Блог ертөнц
Докторант З.БАТТОГТОХХүн болгон өөрийн сул талд эмзэг ханддаг. Өөрөө эмзэглэн бодохын хажуугаар эргэн тойрны хүмүүс тань хүртэл шүүмжлэн ярилцахыг сонсоно гэдэг тун таагүй сэтгэгдэл төрүүлдэг билээ. "Би өөрчилнө, би өөрийгөө засаж чадна, би өөрийгөө даван дийлнэ" гэсэн бодол үе үехэн толгойд орж ирэх боловч өөрийгөө хэр өөрчлөгдсөнийг, яаж ялан дийлсэнээ хэлж чадах хүн олонгүй. Амжилтанд хүрэхийн тулд тэгж ч зорилго тавь, ингэж ч сул талаа зас гэж зөвлөгөөтэй хэвлэл, сэтгүүл, ном олон зүйл. Гэтэл сул талаа мянга засаад олон дотроос ялгарч чадна гэж үү. Харин ч өөрсдийгөө бусдын адил энгийн материал болгон хувиргана.
"Dream big! Hard work will get you there!" Олонтоо сонссон биз? Мөрөөдөлдөө хүрнэ гэдэг зөвхөн сохор зүтгэлээр бүтэх зүйл биш. Монгол Улсаас төрсөн олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр маань жүдо биш сагсчин болно гэж зүтгэсэн бол бид олимпийн аваргатай байх байсан болов уу. Өөрийн давуу талыг ашиглан зүтгэсэн зүтгэл илүү амжилтад хүргэдэг юм гэдгийг амжилтанд хүрсэн олон хүний түүхээс харж болно.
"Би юунд сайн юм болоо, би юуг бусдаас илүү хийж чадах билээ" гэж бид олонтоо боддог.. Тэгээд давуу тал гэхээр ер бусын авьяас, чадвар гэж ойлгох нь олонтаа. Та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулаад давуу тал тэр хүнээс илүү давуу тал өөрөөсөө хайгаад байгаа юм биш биз. Түүний оронд харин өөрийнхөө сул талтай харьцуулсан давуу тал байж болно шүү дээ. Тэр давуу талаа илүү болгохын тулд ажиллаж чадвал харин бусдаас илүү чадах зүйлтэй болно гэсэн үг. Сул талаа засахын тулд цаг зав энергээ зарцуулахынхаа оронд өөрийнхөө давуу талыг эхэнд тавьсанаар амжилт гэдэг зүйлийн босгонд хурдан очно.
Эх сурвалж: “Улаанбаатарын сонин” 2015 он.