Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн дугаарын зочноор залуу найруулагч Б.Хишигзаяаг урьсан юм. Тэрээр өнөөгийн театрын урлагт хүчин зүтгэж буй цөөхөн эмэгтэй найруулагчийн нэг. Удахгүй үзэгч багачууддаа шинэ уран бүтээлээ хүргэхээр бэлдэж байна.
-Таныг уран бүтээлийн олз омог ихтэй байгаа гэж сонслоо?
-“Бүтээлч бамбуу” төрийн бус байгууллагын санаачлагаар монгол хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Гурван тоорой” хүүхдийн жүжгийг тоглохоор бэлдэж байгаа. Жүжгийн бэлтгэл ид өрнөж байна. Найруулагчийн хувьд их өвөрмөц, шинэлэг уран бүтээл болно гэж амлах байна.
-Английн зохиолчийн бүтээл мөн биз дээ?
-Английн ардын үлгэрийг Оросын алдарт зохиолч Сергей Михайлков хүүхдийн жүжиг болгож бичсэн. Бид энэ хувилбараар нь хүргэхээр зорьж байна. Ирэх сард нээлтээ хийх юм.
-Бага заалных гэж сонссон?
-Бага заалных гэхээр жижигхэн танхимд тайз засаад, үзэгчид үзнэ гэж ойлгож болохгүй. Хүүхдүүд жүжиг үзэхээр танхим руу орохдоо л жүжигчидтэй хамт тайзан дээр гарна. Тэгэхээр хүүхэд үзэгч биш тухайн жүжгийн нэг баатар болох юм. Монголд өмнө нь ийм шийдэлтэй жүжиг тавьж байгаагүй юм билээ.
-Тэгэхээр найруулагч болон жүжигчдээс торгон мэдрэмж шаардах нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тухайн хүүхэд хэрхэн хүлээж авч, ямар хариу үзүүлэхийг мэдэхгүй учир тухайн цаг үед мэдэрч, жүжгээ авч явах найруулга, жүжигчний уран чадвар шаардаж байна. Уран бүтээлчийн хувьд хүүхдүүд энэ жүжигт хамтарч тоглоод, бяцхан тооройнуудад тусалснаар театраас эерэг сэтгэгдэлтэй гараасай гэж хүсч байна.
-Жүжгийг монголчилсон уу?
-XXI зууны хүүхдийн сэтгэлгээнд тааруулж өөрчилсөн. Хувцас, тайз засалтын хувьд аль болох орчин үеийн технологийн шийдлийг ашиглахыг зорьсон. Жүжгийн шийдлүүдийг орчин үе рүү татаж хийсэн. Гол онцлог нь хүүхэд бүрийн хүчин зүтгэл, хамтын хөдөлмөрөөр байшингууд маань бүтэх учиртай.
-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?
-Залуу уран бүтээлчидтэйгээ хамтарч байна. СУИС-ийг хоёр жилийн өмнө төгссөн жүжигчин н.Одсүрэн болон Б.Минжин, Б.Баасандорж н.Очироо нар гол дүрд нь ажиллаж байна. Жүжиг нээлтээ хийснээс хойш тогтмол амралтын өдөр тоглохоор болсон.
-Найруулагчийн хувьд та энэ бүтээлээр юу хэлэхийг хүссэн бэ?
-Жүжгийн үзэгдэл бүхэн өөрийн өгүүлэмж, хэлэх санаатай. Гэр бүл гэдэг нэг цөм юм. Ахаа, дүүгээ харилцан хүндлэх ёстой. Тэд нэг бодол, зорилготой байх нь чухал. Бүгд эвтэй байвал ямар ч саад бэрхшээлийг давж чадна гэсэн ерөнхий санааг ойлгуулахыг хүслээ. Үүнээс гадна манай бүтээлийг зургаан сартайгаас дээш бүх насны хүүхдүүд үзэж болно.
-Орчин үеийн жүжигт тайзыг их чухалчилдаг болсон. Танай бүтээлийн тайз ямар байх вэ?
-Заал тэр чигээрээ тайз гэж ойлгож болно. Хүүхдүүд дуртай газраа сууж, хүссэн үедээ босч, явж болно. Тооройнуудтай байшингаа барина. Тэднийг чонын савраас аварна. Ерөнхийдөө зааланд орж ирсэн үеэсээ л үлгэрийн ертөнцийн босгоор алхсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн. Жүжгийн дараа хүүхдүүд шууд гараад явчихгүй. Тэр ертөнцдөө аав ээжтэйгээ тоглож, хүрч үзэж, зурагаа авахуулах боломжтой.
-Таны хувьд өмнө нь хүүхдэд зориулсан бүтээл хийж байсан туршлагатай. Яагаад энэ сэдвийг чухалчилдаг юм бэ?
-Шинээр хүүхдэд зориулсан бүтээл хийх бүрт надад улам хэцүү санагддаг. Энэ төрөл хамгийн хүнд жанр. Жишээлбэл, насанд хүрэгчдэд зориулсан жүжигт тайзан дээр гахай шиг дуугараад гарч ирэхэд хүмүүс энэ гахай байна гээд шууд ойлгочихно. Харин хүүхэд бол өөр. Харж байгаагаа шууд тусгаж аливаа зүйлийг бодитоор үнэлдэг учир тэдэнд яаж ойлгомжтой уран хийх вэ. Анхаарлыг нь яаж сарниулахгүй байх вэ гээд бодож, сэтгэх зүйл их.
-Таны хувьд багадаа ямар хүүхэд байсан бэ. Тайзны урлагт хэзээнээс дурлах болов?
-Багадаа Хүүхдийн ордны Д.Саранхүү багшийн драмын дугуйланд явдаг байсан. Тэр үеэс өөртөө үргэлж зорилго тавьдаг, түүндээ хүрэхийн төлөө хичээдэг байлаа. Одоогийнх шиг цахим ертөнц гэж байсангүй. Өөрөө мэдээллээ хайна, эрэл хайгуул хийнэ. Сонины хайчилбар цуглуулна. Ном уншаад тэмдэглэл хөтөлдөг байсан. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д хоёр жил жүжигчний мэргэжлээр сураад Орос руу найруулагч, жүжигчний мэргэжлээр сурах боломж гарахаар нь явсан. Төгсч ирээд найруулагчийн ажлаа голлож хийсэн.
-Жүжигчний мэргэжлээрээ ажиллаагүй юм уу?
-Монголдоо жүжигчний мэргэжлээр ажиллаагүй. Төгссөнөөсөө дөрвөн жилийн дараа 2009 онд А.А.Калягины залуу жүжигчний олон улсын сургалтад хамрагдаж “Дурсгалын захидлууд” жүжгийн эмээгийн дүрд тоглосон. Дараа жил нь тэр жүжгээрээ Оросын дайны баатар хотуудаар аялан тоглолтоор явж байсан.
-Найруулагч гэхээр хүмүүс эрэгтэй хүнээр төсөөлдөг. Эмэгтэй найруулагч байхын давуу тал нь юу вэ?
-Би хоёр хүүхэдтэй. Тэд минь миний хүүхдийн уран бүтээл хийх урам зориг, эрч хүч, гол шалтгаан болдог. Судалгаа нь хажууд байгаа учир хүүхдийн дотоод сэтгэл, зан араншинг мэднэ. Харин үргэлж бэлтгэлтэй байдаг учир гэрийн эзэгтэй, эх хүнийхээ хувьд хувийн амьдралдаа цаг зарцуулах нь хомс байх тохиолдол бий. Азаар надад сайн хань заяасан. Намайг ойлгож, уран бүтээлийг минь дэмжиж ар талыг минь дааж, үргэлж зааж зөвлөж байдаг сайхан ханьтай.
-Уран бүтээлчийн хувьд та ямар зарчмыг баримталдаг вэ?
-Уран бүтээл эхлэх бүрт нэг шинэ баг бүрддэг. Эхлээд уран бүтээлчидтэй хүнийхээ хувьд ойлголцохыг хүсдэг. Хүнээр нь дамжуулаад өөрийн бодол санаагаа ойлгуулахыг хичээдэг. Үргэлж найруулагчийн байр сууринаас харьцах нь тийм ч сайн зүйл биш. Уран бүтээлийн үед шаардлагаа тавина. Бусад үед энгийн, зөв харьцах нь чухал.
-Таны анхны уран бүтээл?
-Анх 2006 онд “Суудал” жүжигт Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн туслахаар ажилласан. Багшаасаа олон зүйл сурсан. Дараа нь 2008 онд “Лусын дагина” жүжгийг УДЭТ-д бие даан найруулж, анхны гараагаа эхэлсэн. Энэ үеэс л хүүхдийн уран бүтээлтэй холбогдсон.
-Ямар нэгэн эмзэглэл байж уран бүтээл төрдөг дөө?
-Би монгол хүүхдүүдээ хараад хааяа өрөвддөг. Дэлхийн бусад орны хүүхдүүд эрүүл энх өсч, хөгжих боломж нь бүрэн байдаг. Гэтэл манай хүүхдүүдийн урд олон тулгамдсан асуудал байна.Цэцэрлэгийн нэг анги 60 хүүхэдтэй байх жишээтэй. Хүүхдийн уран бүтээл ховор, хийж байгаа бүтээл нь багачуудыг хуурсан, сэтгэл зүрхээ шингээгээгүй байдаг. Тиймээс чанартай сэтгэл шингэсэн мэргэжлийн бүтээл хийхийг зорьдог.
-Хүүхдийн сэдвээр дэлгэцийн уран бүтээлд хүч сорих бодол бий юу?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Хэрэв хийхээр болбол сэтгэлийн хөдөлгөөнөөр биш сайн бодож, төлөвлөж байж хийх байх. Хүүхдийн уран бүтээлд зардал их шаарддаг. Хувцас, тайзнаас эхлээд бүгдийг шинээр хийх, авах болно. Хэрэв энэ бүх нөхцөл бүрдвэл дэлгэцийн уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин