С.УЯНГА
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа МАХН-ын санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэн П.Ариунжолоо хэвлэлийнхэнд хандсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлана уу?
-Олон нийтэд хандаж байгаагийн гол шалтгаан нь Монгол Улсын жирийн иргэний хувьд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж та бүхнийг нэгэн зүйлд уриалах гэсэн юм. Намуудын санхүүжилтын талаар уриалга гаргах гэсэн юм. Намайг П.Ариунжолоо гэдэг, хувиараа бизнес эрхэлдэг.
Аль нэг намын гишүүн биш. Залуу хүний хувьд өнөөдрийн нийгмээс юу олж харснаа илэрхийлэхийг хүсч байна. Монголын өнөөгийн нийгмийн байдлыг харахад эдийн засаг хямарсан, улс төр нь хүнд байдалд орсон нь олигархиудын гарт монголчууд орсныг илтгэж байна. Намуудыг олигархиуд санхүүжүүлдэг учраас намууд төрийг эргээд эрх баригч, олигархиудын талд үйлчилдэг аппарад болгоод байна. Тийм учраас намуудын санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хэлж өгөх гэсэн юм.
- Тухайлбал, МАХН-ын ямар зорилго зорилтыг дэмжиж байна вэ?
-Намуудын дэвшүүлээд байгаа мөрийн хөтөлбөр орон сууцны найман хувийн зээл байна уу, зам талбайг тохижуулах эсэх нь сонин биш. Монгол Улсыг яавал хөгжүүлж ард иргэдийг эрүүл аюулгүй орчин нөхцөлд сайхан амьдруулах вэ гэдэг том зорилгын төлөө намууд уралдах ёстой. Гэтэл өнөөдөр найман хувийн зээл, цэцэг тарья, зам талбайг тохижуулж өгье гэх зэргээр хэтэрхий жижиг зүйлтэй орооцолдож байгаад иргэн хүний хувьд, залуу хүний хувьд харамсдаг. Харин Н.Энхбаяр гуайн яриад байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа МАХН-ын мөрийн хөтөлбөр, зорилтыг сонслоо. Тэнд яригдаж байгаа зүйл, дэвшүүлж байгаа зорилтыг би сонирхож үзсэн. Зарим хүмүүс кино үзэж байгаа юм шиг хүлээж авч байна. Гэвч залуус бидний хувьд өнөө маргаашаа бус ирээдүйгээ бодож дэмжих маш том ажил. Ирээдүйд Монгол Улс өндөр хөгжил рүү тэмүүлж байгаа зорилгын илэрхийлэл гэж харж байна. Монгол Улсаа хөгжихүүлэхийн тулд том зорилго тавих ёстой. Арван жилийн дотор дэлхийн шилдэг 30 улсын нэг болгоно гэсэн зорилго дэвшүүлээд үе шат, зардлыг нь нэг бүрчлэн нарийвчилж тооцож гаргасан байна. Иргэн хүнийхээ хувьд үүнийг таатайгаар хүлээн авч энэ намын зорилго биелээсэй гэдэг үүднээс дэмжиж байгаа. Тэгээд МАХН-ын зорилго биелээд Монгол Улс хөгжих юм байна, бид сайхан амьдрах юм байна гэсэн ойлголттой явж байсан чинь намын санхүүжилт гэдэг зүйл яриад эхэллээ.
-Танд намын санхүүжилтыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?
-Нам сонгуульд оролцож сурталчилгаа хийхэд санхүүжилт хэрэгтэй байдаг юм байна. Намын нарийн бичгийн дарга нь санхүүжилт олох гэж байсан ч гэнэ үү яасан нь тодорхой бус сонин байдалтай болчихоод байна. Би улс орноо арван жилийн дотор үсрэнгүй хөгжиж дэлхийн шилдэг 30 орны нэг болоосой гэж хүсч байгаа учраас дэмжинэ. МАХН бусад намыг бодоход ядуу байж болно. Гэхдээ улс орноо хөгжүүлэх зорилго, мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлж дэмжмээр байна. Тиймээс энэ намын тэр сайхан бодлого, зорилгыг бодит ажил болгохын тулд залуусыг уриалаад МАХН-ын сонгуулийн санхүүжилтэд нь хувиасаа 500 мянган төгрөг хандивлаж байна. Манай улсыг 10 жилийн дотор хөгжүүлэх гээд байхад би яагаад зүгээр хараад сууж байх ёстой юм. Би ч гэсэн сайхан амьдармаар байна. Үсрэнгүй хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зорьж, тэмүүлээч гэж хүмүүст хэлмээр байна. Үүний төлөө энэ намд 5, 10 мянган төгрөг гэхгүйгээр хандив өгөөрэй гэж уриалж байна.
-Мөнгө хандивласныхаа төлөө намын гишүүн болох уу?
-МАХН хэцүү байдалтай байгаа юм байна. Тиймээс иргэн хүнийхээ хувьд хандив өгч байна. Чадахаасаа чадахгүй хүртлээ энэ намыг дэмжинэ. Миний тусалж чадах зүйл байвал бэлэн байна. Гэхдээ 500 мянган төгрөг хандивласнаараа би энэ намаас хэзээ ч албан тушаал горилохгүй. Эцсийн зорилго нь улс орон маань хөгжиж, ард түмэн бид утаагүй, сайхан амьдрах юм.
-МАХН сонгуульд ялах болов уу?
-Ялаасай, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаа учраас энэ алхмыг хийж байна. Ядуурал, утаа, хямрал гээд энэ бүх асуудлыг эцэслэж зогсоох итгэл найдвар нь МАХН-ын дэвшүүлж байгаа зорилго гэж бодож байгаа учраас өнөөдрийн уриалгыг гаргаж байна. Сайн сайхан бүхнийг бүтээсэй гэж бодож байгаа бүх хүмүүс дэмжинэ гэж итгэж байна.
-Иргэн хүний хувьд Г.Шийлэгдамбыг юу гэж бодож байна вэ?
-Би намын гишүүн биш учраас мэдэхгүй байна. Харин иргэн хүнийхээ хувьд санхүүжилт босгох гэж яваад бүтээгүй юм байна гэж харж байна.
-Эмзэг бүлгийнхэн, өнчин, ядуу хүмүүс гээд 500 мянган төгрөг шаардлагатай хүмүүс олон байна. Яагаадзаавал намд мөнгө хандивлах болов?
-Хоол, хүнс, нүүрс тарааж болно. Залуучууд нийлээд тийм ажил хийж байна. Энэ бол өнөө маргаашаа аргацааж байгаа асуудал. Миний зорилго бол ирээдүй рүү чиглэж байгаа учраас шийдвэртээ итгэлтэй байна. Монгол Улс хөгжөөд, иргэд сайхан амьдраад ирвэл нүүрс, хоол тараадаг хүмүүс байхгүй болно. Аль нь илүү нөлөөтэй гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр би ганцаараа 500 мянган төгрөг хандивласнаар энэ намын санхүүжилт шийдэгдэхгүй. Тиймээс бүгдээрээ дэмжиж, ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Иргэд сонголтыг оролцоо гэж бодоод зүгээр суух хэрэггүй. Гар хөлөө хөдөлгөж, толгойгоо ажиллуулах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин