Д.ОЮУНЧИМЭГ

Нүүр будалт, хувцаслалт нь хүмүүст өөрийгөө илэрхийлэх толь гэдэг. Энэ нь зөвхөн бүсгүйчүүдийн асуудал биш аж. Энэ талаар “Белла” салоны захирал Б.Алтанзултай ярилцлаа.

-Танай салон хэдэн оноос эхэлж ажилласан бэ. Ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ?

-2011 оноос гоо сайхны салон ажиллуулж эхэлсэн. Нүүр будалт, хувь хүн болон мэргэжлийн сургалтын үйлчилгээ эрхэлж байна.

-Мэргэжлийн сургалт хувь хүнийхээс юугаараа ялгаатай вэ?

-Хувь хүнд ажил албандаа тохируулан нүүр будалт, хувцаслалтаа хэрхэн зохицуулах вэ, харилцагчиддаа ямар төрхтэй харагдав вэ гэдгээс эхэлж заадаг. Харин мэргэжлийн сургалтыг явуулахдаа хүмүүсийг будах мэргэжилтнийг бэлтгэхийг зорьж байна. Ингэхдээ олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу хичээл заадаг.

-Танайх байгууллагад зориулсан сургалт зохион байгуулдаг гэж сонссон юм байна?

-Тиймээ. Тухайн байгууллагын өнгө төрхийг тодорхойлох арга барилыг заахаас гадна, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувцаслалт, нүүр будалт, биеэ авч явах байдлыг олон улсын стандартын дагуу зааж байгаа. Жишээлбэл, үйлчилгээний газрын ажилтнууд дүрэмт хувцсаар ижилссэн байдаг. Тэгэхээр бүсгүйчүүдэд нь хувцсандаа тохирсон будалтыг хэрхэн хийх вэ гэх мэтчилэн сургалт явуулдаг. Харин эрчүүд нь хувцсандаа зохицсон үсний засалт болон нүүрээ яаж арчлах талаар хичээл орж байна. Ингэснээр харилцагчиддаа эерэг сэтгэгдэл төрүүлэх болно. Бүр тодруулбал, тэдний үйлчилгээнд сэтгэл хангалуун байх эхний алхам нь тухайн ажилтны гаднах төрх юм. Мэдээж өмссөн хувцастайгаа нийцүүлэн будалтаа хийх нь хүний өө сэвийг дарах учиртай. Магадгүй ширүүн харцтай харагддаг бол түүнийг будгийн хүчээр зөөлрүүлэх боломжтой юм.

[caption id="attachment_26124" align="aligncenter" width="750"] “Белла” салоны “Старшот” нэрийн бүтээгдэхүүнийг гаргасан байна. Тухайлбал нүдний тен, контур болон гоёлын линзыг үйлдвэрлэжээ.[/caption]

-Тэгвэл нэг байгууллагын ажилтан хүүхнүүд бүгд ижил харагдахаар будалт хийнэ гэж ойлгож болох уу?

-Мэдээж хүн бүрийн царайны бүтэц өөр. Тиймээс ялгаатай байх нь ойлгомжтой шүү дээ. Хүний нүүрний төрх, уруулын хэлбэр, нүдний өнгөнд анхаарлаа төвлөрүүлэх нь бий. Тэгэхээр байгууллагын өнгө төрхийг илэрхийлэх будалт гэдэг нь хүмүүсийн анхны сэтгэгдэл эерэг байх учиртай. Мөн өөр ямар нэг зүйлд сатаарахгүйгээр даруухан, энгийн байдлаар будсанаараа үйлчлүүлэгчийн анхаарлыг сарниулахгүй байх давуу талтай юм. Жишээлбэл, банкны ажилтан бүсгүй нүүрээ будаагүй байжээ. Гэтэл гүйлгээ хийхээр орж ирсэн үйлчлүүлэгч түүнийг арьс нь нэлээд үрчийсэн байна. Залуу хүүхэд байж өөрийгөө арчилсангүй гэж бодоод өнгөрөх нь бий. Тиймээс энэ байдлаас сэргийлэх хэрэгтэй.

-Эмэгтэйчүүд нүүр будалт, үс, хувцаслалт гээд бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг. Зарим үед гоо сайханд орох нь зөвхөн тэдний асуудал мэтээр хандах нь бий. Таны хувьд?

-Сүүлийн үед эрэгтэйчүүд ч гоо сайханд ордог болсон. Тэгэхээр зөвхөн бүсгүйчүүдийн асуудал гэж ойлгож болохгүй. Тухайлбал, А гэдэг хүн нийгмийн харилцаанд орж байгаа учраас түүнийг эр, эм гэж харахаас илүүтэй гаднах төрх, хувцаслалтаас нь ямар хүн бэ гэдгийг нэн түрүүнд дүгнэдэг. Итгэл дааж чадах уу, хамтарч ажиллах боломж байна уу, ярьж байгаа зүйл нь үнэн болов уу гэсэн олон зүйлийг бодож суудаг.

-Энэ жилийн нүүр будалтын чиг хандлага ямар байгаа вэ?

-Дэлхий нийтээрээ натурал гоо сайхны будалт давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, огт будаагүй мэт харагдахаар хүний төрхийг сэргэлэн болгож болно. Гэхдээ хувь хүний нүүрний арчилгаа маш чухал. Нүүрний арьс арчилгаа муу байвал будалт энгийн мэт харагдахад хэцүү. Яагаад гэвэл арьсны өө сэвийг далдлахын тулд зайлшгүй нэмэлт будаг хийх болно. Тэгэхээр хүмүүс арьс арчилгаандаа анхаарах хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин