Их хотыг шүүрийн чимээгээр сэрээж байдаг Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ -ийнхан нийслэлийн хамгийн эртэч хүмүүс. Замын хоёр талаар ажилсаг шоргоолж шиг бужигнаж, гудамж, цэцэрлэгүүдийг гялалзтал цэвэрлэн шил толь мэт болгох нь нэг ёсондоо гэрэл асаах мэт. Тэрхүү гэрэл асаагчдын нэг бол нийслэлийн зүрх болсон Чингисийн талбайн өмнөх “Хонхтой цэцэрлэг”-ийн цэвэрлэгч Ж.Должин гуай юм.
Тэрээр ТҮК-д цэцэрлэгч, зүлэгжүүлэгч, зам цэвэрлэгч гээд хийгээгүй ажил үгүй, 30 гаруй жил зүтгэж явна. Түүний хариуцсан талбай нь Чингисийн талбайн өмнөх “Хонхтой цэцэрлэг”. Хотын төв, олны хөл хөлхсөн газар учраас байнга цэвэрхэн байлгахыг хичээнэ. Хүмүүс ажилдаа явж байхад тоос шороо бужигнуулахгүй гэж хар үүрээр ирж цэвэрлэнэ. Ж.Должин гуайтай анх таарч анзаарч харсан минь энэ сарын эхээр хоёр ч удаа цас орж, нүдгүй шуурсан үеэр юм. 50 гаруй насны эмэгтэй цэцэрлэгийн цасыг модны хаяа руу овоолж, хүмүүсийн явдаг замыг ганцаархнаа шүүрдэж байсан нь анхаарал татсан. “Энэ цэцэрлэгийг та ганцаараа цэвэрлэдэг юм уу” гэхэд минь “Миний хариуцсан талбай байгаа юм аа” гэж байв. “Та аль дүүргийн ТҮК-д харъяалагддаг вэ” гэхэд “Манайх Сүхбаатар дүүргийн ТҮК. Манайх 100 гаруй ажилчинтай, би тэдний нэг. Ер нь бол салбартаа 30 гаруй жил ажиллаж байгаа, ууган ажилчдынх нь нэг” хэмээн хуучилж танилцсан юм.
Түүний энэ салбарт эхлүүлсэн зам 1980 онд Хот тохижуулах компанид хиймэл цэцэг хийдэг ажилд орсноор эхэлж, 1990 оноос цэцэрлэгч болж, 2002 онд Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн ногоон байгууламж хариуцсан ажилчин болсноор өнөөг хүрчээ. Энэ хугацаанд Нийслэлийн ТҮК-ийн 2005, 2013 оны Тэргүүний ажилчин болж, хамт олноо манлайлж ирсэн бол ууган ажилчин гэсэн хүндэтгэл, түшигтэй хүн шүү гэсэн талархал түүнийг байнга дагаж иржээ.
ТҮК-ийн ажилчдын ажил гүйцэтгэдэг алба ихээхэн онцлогтой. Хүйтэн, халууныг ажрахгүй, бороо, цас орж байсан ч хойш сууж болохгүй. Гэсэн ч Ж.Должин гуай энэ ажилдаа дуртай, “Ганц “Хонхтой цэцэрлэг” ч биш хотын гудамж, талбай цэвэр үзэмжтэй байвал хүн бүхний сэтгэл тэнүүн, баяр хөөртэй, урамтай алхана шүү дээ. Тийм болохоор дотроо буянтай ажил гэж боддог. Тэгээд ч сүүлийн үед цэвэрлэгээний багаж төхөөрөмж, машин техникээс өгсүүлээд улам сайжирч, хөдөлмөрлөх орчин нөхцөл ч сайжирч байгаа” хэмээн ярьж байна. Зөрж өнгөрч буй хүмүүс, хотын иргэд ТҮК-ийн ажилчдын хөдөлмөр зүтгэлд хэр хүндэтгэлтэй ханддагийг сонирхоход “Нэг үеэ бодвол хүмүүс ухамсартай болсон. Хог, хаягдлаа ил задгай тэр бүр хаях нь багассан ч янз бүрийн хүмүүс таарах нь бий. Зарим нь тамхи татчихаад ишийг нь тэр чигээр нь хаячихаад явчихдаг. Ууж, идсэн зүйлийнхээ сав, тарьсан хогоо уутанд хийгээд аваад явдаг хүн ч таардаг” гэлээ.
Ж.Должин гуай уг нь токаръчны мэргэжилтэй. Уугуул нутаг Завхан аймгийн Нөмрөг сум. Тэндээсээ хотод ирж НААҮ-ний ТМС-ийн токаръчны ангид суралцсанаар нийслэлд “шингэсэн” гэнэ. Сургуулиа төгсөөд Авто заводод хэсэгтээ ажилласан он жилүүдэд амьдралынхаа ханьтай танилцаж, таван хүүхдийн аав, ээж болжээ. Арван жилийн өмнө хань нь тэнгэрт одож, хүүхдүүдээ өсгөх амаргүй амьдралыг туулсан бол одоо гурван хүүхэд нь тусдаа гарч, Хайлаастад байдаг гэртээ хоёр охиныхоо хамт амьдардаг юм байна. Амралтын өдрүүдэд сайхан цай чанаж уучихаад, гэртээ амрангаа зээ охиноо эрхлүүлж суух нь Ж.Должин гуайд сайхан байдаг гэсэн. Хайлаастын 83 дугаар цэцэрлэгт явдаг зээ охин нь ч амралтын өдөр эмээдээ эрхэлж, зураг зурж өгч байх нь жаргал байдаг биз ээ. Яагаад гэвэл, дөрөвхөн настай тэр охин биднийг гэрт нь очиж эмээтэй нь хуучилж суух зуур зурсан зургаа “Гэр бүлийн зураг” гэж тайлбарласан. Эмээгээ цай ууж суугаагаар, өөрийгөө телевиз үзэж байгаагаар, зууханд гал дүрэлзэж, ширээн дээрх тавагт дүүрэн чихэр байгаагаар дүрсэлсэн нь хүүхэд насны аз жаргалтай агшныг санагдуулна.
“Хонхтой цэцэрлэг”-ийн цэвэрлэгч, цэцэрлэгчийн цалинг сонирхвол “500 мянга гаргаад авдаг” гэсэн нь хийсэн хөдөлмөртэй нь харьцуулахад бага санагдсаныг нуух юун. Амьдрал ахуйд нь хүрдэг эсэхийг лавлахад “Аль болох болгохыг л хичээнэ шүү дээ. Хүн олсноо өөртөө тааруулж, зохицуулахаас аргагүй. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх гэгч болох үе ч бий. Ямар ч үед хүргэх гэж л хичээдэг. Сүүлийн үед телевизийн мэдээг шимтэн харж суудаг боллоо. Яагаад гэвэл Д.Оюунхорол гишүүний санаачлаад байгаа ганц бие эцэг, эхчүүдэд зориулсан хуулийн төслийг батлагдчихаасай гэж бодож сууна” гэсэн нь амьдрал таньсан хүний үг гэлтэй. Гэхдээ л оюутан охиных нь сургалтын төлбөр, гэртээ түлээ нүүрс, хоол унд, хувцас хэрэглэл бэлдэх гээд түүний нуруун дээрх ачаа бас л хүндхэн тусдгаас үзэхэд, энэ нийгмийн маань нэг хэсэг болсон амьдралын буулганд даруулж яваа өрх толгойлсон ээжүүдийн дүр зураг харагдана. Хөдөлмөрийн хүний, эгэл амьдралын нэгээхэн хэсгээс сурвалжилсан тэмдэглэл минь товчхондоо ийм байна. Дэлгэрүүлж уншихыг хүсвэл их хотын тунгалаг гудамжнаас, нийслэлийн амьдралын нүдэн дээр өнгө будаг нь алагласан нүргээнээс бүгдийг харж болно. Хот минь, “Хонхтой цэцэрлэг” минь цаг мөнхөд гэрэлтэж байг. Цэрлэгийнхээ хонх нь болж, гэрэл гэгээ түгээж байдаг, энэ салбарын ууган ажилчин Ж.Должин таны ажилд улам их амжилт хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин