О.ЭНХЭЭ

Монголчуудын сайн танил, суут Габриель Гарсия Маркесийн бас нэгэн сод бүтээлийг уншигчдад хүргээд байгаа испани хэлний орчуулагч Б.Нямдоржтой уулзлаа.

-Колумбын бичгийн их хүн, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн бас нэг гоё ном уншигчдад хүрсэн, тэгэх тэгэхдээ бүр эх хэлнээс нь орчуулагдсан гэхээр сонирхол татлаа?

-Тийм ээ, бидний сайн танил домогт ГабогийнТахлын үеийн дурлал” (El Amor en los tiempos del colera) гэдэг бас нэг гоё номыг орчуулж гаргалаа. Нэрт зохиолчийн өөрийнх нь хамгийн дуртай, “Зуун жилийн ганцаардал”-аасаа ч илүүд үздэг ном л доо.

-Энэ номыг орчуулах санаа яаж төрсөн юм бэ?

-Маркес гуай энэ зохиолоо одоогоос яг 30 жилийн өмнө бичсэн. Анх, бараг арав гаран жилийн өмнө ч юм уу, Б.Эрдэнэчимэг багшаасаа энэ номны тухай сонсож байлаа. Тэгээд хоёр жилийн өмнө суут зохиолч өөд болоход Испанийн телевизээр түүний тухай маш их ярьж, намтар, ярилцлагыг нь хэдэн цагийн турш гаргасан юм. Тэгэхэд ГабоТахлын үеийн дурлал”-ынхаа талаар ярихыг сонсоодЗа, ерөөсөө энэ номыг нь орчуулъягэж шийдсэн.

-Суут зохиолч энэ номныхоо талаар яг юу гэж ярьсан юм бол?

-“Тахлын үеийн дурлал”-даа хамгийн дуртай, “Зуун жилийн ганцаардал”-аасаа ч илүү үнэлдэг гэдгээ хэлж байсан. “Тахлын үеийн дурлалбол түүний хоёр оргил бүтээлийн нэг. “Та аль номдоо хамгийн дуртай вэгэсэн асуултад ГабоЗуун жилийн ганцаардалбол үлгэр, домгийн ч юм шиг сонин ном шүү дээ. Харин итгэмээргүй, хамгийн гоё, гайхалтай хайрын тухай өгүүлдэгТахлын үеийн дурлалхамгийн гоё нь. Би энэ романдаа хамгийн дуртайгэж байсан. Тэгээд лЕрөөсөө үүнийг орчуулъягэж шийдээд их сургуулийн найз, испани хэлний мундаг мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнг Испани явахад нь энэ номыг захиж авчруулаад орчуулаад суучихсан.

-Овоо зузаан ном байна лээ. Хэдий хэр хуга­цаанд орчуулж дуусгав?

-Жил хагас болсон байх аа. Дунд нь залхуу­раад хэд хэд хаясан л даа.

-Уран зохиол, номын орчуулга гэснээс орчуулгын эрх, зохиолчийн эрх гэж нэг юм бий. Та зохих зөвшөөрлийг нь авч орчуулсан уу?

-Энэ ч яах аргагүй ярих сэдвийн нэг. Бид яваандаа аливаа ном, зохиолын эрхийг нь авч, хууль ёсны дагуу орчуулж гаргаж байх нь зөв. Би энэ талаар бас жаахан юм харж, судалж л байсан. Хэвлэгдээд 30 жил болсон ном зохиогчийн эрхгүй болчихдог гэж нэг юм сонссон, буруу ч байж магадгүй. Тэгээд ч хувь хүнд тэр номыг орчуулж, хэвлэж түгээх эрхийг өгдөггүй, хэвлэлийн газарт л өгдөг юм байна. Энэ талаар жаахан сонирхож байгаад хаячихсан, яараад ч гэх юм уу.

-Юунд яарсан гэж?

-Үгүй яахав, аливаа гадаад зохиолыг эх хэлнээс нь шууд орчуулбал илүү гоё, зөв гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэгээд ч агуу Габриель Гарсия Маркесийн өөрийнх нь хамгийн дуртай бүтээл эх испани хэлнээсээ монгол руу буувал хамгийн гоё биз дээ, тийм үү. Манай мундаг орчуулагч нар англи, орос хувилбараас нь орчуулчих л байсан байх. Хэвлэгдээд 30 жил болж байгаа ийм гоё зохиол яагаад монгол дээр орчуулагдаагүй байсан юм бол гэж гайхдаг юм. Намайг орчуул аа гээд хүлээгээд байсан юм байлгүй.

11-11-5i1

-Номонд дурлагсад Габог дэндүү сайн мэднэ. “Зуун жилийн ганцаардал”, “Хурандаад хэн ч бичихгүй”, “Гунигт янхнуудаа дурсахуйгээд нэртэй бүтээлүүд нь монгол хэлээр хэвлэгдсэн. Нэрт зохиолчийн өөрийнх нь хамгийн хайртай, дуртай бүтээл анх хэвлэгдсэнээсээ хойш 30 жилийн дараа монгол уншигчдад хүрч байна гэхээр бас л сонин юм...?

-Бараг бүх л хэл дээр хэвлэгдэж тухай бүртээ бестселлер болж байсан ном юм билээ. Испани, итали, герман, бразил, португал хүмүүстэй таарахдаа энэ номны талаар асуудаг юм. “Та энэ зохиолыг уншсан уу, ер нь ямар ном бэгэхээрЮу ярина вэ, маш гоё, хамгийн гоё ном шүү дээл гэдэг. Хааяа залхуураад хаячихдаг байсан орчуулгаа дуусгахад тэдний энэ санаа бодол бас ташуур болж байлаа.

-Ном орчуулна гэдэг хэцүү юу?

-Амаргүй ээ.. Ер нь их хэцүү ажил. “Дээвэр дээр суудаг Карлсон”-ы орчуулагч Н.Пүрэвдагва ах саяхан таарахдааНом орчуулна гэдэг чинь их л тэнэг хүний ажилгэж билээ. Бодоод байсан чинь бас л үнэн санагдаад орой руу ёгхээд л ороод ирж байна лээ шүү.

-Та номоо яаж орчуулдаг вэ?

-Орчуулагч бүр өөрийн аргатай. График гаргаад өдөрт яг тэдэн хуудас орчуулна гээд яс суудаг мундаг хүмүүс их бий. Зарим ньЭнэ чинь хүн биш, машин юм уугэлтэй хурдан орчуулдаг хүмүүс ч бий. Би залхуу, хэнэггүй талдаа. Өөрийнхөө орчуулдаг туршлага, арга ч гэх юм уу, тэрийгээ хуваалцая л даа. Би эхлээд мэдэхгүй үгээ хуудас хуудсаар нь түүгээд биччихдэг юм. Тэгээд тэр үгнүүдээ тольдох, монгол руу буул­гах ажилд орно. Орчуулгын нэг чухал хэсэг нь энэ. Тэр үгээ монгол дээр яг оновчтой, утга төгөлдөр буулгахын тулд жинхэнэ эрэл хайгуул эхэлнэ шүү дээ. Тэгээд л мэдэхгүй үгээ тольдож, монголчилж, өөрөө өөртөө испани-монгол толь зохиож аваад зуслан дээр ч юм уу, чимээ шуугиангүй газар очоод суучихдаг. Гадаад үгийг аль болох бүгдийг нь монголоор буулгахыг хичээдэг. Гэхдээ монгол дээр буулгаж болдоггүй, гадаадаар нь бичихгүй бол болдоггүй үгнүүд байна. Одоо энэТахлын үеийн дурлалдээр асралж, хариг гэдэг үг гарна. Тэр юу гэсэн, ямар утгатай үг вэ гэдгийг олж мэдсэн хүнд номоо бэлэглэсэн ч болж байна.

-Орчуулгын ном, зохиол гэхээр лЯмар л олигтой юм байдаг юм. Монгол хэл, найруулга нь муу л юм байгаа бизгэсэн ойлголт байдаг. Энэ номыг сайн орчуулсан гэх ямар баталгаа байна?

-Тун зөв асуулт. Тийм ойлголт газар авчихсан нь харагддаг. Орчуулга муутай ном, зохиол их байдаг ч сайн орчуулгатай нь бас цөөнгүй байна. Олон ном, бүтээлийг орчуулж гаргаж байна. Үүнд буруу юм байхгүй. Тооноос чанарт шилжих хуулиараа л явна. Би орчуулгаа сайн л гэж хэлнэ.

-Нэг жижүүрийн асуулт асууя. Та хамгийн сүүлд ямар ном уншив?

-“Тахлын үеийн дур­лал”. Үнэнийг хэлэхэд ном уншихгүй юм өө. Арван жилд байхдааМанан будан”, “Зүрхний хилэн”, “Зуун жилийн ганцаардал”, “Цаг цагийн урсгал”, “Элс цас”, “Болор толь”, “Цагаан соёотгээд хамаг гадаад, дотоодын гоё, сонгодог гэсэн бүхнийг уншдаг байлаа. Орчуулсан хэдэн номоо л хааяа эргүүлж, харж суудаг. Энд нэг юм хэлмээр санагдаад хэл загатнаад байна.  “Гунигт янхнуудаа дурсахуйроманы талаар Бадам гээд номонд дуртай нэг бүсгүй интернэтэд сэтгэгдлээ бичсэн байсан. Номыг ингэж ойлгож, ажиглаж, ухаарч уншдаг хүндБравол гэж дуу алдахаас өөр хэлэх үг алга. Тэр юу гэж бичиж байсныг харуулъя.

Нобелийн шагналт Габриель Гарсия Маркес

Гунигт янхнуудаа дурсахуй

Габриель өвөө намайг гайхуулсаар л байна. Энэ номыг яагаад өдий хүртэл уншаагүй явснаа гайхаад олохгүй суух. “Нас гэдэг бол хэн нэгэнд байдаг зүйл биш мэдрэгддэг зүйл юмгэсэн зохиолын гол дүрийн 90 насны ойтойгоо золгож буй өвгөний үг. Үнэн биз. Бид нас минь явж байна даа, би тэдэн нас хүрчихлээ гэж ярьдаг ч тэр нас бидэнд байхгүй. Духанд суух үрчлээ, ухаажин төлөвших араншин, сулран доройтох махбодь, өөрчлөлт шилжилтийг л бид мэдэрдэг. Тэгээд нас минь явж байна даа гэж санаа алдах. 90 насныхаа ойгоор нэгэн онгон охинтой галзуу шөнийг өнгөрөөх хүсэл. Боломжгүй мэт. 14 настай охин, 90 настай өвгөн хоёрын хайр сэтгэл. Бүр ч боломжгүй мэт. Гэтэл бидийм байх ёстойгэсэн хүлээсэнд баригдчихсан амьдардгаа сая л ойлголоо. Үүнтэй эн зэрэгцээд жинхэнэ хайрын тухай бодол. Охиныг харах хүсэл, уулзахын тухай бодол, өөрийгөө яг л даль жигүүртэй мэтээр төсөөлөх төсөөлөл, уйлж, гуниглах, инээж баясах...Өвгөнд яг л ийм мэдрэмж хөвөрсөөр.. Үнэхээр нас гэж байдаггүй аж. Зүрх өнө мөнхөд цохилдог, тэр дундаа дурласан, хайрласан зүрх зогсдоггүй юм байна. Зохиолын үйл явдал, тухайн үеийн нийгэм, янхандалтын тухай бичмээргүй байна. Би жингүйдэж байгаа болохоор кккк... Тэгээд ч цөөхөн хуудастай энэ номыг та бүхэн сонирхвол уншихад хэдхэн цагийн л ажил. Харин зохиолын тухай бодмоглох нь маш олон өдрийн ажил болох байх аа

-Шинэ ном тань аль хэр борлогдож байна даа?

-Номын дэлгүүрт өгөөд хэдхэн л хонож байна. Реклам, суртал­чилгаа нь аль хэдийнэ “хийгдчихсэн” зохиол шүү дээ. Нэрт орчуулагч Г.Аким гуай “Зуун жилийн ганцаардал”-ыг олон жилийн өмнө орчуулж, энэ болон дараагаар нь гарсан олон зохиол, бүтээлээр нь монголчууд Габог дэндүү сайн мэддэг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин