудал тулгамдаж байгаа шүү дээ. Тиймээс байгаль хамгаалах асуудлыг хэрхэн авч үзэж байна вэ?
-Байгаль орчныг хамгаалахын тулд хөрөнгө мөнгөний асуудал тулгамддаг. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа үед байгалиа хамгаалахын тулд хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоо чухал байгаа юм. Үүний тулд уул уурхайг түшсэн эдийн засагтай улсын хувьд нөхөн сэргээлтийг ном дүрмийнх нь дагуу хийдэг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо сайжруулах, давхардлыг арилгах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Уул уурхайн тухай хуулийг шинэчлэх явцад байгаль орчноос хамааралтай асуудлыг хэрхэн тусгах вэ гэх мэтчилэн эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой. Нөгөөтэйгүүр, байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа иргэн болон төрийн бус байгууллагын оролцоог ашиглах учиртай. Ингэхдээ урамшуулалын системийг хөгжүүлэх нь тэднийг цаашид идэвхтэй ажиллуулах хөшүүрэг болно гэж хардаг. Түүнчлэн тэдгээрийг чадавхжуулан цаашид хүчийг нь ашиглахыг зорих нь чухал. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаална гэдэг нь зөвхөн төрийн байгууллага хийснээр бодит үр дүнд хүрэхгүй юм. Харин хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь илүү өгөөжтэй гэдгийг бидний хэрэгжүүлсэн зарим ажлууд харуулж байна. Тухайлбал, орон нутагт байгаль хамгаалах нөхөрлөлийг байгуулсан нь зөрчлийг бууруулахаас гадна хүмүүсийн байгальтай харьцах хандлага ч эрс өөрчлөгдөж байна.
Түүнчлэн манай улсын хувьд цэвэр усны асуудал тулгамдаж байгаа. Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа цэвэр усны 80 орчим хувийг Хөвсгөл нуураас авдаг.
-Байгаль хамгаалах тухай ярихдаа ховордож байгаа ан амьтнаа хамгаалах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Үүний тулд салбарын яамнаас ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Нэгдүгээрт, байгаль орчны чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсролын системдээ үүнийг шигтгэж өгөх нь зүйтэй. Дээр үед бага сургуульд “Түмэн бодис” гэдэг хичээлээр байгаль дэлхий, ан амьтан, ургамлын талаар хүүхдүүдэд мэдлэг олгодог байсан. Тэгэхээр амьтан, ургамал ямар ашиг, тустай, хэрхэн бүтэж бий болсон талаар бага наснаас нь зааж сургах нь ирээдүйд байгаль дэлхийтэй харьцах, тэдний талаарх мэдээллийг үнэ зөв олж авахад нь дөхөм болох учиртай. Түүнчлэн манай улсын хувьд бэлчээрийн даацын асуудал тулгамдаж байгаа. Хэдийгээр малаа өсгөх нь сайн боловч өвс, тэжээлийг нь хэрхэн бэлтгэх вэ гэх мэтчилэн асуудал бий. Бид гадны байгууллагатай хамтарсан судалгаа хийсэн. Энэ судалгаагаар бэлчээрийн даацыг сайжруулах талаар дариухан алхам хийхгүй бол байдал маш хүнд болсныг гаргаж ирсэн. Тиймээс ХХААХҮ-ийн яамтай ярилцах хэрэгтэй юм.
Мөн Зэрлэг ан амьтны генетикийн тухай хууль батлагдлаа. Манай улсын хувьд зэрлэг хэмээн тодотгоод орхигдуулсан. Ингэснээр тоо толгой эрс цөөрөх, устаж үгүй болох аюул хаяанд тулсан. Тухайлбал, өнгөрсөн жил бог мал, мялзан төст өвчнөөр таван мянган Монгол бөхөн үгүй болсон. Үүнийг эдийн засгийн тооцоогоор нь харвал 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байгаа юм. Ер нь монгол бөхөн нь дэлхийн нэн ховордсон амьтны нэг юм. Түүнчлэн байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан хорогдол гардаг ч хүний хүчин зүйлийн нөлөөгөөр устах нь элбэг тохиолддог. Тэгэхээр байгаль орчин, ан амьтан, өвс ургамлыг хайрлах хамгаалах тухай мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлагатай. Мэдээж ашиглаж, үр шимийг нь хүртэж болно. Ингэхдээ цаашид устах аюулаас сэргийлэн хамгаалах хэрэгтэй гэдгийг хүмүүс мэддэг байх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин