“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох вэ”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ” гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан “үнэт” хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор гэрэл зурагчин Б.Баярыг онцолж байна.
- Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Амжилтын гараа, амьдралын баталгаа мэргэжил сонголттой холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?
-Би багадаа аяллаар их явдаг байлаа. 2007 онд аппарат аваад эрвээхий, цэцэг, шавьжны зураг авч эхэлсэн. Хүн их шуналтай гэж үнэн шүү. Байгалийн гэрэл зурагт амьдралынхаа турш шунаж явна. Анх өөрийнхөө авсан зурагнуудыг их голдог байсан бол одоо тоож эхэлсэн. Хүн ер нь өөрийнхөө сонирхлыг л дагах хэрэгтэй юм билээ. Сонирхолгүй дан ганц хичээл зүтгэлээр нэг их хол явахгүй дээ. Надад шантрах, зүдрэх үе байлаа. Гэхдээ цаана зүрхэнд минь гал асаж байгаа учраас энэ мэргэжлээсээ хэзээ ч урваагүй. Тэгэхээр дотоод сэтгэлээ сайн сонсож байгаад сонголтоо хийвэл хэзээ ч алдахгүй гэж хэлье.
-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
- Гэрэл зураг гэдэг зүйлд шунан дурласнаар амьдралын сайн сайхан улам тодорч байх шиг санагддаг. Миний авсан зургийг Монголд ийм сайхан газар байдаг бил үү ямар гоё юм бэ гэсэн харцаар харж байгаа хүмүүсийг харахад үнэхээр сайхан. Тэдний эх орноо гэсэн сэтгэлийг сэрээж өгч байгаа гэж бодохоор бүр ч сайхан аз жаргалтай байдаг.
-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?
-Би үзэл бодлын хувьд нийгэмдээ баригдахгүй байхыг хичээдэг. Ер нь уран бүтээлч хүн тийм шүү дээ. Гэрэл зурагчин бол нийгмийн түүхийг бүтээгч юм. Мөн байгалийн гэрэл зураг авснаар хүмүүсийн сэтгэхүйд эх орон газар шороогоо хайрлах уриаг хүргэж байна. Тэгэхээр биднийг шууд үнэлэхгүй ч цаг хугацаа гэрэл зурагчдыг үнэлэх цаг ирнэ.
-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Гэрэл зургийн салбар уран чадвараар гайхагдахаас гадна бидэнд бас нэгэн том асуудал байдаг. Энэ нь техник технологи юм. Дэлхийн нэртэй гэрэл зурагчид сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжөөр “зэвсэглэж” байна. Мөн тэдний зураг яагаад сайн байна гэхээр авсан зургаа засдаг хэсэг нь үнэхээр гайхамшигтай. Үүнд нь технологийн маш өндөр мэдлэгтэй хүмүүсийн баг ажилладаг. Гэрэл зурагчин зургаа л авна түүнээс өөр юунд ч анхаарахгүй. Гэтэл бид өөрсдөө гэрэл сүүдрийг нь засаад л суудаг. Дэлхийд гайхагдаж байгаа тэр л гэрэл зургийн хөгжил рүү бид алхам алхмаар ойртож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин