Д.ГЭРЭЛ
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар ирэх жилүүдэд эдийн засаг ямар байх төлөв байдлыг хэлэлцэх хуваарьтай байгаа. Энэ талаар Сангийн сайд Б.Болортой ярилцлаа.
-УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Хуулийн төсөлд эдийн засаг ирэх жилүүдэд ямар байхаар тусгасан бол?
-Эдийн засгийн байдал амаргүй байгааг бид мэдэж байгаа. Он гарснаас хойш эдийн засаг дээрдэх, цаашид тогтворжиж өсөх төлөв ажиглагдаж байгаа. Учир нь гадны хөрөнгө оруулалтын хувьд тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Өнгөрсөн жил эдийн засаг бараг бүх цаг үеийн хамгийн доод хэмжээнд хүрсэн. Энэ жилээс сайжрах үр дүн харагдаж байна. Үүнд төсвийн бодлого нөлөөлж байгаа. Өнгөрсөн жил УИХ-д бидний оруулсан төсөвт өөрчлөлт оруулаагүй байсан бол өнөөдөр эдийн засгийн байдал арай гайгүй цаашид 2017 онд тогтвортой болох боломж байсан. Харамсалтай нь өнгөрсөн жил нэлээд хэмнэлт хийхээр төсвийг өргөн барьсан ч УИХ тодорхой өөрчлөлт оруулсан учраас энэ хэмжээгээр алдагдал нэмэгдэх нөхцөл үүсч байгаа. Уг нь бид үндсэн төсвийг алдагдалгүй батлах зорилго тавьсан ч баталж чадаагүй. Үүнээс болж бага зэргийн хүндрэл үүссэн. Гэхдээ 2017, 2018, 2019 онд тодорхой өсөлтүүд гарна.
-Уул уурхайгаас хамааралтай байсан манай улсын хувьд эдийн засгаа зөвхөн энэ салбараас хамааруулж болохгүйг өнгөрсөн жилүүд бидэнд харууллаа. Одоо Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнтэй байж чадаж байна уу?
-Засгийн газраас эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байгаа. 2012 оны бүх нам эвслийн урьдчилсан мөрийн хөтөлбөрийг нь харвал ихэнхдээ уул уурхайтай холбоотой хөгжлийн бодлогууд байсан. Эндээс татгалзах нь зайлшгүй шаардлагатай гэдэг нь өнгөрсөн дөрвөн жилд харагдаж байна. Тиймээс бид эдийн засгаа мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгаа солонгоруулахыг хичээж байна. Эхний ээлжинд БНХАУ-д мах гаргаад эхэлсэн. Энэ байдлаар явбал ирэх жилүүдэд эдийн засаг дээрдэх боломж харагдаж байгаа. Гэхдээ энэ ажил ямар нэг улс төргүйгээр явах шаардлагатай. Сонгуулийн үр дүн яаж ч гарсан төсвийн тодотголыг зөв хийх хэрэгтэй. Бидний өмнө нь оруулж байсан Засгийн газрын бүтцийг цомхон болгож, яамдын тоог цөөлөх ажлыг зоригтой хийгээд явбал эдийн засаг сайжрах бүрэн боломжтой.
-Өрийн удирдлагын тухай хуулийг өглөгийн удирдлагын тухай хууль болгож нэрийг нь өөрчлөх хуулийн төслийг удахгүй УИХ хэлэлцэнэ. Засгийн газар болоод салбарын яамнаас хуулийн төсөлд санал өгсөн үү?
-Энэ нь өөрөө улс төр болоод байгаа учраас зарим гишүүн уг асуудлыг сөхөж тавьж байгаа байх гэж харж байна. Өнөөдөр өрийн гэж яриад байгаа асуудал хүмүүсийн улстөржүүлээд байгаа шиг тийм хэмжээнд хүрээгүй. Мөн хугацаандаа төлөгдөөгүй зээлийг өр гэж тооцдог. Одоогоор манай 500 гаруй үйлдвэр ашиглалт орсон. Эдгээр үйлдвэр өгөөжөө өгөөд, зээлээ эргээд төлөгдөөд явдаг зах зээлийн зарчим гэж болно. Аль ч улсад байр, гар утсаа линзингээр авах буюу эргэлтэд ороод явдаг жишигтэй. Гэхдээ зээлийг хэрхэн зөв зарцуулах вэ гэдэгт анхаарах ёстой. Үүнийг зөв зарцуулсан тохиолдолд хэзээ ч том асуудал болдоггүй. Эдийн засаг тэлж, ДНБ өсөх хэмжээгээр зээлийн өр гэж яриад байгаа тоо багасдаг зарчимтай.
-Манай Засгийн газар “Хан Ресурс” компанид 70 сая ам.долларыг өнгөрсөн сарын 15-нд төлөх ёстой байсан. Үүнийгээ төлсөн үү. Төлсөн бол эх үүсвэр нь хаанаас гарсан бол?
-“Хан Ресурс” компанитай холбоотой асуудал дээр Монгол Улс Арбитрын шүүх дээр ялагдсан. Арбитрын шүүх дээр ялагдана гэдэг Монгол Улсын хуулиар явахгүй гэсэн үг. Харин яагаад ялагдсан гэдэг нь өөр асуудал. Энэ бол 2009, 2010 онд гаргасан Засгийн газрын буруу шийдвэрээс үүдэж гарсан зүйл. С.Баярын Засгийн газрын үед гарсан буруу шийдвэрийг дараагийн Засгийн газар хүлээхгүй гээгүй. Гэхдээ өмнө нь нэхэмжилж байсан тоог үлэмж хэмжээгээр бууруулж тохирсон. Мөн хоёр талаас хүлээсэн үүрэг бий. Үүргүүдээ биелүүлсэн тохиолдолд төлбөрийн асуудлаа шийдээд явна гэсэн зарчмаар явж байгаа. Энэ талаар өнөөдөр тодорхой хэлэх боломжгүй байна.
-“Чингис бонд”-оор санхүүжсэн замын 26 компани ажлаа гүйцэтгэсэн ч мөнгөө аваагүй гэсэн мэдээлэл байна. Яагаад одоог хүртэл мөнгийг нь олгохгүй байна вэ?
-Он гарснаас хойш ажил үүргээ 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй хийсэн компаниудын мөнгийг викселээр бүгдийг олгосон. Хөгжлийн банктай холбоотой хэдэн ажлууд байгаа. Өнгөрсөн жил төсвийн тодотгол хийхэд зарим нэг ажлыг 2016 он руу шилжүүлсэн. Гэтэл тухайн аж ахуйн нэгжүүд 2015 ондоо бүх ажлаа дуусгана гээд төсвийн тодотголоор хасагдаагүй үлдсэн. 2015 онд ажлаа дуусгаагүй, гүйцэтгэл нь мөн ондоо орж ирээгүй учраас мөнгө нь 2015 оны төсвөөс гараагүй. Тэгэхээр 2016 оны төсөв суугаагүй байгаа гэсэн үг. Энэ асуудлыг төсвийн тодотголоор шийдэхээс өөр аргагүй. Бид УИХ-ын тогтоолын төслийг УИХ руу оруулж байгаа. Ингэснээр энэ компаниудын хийсэн ажлын хөлсийг барагдуулна гэсэн үг. Ер нь энэ асуудал хоёр талтай байгаа. Зарим компани гүйцэтгэлээ өгөөгүй байж мөнгө нэхэж байна. Эсвэл хийсэн ажил нь хангалтгүй байхад мөнгө нэхэмжилдэг гэсэн доголдол бий. Одоо бид мөнгийг нь шууд олгоно гэвэл хууль зөрчинө. Тиймээс хуулийн хүрээнд ажиллахын тулд УИХ руу УИХ-ын тогтоолын төсөл оруулаад шийднэ гэсэн зорилготой байна.
Эх сурвалж: www.polit.mn