Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Орхон” их сургуулийн ректор, профессор Я.Дашдоржийг урьж ярилцлаа.
ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД БОЛОВСРОЛЫН САЛБАР ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
Монголчууд байгалийн баялгаа ашиглаж хөгжих нь гэж бодож байгаа ч гэсэн нэг харах ёстой зүйл нь хүний хөгжил байдаг. Байгалийн баялгаа захиран зарцуулж чадах, тэрийгээ буцаагаад улс, эх орныхоо хөгжил болгож чадах мэргэжилтэй боловсон хүчин хүн байхгүй бол Монгол Улс хөгжихөд хэцүү. Бид нэг салаа замын үзүүрт ирчихээд их удаан гацлаа. Тухайлбал, Автрали, Норвеги зэрэг байгалийн баялагтай орнууд шиг хөгжих үү эсвэл Африк шиг хөгжилгүй хоцрох уу. Энэ хоёрын ялгаа нь хүний хөгжил. Бид монгол хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлэх гол салбар нь боловсролын салбар. Энэ салбараа алсыг харсан, монгол уламжлалаа дээдэлсэн, нэгдсэн бодлоготой, уялдаа холбоотой, шинэ онол, санаануудыг дэмжсэн байдлаар хөгжүүлэх ёстой. Монгол Улсын хөгжилд боловсролын салбарын хөгжил заавал чухал. Төрийн бодлогоор зохицуулж дэмжихээс гадна боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын салбарын их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын дунд сургууль, бүр цэцэрлэгийн төвшинд гэрийн хүмүүжлийн орчинд хүний хөгжлийн асуудал хэрэгжиж байх ёстой. Энд бид өөрийн хувь нэмрээ оруулан дээд боловсролын салбарт “Орхон” их сургуулийг үүсгэн байгуулж 25 жил, “Орхон” дунд сургуулийг байгуулан амжилттай ажиллаж байна.
“ОРХОН” ИХ СУРГУУЛИЙН ОДОО БА ИРЭЭДҮЙ
“Орхон” их сургууль нь Хууль зүйн сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль гэсэн гурван салбар сургуультай бакалаврын төвшний 40 гаруй мэргэжлээр магистр, докторын найман чиглэлээр сургалт явуулж байна. Бид хүмүүнлэг, хууль, эдийн засаг бизнесийн чиглэлийн сургалт явуулж танигдсан бол энэ жилээс тусгай, нарийвчилсан салбар буюу инженерийн тодорхой мэргэжлээр сургаж эхлэх боломжтой болж байгаа. Монгол Улсын ихэнх их, дээд сургууль сургалтын үйл ажиллагааг голлосон чиглэлээр ажилладаг. Өндөр хөгжилтэй аль ч оронд очиход анагаах ухаан, инженер, технологи, хими, физик болон бусад шинжлэх ухааны салбарын шинэ нээлтүүд их сургуулиудаас гардаг. Их сургуулийн судлаач, профессорууд шинэ нээлт гаргаад түүнийг нь компаниуд үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Тиймээс бид энэ чиг хандлагыг бага багаар нэвтрүүлэх зорилготойгоор инженерийн анги нээж байна.
Бид дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжлийг түүгээр дамжин бэлтгэгдэж гарах шинэ үеийн мэргэжилтэн монгол хүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болгож бэлтгэх ёстой бөгөөд энэ нь бидний хөгжлийн гол зорилго байна. “Орхон” их сургууль шинэчлэгдэн хөгжихөөс гадна багш ажилчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн олон зүйл хийж багш нараа ажилд нь ойрхон орон сууцтай болголоо. Хөнгөлөлттэй үнээр, урт хугацаатай зээлд хамрагдах боломжийг олгож байгаа. Мөн 150 оюутны дотуур байраа өргөтгөж гадаад, дотоодын оюутны байр барьж байна.
