Ярилцсан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, орчуулагч Б.ХИШИГ-УНДРАЛ  

Наран цонхтой хорвоогийн мөргөлийн сүм шиг сэтгэлд дотноТверской-25” хэмээх шагай шиг шаргал байшин Москва хотын төвд оршном. Ганцхан дусал бэхээрээ ч хүн төрөлхтөнг мөнхөлсөн олон арван суу билигтнүүд Тверийн бульварт дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулиас жигүүрлэноюун санаанытэнгэрийг эзэгнэнхэн төрсөөр л байна.

Цаг ямагт оюуны гэгээрэлд урин дуудах энэ сургуулийн танхимд цугларсан олон оюутан залуус нэгэн хүнийг хүүгээ санасан эхийн сэтгэлээр хүлээх ажээ.

Тэр хүн хэн бэ?... Оросын урлахуйн ухааны эрдэнэсийн чулуунд нэрс нь бичигдсэн Е.Евтушенко, А.Вознесенский, Р.Рожденственский нарын хамт зуузай холбон яруу найргийн ертөнцөд гарч ирэхдээ.

Би ганцаараа биш,

бид олуулаа

Билгийн зулыг минь

        Ахматова түшиж

Бэсрэг шүлгүүдийг маань

      Пастернак уншиж

Бээрсэн гарыг нөхдүүд минь атгалаа хэмээн эрмүүн сэтгэлээр дуу алдсан яруу найрагч Белла Ахмадулина билээ.

Эрхэмсэг яруу найрагчийн гүн гүнзгий, найргийн нандин хийцтэй шүлгүүдэд хүний сэтгэл санаа, бодол хүсэл, найдлага, түгшүүр, төгөлдөр бусыг гэтлэн, төгс төгөлдөрт тэмүүлсэн тэмцэл харагдаж байдаг.

Бодож, сэтгэж, зовж, шаналахын тулд амьдардаг халуун уурхайд бэх, үзгийг   бичгийн   цаастай   “нөхцүүлсэн”   Белла   Ахмадулинагийн   “Чавхдас”, “Хөгжмийн хичээл”, “Гандаагүй сарнайхэмээх номуудад нь уншигч түмэн өөрсдөөхайрзарласан юм.

Оросын яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнг авьяас билиг, үзэл бодлоороо чимэглэсэн энэ эрхэмсэг найрагчтай хийсэн уулзалтын дараахан аяга халуун кофе ууж морь сарлагны бөглөө мултлан хундага тулган ярилцсан бидэн хоёрын ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэхийг минь зөвшөөрнө үү.

-Белла Ахмадулина, одоогийн зах зээлийн үед яруу найргийн ундарга ширгэлээ, дууслаа гэж хүмүүс их ярих боллоо. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?...

-Яруу найргийн ундарга ширгэлээ, эсвэл удахгүй ширгэнэ гэдэгт би хэзээ ч итгэж чадахгүй. Миний хувьд ийм таамаглал нь утгагүй зүйл гэж боддог. Хөгжим, яруу найраг, яагаад ширгэж үгүй болох юм бэ? Зөвхөн амьдралтай л хамт үгүй болж болох юм. Амьдрал бүх аюул, зовлонг давж чадна гэдэгт итгэмээр байна. Хэрэв яруу найрагт дур сонирхол буурсан тухай ярьж байгаа бол энэ нь надад огт хамаагүй. Яагаад гэвэл намайг уншдаг уншигчдын хүрээ төдий их өргөн байж чадаагүйд ч байж болох юм. Гэвч энэ хүрээ өөрчлөгдсөнгүй. Миний бүтээлийг маш хялбар байдаг гэж хардахаар өргөн хүрээ биш л дээ. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүд маань сонсохоос илүү уншихад зориулагдсан юм.

Би цөөн удаа нийтийн өмнө уншдаг болсон. Энэ нь миний хувьд сайхан байна. Би өөрийн уншигчдаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Гэвч миний хувьд зохиолоо бичих хамгийн тааламжтай үе болон орон зай бол ганцаараа байх боломжууд. Амьдралд минь янз бүрийн өршөөлгүй байдал тохиолдоход энэ нь уран бүтээлээ туурвихад минь их аз болдог байв.

Энэ үед надаас хэн ч сурвалжлага авдаггүй, хэн ч намайг сонирхдоггүй байсан. Би тухайлбал Тарусад эсвэл Сортавалад чимээгүйхэн амьдран сууж байлаа. Ийм янзаар он жилүүд өнгөрсөөр. Сортавалад өнгөрөөсөн нэг сарын дотор шүлгийн бүхэл бүтэн ном бичсэн. Гэвч намайг өршөөлгүй байдалд орсныг хэтрүүлэн ойлгож хэрэггүй. Жинхэнээрээ бол бүр өөр зүйл бололтой. Энэ бол хүмүүсийг чадах ядахаараа тарчлааж, зовоохыг хэлдэг юм.

-Манай зуунд яргачлал ихэд дэлгэрлээ. Энэ аймшигтай биш үү?

-Миний төрсөн 1937 оныг хамгийн их цус асгаруулсан цуст он гэж тооцдог юм. Өмнөх болон хойтох жилүүд ч гэсэн магтахаар биш байсан. Гэвч би энэ үед төрсөн боловч үүнийг мэдээгүй байсан бололтой. Би төрж, бусад нь амь эрсэдсэн. Тэр ч байтугай надаас төдий л их ах биш байсан Вася Аксёнов зовлон үзсэн гэсэн бодол намайг сүүлд үргэлж шаналгадаг байв. Дараа нь дайн болсон. Бөмбөгдөж, буудаж байв. Бөмбөгнөөс хоргодох байранд эмээ маань нададВиб”-г уншиж өгдөг байсан. Аймшигтай байсан боловч бөмбөгнөөс хоргодох байранд би огт айгаагүй нь хачирхалтай. Харин ч биднийг амьдралаас хөндийрүүлж, газар дэлхийн айдсаас холдуулж байжээ. Үүнээс гадна эмээ маань үлгэр уншиж өгдөг байв. Тэгэхдээ ах дүү Гриммийн үлгэрүүдийг герман хэл дээр уншдаг байсан.

Багадаа би Диккенс, Лесковыг унших маш дуртай байлаа. Лесков бол одоо ч гэсэн миний хайртай зохиолчийн нэг нь хэвээрээ байгаа. Би санамсаргүйгээр Лесков, Платонов хоёрыг харьцуулдаг. Тэдний хэл нь бидний мэдэх (заримдаа Далийн мэдэх) орос хэлнээс илүү өргөн, хурц, тодорхой юм шиг надад санагддаг гэдгийг товчхон дурдмаар байна.

Өөрөө бий болж, өөрөө өөрийгөө үржүүлсэн, шим тэжээлтэй энэ хэл бол үгийн тухай миний бодлыг цаг ямагт тэтгэж, хүмүүжүүлж, асрамжилж, албадаж, торниулж байсан юм.

-Магадгүй, тийм ч учраас таны амьдралд хандах хувь хүний харьцаа ийм ил тод байгаа ажээ. Гэхдээ таныг номхон хүлцэнгүй гэж хэлж болмооргүй байна?

-Санаатайгаар зохион байгуулсан эсэргүүцэх ажиллагаанд би хэзээ ч оролцож байгаагүй. Гэхдээ би өөрийнхөөрөө зүтгэж явлаа. Хүлцэнгүй номхон ойлголтод би огт тохирохгүй. Магадгүй, миний төрсөн жил, дараагийн он жилүүд үүнд буруутай байж болох юм. Цус холилдсон байдал, намайг анхнаасаа бүрэлдүүлж байгаа юм бүхэн минь тойрон хүрээлж байгаа амьдрал хүртэл миний өөрийн сэтгэл дотор минь оршиж байгаа амьдрал билээ.

Эхлээд намайг таны сурч байгаа энэ М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд амархан бөгөөд сүртэй нь аргагүй элсүүлж авсан юм. Би өөрөө ч чадахгүй, давтан хэлж зүрхэлмээргүй тийм үгээр Сельвинский миний авьяас чадварыг өндрөөр үнэлж бичсэн билээ.

Харамсалтай нь миний шүлгүүд энэ их өгөөмөр дүгнэлтэд тохирохгүй байсан юм. Тэглээ ч гэсэн энэ бүхэн хурдан дууссан. 1956 оноос эхлэн миний нас тогтож эхэлсэн юм. Энэ үедээ юм бүхэн туяа цацруулсан мэт байдаггүйг би ойлголоо. Ямар нэгэн сонголт хийх шаардлагатай болов. Би санаатайгаар шийд гаргахаас зайлсхийж байв. 1959 онд Пастернакийг үхэлд хүртэл нь доромжлон бахаа хангасан захидалд гарынхаа үсгийг зурахаас татгалзахгүй байж чадаагүй юм. Байгалиас заяасан зөнгөөр болсон энэ явдал маань та нарын сурч буй энэ сургуулиасаа хасагдаж, мөн надад ивээлтэй байсан Сибирь нутагт сурвалжлагчаар ажилласан зэрэг явдлуудын утгыг товойлгон сүржигнэх гэж би огтхон ч бодоогүй.

Иймээс би Василий Макаровичийн уйгагүй хүсэлтээр В.Шукшины кинонд тоглосон юм. Кино зохиолын анхны хувилбарт би сэтгэлийн ямар ч хөдлөлгүй, ихэмсэг зантай өрөвдөхийг мэддэггүй хотын нэгэн эмэгтэйн дүрд тоглох ёстой байв. Кино зургийг авч дууссанаас нэлээд хойно В.Шукшин кино зураг авсан материалын дагуу кино зохиолоо хэвлэлд зориулан өөрчилсөн юм.

-Белла Ахмадулина Таны бүтээлийг хэвлэгдсэн үеэс эхэлж шүлгийг тань засварладаг байсан гэдэг яриа олны дунд өнөөг хүртэл үргэлжилсээр л байна. Энэ бүхэн хэр үнэн юм бэ?

-Цөөнгүй шүлгийг минь эвдсэн. Заримдаа ядарсан үедээ тэгэхээс дээ гэж гараараа дохидог байлаа. Засвар оруулахыг тулган хүсдэг байв. Хүний мөсийг минь биш шүлгийн уялдааг минь алдагдуулдаг байсан. Тэдэнд шүлэг болгонд минь ямар нэгэн нууц зүйл, сануулга байгаа мэт санагддаг боловч би тийм зүйлийг огт хийдэггүй, зөвхөн ариун сайхан сэтгэл зүрхээрээ л бичдэг байсан.

Би бичсэн бүтээлээ хэвлүүлэх гэж яардаггүй байсан юм. Надад тийм шунал ч байгаагүй. Ухаантай төрсөн зохиолч, яруу найрагч  нөхөд минь намайг хэвлүүл, хэвлүүлэх хүсэлгүй хүн байдаггүй юм гэж ятгана. Зарим нь мэргэжлийн яруу найрагч биш гэж зэмлэж байв. Хэвлүүлэхдээ дургүйцэж байгаа юм биш ээ, харин явж гуйж чадахгүй гэж би хариулдаг байв. Миний өмнөөс гуйдаг хүмүүс ч байлаа. Хамгийн их хөөцөлддөг нь Антокольский юм.

Угийн бичиг”-т минь нэг бяцхан хэсэг байдаг. Би түүнээс маш их ичдэг. Яагаад гэвэл түүнийгЮностьсэтгүүлд бөөнөөрөө зохиож хэвлүүлсэн юм. Сэтгүүл гаргадаг бүх хүмүүс цуглаж суугаад найруулаад л байна гэнэ. Энэ бяцхан хэсэггүйгээрЮностьшүлгийг минь хэвлэж чадахгүй байв. Хэсэг нь бяцхан ч гэсэн уг яруу найрагт зуу зууны заагийг тодорхойлсон бөгөөд Сибирийн нэг гамназийн оюутны тухай ч байсан юм.

Сэтгүүлийнхэн энэ бүхнийг зохиож байхдаа их л инээлдэж байсан юм. Их инээдэмтэй биш байлаа. Би ингэсэндээ өөрийгөө ч уучилж чадахгүйгээс гадна ингэж зохиогдсон бүлгээс болжУгийн бичигбүтээлдээ дургүй болсон юм.

-Орос орон таны хувьд юу билээ?

-Миний цорын ганц эрдэнэ бол орос хэл, яриа билээ. Энэ бол Орос хэл. Зөвхөн үүгээр л эх орон, бахархан нэрлэсэн газар шорооны тодорхой хэсэгт хүн өөрөө харьяалагддагаараа тодорхойлогддог юм. Надад олон төрлийн цус холилдсон ч гэлээ би орос хүн. Өөрийн мэдрэмж, бүтэц, ээж, эмээ, паспорт, элэнц хуланцаараа ч гэсэн би орос хүн шүү.

XIX зууны эхний хагаст Орос оронд суурьшсан Итали хүний цус аажмаар жижгэрсээр тэдний судсаар урсаж байсан юм. Миний эцэг Казань нутгийн татар хүн. Намайг төрөх цагт орчны нөлөө болон овог нэгтэн ба харилцан ярьж сэтгэлээ тайлах хүнгүйгээс болж оросжсон юм.

Агуу их Ахматовагийн өмнө энхрийлэн сөхөрч байна. Түүний аугаа их сүр сүлдийг муухнаар дуурайсан миний овгийг сонсоод Анна Андревна ёжтойгоор хандсан гэж би таамаглаж байна. Ингэж тэрсэлсэн явдалд миний буруу байхгүй. Ахматовагийн эцэг нь Горенко, харин миний эцэг бол Ахмадулин билээ. Би Москвад төрсөн болохоор түүнтэйгээ салшгүй холбоотой. Питергүйгээр би бүр ч байж чадахгүй.

Би Москвагийн хүн, би хот газрын хүн. Гэхдээ би хөдөө нутаг руу цаг ямагт тэмүүлж байлаа. Хөдөө газарт ойр байхад ялангуяа умардын нутагт байхад их тайвшруулдаг юм. Вологда, Феранонтово нутаг минь. Эдгээр нутгийн үзэсгэлэнт сайхан газрууд, хэл яриа нь хүртэл миний харааг булааж, сонсголыг минь мялааж байдаг. Эдгээр нутагт очоод би зөвхөн сонсдог л байлаа. Одоо хүртэл амьдарч ирсэн гайхамшигт сайхан эмээ нарын ярихыг чих тавин сонсдог байлаа.

Энэ бүхэн насанд хүрсэн үед ч гэсэн бага балчир үеийнхтэй нэгэн адил миний хэл яриаг тэжээн тэтгэж байсан юм. Нөлөөнд нь байсан ч гэлээ би Вологдагийн хэл яриаг хэзээ ч дуурайлган бичих гэж оролдоогүй билээ. Энэ бол сонсгол мялаасан аз жаргалтай үе байлаа.

Минийх биш боловч бас миний эмээ гэж хэлж болох Узково тосгоны Дюня эгч буюу Еврокия Кирлиловна Лебедева нас барахад би бас өнчирч, түүнээс хойш энэ нутагт очиж чадахаа больсон.

-Та Рубцовтой танил байсан уу?

-Түүнтэй танилцах боломж надад их байсан боловч би Рубцовыг мэдэхгүй өнгөрсөн нь харамсалтай. Нэг удаа би түүнийг харсан. Гэхдээ танилцаагүй учраас түүнд хандаж чадаагүй юм. Би урдуур нь гарч явсан. Бид хоёр хальт бөгөөд бие биеэ анхааралтай харсан. Рубцов бол ховор ариун авьяастай хүн байсан. Миний ойр дотны хүмүүс Рубцовтой найзалдаг байв. Уран сайхны өөр арга барилтай хүн болох Андерей Битов дээр үеэс эхлэн Рубцовын үнэт авьяасыг ойлгож, үнэлдэг байсан. Харин Рубцов бол түүний дүр төрх, уран бүтээлээр нь дүүрсэн уулзалт, нөхөрлөлийн явцад миний хувьд орхигдсон хүн байсан. Олон гайхамшигт ухаантай хүмүүстэй би уулзан танилцаж явлаа даа.

-Та зөвхөн Орос орноор ч биш олон орноор явсан хүн.

-Миний эзэмшил газар бол Оросын газар нутгийн байдал юм. Гэхдээ би олон газрыг үзсэн. Минийхээр бол ямар ч газар нутаг сайхан. Ямар ч ард түмэнд би хайртай бөгөөд бишрэн шүтдэг. Миний орос мэдрэмж, түүнийг тэжээн тэтгэж байдаг хөрс нь бусад улс түмний соёл иргэншил, тэдгээрийн газар зүй болон түүхийг бишрэн хүндэтгэхэд хэзээ ч саад болохгүй.

-“Орос оронд зөвхөн итгэж болногэдэг үнэн үү?

-Тютчев зөв хэлээгүй тохиолдлыг би мэдэхгүй байна. “Орос орон миний хувьд юу билээ?” гэж асууж байсан. Миний бодлоор энэ бол И.А.Бунин билээ. Би Буниныг уншихдаа түүний ертөнцөд амьдардаг. Бунины ертөнц болон миний эзэмшил газраас хорон санаат нүүдэлчин намайг хулгайлж авсан юм шиг заримдаа надад санагддаг. Гэхдээ би өөрийнхөө бодитойгоор оршин байгаа газраа хүндэтгэдэг.

-Белла Ахамовна! Энэ ертөнц дээр ямар нэгэн зүйлийг өөрчилж болох уу? Ингэх хэрэг байна уу?

-Миний хайртай Анастасия Ивановна Цветаева бол өөрийн ойр дотны хүмүүс, найз нөхөд, хүмүүс болон амьтдын төлөө, бүхний төлөө цаг ямагт залбирдаг байсан. Тэр хүн бүх амьтадтайТагэж ярьдаг байлаа. Тэр ч байтугай балчир хүүхэд, хөхүүл хүүхдийг ч гэсэнтагэж хэлдэг байв. Амьд бүхний төлөө залбирч намайг хүртэлзалбиргэж гуйж байсан. Би залбирдаг л даа. Гэхдээ яаж гээч. Харамсалтай нь би бол идэвхтэй сайн мөргөлчин биш ээ.

Энэ бодлоо би Анастасия Ивановнад хэлсэн юм. “Таны залбирдаг хүн бүхний нэрлэж чадахааргүй өндөр зорилгод хүрдэг. Харин би бол шөнийн цагт таазандаа хандаж, түүний дээр байгаа одод гаригт хандаж залбирдаг. Энэ нь ямар нэгэн оносон шүтэгч хүүхдийн залбиралтай ижил юм аагэхэд Анастасия ИвановнаХүн болгон чадах чинээгээрээ залбирч байг. Тэгвэл энэ нь бусдад баяр баясгаланг авчрах болногэж хэлж билээ.

-Яруу найраг бол ямар ч тодорхойлолтод багтахгүй төдийгүй цаг ямагт хил хязгаараас нь хальж байдаг. Уран бүтээлээ туурвихад тань хэдийд хялбар байдаг вэ?

-”Яруу найраг бол тэнэгдүү байх ёстойгэсэн А.С.Пушкиний үгийг би цаг ямагт баяртайгаар давтах дуртай. Яруу найргийн ундарга гэдэг бол оюун ухаан ч биш, ямар нэгэн санал бодол ч биш, сургаал ч биш. Энэ нь огт өөр зүйл бололтой.

Өөрийн цаг хугацаа болон өөрийн нийгмийн нөхцөлд би нэлээд хөгийн шинжтэй хүн байлаа. Би өөрийн уран сайхны боломжоо цаг ямагт нарийн хянадаг байв. Хийж бүтээсэн зүйлээсээ илүү ихийг бүтээх боломжийг надад заяасан гэж би бодох юм. Надад түүнийг таних хугацаа байгаа гэдэгт найдаж байна.

Одоо би түр завсарлаад байна. Өөрийгөө эрхлүүлж, өөрийн ухаанаа салхинд хийсгэсэн юм шиг санагдана. Гэхдээ би дэгдэгнүүр зантай болоогүй. Харин тархиа санааны ертөнц Баден-Баден руу явуулчихсан. Тархи минь өөрийн хийх зүйл маш сайн мэднэ. Надтай зөвлөдөггүй юм.

 

-Яруу найрагчид гол зүйл нь юу вэ? гэсэн асуултад хариу бий юу?

-Заагч дуу хоолой гэж байдаг. Заагч дуу хоолой минь ээ! Паршины зам дээр чамайгаа би арав дахь хоногоо хүлээж байна  даа. Энэ болзоот хариултаар би яриагаа өндөрлөж болох уу монгол найрагч залуу минь.

Яруу найрагч, зохиолч бид ариун сэтгэлтэй болохоор ямагт биднийг бурхан ивээх болно. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин