Х.ЦОМ

Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын их хурал өчигдөр /2016.09.14/ Хүүхдийн Урлан бүтээх төвд боллоо. Хот, хөдөөгийн 200 гаруй хүн хуралд оролцсон юм. Энэ үеэр Ардчилсан холбоог үүсгэн байгуулагч Д.Дарьсүхбаатараас зарим асуултад хариулт авлаа.

-АН-ын өнөөгийн байдлыг хэрхэн харж дүгнэж байна вэ?

-Монгол Улсад тусгаар тогтнол эрх чөлөө, ардчилал алга гэдэг нийгэм тэр аяараа мэдэж байна. Ардчилал байна уу гэвэл байхгүй болчихоод байна.  Үүнд санаа тавьж, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь энд цуглалаа. Яг үнэндээ хариуцлага хүлээх гэдэг үгийг түлхүү хэлмээр байна. Бид 1988-1990 онд өөрчлөлт шинэчлэлт хийж Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах, тусгаар улс байлгах, Монгол хүний эрх чөлөөг хангах, өөрийн эх орон нийгэмд тэнцэж боломжоороо сайхан амьдрах тийм зүйлийн төлөө 30 гаруй зүтгэсэн. Харамсалтай нь энэ бүгд алдагдлаа. Алдагдсан нь бидний өөрсдийн алдаанаас болсон. Бид хариуцлага алдаж хулгайч луйварчдыг оруулснаас болж байдал ийм дээрээ туллаа.

Монголд хэн нь хулгайч, луйварчин гэдгийг Монголын нийгэм төдийгүй дэлхий даяар мэдэж байна. Энэ бүхнийг олон жил тэвчиж байгаад өнөөдөр сэтгэлийн дуудлагаар цуглаж байна. Мэдээж зарлал олигтой хүрээгүй. Улс орон даяар зарласан бол олон зуун хүн ирэх байсан байх. Гэхдээ 200 гаруй хүн цугласан.

-Намын шинэчлэлийг сонгуулиас хойш ярьж байна. Намыг ийм байдалд оруулсан хүмүүс харицлага хүлээх ёстой гэдгийг ч цөөнгүй хүн хэлж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Урьд олон жил ярьсан. Би ч олон удаа хэлж байсан. АН-ын төв байгууллага болох ҮЗХ бол ХЗХ буюу хадгаламж зээлийн хоршоо болоод удаж байна. Тэнд хүмүүс мөнгө төлж ороод мөнгөө өсгөж байна. Үүнийг олон жилийн өмнө ч хатуу шүүмжилж байсан. Харамсалтай нь даамжирсаар ийм зүйл боллоо. Бусад руу буруу өгөхөөс илүү бүр оройтчихоогүй дээр нь алдаагаа ойлгож ухамсарлаж тангарагтаа үнэнч байж Монгол Улсын төлөө хийх ёстой бүхнээ гүйцээж, үүрэх хариуцлагаа үүрэх ёстой. Монголын Ардчилсан холбоог үндэслэгч нь би юм байгаа. Хэлж байхгүй бол болдоггүй юм байна. Мэдээж байгуулалцсан нөхдүүд бий. Санаачилж, үндэслэсэн нь Дарьсүхбаатар гэдэг хүн байна. Мөн АН-ыг байгуулалцсан хүний нэг нь. Энэ үүднээсээ үг хэлэх эрх, үүрэгтэй хариуцлагаа ч хүлээнэ. Хулгай луйвар хийгээгүй, эрх мэдэл албан тушаалын төлөө яваагүй хүмүүс цуглаад асуудлаа ярьж байна.

-АН-ыг шинэчлэх хөдөлгөөн нэртэй хэсэг хүмүүс энд тэнд цөөнгүй хурал зарлаж мэдэгдэл хийж байна. Үнэхээр намын гишүүд дэмжигчид хөдөлж эхлэв үү?

-Олон л хүн санаа зовж байна. Зарим нь захиалгаар энд тэнд янз бүрийн зүйл яриад байх шиг байна.  Төрөөр бизнес хийсэн луйварчдынхаа захиалгаар тэднийгээ хамгаалах гэсэн хүмүүс ч байна. Би улс төр гэдэг зүйлийг гадарлах юм даа. Сайхан сэтгэлээр бодоход санаа зовж байгаа хүмүүс олон бий. Энэ зөвхөн бидний биш өвөг дээдэс, ирээдүй хойчийн эх орон. Тиймээс ардчилсан хувьсгалыг хийсэн гэж цээжээ дэлддэг юм бол эх орноо ийм байдалд оруулсан хариуцлагаа хүлээх ёстой.

-Намын үүсгэн байгуулагчдын их хурлаас ҮЗХ-д нөлөөлөх хэмжээний ямар үр дүн гарах вэ?

-Үр дүн хүлээхэд маш хүнд. Гэхдээ үр дүн гарах ёстой. АН-ыг толгойлж удирдаж байгаа, ҮЗХ-г бүрдүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь луйварчид болсон. Тэд нарыг зайлуулах хэрэгтэй. Тэгэж байж намын шинэчлэл ярина. Тэд нар байх юм хэзээ ч шинэчлэгдэхгүйгээр барахгүй Монгол Улс сөнөнө.

-ҮЗХ-ны хурал өмнө зарлагдаад цуцлагдсан. Энэ удаа жинхэнээсээ хуралдах болвуу?

-АН-ын одоогийн ҮЗХ чадамжгүй. Энэ ҮЗХ-оор явах юм бол шинэчлэгдэхгүй.

-АН-ын даргын хэрхэн сонгох ёстой юм бол, таны бодлоор?

-Аль нэг фракц гэхгүйгээр чөлөөтэй нэр дэвшүүлж бүх нийтийн марафоноор тодруулах ёстой. Мэдээж боловсрол мэдлэг, улс төрийн туршлагатай байх хэрэгтэй. АН үндэсний хэмжээний нам мөн бол улс орны хэмжээнд намын даргаа тодруулах ёстой. Онц их хурлын төлөөлөгчдийг чөлөөтэй нэр дэвшүүлж сонгоод ҮЗХ төлөөлөгчдөөс шилж сонгох ёстой. Ингэвэл ҮЗХ хулгай хийдэггүй худлаа ярьдаггүй чадамжтай ҮЗХ бүрдэнэ.

-Намын дарга болох хүн ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэмжээний хүн байх ёстой гэсэн зүйл яригдаж байгаа?

-Өнөөдрийн байдлаар АН ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярихад эрт байна. Ерөнхийлөгч болох хүн энэ намд харагдахгүй байна. Тэрдундаа нэр бүхий лидер гээд байгаа новшнууд дунд  ерөнхийлөгч болох хэмжээний хүн нэг ч алга. Онц их хурлын төлөөлөгчдийг шударга, нээлттэй санал асуулгаар сонгох ёстой. Тохиролцоо, хулгайгаар биш чөлөөтэй тодруулсан цагт луйварчдыг зайлуулж чадна.

Эх сурвалж: www.polit.mn