Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цагбулангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтавыг урилаа.

-Хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа  шударга биш байгааг  дээр, доргүй шүүмжилдэг боллоо. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд хууль, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс хэн нэгний нөлөөнд орж, компанийн гар хөл болж  байна гэж телевизээр  хэллээ. Энэ салбарт олон жил ажилласан хүний  хувьд та ямар бодолтой  байна?

-Хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа  хүссэн хүсээгүй олонд ил явагддаг ажил шүү дээ. Эндээс  дүгнэлт хийх ч юу байхав, ажиглаж байхад болохгүй юм цөөнгүй  байна. Хууль, хяналтын байгууллагууд хуулийнхаа дагуу л ажиллах ёстой. Гэтэл сүүлийн үед янз бүрийн хүмүүсийн захиалга, тэр битгий хэл тодорхой компанийн захиалгаар ажиллаж байгаа зүйлүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээс их л харагдах юм. Үүнийг би хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд буруу ташаа юм биччихлээ гэж бодохгүй байна.

4-4-2Бодит байдалд хуулийн байгууллагууд хуулийн дагуу түүнийхээ хүрээнд ажиллаж чадахгүй, ямар нэгэн захиалга, шахалтаар, аль нэг албан тушаалтны дарамтанд ажиллаж байгаа зарим  баримт байдаг  юм болов уу гэсэн ойлголтыг би авч байгаа. Энэ бол хоёр талтай. Нэг талаас хуулийн байгууллага хуулиа биелүүлэхгүй тэр хүмүүсийн захиалга, дарамтанд ажиллаж байж болзошгүй. Нөгөө асуудал нь хуульчдын ёс зүй бас өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаатай холбоотой байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хуульчид  ёс зүйн хэм хэмжээгээ зөрчдөг, хуулийнхаа дагуу ажиллахгүй хэн нэгэн хүнд үйлчилдэг, үйлчилснийхээ төлөө шан харамжинд хүрдэг ч юм уу, нэр төр олдог ч хүрдэг ч юм уу. Иймэрхүү зүйл байна уу гэж харж байна.

Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлыг харахад хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаатай их холбоотой, ямар нэг байдлаар орооцолдсон зүйлүүд ажиглагдаж байгаа. Хуулийн байгууллагын ажил улс төргүйгээр явах ёстой. Гэтэл хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улс төр нөлөөлөөд байгаа, улс төрийнхөн илүү давамгай байдлаар, чиглүүлээд байгаа гэх юм уу, удирдаад байгаа, ийм зүйл ажиглагдаж байгаа нь ихээхэн  харамсалтай байгаа юм. Үүнийг Төрийн тэргүүний хэмжээнд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр онцгой авч үзэх шаардлагатай ч байж магадгүй асуудал гэж үзэж байна.

-Энэ хэвээр яваад байвал юу болох вэ гэдэг ч  бас ихээхэн  айдас, хүйдэс төрүүлж байгаа асуудал болж байх шиг...?

-Ийм байдал удаан үргэлжилбэл хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй л дээ. Байдал бүр завхарч, энгийн, гэм буруугүй хүн хэлмэгдэж, гэм буруутай нь нуугдаж үлддэг ийм л шударга бус  л байдалд хүрнэ. Үүнээс өөр хүрэх зүйл байхгүй.

-Таны үед хууль, хяналтын байгууллагууд яаж ажилладаг байв. Өнөөгийнхтэй харьцуулахад өөр  байсан байх  л даа?

-Бидний үед ийм явдал маш бага, бараг мэдрэгддэггүй байсан. Одоо улайм цайм болж дээ . Энэ олон түмэнд их ойлгомжтой зүйл. Үүнийг ганц нэгхэн хүн ярьж байгаа юм биш, иргэд нийтээрээ энэ замбараагүй явдал, хуульчид хууль завхруулж байна гэж байна. Хууль нэг мөр хэрэгжихгүй байгаа асуудал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа, иргэд  ил тод хэлэх боллоо. Иргэдийн ихэнх нь  ингэж ярьж байна. Ер нь бол төр нь  төр шиг байж чадахгүй байна. Хуулийн байгууллага байр суурин дээрээ  байж чадахгүй байгаа нь  төр нь төр шиг байж чадахгүй байгаатай холбоотой.

Хуулийн байгууллага  хууль зөрчсөн хүмүүсийн асуудлыг шалгах ёстой байтал  өөрсдөө хуулиа  зөрчиж байна. Ёс зүйгээ баримтлахгүй байна. Ийм шүүмжлэл, иргэдийн санал бодол их байна. Судалдаг газар байдаг бол үүнийг судлаад үзвэл сонин  үр дүн гарна гэж бодож байна. Хуулийн байгууллагуудад улс төр орж  ингэж самарснаас болж, улс төрийнхөн эрээ цээргүй авирласнаас, шударга ёсыг тогтооход хүчтэй нөлөөлж байна гэж хуульч хүний хувьд боддог. Энэ тухай би олон газар яриагүй. Ийм зүйл ажиглагдаж байгаа талаар танай сонинд анх удаа хэлж байна. Яагаад одоо  шударга байж болохгүй байгаа юм бэ. Хуульчид дотор шударга байхыг хүсдэг хуульчид олон байна. Шударга байх хүсэлтэй олон хүн бий, энэ дотор. Тэр хүслийг нь яагаад хясан боогдуулаад  байгаа юм бэ. Ардчилсан нийгэм маань  яагаад шударга явдлыг ад үзээд байгаа юм бэ. Улс төрч, эрхтэн, дархтангууд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөөд байж таарахгүй, хуулийн байгууллага улстөржөөд байж болохгүй.

-Та хууль нэг мөр хэрэгжихгүй, хүний эрх, эрх чөлөө зөрчигддөг тухай   иргэд шүүмжилдгийг хэллээ. Тэгвэл, хууль, шүүхийн байгууллагаас шалгаж, барьж, хорьж, Ерөнхийлөгч уучилж, Өршөөлийн хуульд хамруулснаар дууссан  гэж  хүмүүсийн  ойлгож буй  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өмнөх асуудлуудаар нь    АТГ дахиад шалгаад эхэлснээс юу анзаарав. Одоо хуулийн салбарт  ажиллаж  буй хүмүүс  өөрсдийгөө хамгаалж  тайлбарладаг юм билээ. Юунд ч хамааралгүй хөндлөнгийн хүн, хуульчийн хувьд юу гэж үзэж байгаа нь сонин байна?

-Н.Энхбаярт холбогдох өмнөх хэрэг, сүүлийн холбогдоод байгаа хэргийн талаар тодорхой хэлэх зүйл надад байхгүй. Яагаад гэвэл, би энэ хэргийг хянасан, танилцсан хүн биш. Бидний ажил албатай байх үед энэ хэрэг, маргаан шийдвэрлэгдсэн биш. Хөндлөнгөөс  нь ажиглаад  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа зүйлүүдийг дүгнээд, ингээд хуульчийн  хувьд харахад  анхаарах зүйл байна гэж дотроо боддог. Гэхдээ тэр хүн өмнөх хэрэгтээ ял эдлээд дуусчихсан, Ерөнхийлөгчийн уучлалаар уучлагдчихсан ийм асуудал байгаа. Сүүлийн тэр намын байрны гэх маргаан, хэвлэлээр гарсан гэрээнийх нь мэдээллүүдийг харж байхад  иргэд хоорондоо байгуулсан гэрээ хэлцэл юм байна лээ. Хоёр талын гэрээ, хэлцэлтэй зүйлийг тэр гэрээ, хэлцэлдээ юу гэж заасан байна вэ, гэрээ хэлцэлд маргаан гарвал шүүхийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан бол тэр журмаараа л явах ёстой. Үүнийг мөрдөн байцаах байгууллага, хөндлөнгийн АТГ шүүрч аваад шалгаад байх нь зүй  зохистой асуудал биш л дээ. Тийм учраас  гэрээн дээр маргаан гарвал гээд тодорхой заачихсан байгаа. Харин эрүүгийн  хуулийн хоёр зүйл заалтаар  шалгаж байгаа гэдгийг бол сонсч л байна. Юуг нь шалгадаг юм. Гэрээ нь  байна, гэрээн дээрээ төдөн төгрөг гээд заачихсан байхад мөрдөн байцаах байгууллага ямар үндэслэлээр шалгадаг юм. Нөгөөх нь аваагүй, мөнгөө дутуу өгсөн гэвэл тэгээд тэр гэрээнд заасан дагуу шүүхээр л шийдвэрлүүлнэ биз дээ. Энэ дээр эрх мэдэл, албан тушаалаа ашигласан байдаг юм уу, залилсан байдаг юм уутийм үйдэл баймааргүй л харагдаж байгаа юм. Энэ бол би Н.Энхбаярыг өмгөөлж хэлж байгаа үг биш. Хуульчийнхаа хувьд хэлж байгаа юм.

-Ялтай, ялгүй байдал гэдэг нэр томъёо их яригддаг. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Ийм мэдээ  хэвлэлээр их явах юм. Ялтай байдлын тухай ойлголтыг хуульд тодорхой заачихсан байгаа. Ялгүй болох тухай журмыг нь хуулиар бас тодорхой зохицуулсан байдаг. Энэ хоёр асуудал хуулиар зохицуулагдчихсан учраас хэн нэг хүний дураар тайлбарлаж болохгүй асуудал. Хэн нэг хүн дураараа тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж болохгүй. Энэ хуульд маш тодорхой заасан. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д ялтай байна гэж юу болохыг заасан. 78 дугаар зүйлийн 78.2-т ялтай байдал ямар тохиолдолд ялгүй болох вэ гэдэг нөхцөл, шаардлагуудыг заачихсан. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд ялгүйд тооцох нөхцөл байдлуудыг  заасан. Энэ нь юу вэ гэвэл, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол ялгүйд тооцно гэсэн заалт. Ялгүйд тооцдог өөр ямар зарчим байна гэвэл, Өршөөлийн хууль гарсан бол ялгүйд тооцно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн  хуулийн 77 дугаар зүйлд заасан өршөөл үзүүлэх зүйл заалтад    хамрагдан өршөөгдсөн  бол ялгүйд тооцно. 2015 оны наймдугаар сарын 11-нд гарсан Өршөөлийн хуулиар ялтай байдлын үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай гээд хэрэгсэхгүй болгоно гэж  бас заасан байгаа. Тэгэхээр би Н.Энхбаярыг энэ хуульд хамаарч байгаа гэж хуульчийн хувьд ойлгож явдаг. Өөрөөр хэлбэл, тэр Өршөөлийн хуульд нь ялтай байдлын үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болго гээд заачихсан байхгүй юу. Бас нэг зүйл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 341 дүгээр зүйлд хугацаанаас нь өмнө ялтай байдлыг хүчингүй болгох, хэрэгсэхгүй болгох тухай заасан байгаа. Энд бол тэр хүний хүсэлтээр өргөдлийг  авч хэлэлцээд хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болох тухай хуулийн зохицуулалттай. Энэ гурван  үндэслэлээр  тэр хүн ялтай байна уу, ялгүй байна уу гэдгийг тогтооно. Ялаа эдлэж дууссанаас хойш шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол үүн дээр өмнө дурдсан гурван нөхцөлд үндэслэлээр тэр хүнийг ялгүйд тооцох хуулийн зохицуулалт байна.

-Зарим хуульчН.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусаагүйгэдэг. Энэ талаар?

-Хугацааг авч үзэхэд, ялтай байдлын хугацаа дуусаагүй байж болно. Гэтэл 2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөлийн хууль гарсан шүү дээ. Өршөөлийн энэ хуулиар ялтай байдлын хугацаа дуусаагүй бол үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болго гэж заачихсан байгаа.  /2015 оны долдугаар сарын 02-ноос өмнөх үйлдэл/

-Зарим хуульч энэ өршөөлд орохгүй, тэр орно гэж тайлбарлах  юм?

Энэ Өршөөлийн хуулийн ялтай байдлыг хэрэгсэхгүй болгох хуулийн заалт нь Эрүүгийн хуулийн ийм зүйл заалтад хамаарахгүй гэж хуульд заагаагүй. Тэгэхээр нэг талдаа эрүүгийн хуульд хамаарна гэсэн ойлголт байна. Нөгөө талаас таны шийдэгдсэн энэ хэрэг хамаарахгүй байна гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ хамаагүй шүү дээ, тухайн хүн ялаа эдлээд дуусчихсан юм чинь. Өршөөлийн хуульд хамаарах, үл хамаарах нь зүйл одоо мөрдөн байцаалт хийгдэж буй хэрэгт хамаарахаас өмнө нь ял эдлээд дууссан хүнд буцааж хамааруулах ойлголт ерөөс байхгүй. Тэгэхээр би эндээс юу хэлэх гэж байна гэвэл, энэ нөхцөл байдлуудыг  хэн нэгэн хуульч үүнийг дураараа тайлбарлаж болохгүй. Хуульд яаж бичигдсэн байна вэ, тэрүүгээр нь тайлбарлаж, хуульд яаж бичигдсэн байна түүгээр нь тэр хуулийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ийм юм шүү  гэдэг санааг л би  хэлж байгаа юм. Энэ нь Н.Энхбаярт ч хамаатай байж болно,  эсвэл өөр хүмүүст ч хамааралтай байж болно. Ялтай, ялгүй байдлаар хамааралтай улс зөндөө байгаа шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин