Ihotel.mn сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх  захирал С.Эрдэнэбаттай  ярилцлаа.

-Танай  вэб сайтыг Монголын зочид  буудлуудын мэдээллийг нэгтгэсэн томоохон сайт гэж  сонссон. Монголд шинэлэг энэхүү үйлчилгээг анх санаачлах болсон талаар яриагаа эхлэе?   

-Ihotel.mn сайт маань хоёр жилийн өмнөөс үйл  ажиллагаагаа  эхлүүлсэн. Бид гадны болоод дотоодын  жуулчдыг зочид буудал, амралтын газартай интернэтээр холбох зорилготойгоор энэхүү сайтаа үүсгэн байгуулсан. Товчхондоо  бол  Монголын www.booking.com  гэж хэлж болно. www.booking.com нь дэлхийн хэмжээнд зочид буудал захиалгын хамгийн том сайт. Манайх зочид буудлын захиалгын системийг Монголдоо  хамгийн анх нэвтрүүлсэн. Зочид буудлуудын байршил,  үнэ ханш зэрэг бүх мэдээллүүд байгаа учраас онлайнаар шууд захиалах  боломжтой. Дэлхийн  хэмжээний сая гаруй  зочид буудалтай хамтарч ажилладаг /booking.com/ /agoda.com/ зэрэг томоохон сайтуудтай бид албан ёсоор түншлэн ажиллаж байгаа болохоор гадагшаа аялахыг хүсч байгаа хүмүүс манайхаар дамжуулан зочид буудлаа захиалах боломжтой.  Нөгөө талдаа гадны жуулчид Монголд ирэхдээ манайхаар  дамжуулан зочид буудлаа захиалах боломжтой юм. Гадны жуулчид жуулчны компаниар зуучлуулан Монголд ирдэг байсан бол, зочид буудал, нислэгийн билет, машины үйлчилгээгээ жуулчид өөрсдөө интернэтээр   захиалах хандлага руу шилжээд байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад аялагчдын 80 гаруй  хувь нь интернэтээр өөрсдөө захиалсан байдаг.

-Монголын зочид буудлуудын үйлчилгээ болон стандартын тал дээр та юу хэлэх вэ? 

-Бид өнгөрсөн хугацаанд 80 гаруй зочид  буудалтай хамтарч  ажиллалаа. Үнэндээ бол гадны зочид гэхээрээ хаана ч байхгүй тансаг хэрэглээ шаардаад байдаггүй. Монголчуудтай л адилхан цэвэрхэн тав тухтай орчин,  интернэтийн хурд сайн байх, үйлчилгээ сайн байх зэрэг энгийн шаардлагуудыг л тавина. Монголын зочид буудлууд  тохижилт дэд бүтцийн хувьд чамлахааргүй сайн болсон. Харин үйлчилгээний  соёл дутаад байна. Ганц зочид буудал ч гэлтгүй аялал жуулчлалын салбарт үйлчилгээний соёл муу байна.  Гадны  жуулчдын  ихэнх нь Монголд анх удаа ирж байна гэдэг. Анх удаа ирж байгаа хүмүүст зочид буудлын том жижиг байх нь ямар ч хамаагүй. Тэдний хамгийн их анхаарч  шийдвэр  гаргахад  нөлөөлдөг  зүйл  нь өмнөх зочдын сэтгэгдэл байдаг. Тэр сэтгэгдэл сайн байх  тусмаа илүү их зочин авах боломж бүрдэнэ. Бид жуулчдын сэтгэгдэл дээр үндэслэн зочид буудлуудад энэ талаарх зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Ресепшен, зохион байгуулагчдын харилцаа, англи хэлний мэдлэг, интернэтийн хурд зэрэг шийдэж болох жижиг асуудлуудаа засч сайжруулаад явбал олноор нь жуулчин авах  боломж Монголд бий..

-Монголынхоо 80 гаруй буудалтай хамтарч ажилладаг гэхээр чамлахааргүй сонсогдож байна. Хамгийн ихдээ хэдэн жуулчин хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн бэ?

-Томоохон ажлуудаасаа дурьдвал өнгөрөгч онд, АСЕМ-ийн  уулзалтын үеэр 1000  гаруй зочдын зочид буудлын захиалгыг хариуцан ажилласан. Удахгүй  зургаан сард болох JCI байгууллагын  Ази  номхон  далайн орнуудын бүсийн уулзалтад оролцох 4000 гаруй зочдын зочид буудлын  захиалгыг  хариуцаад  явж байгаа. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж хамтын ажиллагаатай сая гаруй буудлын танилцуулга мэдээллийг оруулахаар вэб сайтдаа  шинэчлэл  хийж байна. Ингэснээр монголчуудадаа  ямар ч  нэмэлт  төлбөргүйгээр зочид буудал захиалж өгөх ач холбогдолтой  юм. Зөв  байршилтай, үйлчилгээ сайтай, хямд буудлыг үйлчлүүлэгчиддээ  санал болгодог.

-Монголыг нүүдэлчний соёл, онгон зэрлэг байгалиараа олон улсын  анхаарлыг татдаг, аялахад таатай орны нэг гэж үздэг. Таныхаар жуулчдыг татах хамгийн зөв шийдэл нь юу вэ? 

-Хотын соёлоороо гэхээсээ илүүтэй судлагдаж  нээгдээгүй аж амьдрал, түүх соёл зэргээ  сайн  сурталчлах хэрэгтэй санагддаг.

Байгалийн сайхныг  үзэх гэж жуулчид  ирдэг гэвэл  худлаа  юм билээ. Швейцарь, Шинэ Зеланд зэрэг үзэсгэлэнтэй байгальтай улс орон олон  байгаа. Монголд  ирдэг жуулчдын ихэнх нь судлагдаж нээгдээгүй ахуй амьдралыг үзэх  гэж ирдэг. Америкийн  Динозаврын музейн олдворуудын 70 гаруй хувь нь Монголын  говиос олдсон байдаг. Тэгэхээр бид үлэг  гүрвэлийн  парк  байгуулж жуулчдыг татаж яагаад болохгүй гэж. Нөгөө талдаа Монгол Улсыг нүүдэлчдийн төв гэдэг. Тэгэхээр  бид нүүдлийн соёлоо харуулсан шинэлэг үйлчилгээнүүд нэвтрүүлбэл жуулчид татагдана. Түүнийгээ дагаад зочид буудал, ресторан, худалдаа үйлчилгээний салбарууд хөгжих боломж бүрдэнэ. Урд хөршөөс гэхэд л 80 гаруй сая жуулчин дэлхий даяар аялж байхад, ядаж сая жуулчинг нь Монголд аялуулья. Хятад жуулчид Монголыг их сонирхдог ч визний  жижиг асуудлаас болоод ирэхгүй байна.

-Танайх үйлчлүүлж байгаа гадны жуулчдаасаа судалгаа авдаг гэж түрүүн  хэлсэн. Зочид буудлаас гадна аялал жуулчлалын салбарт тэд ямар дүн тавьдаг вэ? 

- Жилдээ 400  мянган  жуулчин ирдэг. Монголд  ирж байгаа жуулчдын  дийлэнх нь анх удаа ирж байгаа ч дахиж ирэхгүй байгааг эндээс харж болно. Тэгэхээр  Монголын аялал жуулчлалын  байгууллагуудын  үйлчилгээ муу, үзэх  харах  юм байхгүй байгаатай холбоотой. Жуулчдад үзүүлэх талаасаа Хөвсгөл,  Говь гэсэн хоёрхон маршрут байдаг. Уг нь манайх  нээгдээгүй шинэ өвөрмөц соёлтой,  өвөрмөц газар нутагтай гэдгээрээ аялагчдын анхаарлыг татдаг улсын тоонд ордог юм билээ. Аялагчдыг дотор нь адал  явдал  хайгч, байгалийн сайхныг сонирхогч, соёлтой танилцах гэх зэргээр ангилж төлөвлөөд ажил  хийвэл илүү амжилттай байх болов уу. Миний анзаарснаар экстрем  буюу адал  явдал  хайгчид Монголыг их сонирхдог. Аялал жуулчлалыг хөгжүүлэх  стратегиа гаргаад зөв ажиллах  юм бол маш ирээдүйтэй салбар.  Шинэ Засгийн газар энэ тал дээр анхаарч дөрвөн сая жуулчин авах зорилт  тавин ажиллаж байна. Үүнийгээ дагаад зочид буудал,  нисэх  онгоцны билет, жуулчны бааз, ресторан,  такси  зэрэг гол хэдэн үйлчилгээний салбар хөгжөөд ирнэ.

 -Монголд такси үйлчилгээ үзүүлдэг компани  олон байдаг ч стандартын  такси  компани бараг байдаггүй. Жуулчдад үйлчлэх такси үйлчилгээний тухайд та  юу хэлэх вэ? 

- Аялал жуулчлалын  салбарт  таксины  үйлчилгээ  маш чухал. Гэтэл энэ үйлчилгээ Монголд  үндсэндээ байхгүй  гэж хэлэхэд болно. Зочидтой  зүй  бусаар харьцах, илүү  төлбөр  авах асуудлууд их гардаг. Онгоцны буудлаас таксидаад 20000 төгрөг гарах  газар манай зочноос 80 ам.доллар нэхсэн  тохиолдол ч гарч байсан. Энэ нь жижиг асуудал  юм  шиг  боловч  маш их хохирлыг араасаа дагуулж байдаг. Энэ мэт асуудлуудаас болж манайхыг зорих жуулчдыг бид үргээж байгаагаа мэддэггүй. Холбогдох  байгууллагууд нь  энэ асуудлыг журамлаж, зохицуулах ажлыг хийхгүй  бол жуулчид Монголоос дайжсаар байх  болно.

- Технологийн компаниуд маш том амбицтай алсын хараатай байдаг.  Танай компанийн алсын хараа юу вэ? 

-Бид Монголынхоо зочид буудлын онлайн захиалгын гол тоглогч болох зорилготой ажиллаж байна. Алсдаа  аялал жуулчлалын салбар руу орно. Ирээдүйд зочид буудлын салбар өөрчлөгдөх хандлагатай байна. Саяхан дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Airbnb вэб сайт хэдхэн  жилийн  дотор  20 тэрбум ам.долларын  үнэлгээнд хүрч чадлаа. Байраа  жуулчдад түрээслэх үйлчилгээг зуучилдаг тус сайт дэлхийд хүчтэй гарч ирлээ. Жуулчид үнэтэй буудалд буухаасаа илүүтэй 1-7 хоногоор байх түрээслэн амьдраад явахыг илүүд  үзэж байна.  Тэгэхээр бидэнд ч  ялгаагүй энэ салбар руу орох  цаг үе удахгүй ирнэ.