Д.НАДМИД
Архивын Ерөнхий Газрын дарга, доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.
-Тантай хийх ярилцлагаа Монгол Улсын архивын салбарын үүсэл, хөгжлөөс эхэлбэл ямар вэ?
-Зүйтэй, монгол төр, түмний түүх өнө эртнээс эхтэй. Хүннү их гүрний гал голомтыг өртөөлөн бадраасан бидний өвөг дээдэс суут эзэн Чингис хааны удирдлагаар 1206 онд Их Монгол Улсаа байгуулсан. Үүний дүнд Төрийн бүх алба цэгцрэн төлөвшсөний нэг нь архив юм. Чингис хаан төрийн хэргийг “хөх бичиг бичиж, дэвтэрлэж, ургийн ураг хүртэл бүү егүүтгэтүгэй! Егүүтгэх хүмүн алдалтан болтугай!” хэмээн зарлиг буулгасан байна. Ийнхүү Их эзэн хаан төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн үндсийг тавьж, архивын албыг байгуулжээ.
-Архивын байгууллагын түүхэн ойг 1206 оноос тооцох ёстой гэж Та хэлэх гээд байнаа даа?
-Тиймээ. Зүй нь бол 1206 оноос тооцох ёстой. 2006 онд Архивын салбарын 800 жилийн ойг тэмдэглэсэн байх учиртай юм.
-Нээрээ тийм юм байна. Та Хүннүгийн үед архив, албан хэрэг хөтлөлт үүссэн, XIII зууны монголчууд газар дэлхий, далай тэнгисийн харьцааг мэддэг байсан гэж “Газар-улсын үндэс” үзэсгэлэн дээр хэлж байсан. Их сонирхолтой санагдсан. Энэ талаар яриач?
-2200 жилийн тэртээ Хүннү их гүрний эзэн хаан Модун шаньюйн айлдсан үгээр тэр үзэсгэлэнг нэрлэсэн хэрэг. Гадаадын зочид ч их ирсэн. Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Васэда Их сургууль, Варшавын Их сургууль зэрэг 12 байгууллага, ОХУ, БНХАУ, Япон, Монгол, Польш зэрэг орныг төлөөлсөн 70 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн оролцсон. Бид үзэсгэлэн нээснээр ажлаа хязгаарлалгүй давхар ажил амжуулдаг. Жишээ нь гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй нэг дор том уулзалт хийнэ. Тэгээд архивын баримтын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлыг олон түмэнд ойлгуулах зорилгоор телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, нэвтрүүлэгт тухай бүр орж гурван ажил амжуулдаг болсон. Ингэснээр архивын үйлчилгээг иргэдэд улам ойртуулж, чанар хүртээмж нь дээшлэхэд хувь нэмэр болох болов уу.
-Тиймээ, өргөн цар хүрээг хамарсан сайхан үзэсгэлэн гэдэг нь шууд харагдсан. Дашрамд лавлахад монголчууд хэдэн зуун жилийн өмнөөс газрын зураг хийж ирсэн, тэр нь танай архивт байна гэдэг бас л нэг бахархал юм даа?
-Үндэсний Төв Архивын Кино гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архив, Түүхийн баримтын төв, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтат кино, гэрэл зураг, баримт бичгээс бүрдсэн хосгүй үнэт, үнэт баримтыг дээжлэн 100-гаадыг нь үзүүлсэн юм. Монголчууд газар нутаг, сав шим ертөнц, тэнгэр эрхэсийн талаар гүн гүнзгий мэдлэг, оюуны их соёлыг бүтээн туурвиж, үр хойчдоо өвлүүлсэн ард түмэн гэдгийг олон эрдэмтэн бахархан тэмдэглэдэг шүү дээ. Эзэн Чингис хаан тэргүүтэй Их Монголын суутан дээдэс, үе үеийн эх орончид газар нутаг, үндэс язгуурынхаа төлөөх түүхийн өртөөг үе улиран залгамжилж ирсэн. Тэр явцад газрын зураг үйлдэн хэрэглэсээр ирсэн тухай түүхэн сурвалж бичгийн мэдээ баримт цөөнгүй бий.
-Тэртээ XIII зуунд уу?
-Тиймээ, 700 гаруй жилийн тэртээ гэсэн үг. “Юань Улсын Судар” хэмээх 210 боть бүтээлийн 48-р дэвтэрт монголчууд дэлхийн бөмбөрцгийг модоор дүрсэлж, харьцааг нь тогтоосон тухай тэмдэглэжээ. Түүнд “Долоон хувийг нь ус болгожээ. Түүний нь өнгө ногоон. Үлдэх гурван хувийг нь газар шороо гэжээ. Түүний нь өнгө цагаан бөгөөд мөрөн гол, тэнгис, далайн судсыг түүний дотор хэлхэж тоолжээ. Өчүүхэн зохистой худаг зурж үйлдээд газар дэлхийн агуу ба газрын хол ойрыг тэмдэглэжээ” гэж бичсэнийг Германы эрдэмтэн Вальтер Фүкс 1946 онд Бээжин хотноо хэвлүүлсэн бүтээлдээ бичсэн байдаг.
-Дэлхийг арав хуваасны долоон хувь нь хуурай газар болохыг 700 жилийн өмнө монголчууд мэдэж байсан гэсэн үг үү?
-Үнэхээр тийм болж таарч байгаа юм.
-Гайхамшигтай юм!
-Орчин цагийн шинжлэх ухаанаар дэлхийн бөмбөрцгийн 70.8 хувийг ус, 29.2 хувийг хуурай газар эзэлдэг гэж тогтоосонтой үндсэндээ тохирч байгаа биз дээ. Энэ мэт баримт монголчуудын газар зүйн мэдлэг ухааны цар хүрээ ямар байсныг илэрхийлдэг.
-Үнэхээр сонирхолтой баримт юм. Одоо та Архивын ерөнхий газрын үндсэн чиг үүрэг яг юу болох талаар тодорхой хэлж өгнө үү?
-Архивын тухай хуулиар Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэхээс эхлээд есөн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
-Та нэрлээд хэлбэл бүр сайн байна?
-Болноо. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, төpийн аpхивын ажлын жуpмыг баталж, мөpдүүлэх, төрийн бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж мэргэжлийн туслалцаа үзүүлэх, төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх ажлууд ордог. Дээр нь, архивын сан хөмрөгийн баримтын улсын бүртгэл хөтөлж, тэдгээрийн агуулга, бүрэлдэхүүн, байршлын талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, төрийн архивын үйл ажиллагаа, материал хангамж, боловсон хүчний талаар нэгдмэл бодлого явуулах гэх мэт. Мөн архивын асуудлаар гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад оpнуудад байгаа Монгол Улсын түүх, соёлд холбогдох аpхивын баpимтыг олж илpүүлэх, хуулбаpлах, худалдан авах ажлыг зохион байгуулах зэрэг олон үүрэгт ажил архив ч биднийх.
-21 аймгийн архив танайд хамаарах уу, аймгуудын архив тусдаа байр савтай юу?
Хамаатай. Харамсалтай нь өөрийн гэсэн тусгай байртай аймаг алга. Амьдрал ус мэт урсан өнгөрдөг, архив уул мэт сүндэрлэн үлддэг гэж Н.Багабанди гуай хэлсэн. Өдрөөс өдөрт архив дахь баримт зузаарч байдаг. Тиймээс орон нутгийн архивуудад байр нэн дутагдаж байна. Ажлын үзүүлэлтээрээ хамгийн шилдэг Баянхонгор аймгийн архив гэхэд л өөрийн гэсэн байргүйгээс сан хөмрөг, ажилтнуудын албан өрөө тусдаа үйл ажиллагаагаа явуулж байна шүү дээ. Энэ зун би өөрөө байдлыг газар дээр нь танилцсан. Аймгийн засаг дарга Г.Батжаргалтай уулзаж, манай архивчид шаргуу, сайн ажиллаж байна. Ганц юм дутагдаж байна. Байрны асуудал, та зоригтой шийдээч гэж санал тавьсан. Тэр дор нь албаны даргадаа үүрэг өгч, хөөцөлдөхөөр болж, сая төсөвт 1.4 тэрбум төгрөг батлуулсан байна. Энэ бол сайн эхлэл. Ирэх онд хамгийн анхны, өөрийн гэсэн байртай болох санхүүгийн боломжтой боллоо. Энэ мэтээр бусад аймгууд архиваа өөд нь татаж, байртай болгох хөдөлгөөн өрнүүлэхийг би уриалж байна. Эдийн засгийн хямралтай байгаа ч засаг төр маань архивын талаар чухал шийдвэр, анхны том алхам хийж чадсанд бас талархаж байна.
-Архивч гэдэг ажил мэргэжил манай улсад хэдий үеэс бий болов?
-Архив, албан хэрэг хөтлөлт нэн эртнээс үүсч, төлөвшсөн гэдгийг дахин хэлье. Харин архивч гэж нэрлэх болсон тухай 88 настай ахмад архивч Ц.Дүүдий гуай дурсдаг юм. 1957 оны хавар архивын гурван ажилтан ЗХУ-руу ажлын туршлага судлахаар явжээ. Тэд буцаж ирээд умард хөршийн архивын байр сав, чийг дулаан, харуул хамгаалалт, фондын зохион байгуулалт, архивын дүрэм заавар, баримт бичгийг хэрхэн эмхэлж цэгцэлдэг тухай мэдэж ирээд энэ ажлыг эрхэлдэг хүнийг архивч гэдэг юм байна гэсэн мэдээ авчирчээ. Тийнхүү архивч гэдэг эрхэм сайхан ажил мэргэжил өнөөгийн хөгжилтэйгөө золгосон гэж манай ахмадууд бахархан дурсдаг юм. Төр, түмний үйл хэрэг, архив, албан хэрэг хөтлөлт үндсэндээ архивт л байна. Төрийн албан хэрэг гэдэг чинь архив. Тиймээс архивт баримтаа зөв бүрдүүлж өгөхөд байгууллагууд онцгой анхаарал тавих хэрэгтэй байна.
-Ажлын ачаалал их гэдэг нь тодорхой энэ тухай тодруулж болох уу?
-Үүнийг тодорхой тоо баримтаар яривал илүү ойлгомжтой болох байх. Хэдхэн тоо баримт хэлье. 2017 оны эхээр хөмрөг үүсгэгч 31 байгууллага, татан буугдсан болон хувьчлдагдсан 13 байгууллагаас зөвхөн цаасан суурьтай 108 мянган хадгаламжийн нэгж хүлээн авсан. Дээр нь 13 бүлэг кино, таван мянган гэрэл зураг, 830 объектын найман мянган хавтаст хэргийг нэмэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн нөхөн бүрдүүлэлтийн ажлын тухай зарим жишээ шүү дээ. Өөрөөр хэлбэл манай олон талт, нөр их ажлын багахаан хэсэг нь юм. Бас шинэ байрандаа нүүж орно гээд авалгүй хүлээгдэж байсан 57356 хадгаламжийн нэгж баримтыг манайх хүлээн авах болсноор ажлын ачаалал улам нэмэгдсэн. Энд нэг зүйлийг нэмээд хэлчихье. Засгийн газрын 2010 оны 261-р тогтоолоор 2012-2014 онд манайд 175 гэрээт операторчин ажиллаж байсан. Гэвч 75-орон тоог шууд хассан.
-Яагаад? Тийм олон хүнийг ямар үндэслэлээр халсан юм бэ?
-Хөрөнгө мөнгө, эдийн засгийн хэмнэлт гэдгээр. Тэдний хийх ажлыг бусдад нь өгч хийлгэх болсноор ажлын ачаалал бүр нэмэгдээд байгаа юм.
-Үнэхээр ажиллагаа ихтэй юм байнаа. Өөр ямар ажил хийдэг вэ?
-Манай ажил үүрэгт иргэд, байгууллагад архивын лавлагаа үйлчилгээ үзүүлэх бас нэг чухал ажил хамаардаг. 2017 оны эхэн хагаст 19336 иргэн, байгууллагад 30714 архивын лавлагаа олгосон. Манай ажилтан албан хаагчид борви бохисхийлгүй ажиллаж байгааг илэрхийлэх бас нэг үзүүлэлт энэ юм. Ажлын ачаалал их, тэр дундаа нэргүй ажил, байнга хийх “гал тогооны ажил” их шүү дээ. Орон тоогоо нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлыг бид сайн ойлгодог. Тийм учраас эдийн засгийн хямралтай энэ цаг үед орон тооны асуудлыг тэр бүр тавиад байхгүйг эрмэлздэг. Байгууллагынхаа өнгө жавхааг нэмж, ажил эрс сайжирсан гэдгийг олон түмэнд сонордуулахад таатай байна.
-Ямар ажлууд вэ?
-Монгол Улсад архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэтгэл хийх нүсэр ажлыг манай хамт олон хийж гүйцэтгэж байна. Энэ хүрээнд бид саяхан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг шинэчлэн баталж гаргалаа. Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны хөдөлмөрийн үлгэрчилсэн норм, нормативт өөрчлөлт оруулах болон, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмыг шинээр батлан мөрдүүлж эхэллээ. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай Монгол Улсын хуулийн төслийг боловсруулан сая ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржид албан тоотоор хүргүүлээд байна.
-Архивт эрх зүйн шинэчлэл хийж байгаа нь сайшаалтай. Улсын хэмжээнд архивчдыг сургах ажил ямар явцтай байгаа вэ?
-Өнөөгийн байдлаар УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газраас эхлээд Орхон, Завхан, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Ховд, Дундговь зэрэг аймгийн ажилтан, албан хаагчдад Архив, албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй, баримт бичгийн стандарт, зохион бүрдүүлэх арга зүй, төрийн албан хэрэг хийгээд, архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээллийн технологи сэдвүүдээр анхан шатны сургалтыг нийт 19 удаа зохион байгуулж, 789 хүнийг мэргэшүүлж, чадавхижуулан батламж олгоод байна. Төрийн архивын удирдах ажилтнуудын зөвлөгөөн, Архивын албаны 90 жилийн ойн нэрэмжит “Архивч-2017” ажил мэргэжлийн уралдаан, урлаг, спортын наадам зэрэг олон чухал ажлыг зохион байгуулж байна.
-Архивын ерөнхий газрын цахим хуудас болон фейсбүүк хуудсанд салбарынхаа үйл явдал, тэмдэглэлт өдрүүд, ажлын тайлантай холбоотой мэдээ, мэдээллийг бэлтгэж тогтмол нийтийн хүртээл болгож байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт танай архивтай холбоотой том заалт байсан байх аа?
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт архивын баримтын 30 хувийг 2020 он гэхэд цахим хэлбэрт шилжүүлж, төрийн албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх замаар төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулна гэсэн маш том зорилт заачихсан байдаг. 30 хувь гэж ямархан тоо болохыг та төсөөл дөө. Манайх 14 сая гаруй нэгж баримттай гэж бодоод үз дээ. Энд бас нэг тодруулах асуудал бий. Нийт баримтын бус, цахимжуулах шаардлагатай нь 30 хувь гэдэг. Хадгалах жил, ач холбогдлоосоо хамаарна. Бид энэ томоохон зорилтыг биелүүлэхийн тулд ажлаа зохион байгуулж. Энэ эрчээрээ явбал 2020 он гэхэд 30 хувиас илүүг цахимжуулна.
-Ард түмний хэдэн зуун жилийн туршид бүтээн туурвисан соёлын үнэт өв, дахин давтагдашгүй юм. Тиймээс гал түймрийн аюулаас яаж сэргийлдэг вэ?
-Архив гэдэг төр түмний ой санамж юм. Архив бол улс үндэстний өв соёлын далай, өвөг дээдсийн бүтээн туурвисан их бахархал, мөн. Тийм учраас гал түймрийн аюул, эрстлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Галын байцаагч ажилладаг. Тэд дүрэм, журмаа хэрэгжүүлээд явж байгаа. Энэ намар Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасаг, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 105-р ангиудаас хяналтын улсын байцаагч нарыг машин техник хэрэгслийн нь хамт ирүүлж, Архивын ерөнхий газрын удирдлага, ажилтан, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ гал түймрийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага, сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
-Мэдээж нүсэр ажил байх. Гэхдээ танай ажлын нэгээхэн л хэсэг биз дээ?
-Манайх гэдэг айл чинь улсын хэмжээний архивын баримтыг хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэлт хийх, судлах, сурталчлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтэд хүргэн үйлчлэх маш өргөн цараатай ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байгууллага. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, сумын эмнэлгээс эхлээд бүхэл бүтэн систем гэж үзэж болно. Энд 16 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Төрийн 38 архив байна. Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архивуудаас бүрдсэн бүхэл бүтэн тогтолцоо юм шүү дээ.
-Ийм том байгууллага удирдах амаргүй л байлгүй. Архивт арван жил сууж, ажлаа доороос нь мэддэг хүн, тэр тусмаа архив судлалаар ном бүтээл туурвихаас эхлээд хийсэн ажилтай эрдэмтэн хүн гарч ирсэнд сэтгүүлчид бид дэмжиж байгаа. Архивынхан таныг томилогдоход хэрхэн хүлээж авсныг сонирхож болох уу?
-Архивын хамт олны хүлээж авсан байдал, итгэл найдвар тавьж элэгсэг хүндэтгэлтэй ханддаг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа зэрэгт урамшдаг. Хамтдаа зүтгэж ихийг хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн явна. Хүнд сэтгэл, итгэл гэж нандин юм бий. Би хавраас хойш нэг ч хүнийг хууль бусаар ажлаас халаагүй. Харин төрийн албаны тогтвортой байдлыг сахиж, сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээ авч байгаа. Өөрийн гэсэн зарчимтай, ажлын цаг ашиглалтад гойд анхаарч, үүрэг даалгаварын биелэлтийг хянан, ойлголцож ажилладаг болохоор ажил урагштай байна. Муутуу цаасны бүргээдсэнд найтааж архивчдынхаа дунд байдаг болоод ч тэр үү илүү ойр дотно хүлээж авсан. Архивын талаарх төрийн зорилт чиг үүргийг биелүүлээд ажил амжилттай шүү. Ажлаа улам сайн хийх сэтгэл зүтгэл надад бий гэж ойлгодог. Манайд ажилдаа эзэн болж чадсан, хариуцсан ажилдаа үнэнч маш олон архивч итгэл даан ажиллаж байна.
-Архивын баримт судлал, эрдэм шинжилгээний талаар юу хийв?
-АЕГ-ын хамт олны нөр их хүчин чармайлтын үрээр “Монгол-Зөвлөлтийн Соёл, шинжлэх ухааны харилцаа 1976-1990 он” баримт бичгийн эмхтгэлийг чанарын өндөр түвшинд бэлтгэн хэвлүүлсэн. Энэхүү баримтын эмхтгэл нь урьд өмнө нь хэвлэгдсэн Монгол-Зөвлөлтийн Соёл, шинжлэх ухааны харилцаа 1921-1961, 1961-1975 эмхтгэлүүдийн үргэлжлэл-гуравдугаар боть юм. Уг номын танилцуулах ёслолыг үзэсгэлэнгийн нээлттэй хамтатган хийсэн. Түүнээс гадна Архивын ерөнхий газраас эрхлэн гаргадаг “Архивын мэдээлэл” сэтгүүлийн 15 дахь шинэ дугаарыг сайжруулж хэвлээд байна. Мөн “Ноёд, түшмэд, лам нарын захидлын цуглуулга” хөмрөгийн баримтын жагсаалт хийх чухал ажлыг эхлэх гэж байна Ирэх онд бичгийн яруу тансаг үгтэй захидлуудыг сонгож баримтын хэдэн боть эмхтгэл гаргахаар төлөвлөж байна. Түүнээс гадна анхны Ерөнхий сайд, Улсын дээд хурлын анхны дарга Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 140 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, баримт бичгийн эмхтгэл ботиудыг туурвих зэрэг хэд хэдэн томоохон зорилт тавиад, явж байгаа. Ажлаа эхэлчихсэн.2019 онд Халхын голын дайны 80 жилийн ойгоор хийх ажлаа ч төлөвлөөд, бусад байгууллагатай тохироод байгаа.
-Архивын ерөнхий газрын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр Та ямар ажил амжуулав?
-Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг зун хангасан. ОХУ-ын Төрийн архивын агентлагийн дарга А.Н.Артизовын хүсэлтээр ирэх жил хийхээр болоод байна. Үүнээс гадна бид ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Е.И.Лиштованный зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дарга Е.Г.Михайлов зэрэг хариуцлагатай ажилтнуудыг урин ирүүлж Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэх, архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын комиссын 25 жилийн ойг тохиолдуулан “Их октябрь-Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа 1917-2017 он” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн, уулзалт зохион байгуулсан. Энэ нь Монгол, Оросын уламжлалт, найрсаг хөршийн харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдолтой боллоо гэж үнэлэн өндөр сэтгэгдэлтэй буцсан.
-Чухал ажил болжээ, өмнөд хөрштэйгөө бас хамтарч ажил амжуулсан гэж сонссон. Энэ талаар?
-Өмнөд хөрштэй архивын салбарт хамтран ажиллах харилцаанд бас алхам хийлээ. БНХАУ-ын Төрийн архивын удирдах газрын шинэ удирдлага Ли Мин Хуагийн Бээжин хотноо нээгдэх “Монгол-Хятадын түүхэн харилцаа 1949-2016” сэдэвт хамтарсан үзэсгэлэнд оролцох нь Бээжин хотын архивуудаар зочлох урилга бидэнд ирүүлсэн. Манай талаас айлчлалаар давхар ажил амжуулахыг төлөвлөн, Монгол Улс, БНХАУ-ын архивын байгууллагууд хооронд өмнө байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж, ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой ажил хэрэгч саналуудыг тавьж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцсэн. Хятадын тал саналуудыг маань сонирхон хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлсэн. Энэ явдал хоёр орны архивын салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмэр болсон болох уу. Бусад улс орон, байгууллагуудтай ч харилцаж байгаа.
-Одоо 90 жилийн ой болох гэж байгаа гэж сонссон?
-1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Богд хаанаа залан шинэ Монгол Улсаа байгуулснаар төрийн албан хэрэг хөтлөлт сэргэсэн. Улмаар 1921 онд Ардын Засгийн Газар байгуулагдсан цагаас Монголын түүхэнд холбогдох сурвалж бичиг, ном судар, данс харааны зүйлсийг бүх аймаг хошууд төдийгүй хилийн чинадаас ч цуглуулах нөр их ажлыг зохион байгуулсан байдаг. Ингээд 1927 оны арванхоёрдугаар сард Судар Бичгийн Хүрээлэнгийн Тэргүүлэгчдийн хурлаас өмнөх үеийн данс харааг эрхлэх орон тоог батлан ажиллуулжээ. Тийм учраас Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож, бид тусгай төлөвлөгөө хөтөлбөр гарган дээр дурдсанаас гадна нилээд ажил амжуулсан. “Байгууллага сурталчлах” өдөрлөг, улс даяар “Нээлттэй хаалганы өдөр” хийх, орон нутагт мэргэжилтнүүдээ томилон сургалт зохион байгуулав. Мөн соёл спорт, урлаг, эрдэм шинжилгээний цогц ажлуудыг хийх, ахмадууд, хүүхдүүдээ дэмжих, АЕГ-ын шинэ цогцолбороо тохижуулах, дотор нь шинэ зүйлсийг байгуулах, үзэсгэлэн, хурал чуулган хийхээс эхлээд олон ажил амжуулж байна. Ирэх сарын эхээр ойн оргил үйл ажиллагаа, баяр ёслол, хүндэтгэлийн ажиллагаа болно. АЕГ-ын ажилтан албан хаагчид, нийт олон түмэндээ Архивын албаны 90 жилийн ойн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлс нь үргэлж оргилж явахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин