Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Сайн малчин” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Хөгжлийн банк, Төрийн банкны ТУЗ-д тус тус даалгасан юм. Энэ талаар Төрийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Туваантай ярилцлаа.
-Ямартай ч малчдын зээлийн хүү буурчихлаа. Тэгвэл барьцаалах хөрөнгийн асуудалд ямар шинэчлэл хийсэн бэ?
-Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор малчдын зээлийн хүү жилийн 30 хувь байсныг 18 хувь болгосон.
Мал аж ахуй нь бэлчээр, нүүдлийн онцлогтой. Зуд, гангийн эрсдэлтэй хэдий ч эрсдэлийг нь тооцож үзвэл 0.4 хувь болно. Тиймээс эрсдэл багатай аж ахуйд өндөр хувьтай зээл өгөх нь малчдын орлогод шууд нөлөөлнө гэж үзээд хэрэглээний зээлийн хүүг 18 хувь болгосон. Мөн малчин хүсвэл банкин дээр малчдын “А” дансны мэдээллийг харж болох зохицуулалт хийсэн. Энэ дансаар мал тооллогын дүн, тоо баримтыг харж болно. Ингэснээр нийт малынх нь 20 хувийг барьцаалах журмаар зээл олгож байгаа.
-Барьцааны үнэлгээний 20 хувийг нэмэгдүүлэх боломж бий юу?
-Өмнө нь 500 бог малтай малчны 100 малыг үнэлээд, түүнтэй дүйцэх хэмжээний зээл олгодог байсан. Энэ нь их бага хэмжээ. Тэгэхээр энэ үнэлгээг нэмэгдүүлэх тал дээр бид судалгаа хийж байна.
-Газар тариалан болон мал аж ахуйн салбар эрсдэл ихтэй учраас ХААН болон Төрийн банк зээл өгдөг. Энэ ялгааг арилгаж бүх банкаар зээл олгож болох уу?
-Засгийн газрын хуралдаанаар “Сайн малчин” хөтөлбөр баталсан. Үүний дагуу мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөр гаргасан. Дэд хөтөлбөрийн дагуу малчдыг арьс, шир, ноос, ноолуур, хүнсний бүтээгдэхүүний анхдагч нийлүүлэгч гэж үзээд үйлдвэрлэгч гэж хандана. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийг нь сууриар нь тэлж өгье гэж шийдсэн. Ингэхдээ, зээл олгох банкуудад тодорхой шалгуур тавина. Шалгуурыг хангасан банкуудаар зээл олгох юм.
-Төр, засгаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх явц удаан байдаг. Тэгэхээр малчдаас шалтгаалахгүйгээр саатуулах асуудалд зохицуулалт хийж болох уу?
-Мэдээж, арилжааны банк гэдэг чинь бизнесийн байгууллага. Тэгэхээр, өөрийн болон харилцагчийн эрсдэлийг харж шийдвэр гаргадаг. Маш олон шалгуурыг давж зээл олгоно. Үүний дараа зээл бүрэн төлөгдсөнөөр үйл ажиллагаа хэвийн үргэлжилдэг. Хөдөө аж ахуйн салбарынхан зээл авахад хууль эрх зүйн тал дээр асуудал гардаг. Тухайлбал, газар тариалангийн салбарт трактор, тоног төхөөрөмж, газар, тухайн аж ахуйн обьект нь барьцаалах боломжгүй байсан. Мөн малчид малаа өндрөөр үнэлүүлж, барьцаалах боломж хаалттай байсныг хүмүүс санаж байгаа биз. УИХ-аас өнгөрсөн онд Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль баталсан. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт их үр дүнтэй хууль болсон юм. Яагаад гэвэл, хөдөө аж ахуйд ажиллаж байгаа обьект, тоног төхөөрөмжөө барьцаалж зээл олгох хаалгыг нээж өгсөн. Энэ хууль энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ингэснээр, зээл авах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Мал аж ахуйн хувьд малаа барьцаалахаас гадна, аймаг сумандаа өвөлжөө, хаваржааны байраа барьцаалах боломжийг нээж өгсөн. Мөн хуримтлуулсан хөрөнгөө барьцаалах боломжтой.
-Малчин дансаар дамжуулан цалингийн зээл шиг зээл олгох боломж байгаа юу?
-18 хувийн зээл нь хэрэглээний буюу машин худалдаж авах, гэр байшин барих зорилгоор малчдад олгоно. 10 хувийн зээлийг энэ сарын 15-наас өгч эхэлнэ. Энэ зээл нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хөгжүүлэхэд зориулагдана. Үндсэндээ гурван шалгууртай. Нэгдүгээрт, малын эрүүл мэндийн графикт ажлуудыг хийсэн байх ёстой. Мөн тарилга вакцинжуулалтад хамруулан мал эмнэлэгтэйгээ байнгын хамтарч ажиллан, мал үржлийн багаар хянуулдаг байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн малчин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлж бөглүүлсэн байх хэрэгтэй. Гуравдугаарт, Монголбанктай хамтран ХХАА-н яамнаас малчин дансыг өрх бүрт нээж өгсөн. Энэ дансаар дамжуулан арьс шир, ноосны урамшууллыг олгодог байсан. Харин малчид энэ дансыг зөвхөн урамшуулал авах зорилгоор ашиглалгүй гүйлгээ, хадгаламжийн зорилгоор ашиглаж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Өнгөрсөн жил малчид 110 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээг энэ дансаар дамжуулж хийсэн байгаа юм. Тэгэхээр, аливаа хуулийн этгээд зээл авахад тухайн хүний дансны орлого зарлагын мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс, малчин дансаа хөтлөн, гүйлгээ хийдэг байхыг тусгаж өгсөн.
Үйлдвэрлэлийн зээлийн бас нэг зорилго нь малчдын хуулийн этгээдийг байхыг шаардаж байгаа юм. Эхний ээлжид 10 хувийн хүүтэй таван сая хүртэлх зээл олгоно. Тэгэхээр, хэрэглээний зээлээс гурав дахин бага хүүтэй. Цаашдаа энэ хууль амжилттай хэрэгжээд эхэлвэл зээлийн хэмжээг нь тэлээд явах боломжтой.
-Малчид нийгмийн даатгалаа төлөхгүй байх сонирхолтой байдаг. Харин малчны нийгмийн даатгал төлсөн нэг жилийг 14 сараар тооцдог болсноор давуу тал гарч байгаа юу?
-Төрөөс малчдын нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтөд анхаарч хууль эрх зүйн тал дээр дэмжлэг үзүүлж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд малчдын нийгмийн даатгалын төлөлт есөн хувьтай тэнцдэг байсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас удаа дараа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг баталснаар тухайн малчин нийгмийн даатгалаа сараар, улирлаар, хагас жил, жилээр нь төлөх нөхцөлтэйгөөр аймаг, сумын нийгмийн даатгалын байцаагчтай гэрээ хийж болно. Энэ хууль нь өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа нарын санаачилсан, малчдын ажилласан жилийг жирийн ажилчны 1.2 жил ажилсантай тэнцэх хэмжээгээр тооцох хуулийн төсөл батлагдсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжсэнээр малчин 20 жил нийгмийн даатгал төлсөн тохиолдолд 24 жил төлснөөр тооцох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тэгэхээр, малчдын нийгмийн даатгал төлөх хугацаа богиносоно гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин