Т.БАТСАЙХАН

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхантай ярилцлаа.

-Жил бүрийнБолор цом”-оор өөрийг тань харж, гал цогтой  шүлгийг нь сонсдог.   Бусад үед та нам жимхэн байх юм. Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Энд тэнд яваад байх дургүй дээ. Хүү охин хоёр маань айл гэр болж намайг өвөө гэдэг сайхан алдрын эзэн болголоо. Ач зээгээ харсан шиг гэртээ сууж, түүний хажуугаар уран бүтээлээ өлгийдөж, нам жимхэн амьдарч байна. Гэхдээ гадаад орчинд нам гүмхэн мэдрэгддэг ч  сэтгэл маань мөнхийн түчигнээнтэй байдаг шүү. Яруу найрагчийн сэтгэл тийм түжигнээнтэй байхгүй гээд яах билээ. Тэр түжигнээн дундаас удахгүй шинэ  ном гарах гэж байна.  “Амьдралын хүрд-2” номоо боож орхилоо. Яруу найрагчид маань ном боох гэж ярьдаг юм шүү. Уучлаарай.

-ТаАмьдралын хүрднэртэй ном гаргаж байсан. Энэ удаагийнх үргэлжлэл нь юм уу?

-Тийм ээ. Хүний амьдрал чинь угаасаа хүрд юм шүү дээ. Мөнхийн эргэлдэж байдагТөрнө, өснө, үхнэ тэгээд үргэлжилнэБи Билэгсайхан гэдэг хүн хэзээ ч ямар ч эрин цагт үргэлжилнэ гэдэгт итгэдэг. Тийм болохоор  хүний амьдралыг хүрдтэй зүйрлэдэг. Энэ номд надаас төрсөн яруу найргийн бүтээлүүд багтсан байгаа.

-Яруу найрагчид  нас тогтохоороо үргэлжилсэн үгийн зохиол бичих гээд байдаг гэж ярьдаг. Харин таны хувьд?

-Би тийм биш шүү дээ. Яруу найргаа л бичнэЯг л  30, 40 жилийн өмнөх тэр л сэтгэлийн хөдлөлөөрөө одоо ч бичиж байна. Би ер нь өөрийн дотоод сэтгэлээ захирахдаа их муу юм билээСэтгэлээс яг юу гарна түүнийгээ л буулгадаг. Түүнээс биш биОдоо өгүүллэг, роман бичих ёстойгэж зарлигдаж чаддаггүйУг нь бол үргэлжилсэн үг гэдэг яруу найргаас амарханЯруу найрагч гэдэг яггүй хүнд алба юмЯл, гавьяа хоёрыг зэрэг үүрч явдаг юм шүү дээ. Гэхдээ би шүлгээ л бичнэ. Надаас өөр юм нэхээд нэмэргүй./инээв/

-Та тэгээд яг анх яруу найрагт хөл тавьж байсан үеэсээ огтхон ч  өөрчлөгдөөгүй юм уу?

-Тийм ээ. Зарим хүмүүс залуудаа бичсэн шүлгээ уншаад өөрийгөө дооглоод л зарим нь шүлгээ засаад л байдаг юм билээБи бол шүлгээ засч үзээгүй. Ер нь тэр чинь утгагүй зүйл шүү дээ. Яруу найргийг  би төрдөг гэж боддог. Хүн төрсөн хүүхдээХамрыг нь тэгье, нүдийг нь янзалъягээд дахин төрүүлээд байдаггүй биз дээ. Тэгэхээр шүлэг тухайн үед ямар өнгө аяс орчинд төрнө цаашдаа тэр л аясаараа амьдрах ёстой юм. Миний шүлгүүд ч залуу насны маань алдаа, оноо амжилт бүхнийг надтай хамт үүрээд яг л нэг аясаараа энэ цаг үед ирж байна.

-Удахгүй гадаа навчис шарланаЯруу найрагчийн сэтгэл байгаль дэлхийг даган өөрчлөгддөг. Таны сэтгэлд намар юу мэдрэгддэг вэ?

-Уйлж, уянгалаад л байна шүү дээ. Шүлэг яг навчис шиг хөглөрнөЕр нь миний ихэнх шүлэг намар төрсөн байдаг юм. Ногоо ханатал ургаж ханатал шарлана. Бороо ч орно цас ч хаялнаСэтгэл ч норно, бодол ч үймэрнэЕр нь намар миний сэтгэлд түмэн зүйлийн бодрол санаа эргэлдэнэ дээШүлэг бичихэд чинь гол нь санаа юм шүү дээ. Санаагаа олчихсон байхад шаазгай үүрээ шавдаг шиг уран яруу үгсээр санаагаа шаваад л шүлэг төрдөг юм.

-Та ер нь дотоод ертөнцдөө ямар хүн бэ?

-Туйлын эрх чөлөөтэй нэгэнНамайг харсан хүмүүс даруухан, хэнэггүй, хээнцэр биш л гэж боддог. Харин Билэгсайхан дотооддоо бол түүнээс тэс өөр. Янзтай ямбатай амьтан байхгүй юуЯруу найргийн энэ л ертөнцдөд ямбалаад 30 гаруй жил болжээСэтгэл минь байнгын түчигнээнтэй байх сайхан шүү дээ. Тэр түчигнээн дундаас шүлэг төрнө гэдэг миний жаргал юм дааБи үүгээр л амьдарч, шүлэг уран бүтээлээр амьдралын хүрдээ эргүүлж байна. Багадаа их ном уншдаг байлаа. Мөн миний эмээ орой бүр үлгэр ярьж өгдөг байсанЭнэ бүхэн маань яруу найрагчийн амьдралыг сонгоход нөлөөлсөн байх.

-Та ер нь амбиц багатай байхМонголын зохиолчдын эвлэлийн үйл ажиллагаа, утга зохиолын хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн болж шагналыг нь гардаад нэлээд удлаа. Сүүлийн үед ажиглаад байхад ганц хоёр нимгэн ном гаргачихаад өөрийгөө яруу найрагч гэж цээжээ дэлдсэн хүн олон болжээБид залуудаа их л уншдаг байлааТэгж өөрсдийгөө боловсруулж байж бичиж эхэлдэг байсанМөн өөрийгөө яруу найрагч гэж хэлэхээс ичнэУг нь бол энэ нэрийг  чинь өөрөө ч биш ард түмэн хайрладаг юм шүү дээ.    Мөн сүүлийн үед шүлэгнүүд  амьдралаас тасраад хэт их хийсвэрлээд байна уу даа гэж боддог юм. Тиймдээ ч сайхан монгол шүлэг алга болоод л байна. Уншигчийн хувьд, уран бүтээлчийн хувьд үүнд их харамсдаг. Намайг шүүмжилж байна гэж бодвол ч бодог.

-“Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Гэгээн монгол”  танд олон сайхан шүлэг бий шүү?

-Би энэ сайн, тэр муу гэж боддоггүй. Адилхан л надаас унасанүрсминь юмГэхдээ намайг олон түмэнд яруу найрагч гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн  уран бүтээлүүд гэвэлХар азаргын нуруу”, “Олон булгийн намар”, “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Гэгээн монголзэргийг нэрлэж болох юм.   Би ч олныхоо өмнө уншихдаа дуртай байдаг.

-Шүлэг бүхэн хүний амьдралаас урган гарсан байдаг. Та эрчүүдийн хэлэх гэсэн санааг яг олж харсан, мэдэрсэн учраас энэ шүлэг хүмүүст их хүрсэн санагддаг?

-“Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ сайн шүлэг гэхгүй. Үүнд мундаг ур, гоё санаа байхгүйЭнэ шүлгийг бичихдээ ч өөрийн амьдралаасаа л мэдэрсэнээ буулгасан. Би тэр үед радиодНэрийн хуудасгэж нэвтрүүлэг хийдэг байлаа. Нэг удаа энэ нэвтрүүлгийн маань шагнал гэж нэлээдгүй мөнгө буусан юм. Тэгээд ч миний цалин бол эхнэрийн түрийвчинд, шагнал бол миний халаасанд ордог байлаа. Тэр өдөр жаахан уугаад халаасаа уудласан чинь мөнгө байдаггүйТэгсэн охин мааньӨглөө ээж таны халаасыг уудлаад том том мөнгө аваад байсангэдэг юм байна. Тэгээд л

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж, халаасыг нь бүү хоослогэсэн мөр ороод ирсэн дээ.

-“Болор цомшударга, шударга бус болдог тухай энэ удаа асуухаа больё. Гэхдээ таны шүлэг наадмыг чимдэг шүү?

-“Болор цомбол ард түмний наадам. Тиймдээ ч ард түмний алга ташилт бол хамгийн зөв шүүгч байдаг. Тэгэхээр дүнг нь гаргахдаа үзэгчдийнхээ алга ташилт, санаа бодлыг тусгадаг болчихвол энэ мэтийн явган салхи шиг үг гарахгүй л дээНадад бол удаан уулзаагүй нөхөдтэйгөө уулзаж, тайзнаас шүлгээ унших л сайхан байдаг.

Яруу найрагч М.Билэгсайханы сүүлийн үеийн уран бүтээлээс хүргэж байна.

Би

Би бэх цаасны эрлэг

Билгүүн үнэний шуналтан

Шүлгийн бол өвчтөн

Дууны бол дурлалтан

Боловсрол нимгэн ч

Бодол санаа даанч их

Шүлгээр дандаа жирэмсэлж явдаг

Онгодоор түүнийг төрүүлж жаргадаг

Олон түмэндээ сөгдөх

Орчлонгийн нэгэн ширхэг

Тавь гарсан эр хүн

Тавь гарсан эр хүний

 Хүч ухаан тэнцүү

 Хүний үртэй ханилчихсан

Хүүхдүүдээ өсгөчихсөн

Хүүхдийхээ хүүхдийг харчихсан

 Хүндэлж хүндлүүлж сурчихсан

Тавь гарсан эр хүний

Хүч ухаан тэнцүү

Суурин газар удвал

Нутгаа санадаг

Буурин дээрээ очвол

Хийморь сэргэдэг

Найранд намба алддаггүй

Настанд ес алддаггүй

Харих буцах насны эхлэл

Халуун залуу насны төгсгөл

Тавь гарсан эр хүний

Хүч ухаан тэнцүү

Зураг шиг бүсгүйтэй

Зөрж өнгөрөхдөө

Санаа аллалгүй

Инээж зөрдөг

Зурам шиг хүүхдийг эрхлүүлэхдээ

Том болно гэж толгойг нь илдэг

Тавь гарсан эр хүний

Хүч ухаан тэнцүү

Хөдөө хээр

Хийморь юугаа сэргээдэг

Хүрээ хийдэд

Маань мэгзэмтэй залбирдаг

Хүчтэний өмнө

Хүчгүй болж жижгэрдэггүй

Хүчгүйн өмнө

Хүчтэй болж томордоггүй

Амьдрал гээчийг

 Өөрийхөөрөө харж чамбайрдаг

Авах гээхийн ухаанд

Өр зөөлөн намбайдаг

Тавь гарсан эр хүний

Хүч ухаан тэнцүү

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин