Д.ОЮУНЧИМЭГ

Доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.

-Монголчууд байгаль хамгаалах гэдгийг юу гэж ойлгож ирсэн бэ?

-Монголчууд байгаль хамгаалах талаар  дэлхийн аль ч улс үндэстнээс дутахааргүй  өв соёлыг бүтээн туурвиж, өнөө болтол уламжлуулсан ард түмэн гэдгийг юуны өмнө хэлье. Газар шороо, мод чулуу, уул ус бол хүнтэй адил бие эрхтэн, мэдрэл мэдрэхүй, судал судастай амьд цогц гэдгийг нүүдэлчин монголчууд эртнээс танин мэдэж, ухаарсан байдаг.

6-16-6-Үүнийг суурин соёл иргэншилтэй улс үндэстнүүд ойлгоход хэцүү байх. Жишээлбэл, Европчууд?

-Тийм ээ, нүүдэлчин монголчууд нэн эртнээс үүнийг гүйцэд таниж мэдсэн нь түүхийн үнэн. Би нэн эртнээс гэдгийг хэдэн зуун жилээр бус, мянган жилээр ярьж байна. Археологи буюу эртний судлалын шинжлэх ухааны мэдээ баримтаас үзвэл чулуун зэвсгийн үед, наанадаж нэг зуун мянган жилийн тэртээ байгалийн элдэв сонин содон юмс үзэгдлийг бусдаас нь онцлон бишрэн шүтэх үндсэн дээр  монголчуудын нэн эртний өвөг дээдсийн дунд байгалиа шүтэх шүтлэгийн  эх үүсвэр тавигдсан байна. Уул ус, тусгай тогтоц бүхий мод чулуунд бурхан сахиус, лус савдаг орших тул түүнийг хилэгнүүлэхгүй хайрлан хамгаалж, тахин шүтэж найр тавьж байх итгэл үнэмшил бий болж. Яваандаа  хүн, байгалийн амин холбоог сэвтүүлэхгүй зэрэгцэн орших гүн ухаарал тэдэнд төлөвшсөн байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын ертөнцийг үзэх гүн ухааны амин чанар нь хүн, байгалийн амьд нэгдлийг бий болгоход чиглэгднэ.

-Ийм энгийн атлаа үнэн юмыг хүүхэд, залууст ойлгуулах хэрэгтэй юм. Тийм үү?

-Одоо дэлхий дэлэгнэж, хүүхэд залуус хөдөө гадаа явж амьд байгальдаа тэмүүлэх улирал эхэллээ. Тэр болгон мэдэхгүйгээс болж гол горхи, булаг шандны эх рүү хөл гараа хамаагүй дүрэх, сүүтэй шанага сав хийх, онцгой тогтоцтой мод, ургамал руу бие засах  зэрэг санаандгүй үйлдлээсээ болж сэвтэх, хөл гар дээр нь юм гарах, татах, гэмтэх  улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал цөөнгүй тохиолддог. Тиймээс сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ бүхнийг ярьж байгаа юм. Амьдрал дээр ийм жишээг тоолж баршгүй. Үүнийг хүмүүс мэддэг шүү дээ.

-Тэгвэл байгаль хамгаалах гэдгийг та юу гэж үздэг вэ?

-Монгол хүн тэнгэр газраа шүтэн аргадаж, хур бороо гуйна, эцэг тэнгэрээс хайрласан хураар  газар эх ивлэн дэлэгнэж, ургамал амьтан, хүн мал ундаалж, үр шимийг нь хүртэн амьдрал цэцэглэнэ. Тэгэхээр байгаль хамгаалах гэдэг ухагдахууны амин сүнс нь хүн, байгалийн хуулинд захирагдан, дасан зохицож амар амгалан амьдрахад оршино. Тодруулбал, байгаль хамгаалах гэдэг нь  хүмүүн, тэнгэр, газар гурвалын харилцааны нийлбэр цогц юм шүү дээ. Түүнээс биш барууныхны байгалийг ашиглах, тонох гэдэг бүдүүлэг ойлголт огт биш

-Та маш сонин, шинэлэг санааг томъёоллоо. Цаашид бид энэ чиглэлээр ямар ажил хийвэл илүү үр дүнтэй вэ?

-Ер нь байгаль хамгаална гэдэг чинь хүмүүн, тэнгэр, газар гурвалын харилцан шүтэлцээнд тулгуурласан гэдгийг би дээр хэлсэн. Тиймээс өргөн хүрээтэй, гүн ухааны ухагдахуун юм гэдгийг оюун сэтгэлгээний төөрөгдөлд автан, мөнгө хөөсөн өнөөгийн нийгэм ойлгож, ухаарах хэрэгтэй.

-Алт, эрдэнэс гэлтгүй говь, хээрийн хамаг гоё чулууг урагш нь зөөгөөд дуусгалаа хэмээн халаглах хүн олон таарч байна. Үүний сөрөг нөлөө их биз?

-Алт газрын гагнаас гэдэг бол чулуу хөрсний гагнаас юм шүү дээ. Тэр гагнаасыг ханзалж, ховхлохоор хөрс, шороо суларна. Суларсан хөрс маш амархан эвдэрдэг. Монголын  элс, шороон шуурга өмнөд хөршийг гаталж, далайн арлуудад хүрч байгааг ярьдаг боллоо. Суларсан хөрс шороо хуйларсан цөлжилтийн аюулыг дэгдээжбэлчээр талхлагдаж, ургамал, ногоогүй болгож байна. Нэгэнт ургамал ногоогүй бол мал амьтан орших аргагүй. Мал сүрэггүй болчихвол малчид төв, суурин газар бараадан цагаачлахаас өөр аргагүй. Үр дагавар нь дэндүү сөрөг байгаа биз дээ. Мэдээж нүүдлийн соёл иргэншлийн аюулгүй байдал ноцтой болж, улмаар улс орон тогтвортой хөгжихөд улам л хэцүү болно

-Тэгвэл бид юу хийх ёстой вэ?

-Энэ тохиолдолд төр албадлагын арга хэмжээ авах ёстой. Чулууг хил давуулан гадагш гаргахыг хориглочиход л энэ асуудал шийдэгдэх боломжтой шүү дээ. Гэтэл энэ засаг, төр ганцхан чулууны талаархуруугаа ч хөдөлгөхгүйбайгаад гайхаш тасарч байна. Тиймээс бид учирлаж, хүмүүсийн сэтгэл оюунд хүргэх гээд хичээж байгаа нь энэ. Үндсэн хуулиндгазар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байнагээд заасныг энэ засаг төр ер хайхарсангүй. Зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгэм гэсээр таарлаа. Дашрамд хэлэхэд, хий хоосон ардчилал, хүний эрх гэж хоосон номлож, улс орныг түйвээгчдийн наманцар Монгол Улсад огт хэрэггүй, барууны онол номлол Монголын хөрсөнд тохирохгүй гэдгийг ард түмэн ухаарах хэрэгтэй. Харамсалтай нь, Монголын юм болгоныг үнэгүйдүүлэх бодлогын хор уршгаар байгаль хамгаалал нэн тулгамдсан асуудал боллоо. Байгалиа, эх орноо хамгаална гэдэг нэг зоосны хоёр тал шүү дээ.

-Уул уурхайн замбараагүй олборлолт, зах зээлийн шуурга хамаг амьтан ургамал, улс орны баялгийгцөлмөж орхих вий!” гэсэн халаглал нийгэмд хавтгайрлаа. Ер нь гэрэл гэгээтэй юм байна уу!

-Харамсалтай нь 1990 оноос зах зээлийн үзэл сурталд дөрлөгдсөн ухвар мөчид этгээдүүд өөрийн орны газар, эхийн хэвлийд олз ашгийн савраа шургуулан тэмтрэх болсны хор уршгийг яриад барахгүй. Бидний нүдэн дээр Монгол орны унаган байгаль алдагдаж, нүүдлийн соёл иргэншил түгшүүр төрүүлж, зэрлэг ан амьтан хүртэл эрс цөөрч ховордсоор байна. Тиймээс арга хэмжээ авахыг нөхцөл байдал шаардаж байна шүү дээ. Гэрэл гэгээтэй юм байна уу гэвэл бий. Бүхий л зүйл хар бараан байна гэж харж болохгүй. Байгаль хамгаалалд нутгийн иргэд олон нийтийг татан оролцуулж, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулаад дэс дараатай, тасралтгүй, туйлбартай арга хэмжээ авч чадвал ихээхэн ахиц дэвшил гардаг гэдгийг бид саяхан Увсын цэнхэр хязгаарт явахдаа үзлээ. Увсын байгаль хамгаалах нөхөрлөлийнхөнманай Гулзат 2000 оны үед 200-аад аргаль хоньтой байв, өссөөр 2014 онд 1500 гарсан. Одоо 1900 болоод байна. Үүнд НҮБ-ийн төслийнхөн их тусалсангэцгээж байна, сайхан байгаа биз.

-Тэр чинь их сонин байна?

-Аргаль, хонь гэхэд манай улсад 1980-аад онд 45000-аар тоологдож байгаад 1990-ээд оноос хойш 15000 болтлоо цөөрсөн байна. Гэтэл үүний 2000-аад нь зөвхөн Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын Гулзатын орон нутгийн хамгаалалттай газар өсч, үржиж байна. Нутгийн олны аргаль, угалз буюугулз”-аа өсгөх гэсэн сэтгэлийн урмыг бадрааж, НҮБ-ийн  “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээтөслөөс дэмжсээр байдаг юм байна. Наанадаж  хаана, хэний хариуцсан газар ямар угалз явааг тэдний өгсөн сайн чанарын дуран, GPS төхөөрөмжөөр харж, мэддэг. Унаа мотоциклтэй, иж бүрэн хэрэгсэлээр хангагдсан байгаль хамгаалагч, нутгийн нөхөрлөлүүд алган дээр юм шиг хянаж байдаг болохоор хулгайн ан агнуур гэсэн ямар ч ойлголт тэнд алга. Дээр нь давс, хужир, өвс хадлан тавьж өгөх гэх мэт биотехникийн арга хэмжээ авахаар тэр ховор сайхан амьтан өсөхөөс яахав. Уг төслөөс орон нутгийн дунд сургуулидын эко клубын сурагч, багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулах, Монгол орны зүүн болон баруун бүсийн зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн, нүүдэл, амьдрах таатай орчин, холбоос нутгийг бий болгох гээд олон ажил хийж байна

-Үнэхээр чихэнд чимэгтэй сайхан мэдээ юм. НҮБ-ээс манайд тийм төсөл хэрэгжүүлж байгаа юм уу?

-НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сангаас хамтран хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь бас Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо болон Хэнтий аймгийн Норовлин, Батширээт сумын нутаг дахь орон нутгийн иргэдийн хамгаалалттай нөхөрлөлүүдэд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

-Тухайлбал яаж дэмждэг вэ?

-Санхүү болон мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, байгаль хамгаалах нөхөрлөлийг бэхжүүлэх чиглэ­лээр судлаач, мэргэ­жил­тэн, эрдэмтдийг та­тан оролцуулахаас гадна яг одоо Монгол орны хэм­жээнд байгаль хамгаа­лах хэ­дэн нөхөрлөл байгаа талаар шинэчилсэн бүрт­гэл хийж байна. 2014 оны тоо баримтаар бол манай улсад ой хээр, гол мөрөн, ус ургамал, ан амьтан хамгаалах чиг­лэлээр нийт 1629 нөхөр­лөл байсан. Одоо хэд болж нэ­мэгдсэн, үйл ажил­лагаа нь ямар болоод байгааг гаргаж ирэхээр судалгаа хийж байгаа. Мөн байгалийн нөөцийн менеж­ментийн чиглэлээр бич­дэг мэргэжлийн сэт­гүүлчдийг дэмжих, төлөвшүүлэх зорилгоор уралдаан зохиож, сургалт хийж байна. Жил бүрийн хавар Дорнод, Хэнтийн өргөн уудам талын өвс ургамалыг хуйхлах хээрийн түймрийн аюул шуур­­дагийг хүмүүс мэднэ.

-Тиймээ, жил бүрийн хавар, зуны эхээр түймэр дэгдэж, малын бэлчээр нутаг орон хуйхлагдаж, багагүй хөрөнгө хүчийг улсаас зарцуулдаг?

-Улайсан  дүрэлзэх түймрийн галыг улаан гараараа дарах биш, багаж хэрэгслээр дутагдах иргэдэд мөнөөх төслийнхөн тусламжийн гараа сунгаж, Норовлин Батширээт Цагаан-Овоо Баян-Уул сумдын 21 нөхөрлөлд ус шүршин түймэр унтраадаг рело, үлээгч аппаратаас эхлээд давын өмнө хэрэгтэй багаж хэрэгсэл илгээж, нөхөрлөлийн гишүүдэд түймэр унтраах мотор багаж хэрэгслийг хэрхэн ажиллуулах дадлага эзэмшүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулах сургалтыг орон нутгийн Онцгой байдлын албаныхантай хамтран зохион байгуулж, ой хөвч, эзгүй хээрээр явдаг байгаль хамгаалагч нартаа санхүүгийн дэм үзүүлж, харагдац сайтай газруудад харуулын пост байр барьж байгуулах гэх мэт ажлыг санхүүжүүлэн хийжээ.

Би судлаачийн хувиар, Монгол улс байгаль хамгаалах нөхөрлөлийн тогтолцоонд орох нь илүү үр дүнтэй гэсэн ном бичсэн, удахгүй нийтийн хүртээл болгоно. Энэ хүрээнд чамлахааргүй судалгаа хийсний хувьд тэдний үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй байдаг юм

-Таны байгаль хамгааллыг нийгмийн соён гэгээрлийн ажил болгоё гэсэн томоохон нийтлэлийг уншиж байсан. Цаашид байгаль хамгааллын чиглэлээр ямар ажил хийвэл илүү үр дүнтэй вэ?

-Хоёр жилийн өмнө танай сониндБайгаль хамгааллыг нийгмийн соён гэгээрлийн ажил болгоёгэсэн нийт­лэлийг гаргаж, дээрх санаануудаас дэвшүүлэн тавь­сан. Түүнээс хойш бодоод байхаар манай улс байгаль хамгаалах нөхөрлөлийн тог­толцоонд л орох хэрэгтэй юм байна. Тэгвэл байгаль хамгаалах ажил жинхэнэ эзэнтэй болно. Үндсэн хуулийн эхэндбайгаль орчноо хамгаалах нь Монгол Улсын иргэн бүрийн журамт үүрэг мөнболохыг зааж өгсөн. Иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтаар яваад байвал учир их байна. Үүнийг сайн мэддэг учраас НҮБ-ийн төслийнхөн нөхөр­лөлүүдийн дундБай­галиа хамгаалъя, багаараа ажиллаяуриан дор хамт олноороо бүтээлч ажил хийсэн шилдэг нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагчдыг шалгаруулах уралдааныг саяхан зарласан. Шалгарсан нөхөрлөлийг урамшуулж, ажил үйлсийг нь дэмжих юм. Түүнээс гадна нөхөрлөлүүдээс өөр өөрсдийн орон нутагт хийж болох байгаль хамгаалах, амжиргаагаа дээшлүүлэх чиглэлээр 45 жижиг төсөл бичиж ирүүлснийг хянан үзэж, хэрэгжүүлэх гэрээ хэлцэл байгуулах зэрэг олон  сайхан ажил хийж байгааг онцлон тэмдэглэе. Үүнээс ихээхэн үр дүн гарна гэж мэргэжилтнүүд харж байгаа юм. Ийм байдлаар нөхөрлөлийн тогтолцоонд орж, зохион байгуулалттай болохгүй бол байгал хамгаална гэдэг зорилт хий дэмий ярианаас хэтрэхгүй шинжтэй.

-Байгаль орчин хэцүүдлээ гэж дэмий халаглаж суухын оронд хэн нэгэнд ухаарал, сэхээрэл өгөх санаа оноог харамгүй хайрлаж, сайн сайхан ажил үйлсийг сайшаан дэмжиж, сэтгэл гаргаж байгаад тань талархлаа. Та хүн төрөлхтний хэрэгцээг хангахад дахиад нэг дэлхий хэрэгтэй гэсэн ярилцлага өгсөн байсан?

-Байгаль хамгаалал нь улс орны хүрээнээс хальж, тив, дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болж хувирлаа. Хүн төрөлхтөн асар хурдацтай өсөн нэмэгдэж, амьдрах орчин нь улам хумигдаж байна. Энэ нь их гүрнүүдийн зэрэгцээ бага буурай хөгжилтэй улс орнуудын санаа зовоосон асуудал мөн. Бидний эрүүл, аюулгүй амьдрах орчин, амьтан, ургамал, ус, цэвэр агаар биологийн олон янз байдал зэрэг дэлхийн нөөц баялаг улам багассаар байгаа учир найман тэрбум хүний хэрэгцээг бүрэн хангахад дахиад нэгээс хоёр  дэлхий хэрэгтэй болж байгааг орчин цагт ярилцах болжээ.

-Асуудал ийм дээрээ тулсан учраас өнөөдөр эх орноо гэсэн хүн бүр байгаль эхээ хамгаалахад хувь нэмэр оруулах шаардлагатай болоод байна гэж үзэж болох уу?

-Тийм. Түүнээс гадна байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч уул, уурхайн хайгуул, олборлолт явуулахыг бүрмөсөн цаазлан хориглох ёстойМонгол Улсын төрөөс Тусгай Хамгаалалтай Газар Нутгийг бэхжүүлэн, байгаль хамгаалах төрийн бодлогын цөм болгон тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын менежментийг сайжруулан, томоохон сүлжээг бий болгох чиглэлээр тууштай ажил зохион байгуулах ёстой. Төрийн түшээд гадныханд баялагаа найр тавин сул өгдөгийг бүр мөсөн таслан зогсоож, уул уурхай төвтэй эдийн засгийн бодлогоо эргэн харах шаардлага бий болоод байна. 2014 онд улсын  хэмжээнд нийт 19 аймаг, нийслэлийн 166 сумын нутаг дэвсгэрийн 17.8 хувийг эзэлсэн 27.2 сая гаруй га талбай бүхий 99 газрыг улсын тусгай хамгаалалтад оруулжээ. БОНХАЖЯ, иргэний нийгмийн байгууллагуудын үүсгэл, санаачлагаар энэ онд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад оруулснаар 100 газар энэ хүрээнд хамрагдлаа. Ногоон хөгжлийн бодлого хэмээх тунхаглалын чанартай байгаа тусгай хамгаа­лалттай газар нутгийн хам­гаалалтын тог­твортой сан­хүүжилтийн меха­низмыг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүйгээр энэ зорилт хэрэгжих бо­ломжгүй. 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувийг тусгай хам­гаалалттай газар нутгийн сүлжээнд оруулна гэсэн бодлогыг ажил хэрэг болгох талаар нутгийн иргэд, нөхөрлөлүүд идэвхи санаачилга гар­гаж, өөр өөрсдийн аймаг, сумын тусгай хам­гаа­лал­тад оруу­лах газар нутгийг тодор­хойлон, аймгийнхаа ИТХ-д асуудал дэвшүүлэх эрх зүйн боломж бий.

Энэ бүхний эцэст бас нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, өвөг дээдсийнхээ байгаль хамгаалах талаар бүтээж бий болгосон өвөрмөц соёл, зан заншил, хорио цээр, түүхэн уламжлалыг хүүхэд, залуу үеийнхэнд ойлгуулж байх нь эрдэмтэн судлаачид төдийгүй учир мэдэх нийт хүмүүсийн цаг тутам санаж бодож, хийж байх нь ёс суртахууны үүрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин