Г.АМАРСАНАА

Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын биосфер, экологи нийгэмлэгийн тэргүүн  Ц.Одбаяртай ярилцлаа.

  • -Амьтны яс хэлхэх аргаар оюуны өмч авч, инноваци нэвтрүүлж байна гэхээр нэг л сэтгэлд буухгүй юм.Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
  • -Шинжлэх ухаанд хэрэггүй зүйл гэж байдаггүй. Цахилгааныг анх нээхэд “Төмөр утсаар электрон нэг зүгт гүйгээ л биз. Энэ тэгээд хэнд хэрэгтэй юм” гэж байсан гэдэг. Гэтэл өнөөдөр цахилгаангүйгээр амьдралыг төсөөлшгүй болчихсон. Бидний яс хэлхэх аргын дэвшилтэт тал  нь амьтны ясыг заавал салгах албагүй болгосонд  хамаг учир  байгаа юм. Энэ технологийн ачаар монголчууд аль ч амьтны яс хэлхэх хугацааг 5-8 дахин багасгаж чадсан гэсэн үг. Иймээс бид ШУА-ийн Ерөнхий болон Биологийн хүрээлэнтэй хамтран Амьтны ясны анатомын музей байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ музей бий болсноор танин мэдэхүйн ач холбогдлоос гадна архиологчид олсон ясаа аль амьтны ямар яс болохыг төвөггүй тодорхойлдог болно. Хил дээр хураасан амьтны гаралтай зүйлийг яг ямар амьтных болохыг гаалийн ажилтан ямар ч эргэлзээгүй тогтооно. Мөн робот зохион бүтээгч оюутан, сурагчид  амьтны ясны зохилдлогыг судалж үсэрдэг, харайдаг, авирдаг робот хийх боломжтой  болно гээд олон талын ач холбогдолтой ажил болно. Элбэг амьтдыг амьдаар нь гадаадад гаргахад маш олон шат дамжлагатайгаас гадна үнэ хямд. Харин ясыг нь хэлхэж гаргавал  шат дамжлага  байхгүй бас үнэд хүрнэ. Иймээс ерөнхий болосвролын 10-12 дугаар ангийханд нөхөгддөг баялаг болох амьтны ясыг хэлхэх дугуйлан хичээллүүлж олон улсын захиалга  биелүүлдэг болгочихвол сурагчид  дотоодын  байтугай гадаадын их сургуулийн төлбөрийг  төвөггүй төлөх чадвартай болно.
  • 10-4-7a1
  • -Өнгөрсөн хугацаанд өөр ямар оюуны өмч авав. Цаашид ямар инноваци хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
  • -Өнөөдөр хулгайн анчид орооных нь үед ойд очин тусгай шүгэл үлээгээд гүйгээд ирсэн хүдрийн эрийг нь буудаж заарыг нь тайрч аваад, хууль бусаар маш хямд зарж байна.Иймд бид “Хүдрийг агнахгүйгээр заар авах арга”-аар зохиогчийн эрх авсан. Үүнийг инноваци болгож амьдралд нэвтрүүлснээр нэн ховор амьтан хүдэр аврагдана. Хулгайн анчид хууль ёсны олборлогчид болж нэг грамм заарыг 50-60 ам.доллараар зардаг болох төдийгүй  улсдаа, орон нутагтаа татвар төлдөг болно. ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран  95 хувийн амжилттай тарвага сэргээн нутагшуулах технологиор  зохиогчийн эрхийн гэрчилгээ авлаа. ОХУ-д энэ ажил 50 хувийн амжилттай явдаг. Бас амьтан гэмтээлгүй барих аргаар оюуны өмчийн Ашигтай загварын гэрчилгээ авсан. Амьтан хамгаалахад энэ арга зайлшгүй хэрэгтэй болно. Мөн манай нийгэмлэг нэгдсэн  холбооны судлаачидтай хамтран тарвага сэргээн нутагшуулсан ажлаас гадна, загасны аж ахуй, бугын аж ахуй хийх гэж оролдсон ажилд хөндлөнгийн дүгнэлт хийсэн юм. Энэ ажлынхаа үр дүнгээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргадаг, олон улсад өрсөлдөх чадамжтай бугын төдийгүй агнуурын болон загасны аж ахуй байгуулах аргаар зохиогчийн эрхийн гэрчилгээ авахаар төлөвлөн  ажиллаж байна. Гол нь энэ аж ахуйн нэгжүүдэд жуулчин байнга ирдэг байхаар төлөвлөөд байгаа юм. Иймээс нэлээд цаг хугацаа орно. Лав хоёр жил болох байх. Энэ ажлыг хийчихвэл олон мянган монголчууд нөхөгддөг баялагтаа түшиглэсэн валютын орлоготой, байнгын ажлын байртай болно.
  • -Гадны ямар ч хотод очсон амьтны дэлгүүр байдаг.Танай нийгэмлэг “Angel fish” амьтны дэлгүүр ажиллуулдаг юм байна. Амьтны дэлгүүрийн хамгийн гол ач холбогдол юу вэ?
  • -Мэдээж байгалиас тусгаарласан хотын хүүхдүүдийг байгальтай нь ойртуулна. Янз бүрийн үүлдрийн нохой, муурнаас гадна атгасан гар шиг аалз, эрхий хуруунаас том жоом тэжээх сонирхолтой хүүхдүүд байдаг. Хүүхдийн тэжээж буй амьтан хүүхэд шиг өвдөнө, зовно бас эдгэрнэ. Энэ бүхэнд хүүхэд анхаарал хандуулж сурна. Бас сонирхсон амьтныхаа тухай ихийг мэдэж авахын тулд өөрөө оролдож гадаад хэл сурна, тэвчээр эзэмшинэ. Товчхондоо амьтан тэжээсэн хүүхдүүд том болоод эхнэртэй гар хүрэхгүй, хүний өмнөөс хутга барихгүй, хулгай луйвар хийхгүй жинхэнэ хүн болж хүмүүждэг. Иймээс л олон улсад амьтны дэлгүүрийг бүх талаас нь дэмждэг юм.

Эх сурвалж: www.polit.mn