“Монгол туургатан мисс-2016” тэмцээнд манай улсаас таван охин эх орноо төлөөлж оролцсон. Тэдний нэг “Глориа” загварын товчооны загвар өмсөгч, МУИС-ийн Мэдээлэл, технологийн гуравдугаар курсын оюутан Энхтогтохын Байгалийг дугаарын зочноор урьж ярилцлаа.
-”Монгол туургатан мисс-2016” тэмцээний чимэг болсон сайн оролцогчийн нэг байлаа. Гэхдээ өөрийн чинь хувьд анхны тэмцээн байсан гэж сонссон. Энд оролцох саналыг хэн тавив, бэлтгэл хэр байв?
-Би МУИС-д суралцахын зэрэгцээ “Глориа” агентлагт моделиор ажилладаг. Топ модель О.Уянга багшийн маань агентлаг юм. Миссийн тэмцээний хувьд яах аргагүй анхных байсан. Тийм болохоор яарч садрах, бас баярлах юм юм л байсан. Гэхдээ багагүй хугацаанд бэлдсэн, бас эх орондоо байгаа болохоор тийм ч их сандраагүй. Тэмцээнд оролцох саналыг “Глориа” агентлагаас тавьсан юм. Очоод шалгуулахад таван охин тэнцсэний нэг нь би байсан.
-Тэмцээний үеэр авьяас үзүүлбэрт бараг л мэргэжлийн бүжигчний хэмжээнд бүжиглэснийг үзэгчид өндөр үнэлж байсан. Бүжгийн багш чинь хэн бэ?
-Би зургаан настайгаасаа бүжгээр хичээллэж, Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланг төгссөн. Зургаан настайгаас хойш гэхээр 14 жил бүжгээр хичээллэжээ. Бүжгийн тэмцээн, уралдаанд олон удаа оролцож байлаа. Тэр дотроо монгол ардын бүжиг, мөн цэнгээнт бүжгийн төрлөөр олон тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртэж байсан. Миний багш бол Монгол Улсын гавьяат Ч.Жаргалсайхан багш. “Чи чадсан шүү. Гоё бүжиглэсэн” гэж хүмүүс хэлэх бүрт өөртөө биш багшдаа их баярлаж байна. Бүжгийн үзүүлбэрт Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хамт сурч байсан хүүхэд надтай портнёр болж бүжиглэсэн юм. Тэр найздаа бас баярлаж байна. Надад маш олон зүйлд туслаж, бүжгийн маань үзүүлбэрийг сайн гаргаж өгсөн.
-Бүжгээр медаль хүртэж байжээ. Хэдэн медальтай вэ?
-/инээв/. Тоолж байсангүй. Ойролцоогоор 50 гаруй медаль байгаа болов уу.
-Хувцасны үзүүлбэрт даашинз чинь их гоё харагдсан. Хэн урласан бэ?
-Тунгалаг гэж эгч тусласан юм. Бас “Тука” трейвэл хувцас загварын газраар гоёлын даашинзаа хийлгэсэн. Миний санаанд нийцсан гоё даашинзыг урлаж өгсөнд их баярласан. Тэр даашинзаа өмсөөд би тайзан дээр маш итгэлтэй алхсан.
-Аливаа тэмцээнд оролцоход туршлага үлддэг байх. Сурсан зүйлүүд юу байв?
-Монгол туургатан миссийн тэмцээн 2006 оноос хойш Монголд зохиогдоогүй юм билээ. 10 жилийн дараа болж буй тэмцээн гэдгээрээ онцлог байлаа. Анхны тэмцээнээс санаа авах зүйл олон байлаа. Ийм үзүүлбэрт ингэвэл зүгээр юм байна, тийм зүйл дээр тэгж хандвал болох юм гэсэн ойлголттой болсон.
-Өрсөлдөгчид ямархуу санагдав.Өөртөө ямар дүн тавьж байна?
-Монголоос тав, ОХУ-ын Буриад улсаас тав, Тувагаас дөрөв, Халимагаас гурав, Өвөрмонголоос гурван охин оролцсон. Өвөрмонголын нэг охин хөлөө гэмтээгээд финалд оролцож чадалгүй буцчихсан. Өрсөлдөгчдийн хувьд бүгд жигдхэн хүчтэй байлаа. Монголоос гэхэд л Дэлхийн мисст оролцсон Н.Ану, Монголын мисс болж байсан Ю.Балжидмаа гээд туршлагатай охид байлаа. Тэдний дэргэд туршлага дутсан ч гэсэн өөрийн хэмжээнд оролцсон, өөрийгөө тийм ч муугүй өрсөлдөгчийн нэг байсан гэж бодож байгаа шүү /инээв/.
-Тайзан дээр бол өрсөлдөгчид, түүний дараа найз нөхөд болж үлддэг гэдэг?
-Охидуудтайгаа бүгдтэй нь сайхан найзууд болсон. Би ОХУ-ын Москва хотод хоёр жил суралцсан, орос хэлтэй. ОХУ-ын Буриад,Тува, Халимагаас ирсэн охидтой сайхан танилцаж, хэдхэн хоногт дотно нөхөрлөлөө. Буриадын Женя гэдэг охинтой найз болсон. Намайг Улаан-Үд хотод ирээрэй гэж урьсан.
-Бүжгээс гадна сонирхож, хичээллэдэг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг зүйл юу вэ. Цаашдын зорилго гэвэл...?
-Бүжиг миний сонирхлын нэг гол хэсэг гэж болно. Цаашид загвар өмсөгч, миссийн тэмцээнд сайн бэлтгэж оролцохын зэрэгцээ бүжгийн тэмцээн, уралдаанд өөрийгөө сорих бодол бий. Одоогоор нэг кинонд туслах дүр бүтээх зураг авалтын ажил эхлээд байна. “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийх уран бүтээлчид санал тавьсан юм. Цаашдын зорилго гэвэл би урлагт их дуртай. Бүжиглэнэ, жүжиглэнэ. Багадаа СУИС-ийн лицей сургуулийн драмын ангийг төгссөн.
-Кинонд дүр бүтээсэн туршлага байна уу?
-Бага байхдаа “Би Би Си”-ийн хийсэн “Чингис хаан” баримтат кинонд туслах дүр бүтээсэн. “Мотив” хамтлагийн клип болон “Мобиком”-ийн рекламанд тоглож байсан.
-Яагаад СУИС-д ороогүй юм бэ?
-Тухайн үед урлагийн мэргэжлийг амьдралаа болгоод явна гэхэд нэг л төсөөлөгдөхгүй байсан. Гэтэл одоо МУИС-д ороод гурван жил болчихсон атлаа урлагаа огт орхилгүй дуртай хэвээр байгаа. Сургуулиа төгсөөд гадагшаа явж сурах бодол ч бас бий. Тэр бүхний эцэст гол шийдвэрээ гаргана даа.
-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Аав минь хуулийн байгууллагад ажилладаг. Ээж “Мобиком” корпорацид ажиллаж байгаад одоо хувиараа бизнес эрхэлдэг. Манай аав спортод их дуртай, залуудаа урлагийн уралдаан, тэмцээнд их оролцдог байсан гэсэн. Тэгэхээр би аавыгаа дууриасан болов уу.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын том охин, хоёр дүүтэй.
-Бусад орныг харж байхад миссийн тэмцээн, загвар өмсөгчдийн уралдаант шалгаруулалтад хүнээ явуулахад өргөн фронтоор ажилладаг нь анзаарагддаг. Сайн дурынхан бас хөдөлгөөн өрнүүлж, дэмжигчдийн хуудас нээх зэргээр багийн тоглолт ажиглагддаг. Манай агентлагууд яаж бэлдэж байна. Саяын тэмцээнд танай агентлаг яаж ажиллав?
-Манайд тэмцээнд хүнээ оруулж буй агентлаг, багш нар, дээр нь оролцогч өөрөө хувиараа ихээхэн бэлддэг, араас нь туслах тал дээр боломж муутай нь ажиглагддаг. Ядаж хувцасны тал дээр л гэхэд, хамтрах, дэмжих тал дутмаг юм шиг санагдсан. Бусад улс орнууд өөр, та ч сая асуултдаа хэлж байна шүү дээ. Залуу хүний хувьд, ийм тэмцээн, уралдаанд оролцож байгаа хүмүүсээ аль аль талаас дэмждэг байгаасай гэж боддог.
“Глориа” агентлагийн хувьд шинэ тутам, дөнгөж жилийн өмнө байгуулагдсан. Би анхны төгсөгчдийнх нь нэг. Төгсөөд гэрээт моделиор ажиллаж эхэлж байгаа. Ер нь бол “Глориа” агентлаг мэргэжлийн модель агентлагууд дотроо хамгийн залуу, одоогоор отгон нь гэж болно. Хоёр багштай, нийтдээ 20 гаруй охин, 5-6 залуу ажилладаг. Миний хувьд агентлагаа төлөөлж олон улсын тэмцээнд анх удаа оролцлоо. Ер нь бол эмэгтэй хүн хаана ч явсан дотроосоо, бас гаднаасаа гэрэлтэх ёстой гэж боддог. Охидууддаа хэлэхэд, заавал бүжиг гэхгүй спорт, оюуны салбар гэхчлэн аль нэг зүйлд өөрийгөө сорьж, түүгээрээ хичээллэж, өөрийгөө хөгжүүлж байхад аяндаа болно гэж боддог. Модель, мисс болохгүй ч гэсэн мэргэжлийн агентлагт хичээллэснээр биеэ зөв авч явахаас эхлээд хэрэгтэй санагддаг. Энэ дашрамд, “Глориа” агентлагийн хоёр багшдаа, хамт олондоо, гэр бүлийнхэндээ, надад туслаж, дэмжиж байсан бүх хүнд баярласнаа илэрхийлье. Хамт оролцсон бүх охид, бүсгүйчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин