УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяртай ярилцлаа.
-Та оны эхнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж хууль зөрчсөн хэд хэдэн асуудал байгааг дэлгэж тавьсан. Хэвлэлээр ч цөөнгүй ярьж байсныг санаж байна. Ямар хариу гарсан бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ хууль зөрчлөө гэдэг асуудлыг цэцэд тавьсан. Миний хүсэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат хүлээж авч, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гээд маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа үүсгэсэн байсан. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хуралдаж асуудлыг шийдэх ёстой.
Харамсалтай нь Их суудлын хуралдааныг хийлгүйгээр П.Очирбат гишүүн энэ сарын 11-нд 56 тоот тогтоол гаргаж, өмнө үүсгэсэн маргаанаасаа татгалзаж хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Их хурлын даргатай холбоотой асуудал цэц дээр байхгүй болсон гэсэн үг.
-Таны гаргасан үндэслэл болох Их хурлын дарга хууль зөрчсөн гэдгийг хууль зөрчөөгүй байна гэж үзсэн гэсэн үг үү?
-Харин ийм л утгатай хариу өгөөд өмнөх үүсгэсэн маргаанаасаа татгалзчихлаа.
-Хуульч хүний хувьд та судалж үзсэн байх. Юу гэж үзэж байна?
-Миний хувьд Үндсэн хуулийн цэцийг хардаж байгаа.
-Ямар үндэслэлээр?
-Цэцийн гурван гишүүний тэтгэврийн нас хэтэрсэн гэсэн асуудал яригдаж байсныг та бүхэн мэдэх байх. Тэр асуудал яригдахгүй болонгуут миний өгсөн гомдлоор маргааныг хянан шийдвэрлэхээс татгалзчихав уу гэж харж байна.
-Халх голын чөлөөт бүсийн 500 мянган га талбайг тогтоосон асуудлаар мөн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ямар хариу гарсан бэ?
-Судалгааны төвшинд цэц дээр байгаа. Маргаан үүсгэх, эсэхээ шийдээгүйбайх шиг байна. Ер нь бол Үндсэн хуулийн зургаан заалтыг зөрчсөн байна гэж өргөдөл гаргасан. Гол асуудал нь хил орчмын нутагтаа чөдөөт бүсээ байгуулахгүй, хилийнхээ гүн рүү оруулж, дэлхийн хаана ч байхгүй том хэмжээний талбайг тогтоож өгсөн. Дэлхийд хамгийн томд тооцогддог Шанхайн худалдааны чөлөөт бүсийн газар нутгийн хэмжээнээс даруй 40 дахин том хэмжээтэй газрыг олгосон байгаа юм. Энэ бол Европын хэд хэдэн орны газар нутгаас ч том талбай шүү. Гэтэл ийм газрыг чөлөөт бүс болгосон нь асуудалтай. Энэ аюулгүй байдлаас гадна эдийн засгийн агуулгаараа ч Монголд ашиггүй. Татвараас чөлөөлөх асуудлууд ч тэнд бас яригдаж байгаа. Татвар авахгүй бол монгол хүнд ямар ашигтай байх вэ. Нөгөө талаас монголчуудын, дорнодчуудын газар нутаг дээрээ чөлөөтэй зорчих Үндсэн хуульд заасан эрхийг хуулиар биш тогтоолоор хязгаарласан. Үндсэн хуульд зааснаар иргэний үндсэн эрхийг ганцхан хуулиар хязгаарлаж болно гэж заасан заалт бий. Тэгэхээр тэр заалттай зөрчилдөж байна гэж үзсэн.
-Сүүлийн үед нийгэмд өрнөж буй үйл явдлуудаас хууль зөрчсөн алдаа гажуудал хэр ажиглагдаж байна?
-Нэг ийм үг байдгийг сануулаад хэлчихмээр байгаа юм. “Сайн төрийн дээр хууль ноёлж байдаг” гэж Б.Чимид багш хэлсэн байдаг юм. Тэр л их үгүйлэгдэж байна даа, манайд. Шийдвэр гаргагчдаасаа өгсүүлээд хуулиа мөрдөхгүй, үлгэрлэхгүй, ийм л асуудал байна. Одоо үг яриа нь биш, үйл хөдлөл, үлгэрлэл, манлайлалд л итгэх цаг үе ирсэн байна гэж би хувьдаа боддог. Тийм учраас хэн хуулийг сайн сахиж байна, түүнд л итгэ. Хэн сайн үлгэрлэж чадаж байна, түүнд итгэ, түүнийг дэмж гэмээр байна.
-Хуульч хүний хувьд та ажиглаж байгаа байх. Жишээ нь, МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгах тухай ярьж байна. Өршөөлийн хууль гарсан, Ерөнхийлөгч уучилсан нөхцөлд дахиад шалгах, яллах асуудал ярьж байгаа нь хуульзүйн хувьд хэр нийцэж байгаа бол?
-АТГ өнгөрсөн пүрэв гаригт өөрийнхөө вэб сайтад мэдэгдэл юм уу, мэдээлэл юм уу зүйлийг байршуулсан байна лээ. Түүндээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 133, 148.4 гэсэн зүйл ангиар АТГ шалгаж байгаа гэж мэдээлсэн байсан. Энэ зүйл ангиудыг аваад үзэхэд, 133 гэдэг нь Эрүүгийн хуульд заасан гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих гэсэн гэмт хэрэг байгаа. 148.4 нь болохоор залилангийн гэмт хэрэг юм. Миний хувьд энэ зүйл, заалтууд нь АТГ-ын шалгах харъяаллын хэрэг биш гэж харж байгаа.
Яагаад гэвэл, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих гэдэг бол харъяаллаараа Тагнуулын байгууллагын шалгах ёстой асуудал. Залилангийн хэргийг цагдаагийн байгууллага шалгадаг. Өөрөөр хэлбэл, АТГ өөрийн харъяаллын бус хэрэгт холбогдуулж, хэрэг маргаан үүсгэсэн байна гэж харж байна. Тийм учраас өөрийн эрх хэмжээнд ажиллаасай гэмээр байна.
-АТГ, хуулийн бусад байгууллага өөрийн эрх хэм хэмжээг зөрчихөд хэн хяналт тавих ёстой вэ?
-Прокурор хянаж байх ёстой. Тиймээс сэтгүүлч та нар тэр хүмүүсийг ажлаа хийж байна уу. Яагаад өөрийн харъяаллын бус хэргийг шалгаж байхад дуугүй байгаад байна гээд асуучих нь зүйтэй болов уу. Миний хувьд ч гэсэн гайхаж л байна.
-Эрүүгийн хуулийн 133 буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг нь ямар хүнд хамаардаг юм бол?
-Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж бий. Тэр хуулиар гүйцэтгэх ажлыг зөвхөн эрх бүхий байгууллага хийнэ. Манай улсад тагнуул, АТГ, цагдаа, эрүүгийн цагдаа, батлан хамгаалахын болон хилийн тагнуулын газрууд гүйцэтгэх ажлыг хийх эрхтэй. Тэгэхээр эдгээр байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажил хийх явцдаа хууль тогтоомж зөрчсөн байна уу, үгүй юу гэдэг асуудал л яригдах байх. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр гүйцэтгэх ажилтан байгаад тэр ажлаа ном журмын дагуу хийсэнгүй гэж хэрэг үүсгэсэн юм уу, үгүй юу гэдгийг би нэгдүгээрт ойлгохгүй, хоёрдугаарт мэдэхгүй байна. Ер нь бол гүйцэтгэх ажилтай холбоотой хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа улсын нууцад хамаарна. Тэрэнтэй холбоотой хууль зөрчигдсөн үү, үгүй юу гэдэг асуудал өөрөө бас нууцын журмаар шалгагддаг. Тиймээс үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг би мэдэхгүй, асуугаад ч тэр байгууллагууд задлахгүй байлгүй.
-Харъяаллын бус өөрсдөдөө ямар ч хамааралгүй хэргийг АТГ татаж авч шалгаж байна гэж та хэллээ. Тэгвэл АТГ хаа хамаагүй юмыг ингэж хамж авч шалгаад байгааг юу гэж үзэж байна вэ. Магадгүй сонгууль ойртсонтой холбоотой юм болов уу?
-Хардаж байна. Нэгдүгээрт, өөртөө хамаагүй асуудлыг шалгаж байна. Хоёрдугаарт, асуудлыг нууцлаад тэрүүхэн тэнд нь шийдэх сэдлээр зориуд хаа хамаагүй зүйл татаж авчраад, улсын нууцад хамааруулж шалгадаг зүйл анги нэмж байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрж байна.
-Эрүүгийн хуулийн 148.4 дэх заалт бол зөвхөн цагдаагийн байгууллага л шалгах ёстой хэрэг байх нь ээ?
-Энэ Монголд хамгийн их гардаг хэрэг шүү дээ. Хулгай, дээрэм, залилан чинь. Тэр болгон АТГ шалгадаггүй биз дээ. Ер нь бол АТГ хуулиараа өөрийн харъяаллын хэргийг л шалгах ёстой. Өөртөө тухайлан ногдсон тэр ажлаа л хийх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, хүний ялтай, ялгүй байдлыг тодорхойлдог газар нь АТГ биш. Энэ харъяаллаараа цагдаагийн байгууллагын эрх хэмжээний асуудал. Гэтэл энд хүртэл АТГ оролцож, тодорхойлолт өгөөд байгаа асуудал өөрөө нийгэм гээд байх юм үгүй, мэргэжлийн хуульчид анзаарч харж л байгаа шүү дээ. Илт хардлага дагуулсан үйл ажиллагаа болоод байгаа юм байна гэсэн ойлголт хуульчдад байна. Аргагүй шүү дээ.
-Хуулийн байгууллагууд нэг хүнийг мөрддөг, шалгадаг, хорьдог. Нэр хүндийг нь унагаагаад зогсохгүй нийгэмд байх аргагүй болгодог. Тэгээд тодорхой хугацааны дараа хэрэгсэхгүй болгодог явдал тогтсон жишиг болох нь ээ. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Сонгууль дөхөхөөр сонгуулийн дүнд нөлөөлөх гээд байгаа юм уу, аль нэг намын сонгуулийн кампанит ажлын хавсарга болж хуулийн байгууллагууд ажиллаад байгаа юм уу гэдэг ойлголт олон нийтийн дунд их түгсэн байна. Жишээ нь, 2012 онд бүх аймгийн Засаг даргад хэрэг үүсгэчихсэн байсан. Тэгээд сонгууль болоод өнгөрсөн. Нөгөө хэргүүд нь бүгдээрээ эргээд хэрэгсэхгүй болчихсон. Тэр байтугай дөнгөж нэр дэвшсэн хүнийг нэрээ дэвшүүлээд танхимаас гарч ирэхэд нь бариад явчихаж байсан. Сонгууль дуусангуут хэрэгсэхгүй боллоо гээд гаргачихсан. Ийм тохиолдол олон гарсан. Тэгэхээр хуулийн байгууллагууд сонгуулийн дүнд нөлөөлөх гэж байгаа юм шиг үйл ажиллагаа явуулж хэрхэвч таарахгүй. Сүүлдээ сонгуулийн үр дүнг ард түмэн мэддэг биш, хуулийн байгууллагын хормойд суусан хоёр гурван хүн хоорондоо ярьж байгаад хэнийг нь ялсан болгох вэ, хэнийг нь ялуулахгүй байх вэ гэдгийг мэддэг болох гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин