Н.МӨНХЖИН

Колумб улсаас Сөүл хотод суугаа Элчин сайд Тито Сауль Пинильятай уулзаж ярилцлаа.

 

-Ноён Элчин сайдын ам­галанг айлтгая. Дип­ло­мат элчийн хувьд хам­гийн тү­рүүнд хоёр улсын харил­цаа­ны түвшин, хөгж­лийн та­лаар асуух нь зүй ёсны байх..?

-Баярлалаа. Тийм ээ, Мон­гол, Колумб улс алс хол, ертөнцийн хоёр талд орш­дог ч бид энэ зайг багас­гахыг хүсч байна. Хоёр улсын хоорондох эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөг­жүүлэхээр ажиллаж эх­лээд байна. Харилцааг шинэ шатанд гаргах хү­сэл эрмэлмэл бидэнд бай­на. Би итгэмжлэх жуух бич­гээ өргөн барьснаас хойш дөрөв дэх удаагаа Мон­голд ирж байна.

Энэ удаа боловсрол, соёлын асуудлаар албаны хүмүүс­тэй уулзаж санал бод­лоо солилцож, зарим арга хэм­жээг зохион бай­­гуу­ла­хаар ирлээ. Жилийн өмнө Монголын биз­не­сийн төлөөлөл манай улсад зочилж ямар бараа бүтээг­дэхүүн импортлож болохыг судалж байсан. Тэд тун өндөр сэтгэгдэлтэй буцсан. Энэ тал дээр боломж их бай­гаа гэдгийг хэлэх байна.

-Саяхан Колумбын Зас­гийн газар босогчдын бүлэг­тэй энхийн гэрээ байгуулсан нь дэлхий нийтийн анхаар­лыг эрхгүй татаж байна. Гэвч үүний дараа бүх нийтийн санал асуулга болж колумб иргэдийн ихэнх нь энэ гэрээг дэмжсэнгүй. Одоо юу болох бол?

-Колумбын бүх иргэд энх амар амьдрахыг хүсдэг гэд­гийг хэлье. Дотоодын зөр­чил, мөргөлдөөн олон жил үргэлжилж их ч зовлон учруулж, олон ч хүний аминд хүрсэн. Колумбын Засгийн газар энэ байдлыг эцэс болгохоор шийдэж бо­согчдын эсрэг цэргийн хүчирхэг ажиллагааг арав гаруй жилийн өмнө эх­лүүл­сэн юм. Үүнээс таван жилийн дараа FARC-ийн (Колумбын хувьсгалт зэв­сэгт бүлэг) дайчдыг хэлэл­цээний ширээнд суухаас өөр аргагүй байдалд оруул­сан. Засгийн газар бо­лон босогчдын бүлгийн удир­даг­чид дөрвөн жилийн турш Кубын Гавана хотод хэлэлцээ хийж эзэмшил газар, хар тамхины наймаа, дайны золиос бологчид, мөр­гөлдөөнийг эцэс бол­гох, FARC-ийг улс төрийн нам болгон хувиргах гэсэн таван гол асуудлаар хэлэл­цээ хийсэн юм. Босог­чид­той энхийн гэрээ бай­гуулах үйл явц удаан үргэл­жилсний эцэст дээрх таван асуудлыг нарийн тус­гасан энхийн гэрээг бай­гуулж Ерөнхийлөгч Мануэл Сантос танил­цуул­сан. Тэгээд ардчил­сан Ерөнхийлөгч энэ­хүү энхийн гэрээг ард түм­нийхээ дунд хэлэл­цүүлье, ард түмэн ч энэ гэрээнд санаа бод­лоо нэмэрлэх ёстой гэж үзээд бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Гэвч санал асуулга тун богино хугацаанд бол­сон тул иргэд зохих мэдээл­лийг авч чадаагүй. Үүний хажуугаар сөрөг хүчний суртал ухуулга ч нөлөөлж колумб иргэдийн тал нь гэрээг дэмжиж, тал нь эсрэг санал өгсөн. Гэвч нэг зүйлийг онцолж хэлье. Колумб иргэд энх тайвныг эсэргүүцээгүй, зөв­хөн гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсийг шүүхэд шилжүүлэх, FARC улс төрд оролцох эсэх дээр санал зөрөлд­сөн юм. “Үгүйгэсэн санал үл ялиг давамгайлсан ч эцсийн эцэст иргэд энх тайвны төлөө санал өг­сөн. “Үгүйгэсэн хү­мүүс гэрээний эдгээр заал­тыг л эсэргүүцсэн боло­хоос энхийн гэрээг эсэр­гүү­цээ­гүй. Энхийн гэрээ, эн­хийн үйл явц нэгэнт эхэлсэн. Одоо ямар ч ухрах зам байхгүй. Энэ өдрүүдэд хоёр талын төлөөлөгчид Кубад дахин уулзаж тэрхүү заал­тын талаар дахин нухацтай ярилцаж байна.

-Босогчдын талд байл­даж явсан дайчид энгийн амьд­ралд шилжих нь тийм амар үйл явц биш байх. Энэ үйл явц удаан үргэлжлэх болов уу?

-Тэр мэдээж амаргүй л дээ. Гэхдээ босогчид эн­гийн амьдрал руу шилжих үйл явц хэзээ, хаана, хэрхэн эхлэх вэ, Засгийн газар ямар хувь нэмэр оруулах вэ, санхүүгээр хэрхэн тэтгэх, ажилд оруулах, ямар цалин өгөх гээд бүгдийг гэрээнд нарийн тусгасан байгаа.

-Колумбын иргэд ер нь Монгол орныг аль хэр мэддэг вэ?

-Колумб хүмүүс бүг­дээ­рээ сургуульд байхаасаа л Монголын эзэнт гүрэн, Чингис хааны тухай су­далж мэддэг. Цөмийн зэвс­гийг эсэргүүцдэг га­даад бодлогоор нь бид Монголыг мэднэ. Бөх­чүүд, нүүдлийн үнэт өв соёлоор нь мэднэ шүү. Ер нь колум­бууд Монголыг сайн мэднэ. Эдийн засгийн хам­тын ажиллагаа, хөрөнгө оруулалт, боловсролын сал­барт хамтарч ажиллахад бид­ний хувьд нээлттэй байгаа. Колумбын кафе, жимс, даавуу, гар урлалын бүтээг­дэхүүн тун сайн. Колумбын кафе дэлхийд шил­дэгт тооцогддог. Манай брэнд бүтээгдэхүүнүүд Орос, Хятад, Японд байна. Яагаад Монголд байж болох­гүй гэж, тийм үү. Цаг хугацааны л асуудал. Бид энэ хугацааг наашлуулмаар байна.

-Монголд, Улаанбаатар хотод испани хэлт ертөнцөөс зөвхөн Кубын Элчин сайдын яам байдаг. Колумб, Монгол Улс улам ойртон нөхөрлөхөд сурталчилгаа хийх, мэдээлэл солилцох нь чухал. Монголчууд Колумб улсыг бас сайн мэ­дэх­гүй нь үнэн л дээ. Хэдэн хөлбөмбөгчид, тэгээд хар тамхины мафиар нь л мэддэг...?

-Тийм ээ, манай ул­сын талаар буруу ойлголт бай­даг нь үнэн. Колумб бол тэр чигээрээ хар тамхины мафи, дайн байлдаан, хүчирхийлэл ихтэй гэж ойл­годог. Манай улс сүүлийн арван жилд эрс өөрч­лөгдсөн. Бид өнөөдөр эдийн засгаараа Латин Америкт дээгүүр орж байна. Хэдийгээр олон жил дайн­тай байсан ч эдийн засаг тун сайн байгаа. Колум­бын ардчилал, тогт­вор­той засаглал дэлхийд үнэ­лэгддэг. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт манайх өндөр түвшинд хүрсэн. Колумбын арми сүр хүчээрээ Америк тивдээ АНУ-ын дараа орж байна. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах, туршлага солилцохдоо бид нээлт­тэй байх болно. Та­най улстай олон салбарт хам­тын ажиллагааг хөгжүүлж болно гэж харж байгаа.

-Колумб улсад зочилж, аялж жуулчлахад аюулгүй юу?

-Тийм ээ, Колумбид аялал жуулчлал сайн хөгж­сөн. Бид төгс төгөлдөр улс биш ч эдийн засаг, аюул­гүй байд­лын салбартаа Латин Америкт тэргүүлэх бол­сон. Өнгөрсөн жил Мон­голын 30 орчим ир­гэн Колумб улсад зочил­сон. Сэтгүүл зүй, аялал жуулч­лалын курст ирсэн монгол оюутнуудын зард­лыг Колумбын тал бү­рэн даасан. Монголын уул уурхайн яамны төлөө­лөг­чид, Гадаад хэргийн яамны дэд сайд манай улсад зочиллоо. Батлан хам­гаалах, аюулгүй бай­дал, хар тамхи, хууль бус най­маа терроризмын эс­рэг тэмцлийн тал дээр бидэнд асар их туршлага бай­на. Энэ туршлагаа монголчуудтай харамгүй хуваалцмаар байна.

- Та дөрөв дэх удаагаа ирж байна. Хөдөө нутгаар аялж амжив уу?

-Нэг их явж чадаагүй ээ. Тэрэлжид очиж Монголын сайхан байгальтай танил­цах боломж гарч байсан. Нэг гоё түүх ярихад, ар­ваад жилийн өмнө АНУ-д батлан хамгаалах чиглэлээр курст сурч байхад нэг мон­гол залуу байсан. Бид танилцаж сайн найз бол­сон ч курсээ төгсөөд да­хиж уулзаагүй. Нэрийг нь мар­таж орхисон байсан. Хоёр жилийн өмнө УБ хотод ирж Монгол Улсын Ерөн­хийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьчихаад гарч ирэхдээ нөгөө найзтайгаа таарч билээ. Тэр Монголын армийн генерал болсон байсан. Их сайхан уулзалт болсон. Монгол найз минь намайг хэд хэдэн газраар авч явсан. Одоо Монгол сэрүүхэн, хүйтэн байна. Гэх­дээ би Монгол оронд их дур­тай, өвөл ирж үзэхийг хүсч байна.

Колумб нь онгон зэр­лэг байгаль, ширэнгэ ойгоо­роо алдартай улс. Мон­голчуудыг манай ул­сад зочилж таньж мэдээ­сэй гэж хүсч байна. Үзэс­гэ­лэн­тэй хот, газар их бий. Картахена хот байна. Ис­панийн үеийн гоёмсог, уран барилга ихтэй орчин үеийн хот. Габриель Гарсия Маркес нэг хэсэг амьдарч уран бүтээлээ туурвиж бай­сан хот гэдгээрээ бас их алдартай. Нийслэл Богота хот ч мөн их гоё.

-Габриель Гарсия Мар­кесийг колумб хүн гэдгийг олон хүн мэддэггүй..?

-Колумб улсад хоёр Нобелийн шагналтан бай­даг. Нэг нь Нобелийн уран зохиолын шагналт Габо, нөгөө нь одоогийн Ерөнхийлөгч Мануэл Сантос. Босогчидтой энхийн гэрээ байгуулж, 40 орчим жил үргэлжилсэн дайныг зог­соос­ныг нь ийнхүү үнэл­сэн юм. Габо цэвэр колумб хүн, олон жил Мексикт амьдарсан л даа. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Колумбын хоёр киног үзүүлэх гэж байна. Колумбын байгаль, ур­га­мал, амьтны дэн­дүү баян, хосгүй гайхамш­гийг харуулсан киног танил­цуулна. Мөн суут Габриель Гарсия Маркесийн тухай сонир­холтой баримтат киног монголчуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм. Монголчууд Габог тун сайн мэддэг. Суут зохиолчийг илүү сайн танилцуулах, түүний талаарх нэртэй хүмүүсийн санаа бодлыг сон­сох боломж гарч ирж бай­гааг дуулгахдаа таатай байна. Эцэст нь, Колумб нь сайн хөгжсөн, хүчтэй эдийн засагтай, аюулгүй, үзэс­гэ­лэнтэй бүсгүйчүүд, мундаг хөлбөмбөгчидтэй, сайн хүмүүстэй улс шүү гэд­гийг дахин хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин