МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж иргэд, сонгогчидтой уулзав. Түүнийг Ховд аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэр Жаргалан сумын Баатар хайрхан багийн иргэн Д.Даваасамбуутай ярилцлаа.
-Танай нутагт зуншлага хэр болж байна вэ?
-Бороо хур элбэг зуншлага сайхан байна. Бусад аймагтай харьцуулахад өвс ногоо, ус ургамалаар баян сайхан байна.
-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу. Ховд аймгийнхны ахуй амьдрал хэр байна вэ?
-Би мал маллаж байгаад 30 гаруй жил тээврийн жолооч хийсэн. Аймгийнхаа 16 суманд шуудан хүргэлээ. Мөн сүүлийн жилүүдэд Оросоос бараа татах зэргээр бизнес эрхэлж байгаад 2004 онд тэтгэвэртээ суусан. Одоо хол ойрын сонин хачин сонсохоор хааяа гадуур дэмий алхахаас өөр хийсэн зүйл алга. Ихэнхдээ гэртээ л байх юм. Харин сонгууль дөхөөд үзэх харах, сонсч дуулах зүйл ихтэй байна.
Би гурван төрийн нүүр үзсэн хүн. Хүүхэд байхад ардын аж ахуй гэж байсан юм. Одоо ардчилал шинээр гарч ирлээ. Тэр үед ард түмний ихэнх нь хувийн өмч хөрөнгөтэй ядуу буурай амьдралтай, баян хүний мал хариулж хоногийн тараг, сүүгээр хүүхдүүдийнхээ ходоодыг дүүргэж зарцлагдаж явсан юм. Ингэж байгаад 1956 оноос эхлээд хувьсгал гарч ирж мал хувьчилж авсан. Ажилгүй хүмүүс хувьдаа мал авч 1990 он хүртэл иргэдийн амьдрал тэгширч ирсэн.
Гэтэл дахиад ардчилал гэдэг зүйл гарч ирсэн. Социализмын үед хүн бүхэн ажилтай одоогийнх шиг хүмүүс нь ажилгүй архичин траншейнд амьдарч, янз бүрийн хэрэг төвөг тарьдаггүй байсан. Тэр байтугай Ховд аймагт гэхэд сумаас аймгийн төв, аймгаас Улаанбаатар руу шилжүүлэхгүй хатуу дэгтэй байлаа. Ажилгүй хүмүүсийг барьж аваад албадан ажил хийлгэдэг. Одоо бол ажил гуйгаад ч олдохгүй байна. 40 нас давчих юм бол ажилд орно гэж саналтгүй болж. Залуу байсан ч гоё сайхан хувцас, царай зүс харж ажилд авч байна. Нэг бодлын доромжилж байгаа юм шиг.
Би 70 наслаад тэтгэвэртээ гарсан ч миний үр хүүхэд, ач зээ амраг садан байгаа учраас өнөөдрийн энэ нийгэмд санаа зовохгүй, бухимдахгүй байх арга алга. Тэр тусмаа өнөөдрийн их өр зээлээ төлж чадахгүй ирээдүйд нэг улсын хараат болдог юм болов уу гэж маш их санаа зовж байна. Миний эцэг 1939 оны дайнд таван жил цусаа урсгаж явсан. Миний аавын дүү Халх голын байлдаанд явсан. Энэ үнэгүй өгөөд байгаа газар нутаг чинь ийм л үнээр олдсон юм. Дуртай нь зарж үрэх ёсгүй. Амь насаа өгч, цусаа урсгаж байж хамгаалсан газар шороо, тусгаар тогтносон улс шүү.
-Эдийн засаг хямарлаа гээд байна. Ховд аймгийнхны ахуй амьдрал хэр байна вэ?
-Манай аймгийнхны амьдрал тааруу байна. Сүүлийн дөрвөн жилд улам дордлоо. Шатахууны үнэ хэдэн төгрөгөөр буурсан ч гурил, будаа, элсэн чихэрийн үнэ буурахгүй байна. Улам нэмэгдэж байна. Сүүлдээ гутал хувцас худалдаж авч өмсдөг хүн ховор боллоо. Арай нэг хоосон хоночихгүйн тулд гурил будаа, тос масло грамллаад ч болсон авч байна. Ихэнх нь өр зээл тавьж байна.
Ид хийж бүтээх насны залуус зах дээр биллярд тоглож өнжих юм. Оройхон болохоор архи уугаад энд тэндгүй гудамжинд хэвтэж харагдах юм. Тэднийг харахаар хайран залуу нас гэхээс өөр хэлэх үг даанч алга. Сайхан аав ээжээс төрөөд хорвоогийн тоосыг хөдөлгөх төдий явна гэдэг эмгэнэлтэй хэрэг. Ажилгүй болохоор гутардаг юм шиг байгаа юм.
-Танай аймагт үнэхээр ажлын байр хомс төрийн бодлого муу байна уу. Эсвэл залуус ажил голоод байна уу?
-Төр засагт энэ хүнийг ажилтай болгоё гэсэн. Ард түмэн рүүгээ чиглэсэн бодлого алга. Жишээлбэл, Н.Алтанхуяг сайд болохдоо манай аймагт баруун бүсийн худалдааны хоёр давхар төв барьж өгнө гэж амласан. Гэтэл одоо болтол ашиглалтад ороогүй. Хоёр жил өнгөрч байхад худалдаачдыг оруулаагүй байна. Түрээслүүлнэ гээд иргэдээс урьдчилгаа төлбөр гэж 2-3 сая төгрөг авсан. Замхраад алга болж байна. Стандартын шаардлага хангахгүй, өндөр хүчдэл дийлэхгүй муу утастай гэсэн сураг байна лээ. Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбатын компани барьсан гэж хүмүүс ярих юм билээ.
Малчдын амьдрал их дорой байна. Түүхий эд авдаг газар байхгүй. Сайхан нэхийнүүдээ хаяхаас өөр сонголт алга. Яахав хавар болохоор хэдэн ямааныхаа ноолуурыг тушаах юм. Энэ жил манай аймагт ноолуур хамгийн дээд үнэ нь 55 мянган төгрөг хүрлээ. Социализмын үед малаас хаях юм олдоггүй байсан. Гэтэл нэхийнээс нь эхлээд хаягдаж байна. Хүн авахгүй болохоор өөр яах билээ. Төр засаг нь малынхаа түүхий эдийг борлуулах зэргээр зөв бодлого гаргаж ажиллаж ёстой юм. Сүүлдээ малчид малдаа өндөр үнээр вакцин авч тариулж чадахгүйгээс мал өвчтэй болж байна. Өмнө нь улсаас үнэгүй вакцинжуулдаг, мал эрүүл сайхан байдаг байлаа. Хүнийг ч гэсэн эмчлүүлэх шаардлагатай гэвэл сар эмнэлэгт хэвтүүлнэ. Тэгэхэд одоо арав хонуулахгүй эдгэсэн, эдгээгүй хамаагүй хөөгөөд гаргаж байна.
Гэрээс гардаггүй ч гэсэн чагнаж байхад малын хулгай маш их гарч байна. Эзэн нь байхад хотоор нь хөөгөөд явж байна гэх юм. Адуу, үхрийг буудаад авч явж байна гэнэ. Хүн эрхээ эдэлж, үүргээ биелүүлж чадахгүй байна. Юу ч хийсэн миний эрх гэсэн ойлголттой боллоо. Ардчилал гарснаар архи ууж, хулгай хийнэ үү, ажилгүй сууна уу аль дуртайгаа хийж болдог гэсэн буруу ойлголт хэвшилтэй болсон байна.
-Жирийн сонгогчийн нүдээр харахад сүүлийн дөрвөн жилд танай аймаг хөгжив үү?
-Биднийг төрд С.Бямбацогт төлөөлсөн. Хоёр удаа сонгогдохдоо эсрэг намд урвасан. Тэгэхээр хүн чанар нь танигдчихаж байгаа юм. Зам талбай, цэцэг, мод тарих, гэрэл дохио шинэчлэгдсэн ч ард түмэн рүү чиглэсэн хөгжил алга. Аймгийн төвд цэцэг тарихын тулд голын шороог авчирч, сайхан зүлгийг ханзалж авчраад газарт суулгачихлаа. Хийж байгаа хүмүүсийг нь буруутгаж байгаа юм биш. Байгаль дэлхийгээ бодоод хүний амьдралд нэмэр болох зүйлсийг хийгээсэй гэж боддог.
Ард иргэдийг өөрсдөө ажил олоод амьдар гэж хэлэх аргагүй болтлоо доройтсон байна. Малаа барчихаад хөдөөнөөс ирсэн ажилгүй хүмүүс аймгийн төвөөр дүүрэн байна. Биллярд тоглоод хүүхдүүдийнхээ 20 мянган төгрөгөөр амьдарч байна. Төр засаг хүн рүүгээ чиглэсэн ажлын байртай болгох шийдвэрийг гаргаж өгөх хэрэгтэй. Би үүнийг АН-ын уулзалт дээр УИХ-ын дарга З.Энхболдод хэлэхэд “Та буруу ярьж байна. Социализмын үеийн юм ярилаа” гэсэн. Монголчуудад өнөөдрийн энэ их өр, эдийн засаг, улстөрийн хямрал талцаанаас гарах хоёр зам байгаа гэж би бодож байгаа. Нэг нь ардчиллын тахир зам. Хоёр дахь нь өөрчлөлт шинэчлэлтийн шулуун дардан зам байгаа гэж харж байна. Тиймээс хэчнээн хүнд хэцүү байсан ч өөрчлөлтийн төлөө шантралгүй тэмцэх юм бол Монгол Улс ойрын хэдэн жилд хөгжинө. Монгол хүн одооных шиг хүнлэг бус нэгнээ үзэн ядсан хатуу сэтгэлтэй биш оюунлаг ёс зүйтэй ухамсартай ирээдүй хойч төлөвшинө. Том сургууль төгсч эрдэм боловсрол эзэмшээгүй гурван төрийн нүүр үзэж байгаа хүний хувьд ингэж л бодож байна.
-Сонгуулийн сурталчилгаа эхлээд цөөнгүй хугацаа өнгөрлөө. Намуудын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг хэрхэн шинжиж байна вэ?
-Намуудын мөрийн хөтөлбөрийг уншлаа. Гэртээ сууж байгаа над шиг хүнд үүнээс өөр хийх зүйл алга. МАН өмнөх шиг бахь байдгаараа л байя гэсэн санал тавьж байна. АН оюутны сургалтын төлбөр, малчны зээл гэж байгаа ч яг үнэндээ ард түмэн өр зээлнээс айж байна. Хүн бүр 15 сая төгрөгийн өртэй, хүүхэд нь мэндлэхдээ өрийн бичигтэй төрж байхад дахиж өр зээл тавиад хэрэг байна уу. Аягүй бол зурагтаар яриад байгаа Тажикистан улс шиг газар нутгаа өгөхөд хүрнэ шүү дээ. Өвөг дээдэс энэ нутаг газар шороог яаж тэмцэж байж бидэнд үлдээснийг залуус ухаараасай. Мөн Япон руу ажилчдыг гаргаж залуусын гэдсийг цатгана гэнэ. Ингэж эрүүл саруул монгол хүмүүсээ экспортоор гаргаж гадаадад олон жил ажиллаж өвчин хуучдаа баригдсан хүмүүсээ импортоор оруулж ирж байна. Энэ буруу тийшээ явж байгаагийн шинж.
Харин МАХН-ын мөрийн хөтөлбөрийг овоо хэдэн жил бодож боловсруулсан юм болов уу гэж харж байгаа. Магадгүй Н.Энхбаяр дарга алсыг харж сүүлийн дөрвөн жил суусан байх. Одоо монголчуудад буу шийдэм бариад тэмцэх биш эв нэгдэл чухал байна. Оюутны сургалтын төлбөрийг өмнө нь төрөөс даадаг л байсан эргээд тэр жишиг рүүгээ ороход юу нь буруу гэж. Ядуу зүдүү ард түмэндээ орон сууц өгмөөр байна. Мянганы төмөр зам, цахилгаан станц, жаргалын найман хот, зорилтот бүлэг рүү чиглэсэн эрүүл мэндийн хамгаалалтын хөтөлбөр нийгэмд үгүйлэгдэж байна. Ард түмний захиалга. Зарим хүмүүс энэ их мөнгө төсөв хаанаас гарах вэ гээд байх юм. Төр Таван толгой, Оюутолгойн ордоо зөв ашиглаад үр шимээр нь ард иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин