Д.ЦЭРЭННАДМИД
Зураач, сэтгүүлч, инженер Л.Өлзийбаттай ярилцсан хойно “Нэг сайн шог зураг мянган үгтэй тэнцэнэ” гэсэн үгийг хэлмээр санагдсан юм. Энэ санаа төрүүлсэн ярилцлагаа толилуулья.
-Өөрөө ер нь хэдийнээс зураг зурж эхэлсэн бэ?
-Миний яриа үлгэр мэт сонсогдож магадгүй л дээ. Яагаад гэхээр би бүр багаасаа харандаа, цааас олдвол л зураг зурдаг хүүхэд байлаа. Ижий минь надад цэцгэн хээтэй эрээн даавуугаар өнгөлсөн бүчтэй том хавтас хийж өгсөн. Түүндээ л хадгалдаг байсан. Аль тэртээ 1963 онд зурж байсан зураг ч бий. Нимгэн дэвтэрийн ч хамаагүй цаас л бол цаас. Олдсон бүхэн дээр зурна. Сталины зургийн ар дээр хүртэл зурсан зураг байна шүү надад.
-Зураач болох л хүсэлтэй байсан хэрэг юм аа даа?
-Зурах л хэнээтэй байж. Хэдийгээр эрчим хүчний инженер болсон ч зурсаар өдий хүрлээ. Ерөөс миний амьдралын гол чиг шугам зураг болж таарсан юм шүү дээ. Мэргэжлийн ажлынхаа хажуугаар завандаа зураачийн хөдөлмөрт илүү их цаг зарцуулж дээ. Одоо бодоход.
-Анхны юм мартагдах биш дээ. Хэвлэлд бүтээлээ гаргасан тэр цаг чинь хэзээ бол...?
-Есдүгээр ангид байхдаа зурсан нэг плакат маягийн зураг маань “Пионерийн үнэн” сонинд гарч бөөн баяр болж байсансан. Тэгээд 1977 оноос “Тоншуул” зэрэг хэвлэлд зургаа өгч эхэлсэн. Тухайн үеийн сонин, сэтгүүлд шог зураг их гардаг байлаа. Даангүй улс төрийн сэдэвтэй шог зураг.
- “Үнэн” сонинд хүртэл ажиллаж байсан гэдэг биз?
-Тиймээ. “Үнэн” сонинд бараг долоон жил зураач, уран сайхны редактор гэдэг албатай явлаа. Дараа нь “Уриа” компани байгуулагдахад тэнд очсон. 1993 онд юм уу даа, хошин урлагийн нэгдэл рүү шилжсэн. Тэгээд “Хошин урлаг” гэж сонин гаргаж байлаа. Даанч хэдхэн дугаар гаргаад хаалгачихсан. Уг нь гэм замгүй эерэг сонин байсан юм. Тэр үед “Азтай бадарчин”-гийн эхний тоглолтуудыг зохион байгуулалцаж байв. За тэгээд түүний дараа зураачдын дунд очиж гудамж, талбайн самбар нэг хэсэгтээ зурав.
Сүүлдээ мэргэжлийн ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Харин зураг зурах маань улам идэвхжсэн.
-Бид хоёр зураг л гэж яриад байна. Чухамхүү ямар төрөл өөрийн чинь бүтээлд голлодог юм бэ?
-Шог зураг, нөхөрсөг элэглэл юм шүү дээ. Монголын шог зураачид 1980 оноос нийгмийн гажуудалтай тал нь ийм байна гэдгийг хөндөж байсан. Тэдний нэг нь би юм даа.
-Үзэсгэлэн, ном олон уу?
-1993 онд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Цагаан хэрээ” нэртэйгээр гаргаж байлаа. 1910 онд бас “Цагаан морь улаан туг” гэсэн үзэсгэлэнгээ дэлгэсэн. Өнгөрсөн жил Францад сүүлийн үеийн уран бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн гаргалаа. Ном бол бас олоон. Анх Тангадын Галсан гуайтай хамтарч “Өвдөг шороодохгүйн нууц” нэртэй бөхийн элэглэл ном гаргаснаас хойш шог хийгээд хөрөг зургийн хэд хэдэн ном гаргаж дээ. Тухайлан хэлэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ц.Байдытай хамтарч 2006 онд “Цахилгаан шугам сүлжээнийхэн” гэдэг 80 гаруй хөрөг зурагтай ном хийсэн. Ер нь Ц.Байды гэдэг аугаа хүнээс би их юм сурсан даа. Шог зургийн багш чинь хэн бэ гэвэл тэр хүнийг хэлнэ.
-Ц.Байды ер нь олон шавьтай хүн дээ.
-Тийм. Зүгээр нэг шог зураач төдий биш уран сайхны олон зуун бүтээл хийсэн хүн. Бас өгүүллэг, шог найруулал ч бичнэ. Мундаг хүн дээ Байды багш.
-Таны бүтээл “Монголын их эмгэнэл” гэсэн шог зургийн цомог олон хүнд хүрсэн гэж дуулсан юм.
-Одоогоос гурван жилийн өмнө уг цомгийг хийж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд хүртэл хүргэсэн. Өнөөгийн Монголын улс төр, нийгэмд оршиж байгаа дутагдал, доголдолтой, олон түмний бухимдал төрүүлээд байгаа сэдвүүдийг эшлэл болгож зурсан 50 гаруй зураг энд орсон. Миний хувьд цуглаан хуралд очоод үг хэлэх биш, төр, засгийн томчуултай тэр болгон уулзах биш уулзаад ч зураг шигээ ярьж чадахгүй. Иймээс л бодол санаагаа энэ цомгоороо хүргэх гэсэн юм. Хүн бүхний нэр дээр шуудангаар тэр цомгоо илгээсэн дээ.
-Цомгийг чинь авч үзээд хариу ирүүлсэн хүн олон уу?
-Яахав. Хоёр гурван хүн ярьж л байсан. Ганц нэг нь баяр хүргэх шиг. Уг нь би бодлого тодорхойлох хүмүүсийн ажил үйлд тус болох санаатай байсан. Гэтэл зарим нь “Та юундаа эмгэнээд байгаа юм. Тэтгэврийн бэлэн мөнгө аваад зүгээр сууж байж” гэх маягаар хандсан даа. Тэгэхлээр нь өнөөгийн энэ дээдчүүл чинь ардынхаа үгийг ер тоохоо байсан юм байна гэж л ойлгосон шүү. Өнгөрсөн жил Францад үзэсгэлэнгээ гаргаад баруун Европоор жаахан явлаа. Гадаадынхан чинь шог зургийг их үнэлдэг юм байна гэдгийг харлаа, үзлээ. Шог зургийн хоёр дахь цомгоо Cartoon нэртэйгээр хэвлүүлж ганзагалаа болгосон.
-Одоо хийж байгаа уранбүтээлээсээ танилцуулна уу?
-Манай эрчим хүчний “Электроком” гэдэг компани бий. Тэр компанийн захирал Гончигсүрэн гэдэг залуугийн ах нь Баатар гэж бидэнтэй хамт ажиллаж байсан хүн байлаа. Байлаа гэдгийн учир гэвэл тэр ажлаа хийж яваад бие барсан юм. Уг компанид Херо нэртэй хүүхэд, эцэг эхчүүдийн амралтын төв байдаг. Тэндээ амрагч хүүхдүүдэд зориулж, ахынхаа дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Херо” гэсэн хүүхдийн цуврал 21 ном гаргахаар болж надад хандсан юм. Уг саналыг би хүлээж аваад “Херо” гэдэг уран бүтээлийн нэгдэл байгуулаад ажилдаа орсон. Зохиолч нь А.Амарсайхан (“Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны эзэн) ерөнхий зураач нь би, дижитал зураач нь Цолмон гэдэг залуу байгаа. Одоо “Будаа идэхийн гай”, “Дэлхийн аврагчид”, “Зуун андуурсан аравт” гэх зэрэг дөрвөн ном гаргачихаад дараагийн хоёр нь хэвлэлтэд байна. Ер нь хэцүүхэн хөдөлмөр юм. Гэхдээ ард нь гарна гэж бодоод зүтгэж байна. Уг нь зураг зурах гэдэг миний сонирхлыг түшсэн ажил л даа. Бүтэн хоёр жилийн хугацаанд 21 ном гаргана гэсэн зорилготой байна.
-Энэ том ажлыг хийх явцад шог зураг зурах завгүй л байна уу?
-Түүнийгээ яалаа гэж орхихов дээ. “Барилгын чанар”, “Утаагүй түлш”, “Хүүхдийн бага насны боловсрол” гэх сэдвүүдээр хийсэн багц зургууд байж л байна.
-Шог зураг хэр гүйлгээтэй байдаг юм бэ?
-Шог зургаар хэн ч мөнгө олохгүй ээ. Уран зургийг авахаас шог зургийг хүн худалдаж авна гэж байдаггүй юм билээ. Үзээд л тэр дор нь ухаарч ойлгочихдог болохоор л тэр байх. Уг нь шог зураг шиг хүчтэй бүтээл ховор гэж хэлэх байна. Өнөөгийн улстөрчдийн хэлээд, хэрэлдээд байгаа олон зуун үгийн оронд нэг сайн шог зураг их ухаарал өгнө дөө.
-Өөрийн чинь шог зургийн бүтээлийг сониндоо тусгай булан нээж олон түмэнд хүргэе гэвэл болох уу?
-Бололгүй яахав. Дуртайяа зөвшөөрнө.