Ц.БАЯР
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уулын бэлд Ивэн голын хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Гонгор сахиусны бумбыг тахих наймдугаар сарын их ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо./08.11- 08.14 / Тахилгын модон хайрцаг, цүнх саванд хийсэн бумбаа хүн бүр энгэрээсээ салгахгүй тэврэх нь энэхүү нандин шүтээнийг шүтэхдээ гадны хүмүүнд үзүүлэхгүй байх учиртайгаас үүдэлтэй. Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч хамгийн хүчтэй сахиус ажээ. Эд хөрөнгөө арвижуулж, буян хишиг хураах. Тэрхүү баяжих хүслээ бумбанд шивнэж аравнайлуулж, тахиулах нь энд ирж байгаа хүн бүрийн зорилго. Анх удаа бумбаны тахилгад очсон хүмүүст суралцах зүйл олон байв. Өмнөх жилүүдэд 20-30 мянган хүн цугладаг байсан бол энэ жилийн тухайд үүнээс нэг дахин бага хүн ирсэн байна хэмээн дөрөв таван жил бумба тахиулж байгаа найз маань хэлсэн. Гурав хоногийн өмнөөс бумбаа хийдэд байрлуулсан байх шаардлагатай ажээ. Тиймээс ажил албаа зохицуулан хурал номд нь даган баясаж, даллага авахуулж бумба тахиулах ёслолд үнэн сэтгэлээсээ оролцох нь чухал. Зарим хүмүүс бумбаа хүнд өгч явуулаад араас нь очиж болдог юм байна. Нөгөөтэйгүүр худалдаанаас авсан бумбанд будаанаас өөр хийсэн юм байдаггүй гэсэн яриагаар доторхийг нь асгаж шинээр бумба аравнайлуулах явдал байдаг юм байна. Сүсэгтэн Б.Нэргүй ярихдаа: “ Бумба авах гээд Гандан дээр явж байтал эртний танил мэргэч, төлөгч Батсуурь тааралдаж учир байдлаа хэлтэл 50 мянган төгрөгөөр бумба авчих, би 100 мянган төгрөгөөр дотор хийдэг бүх зүйлийг хийж өгье гэсэн. Би зөвшөөрч бумбанд байх ёстой 30-аад төрлийн зүйлийг нүдээрээ харж өөрөө хийсэн. Тэгээд хийдэд аравнайлуулахад 30 мянган төгрөг өгч миний бумба бүтсэн” гэсэн. Амарбаясгалант хийдийн сэргээн мандуулахад хувь нэмрээ асар их оруулсан Гүрүдэва Ринбүчи багш 1993 онд Гонгорын сахиусыг тахих ёслолын талаар анх хэлжээ. Өмнө нь Монгол нутагт сонсогдоогүй энэ зан үйлийг дагаж тахин шүтвэл ээлтэй сайхан шүтээн болно гэж айлдаад тухайн үедээ цөөн хэдэн бумбыг бүтээж өгсөн байна. Гонгорын бумбыг алт, мөнгө, зэс тэргүүтэн эрдэнэ болон болор шил, шаазан зэргээр бүтээж олон нандин үрэл, эрдэнэ, өлзийт тахилууд, Гонгор сахиусын хөрөг зэргийг хийж бүтээдэг байна.
Бумбыг хуурамч жинхнээр нь ангилах боломжгүй
Хийдийн гадна шашны эд зүйлсийн худалдаа хэдийнэ эхэлжээ. Машиныхаа арыг онгойлгож бумба, хайрцаг, даллагын уут тэргүүтнийг худалдаалах наймаачид олон байлаа. Гонгорын бумба жижиг нь 25 мянган төгрөгөөс эхлээд 300 мянга хүртэл үнэтэй. Доторхийг нь онгойлгож харах нь цээртэй тул худалдаанд байгаа олон бумбыг хуурамч жинхнээр нь ангилах ямар ч боломжгүй ажээ. Гэхдээ тэнд байсан сүсэгтэн Ц.Мягмар хэлэхдээ: “ Худалдааны лацтай бумбыг онгойлгож болдоггүй гэдэг юм билээ. Би учрыг нь сайн мэдэхгүй 80 мянган төгрөгөөр бумба авсан. Өөрийгөө зурхайч гэх нэг хүнд өгч явуулах гээд очтол наад бумбанд чинь будаанаас өөр зүйл байдаггүй юм. Онгойлгоод үз дээ гэв. Лацыг нь салган байж таг нь онгойхгүй нэлээн ноцолдож онгойлгосон чинь үнэхээр дүүрэн будаа, цаасан дээр наасан жижиг хуурамч есөн эрдэнэ, төвд бичигтэй хэдэн цаас байсан. Тэгээд нөгөө хүн маань жинхэнэ бумбанд хийдэг 30 гаруй төрлийн байгалийн нандин тансаг үнэртэй ховор зүйлүүдийг хийж аравнайлуулсан. Онойлгож болдоггүй зүйлийг онгойлгосон. 100 мянган төгрөг өгсөн ” гэж хуучилсан. Өглөөний 06:30 цаг болоход хийдийн хаалга нээгдэж уртаас урт дараалалд зогссон сүсэгтэн олон бумбаа өгөхөөр яаравчлан орж дөрвөн хаалганд хуваагдан зогсов. Ингээд нэг бумбанд 30 мянган төгрөг тушааж, тасалбар бичүүлж авлаа. Бумбаны тасалбарын сүүлчийн дугаарыг хартал 5125 гэсэн байлаа. Энэ хооронд дугаар дайрсан хэрүүл хийдийн дотор тасарсангүй. Бумбаа тахилгын ёслолд өгсний дараа хүн бүр тайван болж амралтын байдалд шилжив. Тахилгын гурав хоногийн хугацаанд хурал номд суух эсэх нь өөрсдийн сүсэг бишрэлийн асуудал тул Ивэн голын хөндийд эвтэйхэн байрлал олж аваад майхан, саваа байрлуулахаар тарцгаав.
10-15 мянга орчим хүн цугласан байв
Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих ёслолыг жил бүрийн зургаа, наймдугаар сард нийтдээ хоёр удаа зохион байгуулдаг. Нэг удаагийн ёслолд урд өмнөх жилүүдэд 20-30 мянган хүн цугладаг гэсэн тооцоо бий ажээ. Харин энэ удаа10 мянга орчим хүн ирсэн гэж байв. Тэгэхээр дор хаяж 2-3 мянган машин Ивэн голын хөндийд ирнэ гэсэн үг. Бумбаны тахилгын үеэр сүү, цагаан идээ, айраг, махаа борлуулж, гэрээ түрээслэн ашиг олдог малчид олон иржээ. Бумбаны тахилга нь нэг ёсны баяр болсон нь илт байв. Самар, жимс, чихэр, ундаанаас эхлээд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, аяны хэрэгсэл, хувцас зэрэг өргөн худалдаа гарчээ. Түүнчлэн усан завь, морин тойруулга, сугалаат тоглоом, дартс гээд бяцхан парк ч ажиллав. Архичдын хөндий, номын хөндий гэж хоёр янзаар нэрлэсэн газар байх. Магадгүй найрлаж цэнгэх нь нэг тийшээ, зөвхөн номын дуу сонсохоор ирсэн нь нөгөө талдаа бөөгнөрдөг юм байх. Бумбаа тахиулахгүй ч амарч, зугаалах журмаар найз нөхөд, ах дүүгээ дагаж ирдэг нь ч олон юм. Хогны Портер машин, буусан майхан болгоны дэргэд очиж хогыг нь ачиж байв. Мөн 3-4 майханы дунд нэг жорлон ухсан байлаа. Энэ жил өмнөх жилүүдээс илүү зохион байгуулалттай болсон тухай сүсэгтэн олон ярьж байв. Ивэн голын хөндийд өдөртөө багахан бороо орж, тогтуухан байснаа оройхон бага зэрэг салхилах байдлаар гурав хоногийн хугацаанд цаг агаар тааламжтай байлаа. Харуй бүрий болохтой зэрэгцэн хөндийгөөр нэг тарсан алаг эрээн майхнуудын гаднаас гэрэлт зул хөөрөх нь үзэсгэлэнтэй. Шөнийн дүр төрхийг дүрсэлвэл их хотын гэрэл чимэглэлээс огтхон ч дутсангүй. “Зөвхөн баяжих төлөө гэвэл өрөөсгөл болно. Тахилгаа зорьж ирэхдээ л зөвхөн би ганцаараа гэх биш хамаг амьтны амар амгалан, аз жаргалын төлөө залбирч ирэх хэрэгтэй тухай хийдийн ловон лам ярьж байсан.
Амар, Баясгалан гэдэг хоёр хүүхдийн нэрээр хийдийг нэрлэжээ
Анх хийд барихаар сонгосон газарт нь хонь хариулж явсан хоёр хүүгийн нэрийг нийлүүлж “Амарбаясгалант” хэмээн нэрийдсэн энэхүү хийдийн тухай олон домог цуу яриа бий. Тэнд цугласан хүмүүс дугаарлан байж үйлддэг зан үйл байдаг. Тухайлбал, хүслийн мод гэж нэрлэсэн хоёр модны нэг талд нь хүслээ шивнээд нөгөө талд нь очиж хариултаа сонсдог гэлцдэг. Мөн хийдийн урд талд байгаа пайлвар хэмээх хананд нүдээ аньж байгаад дороо гурав эргэн тэр чигээрээ яваад голд нь очвол нүгэлгүй гэлцэн туршиж үздэг. Гэвч эдгээр зан үйл нь сүсэгтэн олны амаар дамжин тогтсон буруу зүйл гэдгийг хийдийнхэн хэлж байлаа. Балбын Катманду нийслэлд байх “Жарун Кашур” хэмээх суврагыг хоёр дахин жижигрүүлсэн хувилбарыг хийдийн баруун хойд талд босгожээ. Өндөр шат бүхий суврагын орой дээр нь байх дөрвөн зүгт харсан найман мэлмий нь хамаг амьтны нүглийг нимгэлж, гэгээрлийн замд хөтөлдөг байна. Мөн хийдийн зүүн хойд талд гоёмсог гэрэлтүүлгээр чимсэн шатаар өгсөж Богд Зонхова бурхны барималд хүрч мөргөж болно. Зөвхөн эрчүүд л гардаг хийморийн овоо, доогуур нь мөлхвөл нүгэл нимгэрэх нигуртай суврага, үзэсгэлэнт байгаль бүхий Ивэн гол, мойл жимсээр баян моносын төгөл гээд эртний түүхт Амарбаясгалант хийдийг зорьж очвол үзэж харах, сэтгэл баясах, тархи амраах зүйлс мөн ч олон юм билээ. Тахилгын ёслолын гурав дахь өдөр хийдийн хашаанд хөл тавих зайгүй болж хүмүүс идээ будаагаа гартаа барьцгаан өсгөгчөөр даллага номын дуу сонслоо. Ингээд тасалбараараа эд баялаг, буян хишиг нь номын дуугаар дамжин дүүрсэн бумбаа авцгааж мөн л нандигнан тэвэрсээр буцацгаав. Яг л ирсэн шигээ олон машин зэрэг буцаж хөдөөний шороон зам багагүй түгжирч байсан юм.
Эх сурвалж:www.zms.mn