Ч.ГАНТУЛГА
Үл мэдэг хөгжмийн аялгуу эгшиглэх нь нам гүм байсан дөрвөн хананы дунд цэцэг дэлгэрэх шиг ер бусын содон сонсогдох ажээ. Үргэлж дуу хуур, сонгодог хөгжим эгшиглэж байдаг энэ газар сүүлийн сар гаруй чимээ аниргүй байсан юм. Улаан хамбан хөшиг нь үзэгчдээ нэхэх шиг хааяа нэг сэвэлзэнэ. Харин тэр үл мэдэг сонсогдох аялгуу төгөлдөр хуурын эгшиглэнт чимээ байв. Гадаа намар ирсэн. Энэ улирал тэсгэм хүйтэн өвлийг урин дууддагч уран бүтээлчдийн хувьд онгод хөглөсөн, ажлын эхний улирал билээ. Үүний адилаар нойрмог байсан дуурийн театр хөл хөдөлгөөнтэй намайг угтав. Улаан байшин инээд алдах шиг нарны гэрэлд өнгөтэй харагдана. УДБЭТ-ын захирал Чулуунбатын Мөнхзулыг “Амьдралын тойрог”-тоо урилаа. Театрын хамт олон 55 дахь удаагийн үзвэрийн нээлтээ ирэх сард алдарт “Аида” дууриар нээх гээд тун завгүй. Ч.Мөнхзул захирлын хувьд уран бүтээлчидтэйгээ хамт амарч чаддаггүй нэгэн. Хэзээний театртаа ирчихсэн, өглөөнөөс орой хүртэл бүх ажилд гар бие оролцож, уран бүтээлч, ажилтнуудаасаа ялгаралгүй гүйж явдаг бүсгүй. Энэ уламжлалаараа биднийг угтсан юм. 55 дахь удаагийн үзвэрийн нээлт ихээхэн онцлогтой. 50 жилийн түүхтэй театрын хамт олон дахин нэгэн зууны Монголын дуурийн урлагийн түүхийг бичихээр яарч байна. Харин захирлынх нь хувьд ажлаа авснаас хойш таван намрыг үджээ. Энэ хугацаанд өөрийнхөө хийж бүтээсэн бүхнийг дүгнэх хариуцлагатай мөч хаяанд ирсэн байна. Одоогоос таван жилийн өмнө УДБЭТ-ын захирлын ажилд сэтгүүлч, соёл урлагийн менежментийн мэргэжилтэй бүсгүйг томилсноор багагүй шуугиан дэгдэж байв. Ч.Мөнхзул энэ өдрүүдэд ажилчдын эсэргүүцэл, хүмүүсийн хэл ам зэрэг багагүй бэрхшээлтэй тулгарсан билээ. Гэвч тэр бүхнийг даваад, ард нь гарчихсан дайчин бүсгүй. Жижигхэн биедээ баймгүй сэтгэлийн хүчтэйгээс гадна өөрийнхөө ажлыг чин сэтгэлээсээ хийж, уран бүтээлчдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл чилээж суудгийг нь театрынхан нь андахгүй. Үзвэрийн хөшгөө нээх гээд завгүй байгааг ч хэлэх үү түүний хөдөлгөөн илүү хурдан шалмаг, уран бүтээл, театрынхаа тухай ярихдаа нүдэнд нь оч гийж байгаа нь ажиглагдсан юм. Амьдралынх нь ихэнх хугацаа энэ театрт өнгөрдөг учир уран бүтээлийнх нь талаар бидний яриа эхэлсэн юм.
Анх үзсэн “Интоорын цэцэрлэг” жүжгийн уранбүтээлчидтэй.
ОХУ-ЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН А.П.ЧЕПУРНОЙ “АИДА”-Г УДИРДАНА
Ч.Мөнхзул захирал 2012 онд үүрэгт ажлаа аваад хоёр сарын дараа театрынхаа 50 жилийн ойг тэмдэглэж байсан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа 55 дахь удаагийн нээлт, ойгоо тэмдэглэх гээд гүйж явна. Ж.Вердийн “Аида” дуурь нь дэлхийн “Гранд опера” бүтээлийн нэг. Дуурьт театрын 280 гаруй уран бүтээлч оролцох юм. Үүнээс гадна нэмэлтээр найрал дуучид, морь, чоно, бүргэд, могой гээд олон ан амьтан оролцдог. Дуурийг 2012 онд анх тавихад Красноярск хотын ДБЭТ-ын уран сайхны удирдагч, ОХУ-ын Гавьяат жүжигчин А.П.Чепурной найруулагчаар нь ажилласан байдаг. Тэгвэл 55 дахь удаагийн нээлтийн тоглолтыг энэ эрхэм хүнээр дахин удирдуулахаар болжээ. Үүнээс гадна театрынхаа ойг угтаад олон ажил хийхээр төлөвлөсөн тухайгаа Ч.Мөнхзул захирал дуулгасан юм. Үүний нэг нь аравдугаар сарыг симфони найрал хөгжмийн сар болгон зарлах аж. Оркестр бол театрын суурь, хамгийн ачаалалтай, нэр хүндтэй хэсэг. Тиймээс оркестрын сараараа хөгжмийн зэмсгүүд болон хөгжимчдийнхөө тухай үзэгчдэд танилцуулах төлөвлөгөөтэй. Хөгжимчдийнхөө дунд шинэ бүтээлийн уралдаан зарласан байна. Уралдаанаа дүгнэж, ОХУ-ын Их театрын гоцлол хөгжимчинтэй хамтарсан том концерт тоглоно. Харин арваннэгдүгээр сард гоцлол дуучдаа алдаршуулна гэв. Энэ ажлын хүрээнд дэлхийн шилдэг дуурь болох “Тоска”-г Монголын гурван шилдэг дуучин дуулахаараа онцлог. Тодруулбал, Дэлхийн тэргүүн баритон, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Скарпьягийн дүрд, Европын алдартай “Турандот”, Болгарын төв театрын гоцлол дуучин Д.Баясгалан эх орондоо анх удаа ирж Тоскад дуулна. Тоскагийн дүр нь Д.Баясгалангийн хамгийн анхны том дүр учраас театрынхны саналыг баяртай хүлээн авчээ. Харин Каварадоссийн дүрд шилдэг тенор Б.Батжаргал дуулах юм байна. Тус хамт олон балетын жүжигчиддээ арванхоёрдугаар сарыг зориулахаар төлөвлөжээ. “Щелкунчик” бүтээлийг манай театрын тайзнаа анх тавьсны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс ОХУ-аас балетын жүжигчинг урьж, томоохон гала тоглолт хийхээр зорьж байгаа. Энэ мэтээр УДБЭТ болон захирлынх нь ажлын урт төлөвлөгөө цааш урсана.
Ч.Мөнхзул амьдралд нь инээд нэмэх хоёр охинтой.
ЗАРЧМАА БАРИМТАЛЖ АЖИЛЛАДАГ
Ч.Мөнхзул захирал хэлье гэснээ хэлчихдэг, шулуун зантай хүн. Тиймдээ ч ажилчиддаа өндөр шаардлага тавьж, хариуцлагатай байхыг захидаг гэнэ. Энэ таван жилийн хугацаанд хэн нэгнийг илүү үзэж, тал засч яваагүй гэдгээ тодотгосон. Тэрээр “Би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хүн бүр өөрийнхөө хийх ёстой ажлаа л сайн хийвэл ямар ч асуудал үүсэхгүй, хөгжил урагшилна. Харамсалтай нь ажлын шаардлага тавихаар хийж чадахгүй, түүндээ бухимдаж, хов хөөцөлдөж амьдардаг хүмүүс байх юм. Улс төрийн байдал өөрчлөгдөх бүрт, яамны сайд, дарга, нэг мэргэжилтэн солигдох бүрт очиж миний тухай худал хов зөөж амьдардаг хүмүүс байдаг. Хоёр өдөр ажил тасалсан үйлчилгээний ажилтан ажлаас халагддаг байхад 20 гаруй хоног ажил таслаад халагдсан дуучныг ажилд нь буцааж ав гэж энд тэндээс дарга нар утасдах, эсвэл бүхэл бүтэн театрын уран сайхны зөвлөл ажлаа хийж байхад нэг дуучныг заавал ажилд ав гэж дарамтлах асуудал ч байдаг юм. Өөрсдийнх нь хүслийг биелүүлэхгүй, өөрийнх нь дураар болохгүй болохоор миний тухай ичгүүргүй худал ярьж, гүжирддэг. Ийм хүмүүс нэг бодлын их өрөвдмөөр. Гэхдээ тийм ховын үг, худал яриа намайг улам зоригжуулж өөртөө итгэлтэй болгодог” гэв. Сонгодог урлаг босго өндөртэй. Тиймдээ ч ажлаа зарчмын дагуу хийхээс хэн нэгэн өндөр албан тушаалтны үгээр хууль болон өөрийн баримталдаг зарчмаасаа ухрахыг хүсдэггүй нь захирал бүсгүйн баримталдаг зарчмын нэг. Тэрээр цааш нь “Би соёл, урлагийн менежер хүн. Муу ч үгүй мэргэжилтэн. Ерөнхий менежерийн хувьд театрынхаа чиг хандлага, бодлого болон удирдах албаа гүйцэтгээд явж байна. Намайг мэргэжлийн бус гэдэг хүмүүсийг би гайхдаг. Би театрын хөгжимчин, дуучин, бүжигчний албанд ажиллаагүй. Намайг дуулж, бүжиглүүлэх гэж байгаа юм шиг ярих нь утгагүй” гэсэн юм. Тэрээр сүүлийн таван жилд театрынхаа гадаад харилцааг хөгжүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, театрын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллажээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд дуурийн театрын уран бүтээлчид, жилдээ 140-200 гаруй хүн гадаадад суралцах, тоглолтод оролцох зэргээр цар хүрээгээ өргөжүүлжээ. Захирлынх нь хувьд жил бүр 400 саяас дээш төгрөгийн дэмжлэг, хамтын ажиллагаа олж, театрынхаа урын санд байгаагүй шинэ бүтээл, томоохон ажлуудыг санаачлан хийж байна. Хувь хүний хувьд тэр чадахгүй зүйлээ хэзээ ч худлаа амалдаггүй. Харин амласан бол заавал биелүүлдэг зантай.
Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун, түүний хүү урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын хамт.
ХҮНДЛЭЛ, ХАЙР ХАЛАМЖИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ГЭР БҮЛД ӨСЧЭЭ
Ч.Мөнхзулын ажилдаа хандах хандлага, зарчимч зан нь гэр бүлийн хүмүүжлээс үүдэлтэй юм байна. Өнөөгийн өөртөө итгэлтэй, сэтгэлдээ хүчтэй, дайчин бүсгүй маань Чулуунбат хэмээх эгэл жирийн айлын том охин болж мэндэлсэн, дороо нэг дүүтэй. Аав нь Өвөрхангай аймгийн уугуул, дулааны инженер мэргэжилтэй. Ээж нь Говь-Алтай аймгийн уугуул, бараа судлаач. Ч.Мөнхзул Улаанбаатарын унаган охин. Багадаа онц сурдаг, нийгмийн идэвхтэй хүүхэд байж. Аав нь охиноо хичээлээ хий, эрдэм сур, мэдлэгт шүт гэж захидаг бол ээжийнх нь хувьд байнга санаа тавьж, халамжилж өсгөжээ. Харин дүү нь зураач мэргэжилтэй, одоо график дизайны багш. Хэдийгээр гурван хүүхэдтэй өнөр өтгөн айлын тэргүүн болсон ч эгчдээ үргэлж балчир санагддаг тухай нийтлэлийн баатар маань ярьсан юм. Аав нь хүүхдүүдээ багаас нь номтой нөхөрлүүлжээ. Зулааг анх IV ангид Орос хэлний хичээл үзэж эхлэхэд нь “Радуга” ном авч өгч, “... Миний охин VIII анги төгсөхдөө Орос хэлийг төгс сураарай. Харин X анги төгсөхдөө дахиад нэг гадаад хэл сурчихаад төгсөөрэй” гэж хэлжээ. Охин нь энэ захиасыг нь цаг тухайд нь биелүүлээгүй ч хичээж яваа гэнэ. Ч.Мөнхзул орос, англи хэлтэй. Солонгосоор ойлгодог ажээ. Харин аав нь орос, англи хэлтэйгээс гадна бие дааж Төвд хэл сурчээ. Тэрээр аав ээжийгээ бие бие рүүгээ дуугаа өндөрсгөж ярихыг нэг ч удаа хараагүй гэнэ. Ер бусын тайван, хүндлэл, харилцан ойлголцол, хайр шингэсэн гэр бүлд бага нас нь өнгөрчээ. “Аав ээж дээрээ өдөр болгон очиж чадахгүй юм. Гэхдээ хоёр ачтан дээрээ очих өдөр хамгийн жаргалтай, сайхан байдаг. Хоёр биенээрээ тоглоом хийгээд л, ямар их ойлголцол, хайр байдаг гээч. Аавындаа очихоор инээсээр байгаад ирдэг” гэж гэр бүлийнхээ тухай сайхан дурсамжийг бидэнд дэлгэлээ. Хамгийн чухал нь аав, ээж нь охиндоо өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэх боломжийг олгосон нь өнөөгийн Ч.Мөнхзул төлөвшиж, бие даасан хувь хүн болоход нь хүчтэй нөлөөлсөн юм. Учир нь ээж, аав нь охиныхоо хүсэл зориг, шийдвэр, сонголтыг үргэлж хүндэтгэдэг.
Гэр бүлийн хамт.
IV АНГИАСАА ДУУРИЙН УРЛАГТ ДУРЛАВ
Ч.Мөнхзул багаасаа урлагт хайртай байжээ. Анх IV ангидаа Монголын багш нарын их хуралд онц сурдаг хүүхдүүдтэй хамт төлөөлөгчөөр оролцов. Орой нь багш нарыг Драмын театрт жүжиг үзүүлэхээр болоход хүүхдүүдийг дээд давхрын үзвэрийн танхим руу гаргажээ. Хөшиг нээгдэхэд бяцхан Зулаа доошоо харав. Цав цагаан даашинзтай эгч, таяг тулсан, өндөр малгайтай хүнтэй юм яриад л... Тухайн үед жаахан охины сэтгэхүйгээр ямар гоё ах, эгч хоёр вэ гэж боджээ. Хожим ухаан суугаад үзтэл “Интоорын цэцэрлэг” жүжиг байсан бөгөөд сэтгэлд нь тодоос тод үлдсэн өнөөх хоёр хүн нь Ардын жүжигчин Б.Цэрэндагва, Төрийн шагналт Н.Сувд гуай байсныг ойлгосон гэдэг. Ингэж л анх урлагийн амтыг мэдэрчээ. Харин дараагийн өдөр нь төлөөлөгчдийг Дуурийн театрт дуурь үзүүлжээ. Зулаа дахиад л дээд давхрын мухрын сандалд сууж таарав. Хөгжимчид суучихсан, олон хөгжим гялалзаад их гоё. Гэтэл өндөр, буржгар үстэй ах, урт хөх ягаан нөмрөгтэй гоё эгчтэй дуулаад л. Тэндээс сэтгэлдээ гайхалтай дулаахан мэдрэмжийг авсан гэдэг. Тэр нь гавьяат жүжигчин Д.Банди, Ардын жүжигчин Х.Уртнасан нар “Тоска” дуурьт дуулж байсныг дараа нь мэдсэн ажээ. Одоо театрынхаа дээд давхрын бэльэтаж руу харах бүртээ хүүхэд нас нүдэнд нь харагдах шиг болдог гэнэ. Энэ үеэс нийтлэлийн баатар маань урлагт ухаангүй дурлажээ. Оюутан байхдаа үргэлж дуурийн театрт ирж тоглолт үздэг тул театрын ажилчид таньдаг болчихсон, хэд хоног ирэхгүй бол гайхаж, асуудаг байж. Хэдийгээр урлагт хайртай ч тэрээр дипломат ажилтан болохыг мөрөөддөг байв. Гэвч хувь тавилан нь түүнийг сэтгүүл зүйн салбар руу хөтөлсөн юм. Багадаа шүлэг оролддог, зохион бичлэгийн тэмцээнд амжилт гаргадаг хүүхэд байжээ. Ийнхүү МУИС-ийн сэтгүүлчийн ангийг онц дүнтэй төгсч ажил, амьдралын анхны гараагаа МҮОНТ-ээс эхэлсэн юм.
“ЦЭНГЭЛИЙН ВАЛЬС” ХӨРӨГ НЭВТРҮҮЛЭГ НЬ МҮОНТ-ИЙН АЛТАН ФОНДОД БИЙ
Дөнгөж I курсээ төгсөөд анх Үндэсний телевизэд дадлага хийхээр очиход хүлээж авсан хүн нь тухайн үед программын албаны дарга байсан Монголын сэтгүүл зүйн нэртэй зүтгэлтэн Х.Наранжаргал байж. II курсээсээ жил бүр телевизийн соёл, урлагийн редакцид дадлага хийж, төгсөх курсдээ өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болж сүлжээнд оруулсан байна. Телевизэд ажилласан тэдгээр он жилүүдээс Ч.Мөнхзул олон зүйлийг сурчээ. Төгсөхдөө УДБЭТ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, Ардын жүжигчин Ж.Чулуун гуайн тухай “Цэнгэлийн вальс” гэж хөрөг баримтат кино хийж дипломоо “Онц” дүнтэй хамгаалсан юм. Хүүхэд байхдаа анх театрт үзсэн балет “Уран Хас” байж. Хожим нь тэр балетыг зохиосон эрхэм хүнтэй уулзаж, амьдралынх нь ховор сайхан дурсамжийг сонсч, үг зөвлөгөөг нь авах боломж гарсан нь тэр байв.
“Цэнгэлийн вальс” хөрөг нь “Сайн” дүнтэйгээр МҮОНТВ-ийн алтан фондод одоо хүртэл бий.
СЕРБИЙН ТЕАТРТ ТЕАТРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧИГЛЭЛЭЭР ДАДЛАГАЖСАН
Ч.Мөнхзулыг телевизэд ажиллаж, теледрамын бүтээлүүд амжилттай туурвиж эхлэхэд захирал н.Даваасүрэн найруулагч, Программын албаны дарга байсан Ө.Нарангэрэл нар дэмжиж урам өгдөг байжээ. Энэ нь зохиол бичих хүсэл, зоригийг нь улам тодруулж, түүнээс хойш 10 гаруй баримтат болон мөн тооны уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн 13, 26, 40, 25 ангитай теле цувралын зохиолыг дангаараа болон хамтарч бичсэн байдаг. Ч.Мөнхзул сэтгүүлчээс гадна кино продюссер. Тэрээр таван кинонд продюссерээр ажилласан. Анхны бүтээл нь “Үнсэлт” уран сайхны кино юм. Энэ бүтээлийг Австрийн зураач Г.Климтийн “Үнсэлт” зургаас сэдэвлэн бичжээ. Тэр кино тухайн үедээ нэг дор хамгийн их үзэгч цуглуулсан киногоор шалгарч байлаа. Мөн “Усны үнэр” кино нь Төв Ази Кавказын кино наадмаас шүүгчдийн шагнал хүртсэн. Үүнээс гадна “Хадаг”, “Антиподы” зэрэг олон улсын кино төслүүдэд продакшн координатор, ассистант продюсерээр ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч. Тэрээр соёл урлагийн менежментийн сертификатын сургуулиудад суралцаж, АНУ-ын хойд Каролинагийн Дюкийн их сургуульд театрын продюссероор дадлага хийсэн юм. Мөн Сербийн “Дах” театрт хараат бус театрын менежментийн чиглэлээр ажиллаж дадлагажсан юм байна. Иргэний нийгмийн байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа НҮБ, ЮНЕСКО, Европын холбооны зэрэг дэлхийн том байгууллагын төслүүд дээр ажиллаж байсан гэв. Театрын даргаар томилогдохоосоо өмнө ЮНЕСКО-гийн Бээжин дэх оффист Монголыг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэр үедээ хийсэн том ажлуудын нэг нь МҮОНТ-ийн II суваг. Одоо бол театр амьдралынх нь нэгээхэн хэсэг болоод байна.
19 НАСТАЙ ЭЭЖ
Ажил, амьдралын хувьд ийм замналтай хөдөлмөрч бүсгүй маань хоёр охинтой. Том охиноо 19 настайдаа төрүүлжээ. Тэр гэнэн залуу насны гал халуун дурлал байсан. Итгэсэн, итгэл алдарсан, хувийн амьдралдаа цэг тавьсан. Гэвч сэтгэл зүрхийг булааж, хайрыг нь эзэгнэж явсан тэр хүнээс үлдсэн, амьдралд нь оч болон харваж ирсэн охид нь амьдралынх нь утга учир ажээ. Хэдийгээр аав ээж нь хань болохгүй хүн гэж хэлж байсан ч өөрийнхөө сонголтод итгээд үзэхээр шийдсэн залуухан бүсгүйн сэтгэл. Гэвч тэрээр өнгөрсөн амьдралдаа харамсдаггүй. Амьдрах, инээх шалтгаан болж яваа хоёр үрээ харах бүртээ хэн нэгнээс бурууг хайхыг хүсдэггүй гэдгээ ярьсан юм. Тэдгээр хэцүүхэн он жилүүдэд өөртөө зав өгөлгүйгээр ажилдаа анхаарч, ажлаасаа сэтгэлийн амар амгаланг авч өөрийгөө цэнэглэдэг байжээ. Хоёр охин нь эмээ өвөө дээрээ өсч, өдгөө гадаадад өөр, өөрийн мэргэжлээр сурч байна. Охидоо харах бүртээ ээжийнхээ үүргийг хэр сайн биелүүллээ гэж өөрөөсөө асуудаг гэнэ. Ээжийн хувьд охидоо сайн, сайхан яваасай гэж залбирдаг ч шийдвэр сонголтод нь нөлөөлөхийг хүсдэггүй гэсэн. Түүний хувийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Монголын нэр бүхий найруулагчтай амьдралаа холбосон боловч бие, сэтгэлийнхээ хувьд хохироод үлдсэн гашуун дурсамж ч бий. Гэхдээ Зулаа юунд ч бууж өгдөггүй. Үргэлж инээж явдаг. Ч.Мөнхзулд хүчтэй эрчүүд таалагддаг. Гэхдээ энэ нь эд мөнгө, эрх мэдлийн хувьд биш, харин дотоод сэтгэл, зан чанарынхаа хувьд өөрөөс нь илүү хүчирхэг хүнийг тэр хүндэлдэг. Монголын сонгодог урлагийн уурхай болсон УДБЭТ-ыг омог бардам, өөртөө итгэлтэйгээр удирдаж буй шавилхан бүсгүйн амьдралын хуудас сонирхолтой байсан гэж найдъя. Цаашдаа олон уран бүтээлийг энэ хамт олонтойгоо туурвиж, ард нь гарах ухаан түүнд бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин