Америк, Канад улсын нутаг дэвсгэр дэх бүх салбарыг эрчим хүчээр хангах, стандартыг хамтран боловсруулж хэрэгжүүлдэг чиг үүрэг бүхий Америк, Канадын хамтарсан “Олон улсын цахилгаанчин ахан дүүс ажилчдын холбоо” (IBEW)-ны орон нутгийн 134–р салбарт (Union Local Number 134) 2001-2013 он хүртэл 12 жил ажиллаад ирсэн Ш.Баярсайхантай барилгын цахилгаан холболтын асуудлаар ярилцлаа.
-Манай улсын хувьд цахилгаан түгээх асуудал нь нэн тулгамдаж байна. Цахилгааны олон улсын стандартыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэдэгтэй олон хүн санал нийлэх байх?
-Монгол Улсын барилгын салбарт цаашид нэн яаралтай шийдвэрлэвэл зохих эдийн засагт үр ашигтай асуудлууд байгаа нь анзаарагдаж байна. Тухайлбал, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг бүрэн хангах. Цахилгаан хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас найдвартай бүрэн хамгаалах учиртай. Ингэхийн тулд олон улсын стандартын дагуу цахилгаан холболтыг хийж хэвших ёстой. Ер нь стандартыг ягштал мөрдсөнөөс гарах аюулаас урьдчилан сэргийлэх, цаашилбал эдийн засагт ч үр өгөөжтэй юм. Хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ өдрөөс өдөрт өсч байна. Манай улсын хувьд цахилгааны нэг шугамаас хүчин чадал, даацыг нь хэтрүүлсэн хэрэглээ хийдэг. Энэ нь цахилгаан хэрэглээнээс үүдэлтэй хэт ачаалал, бууруулагч трансформатор шатах, хэт халалт үүсч хэрэглэгчдийн эд хөрөнгө цахилгаан хэрэгслийг гэмтээх зэрэг эрсдэл гарна. Энэ нь улсын эдийн засагт ч мөн сөрөгөөр нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Манай улс цахилгаан, эрчим хүч ашиглахдаа стандартгүй байна гэж ойлгож болох уу?
-Манайх огт стандартгүй гэвэл ташаа ойлголт болно. Монгол Улс цахилгааны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэггүй, бүгдийг импортоор авдаг. Тийм болохоор гаднын бүтээгдэхүүнүүдэд тохирсон стандарттай байх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Өнөөгийн стандарт цахилгаан хэрэглээний шаардлагыг хангахад дутагдалтай зүйл их байна. Миний хувьд олон улсын стандартыг нутагшуулах суурийг нь тавихыг зорьж байгаа юм. Олон улсын барилгын цахилгааны стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлснээр цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулж байгаа шугамын эрчим хүчний алдагдлыг 50 хувиар бууруулах бүрэн боломжтой.
-Олон улсын стандартыг хэрэгжүүлснээр гарах үр дүн?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад аль хэдийн хэрэгжиж байгаа олон улсын стандартыг Монгол Улсад нэвтрүүлснээр, цахилгааны аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Мөн эдийн засагт эерэг үр дүн үзүүлнэ. Инженерчлэлийг “программчлан” амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Монголын цахилгаанчдын мэдлэг, ур чадвар бусад орнуудтай ижил төвшинд хүрнэ. Мөн одоогийн байгаа эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, өргөтгөхөд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
Сүүлд шинээр баригдсан барилгын цахилгааны монтажийг харьцуулан судлахад шаардлага хангаагүй, төсөв багатай, цахилгааны инженерийн мэдлэг, туршлага, сэтгэл дээр тулгуурлаж хийдэг юм билээ.
-Таныг цахилгааны олон улсын стандартыг эх хэлнээ хөрвүүлж байгаа тухай сонссон. Энэ тухайгаа тайлбарлаач?
-Номыг зохиогчоос нь албан ёсны зөвшөөрлийг нь авч байгаад орчуулж эхэлсэн. Ер нь эх орондоо ирсэн гол зорилго маань цахилгааны Олон улсын стандартыг нутагшуулахад өөрийн хийж чадах зүйлээрээ хувь нэмэр болохыг хичээсэн юм. Олон жил хүний нутагт эзэмшсэн мэргэжлээ бататган дэлхийн аль ч улс оронд ажиллах боломжийг өөртөө бий болгосон. Миний ажлын үнэлгээ ч тийм муу биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 онд АНУ-ын Чикаго хотод Монголчуудтай хийсэн уузалтын үеэр “Сурсан зүйлээ монголдоо нэвтрүүлье “ гэж уриалга гаргасан. Түүнийг нь зорилгоо болгон “Олон улсын барилгын цахилгааны стандарт”-ыг Монголд нэвтрүүлэх талаар судалгааны ажил хийж, ажиллаж байна. АНУ, Канад болон бусад хөгжилтэй орнуудад хэрэгжиж байгаа “инженерчлэлийг” анх удаа програмчлан амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа юм. Иймд төрөөс албан ёсны дэмжлэг хүсч байна.
-Үүнийг эхлээд мэргэжлийн түвшинд орчуулаад, Монголдоо нэвтрүүлмээр байна гэж та Эрчим хүчний яаманд хандаж, танилцуусан уу?
-Эрчим хүчний яамны сайд П.Ганхүүд хүсэлт өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтэй байна. Би 2002, 2004-онд АНУ-ын “Үндэсний Цахилгааны Ажил Гүйцэтгэгчдийн Нийгэмлэг” (NECA) болон IBEW–ын Technical Institute–д Олон улсын барилгын цахилгааны стандартын чиглэлээр суралцан 2004-онд “Westside Technical Institute”–д Олон улсын барилгын цахилгааны стандартын, “Residential Journeyman Wireman” ангилал болон Барилга угсралтын үед уг стандартыг бодитоор хэрэгжүүлэх туршилтыг хамгаалсан. Канад, Америкийн хамтарсан “Олон Улсын Цахилгаанчин Ахан Дүүс Ажилчдын холбоо”-ны (IBEW Union Local Number 134)-ны 18 мянган гишүүнээс шилдэг “25 –ын эгнээнд” шалгарч Edwin D. Hill, Олон Улсын Ерөнхийлөгч Jerry O’Connor, Олон Улсын Байгууллагын-Эрхлэгч Michael Fitzgerald, Union Local # 134 Бизнес Удирдагч / Санхүүгийн Албаны Дарга нараар ажил мэргэжлээ үнэлүүлэн мэдлэг ур чадварын дипломоор сайшаагдсан юм.
“Дэлхийн хөгжилтэй орнуудын олон улсын барилгын цахилгааны стандартын үндсэн суурь бүлэг “ сэдвээр 2013 оны гуравдугаар сард Монгол Улсын зохиогчийн эрх авсан.
Тиймээс энэ номоо богино хугацаанд дуусгахын тулд хамтран ажиллах, дэмжих хүн хэрэгтэй байгаа юм. Канад болон АНУ-д энэ стандартыг гурван жил тутамд сайжруулж шинчлэн гаргадаг.
-Та эх орондоо ирээд орон сууцны хороолол, барилгын цахилгааны холболт ямар түвшинд хийгдсэнийг судалж үзсэн үү?
-Хувийн хаус, орон сууцанд хийсэн судалгаанаас үзэхэд олон улсын стандартыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ил утастай, холболт буруу, ашигласан материалууд шаардлага хангахгүй байна. Миний судалж, харсан барилгуудад цахилгааны утсыг шавардсан тохиолдол харагдлаа. Ерөнхийдөө цахилгааны монтажыг замбараагүй хийдэг нь ажиглагдсан. Хэрэглээний шаардлага цахилгааны холболтоос болж эрчим хүчний шугам, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд нөлөөлдөг. Эцсийн дүндээ энэ нь улсын эдийн засагт шууд хамаарна.
-Тэгэхээр хамгийн түрүүнд цахилгаан холболтын олон улсын стандартыг эх хэл дээрээ орчуулж дуусгах шаардлагатай юм байна. Дараа нь түүнийгээ мөрдөхийн тулд холбогдох хуулийн төсөл, журмыг боловсруулах ёстой юу?
-Олон улсын кодтой энэ стандартыг хэрэгжүүлэх хууль гэхээсээ өмнө захирамж гаргаж болно. Цахилгааны байцаагч шинээр ашиглалтад орж буй барилгын цахилгаан холболтыг хүлээж авдаг болох нь цахилгаан холболтын чанар, аюулгүй байдлыг хангахад сайнаар нөлөөлнө. Судалгаа хийж явахад Зайсанд баригдсан барилгуудад ч, гэр хороололд ч цахилгааны кабелийн утсыг газрын гадаргуу дээр ил татсан байсан. Энэ маш эрсдэлтэй.