МОНГОЛД ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСАД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭНЭ
Өнгөрсөн жил АНУ-аас олон жил Сингапур, Афганистан, Ирак улсад Америкийн их сургуулиудын захирал удирдлагаар ажиллаж байсан өндөр хэмжээний туршлагатай хүнийг урьж ирүүлэн удирдлагын багтаа хамтран ажиллаж байна. Бид Монголд Америк загварын сургууль байгуулах гээд байгаа асуудал биш. Эсвэл “Орхон” их сургуулийг Америк сургууль болгох гээд байгаа асуудал ч биш. Манай боловсролын давуу тал байгаа. Монгол хүний сэтгэхүй ч гэсэн өөр. Тэгэхээр монгол хүний сэтгэхүйд тулгуурласан, Монголын боловсролын системийн давуу тал, чанар дээр суурилаад олон улсын системийг нэвтрүүлж хэрэгжүүлэхээр үр дүнд нь төгсөгчдийн мэдлэг, дадлага, чадвар улам бүр өсөх болно. Ингэснээр Монголд төдийгүй бүс нутаг, олон улсад ч өрсөлдөхүйц төвшний боловсон хүчин бэлтгэнэ. Ирээдүйн гол зорилго маань манай төгсөгчид Монгол Улсад төдийгүй олон улсад үнэлэгдэх, олон улсын хэмжээнд хаана ч ажиллах чадвартай болох явдал юм.
Энэ жил бид сургуулийнхаа алсын хараа, эрхэм зорилго стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн боловсрууллаа. Өнгөрсөн 5-10 жилд хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөг дүгнээд ололт амжилт, алдаа оноогоо цэгнэж шинэ стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Шинэ стратеги төлөвлөгөөг олон үе шаттайгаар хэрэгжүүлж эхний таван жилд Монгол Улсад тэргүүлэх сургуулийн тоонд орох, дараагийн таван жилд төв ба зүүн хойд Азийн бүс нутагт танигдсан их сургууль болох зорилго дэвшүүлж байна. Азийн бүс нутагтаа танигдаад ирвэл цаашлаад удахгүй дэлхийд танигдах гарц нээгдэнэ. Ази тив болон дэлхийд танигдчихвал манай төгсөгчид тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд болно гэсэн үг. Тэгэхээр бид дэлхийн хэмжээний хөгжил дэвшлийн үрийг Монголдоо шинээр тарих гэж байна.
Энэ ажил маань эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаад баяртай байна. Манай сургуулийн диплом Герман улсад хүлээн зөвшөөрөгдөж дэвшиж ба шилжиж шууд Германд тэтгэлэгтэй суралцаж төгсөх боломжтой болсон. Дан ганц диплом хүлээн зөвшөөрөгдөхөөс илүүгээр үүний бодит нотолгоо нь төгсч гарч байгаа манай мэргэжилтнүүд юм. Төгсөгчид маань тэнд сурч, төгссөн хүмүүсээс дутахгүй ажиллаж чадаж байна гэдэг нь манай шалгуур болох ёстой гэсэн зорилго тавьж байгаа болно. Дэлхийн чиг хандлагад англи хэл олон улсын хэрэглээний хэл болж байна.
Манай төгсөгчид дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн болоход англи хэлний төвшингөөр хаана ч, хэнтэй ч харилцаад ойлгоод явах боломжтой болох ёстой гэсэн шаардлагыг өөрсдийн сургалтын үйл ажиллагаандаа зорилго болгон тавьж байгаа юм. Тиймээс манай бүх мэргэжлийн сургалтын хөтөлбөрт англи хэлний сургалт түлхүү орно. Тухайлбал, Германд төгссөн оюутан, манайд төгссөн оюутан хоёр Америкийн компанид ажил горилон ярилцлага өгөхөд манай оюутан Германд төгсөгчөөс ялгаагүй ижил төвшинд бэлтгэгдсэн байх ёстой гэсэн үг юм.
ШИЛДЭГ ТӨГСӨГЧДИЙГ БЭЛТГЭДЭГ БАГШ НАР ШИЛДЭГ БАЙХ ЁСТОЙ
Бид сургуулийнхаа стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулахдаа хүний нөөцийн цогц бодлого гаргаж тавьж байгаа. Манайд шилдэг төгсөгчдийг бэлтгэж сургаж гаргах багш нар маань өөрсдөө шилдэг байх ёстой. Тиймээс багш нараа шилдэг багш болгон бэлтгэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Энэ бодлого нь жирийн сургалт явуулдаг багш байхаас илүүгээр сургалт-судалгааг үр дүнтэй хослуулж өөрийгөө мэргэжлийн хувьд ахиж өсөх боломжийг сургуулийн орчинд бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлж багш өөрийгөө нээх явдал юм. “Дургүй ламд хүчээр сахил хүртээнэ” гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Бид тэгэхгүй. Гэхдээ тухайн хүн маань дэлхийн чиг хандлага, хөгжлөөс хоцрохгүй байх боломжийг бид гаргаж өгч байгаа хэрэг шүү дээ.
Манай сургуулийн гадаад харилцаа нэлээд өргөн хөгжиж байна. Тухайлбал, Ази Номхон далайн их сургуулиудын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог боллоо. Миний хувьд уг холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр 2014 оноос сонгогдон ажиллаж байна. Саяхан холбооноос маань “Танайх энэ ажлыг дахин хоёр жил үргэлжлүүлээд ажиллаж чадах уу. Энэ ажлыг танайх идэвхтэй сайн хийж байна” гэсэн урилга ирснээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлчихээд байж байна. Ази Номхон далайн бүсийн их сургуулиудад Ази болон манай монголчууд очиж суралцах дуртай Австралийн олон тооны их сургуулиуд байдаг. Өнгөрсөн зун багш нарын бүлэг Австрийн их сургуулийн төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаад, тодорхой тэтгэлэгтэйгээр судалгааны ямар ажил хийж болох вэ гэсэн сарын сургалтад суусан. Мөн холбооны гишүүн Ази Номхон далайн орнуудын шилдэг сургуулиудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлууд амжилттай хэрэгжиж байна.
2+2 ХӨТӨЛБӨР
Боловсролын чанар үр дүнг нэмэгдүүлэх, сургуулийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа тэр дундаа гадаадын шилдэг их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцооны хөтөлбөр өргөнөөр хэрэгжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, сүүлийн үед ихээр яригдаж байгаа 2+2 хөтөлбөр буюу олон улсын сургуулиудтай сургалтын хөтөлбөрөө адилхан болгоод аль аль талдаа хоёр жил сурсныг талууд хүлээн зөвшөөрч хоёр дипломтой төгсөх боломжоор хангаж байна. Мөн төрөл бүрийн тэтгэлэгтэй, солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Бид элсэгч оюутнуудаа БНСУ, БНХАУ, АНУ, Австрали, Европын холбооны улсуудын тодорхой нэр бүхий их сургуулиудад дээрх хөтөлбөр болон тэтгэлгээр явуулж сургаж байна. Мөн манайд ОХУ-ын Якут, Саха, Буриад, БНХАУ-аас оюутан ирж сурдаг бөгөөд оюутан солилцоогоор БНХАУ, БНСУ, Тайланд, ОХУ-аас багш, оюутнууд ирж байна.
Бид сүүлийн үед Тайландын их сургуулиудтай ойртож идэвхтэй хамтран ажиллаж байна. 2014-2015 оны зуны сургалтад Тайландаас нэг багш, хоёр оюутан ирж, манай нэг багш, гурван оюутан Тайландад очиж оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүллээ. Бид жил бүр Ази Номхон далайн бүсийн сургуулиудын холбоонд нэгдсэн 60 гаруй сургууль хүлээн зөвшөөрсөн зуны кредитийн хөтөлбөрт нэгдээд байгаагийн зэрэгцээ удахгүй уг олон улсын кредит сургалтыг монголдоо явуулахаар зорин ажиллаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд бид нэг кредитийн хичээлийг манай сургуульд өгөхөөр төлөвлөж байгаа. Тэгэхээр олон орны оюутнууд ирж хөтөлбөрт хамрагдах нь ойлгомжтой. Бидний ажлын үр дүн гэхэд олон улсын хөтөлбөрт хамрагдсан нэг төгсөгч маань Канадад үргэлжлүүлэн суралцаж ажиллах урилга авсан явдал юм.
ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛИЙН НЭГ БОЛОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА
Бид алсын хараагаа ирээдүйтэй өөдрөгөөр харж, сэтгэж байна. Үүнд хүрэх алхам, шат бүрийнхээ төлөвлөгөөг нарийвчлан тооцож ажиллаж байгаа билээ. Тиймээс эхлээд Монголдоо удахгүй Азийн шилдгүүдийн тоонд багтах явдал юм. Энд орохын тулд хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын их сургуулиудын төвшинг тогтоодог судалгаанд хамрагдаж олон улсад магадлан итгэмжлэгдэж чанартай боловсрол сургалтаар, шилдэг мэргэжилтнээр танигдаж тодорхойлогдохыг зорих болно.
“Орхон” их сургууль маань хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг. 1992 онд байгуулагдсан, 25 дахь жилийнхээ элсэлтийг авах гэж байна. Ойгоо угтаад бид ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт хийж байна. Анх сургууль байгуулагдаж байхад тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал одоогоос өөр байсан ч янз янзын байдлыг бид давж гарсан. Одоо бид хөгжлийнхөө дараагийн шатны эхэнд ирээд байна гэж харж байгаа.
ХЭЛНИЙ ДАМЖААНААС ИХ СУРГУУЛЬ БОЛСОН ТҮҮХ
Миний ээж, “Орхон” их сургуулийг үүсгэн байгуулагч Нямаагийн Хажидсүрэн ОХУ-д Пятыгорск хотод анхны англи хэлний багш мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүдийн нэг байсан билээ. 1990 оны эхээр нийгэм хувьсаж зах зээлийн тогтолцоонд шилжих үед их, дээд сургууль болон ерөнхий боловсролын дунд сургуулийн орос хэлний багш нарыг англи хэлний багш болгож хөрвүүлэх сургалтыг анх зааж байсан. Анх 1991 онд Англи хэлний дамжаа нээн ажиллуулж улмаар “Орхон” гадаад хэлний дээд сургууль болгон өргөжүүлэн хөгжүүлсэн түүхтэй.
Улмаар 2002 онд сургуулиа их сургууль болгон өргөжүүлж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа нь миний ээж Н.Хажидсүрэнгийн хөдөлмөр, чармайлт зүтгэлийн үр дүн билээ. Ээж минь боловсролын салбарт үр өгөөжтэй ажиллаж явснаас гадна нийгмийн идэвх зүтгэлтэй, хүний төлөө хүн байсан. Олон ч сайхан ажил үйлс санаачлан хийж нийгэм, олон нийтийн төлөө хийж хэрэгжүүлсэн дээ. Нийслэл болон дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар удаа дараа сонгогдож дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр удаа сонгогдон ажиллаж байлаа.
Одоо манай сургууль бакалавр, магистр, доктор гэсэн бүх шатны сургалтыг явуулж байна. Их сургуулиас гадна “Орхон” дунд сургууль, “Орхоны багачууд” гэсэн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид цэцэрлэгээс эхлээд докторын зэрэг хүртэл цогц боловсролыг олгож байгаа.
Шилдэг оюутан, сурагчдыг дэмжих зорилгоор “Орхон” их сургуулийг үүсгэн байгуулагч сурган хүмүүжүүлэгч, доктор Нямаагийн Хажидсүрэнгийн нэрэмжит “Орхон боловсрол сан” үйл ажиллагаа явуулж байна. Энэ сан маань ирээдүйн шилдэг, манлайлагчийг бэлтгэхэд хувь нэмэр оруулж тэтгэлэгт хөтөлбөр, нэрэмжит тэтгэлэг зэргээр оюутнуудаа дэмжиж байна. Цаашид биднийг олон чухал ажлуудыг хийж бүтээх их үйлс, ирээдүй хүлээж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин