Монголын санхүүгийн салбарын нэг үеийн төлөөлөл болох С.Мятавжанцан гуайтай ярилцлаа. Тэрээр энэ салбарт 40 орчим жил үр бүтээлтэй, үлгэр дуурайлалтай ажилласан байна.
-Та санхүүгийн салбарын 40 орчим жилийн түүхийг бичилцсэн хүн. Энэ салбарт та хэдэн оноос ажиллаж эхлэв. Ямар ажлууд хийж байв?
-Би 1967 онд Хайрхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юм. Уг ажлыг шаардлагын төвшинд гүйцэтгэж байгаад МУИС-д элсэн суралцаж улмаар өөрийн төгссөн Санхүү эдийн засгийн Техникумдоо багш болсон. 1974 оноос Сангийн яамны Улсын даатгалын ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж тэндээ 10 шахам жил болсон байдаг. Түүний дараа Булган аймагт Санхүүгийн хэлтсийн дарга, Сангийн яаманд санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, орлого татварын хэлтэст байцаагч, Үндэсний татварын ерөнхий газарт гээд мэргэжлээрээ энэ салбартаа 40 орчим жил зүтгэсэн байна.
-Санхүүгийн салбарт олон жил ажиллалаа. Таны ажил мэргэжлийн онцлог юу байдаг вэ?
-Эдийн засаг санхүүгийн ажил бол тухайн хүнээс мэдлэг, чадвар ажлын дадлага туршлага, байнгын ажлын ачаалал ихтэй, их чимхлүүр ажил бөгөөд нягт нямбай хувийн зохион байгуулалт, хариуцлага сахилгатай, эдийн засгийн тооцоо судалгаатай ажиллахыг шаарддаг онцлог ажил юм. Бидний үед тооны машин ч сайн дэлгэрээгүй байлаа. Бүртгэл хөтлөх, тайлан гаргах, төлөвлөгөө төсөв зохиох, судалгаа тооцоо хийх, тооллого явуулж, эд хариуцагчийн тооцоо бодох зэрэг бүхий л ажлаа гар аргаар, сампингийн тусламжтай хийж гүйцэтгэдэг байсан. Тиймээс ихээхэн цаг хугацаа зарж, уйгагүй, шургуу ажилладаг байв. Ингэж ажиллаж байж ажлынхаа ард гардаг байлаа. Харин одоо бүртгэл тооцооны ажилд дэвшилттэй арга хэлбэр, тооцоолох техник хэрэгсэл хөгжөөд сайхан болж дээ. Ийм цагт ажилласан ч болоосой гэж боддог юм.
-Тухайн үед цаг наргүй ажилладаг байжээ. Ер нь та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ. Шантрах үе байв уу?
-Эдийн засгийн мэргэжлийг өөрийн зөн совин, хувь тавилангаар сонгосон юм болов уу даа. Намайг ЕБС төгсч байх үед орон нутагт эдийн засгийн мэргэжилтэй, дээд болон дунд боловсролын боловсон хүчин бараг байхгүй байлаа. Тиймээс энэ мэргэжлийг сонгоход гадны нөлөөлөл байгаагүй шиг санагдаж байдаг юм. Би ажилласан бүх хугацаандаа аливаа ажлыг том жижиг, чухал чухал бус гэж ангилж ялгалгүйгээр зохих хэмжээнд үнэн зөв чанартай хийж гүйцэтгэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилладаг байсан даа. Ажлаас уйдаж, залхаж явсан удаагүй. Хариуцсан ажил бүртээ үүрэг зорилгоо биелүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг санаж сэдэж хийж бүтээхийг гол болгодог байсны ачаар эрхэлсэн ажилдаа харьцангуй богино хугацаанд сурч дадлагажиж, амьдралаас багагүй зүйлийг сурч бүртгэл тооцооны шилдэг тэргүүний нягтлан бодогч сайн хянан шалгагч ажилтан болж, өсч дэвжсэн байдаг. Ажил хийж гүйцэтгэж явсан дурсамжтай олон олон тохиолдлуудыг одоо ч гэсэн санан дурсаж, уг хэцүү түүхтэй ажлыг хийж гүйцэтгэж чадсандаа хувьдаа бахархаж явдаг.
-Та олон газар томилогдон ажиллаж байжээ. Бүгд л онцлогтой алба байсан байх. Аль нь таны сэтгэлд гүн дурсамж үлдээсэн байна вэ?
-Би Санхүү эдийн Засгийн техникум, МУИС төгссөн. Мөн эдийн засгийн мэргэжлийн багш байсны хувьд эдийн засгийн онол, мэргэжлийг дундаж хэмжээнд эзэмшсэн юм болов уу даа гэж боддог. Тиймээс сайн ажиллагаатай багш, сайн нягтлан бодогч, санхүүгийн тэргүүний хянан шалгагч, дадлага туршлагатай татварын улсын байцаагч ажилтан гэгдэж явсан минь миний хувийн бахархал байдаг юм. Би Улсын даатгалын ерөнхий газар, Улсын санхүүгийн хянан байцаах газар, Үндэсний татварын ерөнхий газарт олонх жилээ өнгөрүүлсэн. Сэтгэлд мартагддаггүй дурсгалтай мөчүүд цөөнгүй байдаг. Ажлыг чамгүй сайн гүйцэтгэдэг болохоор байгууллага намайг ажлаар ч их “дарна”. Тэр бүхний ард нь гарч байж л санаа сэтгэл амардаг байсан.
-Байгууллагуудад санхүүгийн хянан шалгалт их хийдэг байжээ. Ер нь тухайн үед ямар зөрчил дутагдал их байв. Ямар томоохон газруудад хяналт шалгалтаар очиж байсан бэ?
-Намайг ажиллаж байх үед шалгасан байгууллага бүрт санхүүгийн хууль тогтоомж зөрчсөн, бүртгэл тайлан муутай, улсад хохирол учруулсан, хөрөнгө мөнгийг аж ахуйч бусаар зарцуулсан, дутагдал илэрдэг байлаа. Гэхдээ мөнгөн дүн нь одоотой зүйрлэшгүй бага л даа. Тэр үед мөнгөний ханш, худалдан авах чадвар сайн байлаа. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн тресст, хөнгөн хүнсний үйлдвэрийн яам, Булган аймгийн худалдаа бэлтгэлийн тресстийн арван худалдагчтай дэлгүүр, Зүүнхараагийн Тэс архины үйлдвэр, МАХН-ын хянан шалгах хороонд мэдээлэлтэй Биобэлдмэлийн үйлдвэрлэл шинжилгээний институт, намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх гуайд мэдээлэлтэй “Оргил” рашаан сувилал зэрэг газруудад санхүүгийн баримтын шалгалт хийх ажилд томилогдож үүрэг даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж байлаа. Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан хэдий ч миний бие дайчлагдан Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн хэрэгт магадлан шалгалт хийж, шалгалтын магадлагаа дүгнэлт гаргаж явснаас гадна Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэт концерн”, УИД-ийн анхны хувьчлал, Барилгын цэрэг удирдах ерөнхий газар гээд олон байгууллагад санхүүгийн шалгалт хийснээс гадна татварын шалгалт маш олон байгууллагад хийсэн дээ. Төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны Улсын ардын хяналт шалгалтын хорооноос жил бүхэн зохион байгуулдаг өмчийн үзлэг шалгалтанд олонтоо оролцож, үүрэг даалгаврыг сайн биелүүлж явлаа. Ганцхан жишээ дурдахад Хөвсгөл аймагт хийсэн өмчийн үзлэг шалгалтын групп ахлан 10 хоногийн хугацаанд тус аймгийн Худалдаа удирдах газар болон түүний харьяа худалдаа бэлтгэлийн тресст, Бөөний бараа бааз, Зам анги, Тээврийг удирдах газар, Авто бааз, Нэг ба гуравдугаар арван жилийн сургууль зэрэг газруудад өмчийн үзлэг хийж, байгууллага тус бүр дээр өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, санхүүгийн бүртгэл тооцооны ажлын байдал төлөвлөгөөний биелэлт ажлын сахилга хариуцлагын байдалд дүгнэлт өгсөн шалгалтын материал бичиж, шалгалтын комисст танилцуулж байгууллага хамт олонд нь яриа таниулга хийж зааварчлага үлдээдэг байсан даа. Энэ бүхнийг гар аргаар гүйцэтгэдэг байсан нь ажлын ачаалал их байсныг илтгэн харуулна.
-Та аль нутгийн хүн билээ. Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн. Малчны хотонд бага насаа өнгөрүүлсэн. Аав маань малчин, уяач хүн байлаа. Хурдан хүлгүүдийг унаж сумын наадмаас олон айраг түрүү авч явсан унаач хүүхэд байсан. Мөн гуравдугаар ангид байхаасаа “Тооны аварга” болж, эцэг эхээ баярлуулж явсан удаатай. Малчны хүүхэд байснаас мал аж ахуйн ажилд багаасаа сурч хүмүүжсэн нь аливаа ажлын арга барил, тэсвэр хатуужил суулгасан. Энэ нь эхэлсэн ажлаа ямар ч нөхцөлд арга эвийг нь олоод дуусгадаг сахилга, хариуцлага, хүмүүжлийг олгосон болов уу гэж боддог.
-Та тэтгэвэртээ гараад одоо юу хийж байна вэ?
-Би 2005 онд тэтгэвэртээ суусан. Түүнээс хойш залгуулаад МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын газарт хяналт шалгалтын байцаагч, Сангийн яамны ахмадын хорооны нягтлан бодогчоор хэдэн жил ажилласан. Мөн зарим аж ахуй нэгж, олон нийтийн байгууллагын хяналтын зөвлөлийн сонгуульт “дарга гишүүн” –ийн үүргийг тасралтгүй гүйцэтгэсээр явна. Энэ нь тэдгээр байгууллагад эдийн засаг санхүүгийн зөвлөхийн үүргийг уг чанартаа гүйцэтгэж байна даа. Намайг өндөр итгэлээр ажиллуулж байгаа байгууллага хүмүүстэй баярлахын зэрэгцээ өчүүхэн боловч ажилд нь тус нэмэр болохыг хичээдэг дээ.