Ч.ГАНТУЛГА
Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ. Дэлхийн аваргын анхны хүрэл медалийг М.Анхцэцэг эх орондоо авчирсан юм. Түүнтэй холбогдлоо.
-Дэлхийн аваргад амжилттай оролцсонд баяр хүргэе. Сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Энэ медаль ганцхан миний хөдөлмөр биш. Дасгалжуулагч багш, Монголын хүндийн өргөлтийн холбооныхон, үргэлж тусалж дэмждэг гэр бүл, захыг минь мушгиж, амжилт хүссэн монголчуудын амжилт юм шүү.
-Дэлхийн тавцанд монгол гэж дуудуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, өөрийн эрхгүй омогших, агуу түүхтэй эх орноороо бахархах сэтгэл төрсөн. Медалийн тавцанд зогссоноороо цаашдын тэмцээндээ илүү их амжилт гаргахсан гэсэн хүсэл оргилж байлаа.
-Түлхэлттэй өргөлтийн тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ шийдвэрийг өөрөө гаргасан уу?
-Бага зэргийн бэртэлтэй байсан. Бэртлээ сэдрээчихвэл дараа дараагийн бэлтгэл сургуулилт, амжилтад сөргөөр нөлөөлнө. Тиймээс багштайгаа ярилцаж байгаад энэ төрөлд оролцохгүйгээр шийдсэн.
-Хэрэв энэ төрөлд оролцсон бол медалийн өнгөө хувиргах боломж бий гэж байсан?
-Хэрэв энэ төрөлд өргөсөн бол мөнгөн медалийн болзол хангах бүрэн боломж байсан.
-Гэхдээ харамсах хэрэггүй байх. Энэ бол Монголын хүндийн өргөлтийн спортод өөрийн чинь оруулж буй том хувь нэмэр гэж харж, бахархах хүн олон байна?
-Баярлалаа. Дараагийн тэмцээндээ илүү амжилт гаргахын төлөө хөдөлмөрлөх болно. Ирэх жилийн дэлхийн аваргаар медалийн өнгөө хувиргана. Зөвхөн би ч биш манай тамирчдад энэ боломж бүрэн бий.
-М.Анхцэцэгийг дүү нартаа үлгэр дууриал үзүүлдэг, зааж зөвлөдөг гэж шигшээ багийнхан нь үнэлдэг юм билээ?
-Биднээс насаар бага, олон хүүхэд энэ спортод дурлаж, хичээллэж байна. Тэдэнд өөрийн мэддэг бүхнийг хэлж, зааж өгөхсөн гэж боддог. Ирээдүйд манай улсаас олон олимпийн аварга төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
-Түүний эхлэлийг нь М.Анхцэцэг тавиасай. 2020 оны олимп ч ойрхон байна?
-Энэ эрчээрээ бэлтгэлээ таслахгүйгээр хичээх болно. Хувийн амжилтаас гадна багаараа амжилт гаргахыг хүсч байна. Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд багаараа сайн оролцож, жин бүрт өрсөлдөх эрх авахаар зорьж байна.
-Хүндийн өргөлтийн тамирчдын амжилт Хосоо багштай салшгүй холбоотой байх?
-Багш минь өөрөө Монголын домог болсон тамирчдын нэг. Тиймээс тамирчин хүний жаргал зовлон, алдаа оноог мэднэ. Багшийнхаа сургаж, заасны хүчинд бид өдий зэрэгтэй яваа. Хэдийгээр бэлтгэлийн үед чанга хатуу ч бусад үед хамгийн зөөлөн хүн. Бидэнд өмнө нь хэн байснаа битгий мартаарай гэж захидаг. Багшийнхаа энэ үгийг алхам бүртээ санаж явдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин