АНУ-ын Калифорни муж дахь Берклигийн их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-Берклигийн их сургуульд 1996 оноос хойш тасраад байсан монгол хэлний хөтөлбөрийг саяхнаас зааж эхэлжээ. Үүний гол санаачлагч нь та байж. Энэ сайхан мэдээгээр ярилцлагаа эхэлье?
-Энэ бол бидний олон жил хөөцөлдсөн ажил. Би Калифорнийн их сургуульд урлаг судлалаар докторын зэрэг хамгаалж, 2010 оноос багшилж эхэлсэн. Калифорнийн их сургууль Америктаа маш өвөрмөц сургуульд тооцогддог. Баруун эрэг дээрх хамгийн эртнийх бөгөөд улсаас санхүүждэг сургууль. Сан-Франциско орчимд бол хамгийн том хоёр сургууль байдгийн нэг нь Калифорнийн их сургууль, нөгөө нь Станфордын их сургууль. Беркли дахь Калифорнийн их сургууль нь Ази судлалаар нэртэй. Тэр тусмаа Монголын талаар эрт дээр үеэс судалж ирсэн. Энэ талаар би тэнд очсоныхоо нэлээд хойно мэдсэн. Беркли дахь Калифорнийн их сургуульд 1935 оноос монгол хэл зааж эхэлсэн байдаг. Түүнийг Германаас ирсэн монголч эрдэмтэн Ferdinand Lessing зааж байсан байгаа юм. Lessing тэтгэвэртээ гарахад ажлыг нь үргэлжлүүлэн James Bosson багшийг авчирч үргэлжлүүлж байсан. Bosson бас монгол хэл бичгийн толийг хэдэнтээ гаргасан. 1996 онд Bosson тэтгэвэртээ гарснаас тэр үеийн багш, сургуулийн захиргаа хятад, төвд хэлийг илүүд анхаарч монгол хэлийг орхигдуулсан. Харамсалтай нь 2002 онд намайг сурахаар очиход Монголын гэсэн юм бүхэн алдагдсан байсан. Үүнийг сэргээхээр зорьж 2006 оноос хөөцөлдөж эхэлсэн.
-Бараг 10 орчим жилийн дараа зорьсон ажил тань бүтжээ?
-Монголын үе үеийн Элчин сайдууд энэ ажлыг дэмжиж байсныг онцгойлон дурдмаар байна. 2006, 2009 онд Монгол Улсаас АНУ-д Элчин сайд байсан Р.Болд, Х.Бэхбат гуай манай сургуульд айлчилсан юм. Тэр айлчлалууд их ач холбогдолтой байв. Түүнээс хойш салбар, салбараар хамтран ажиллая гэсэн яриа үүсч, уулзалт үе, үе болж байсан ч албан ёсны ажил бий болохгүй байсан. Хоёрдугаарт, АНУ-ын Монгол судлал хөгжлийн хувьд буурай байгаа. Одоохондоо Индианы их сургуульд төвлөрөөд Chris Atwood гэж Монголын эзэнт гүрний үеийн түүхийг судалдаг түүхч эрдэмтэн байгаа. Индианы их сургуулийнхантай бид ярилцаж зөвлөлдсөн. Берклид Монгол судлалыг ямар байдлаар явуулах талаар гэсэн үг. Тус сургууль бол Монголын түүх, эзэнт гүрний үеийг судалдаг. Тиймээс баруун эрэг дээр орчин үеийн Монголыг судлахаар болж 2013 онд Монголын орчин үеийн түүхийг судлах, монгол судлалын төв нээх төсөл боловсруулсан юм. Төслөө Монгол руу Боловсрол, соёл шинжлэх ухааны яам руу явуулсан. Төслийг маань АНУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам маш таатай хүлээж аван 2013 оны долдугаар сард Сайдын хүлээн авалт зохион байгуулж байв.
Төслийн санхүүжилт АНУ-ын сургуулиудын санхүүжилт хэрхэн явагддаг тэр жишгээр хийсэн. Тэр нь Монгол судлал гэхээс бүх судлалын ажиллагаанууд Америкийн сургуулиудын endowment хэлбэрээр бүрдэж явдаг. Эцсийн зорилгодоо хүрэхийн тулд шат дараалсан үйл ажиллагаа явуулах юм. Тэгэхээр монгол хэл зааж, сэргээнэ. Судалгааны үйл ажиллагаа явуулж хичээлийн цар хүрээг нэмэгдүүлнэ гэсэн зорилготой. Ингээд бид удаан хөөцөлдсөний эцэст Америкийн Засгийн газрын хөрөнгө оруулалтыг авч, монгол хэлийг зааж эхэлсэн. Эхний жилийн хөтөлбөрт УИХ-ын гишүүн М.Батчимэг том хувь нэмэр оруулж эхний санхүүжилтийг Монголын Засгийн газраас 300 сая төгрөгийг батлуулж өгсөн.
-Манай Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас дэмжсэн үү?
-Бид Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд хэд, хэдэн удаа албан бичиг явуулсан. Берклигийн сургуулийн гадаад харилцааны захирал бид хоёр 2013 оны тавдугаар сард Монголд ирж төслөө танилцуулсан. Тэр үед Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалыг дэмжих хороо байгуулагдаж байсан тохиромжтой цаг үе. Үүнийг биднийг хүлээж авч уулзсан дэд сайд Б.Ургамалцэцэг онцолж байсан ч эргэж хариу өгөөгүй.
-АНУ-д Монгол судлал тааруу байна гэлээ. Томоохон сургуульд нь монгол хэлний хөтөлбөр бий болсноор цаашид Монгол судлалын төв байгуулах эхлэл болох байх?
-Монгол судлал Европод сайн хөгжсөн. Азид бол Хятад, Өвөрмонгол, Японд сайн хөгжиж байгаа. Гэтэл АНУ-д удаан. Манай сургуулийн салбар бүрт америк эрдэмтэд Монголтой харьцсан түүх байдаг. Одоо ч үргэлжилж байгаа төслүүд бий. Эдгээрийг зангидаж Монгол судлалыг дэлхийн хэмжээнд гаргана гэсэн зорилготой байгаа. Монгол судлалын хөтөлбөр нээх нь төв байгуулах анхны алхам.
-Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчууд хэр оролцож байна. Монгол судлалын төсөл АНУ-д байгаа оюутан, залуусыг дэмжих зорилготой гэж дуулсан?
-Баруун эрэг дээр хамгийн олон монголчууд төвлөрсөн газар нь Сан-Франциско. Тэнд 4000 гаруй монгол иргэн бий. Монголын судлалын асуудлыг Калифорнийн их сургуулиар тогтохгүй, нийт монголчуудад хамаатай асуудал гэж би үздэг. Тиймээс аль болох монголчуудаа оролцуулж, тэдний үйл ажиллагааг дэмжихийн тулд “Монгол сан”-г байгуулсан. Учир нь Берклигийн асуудал ихээхэн төвөгтэй. Беркли дэлхийд нэртэй сургууль учраас тэнд Монгол судлал хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал тулгарч мэдэхээр байгаа юм. Харин бид өөрсдөө түүнийг хамгаалах ёстой. Хоёрдугаарт, бидний хүүхдүүд, гадаадад амьдарч байгаа монголчууд бодит түүх болчихоод байна. “Монгол сан”-ийн гол зорилго тэнд байгаа монголчууддаа туслах, оюутан залууст дэмжлэг үзүүлэх юм. Бага гэлтгүй монгол оюутнуудаа дэмжихээр ажиллаж байна.
-Беркли хотод саяхан “Азийн долоо хоног” болсон. Тэр арга хэмжээнд манайхан амжилттай оролцсон уу?
-“Asia week” гэж нэртэй арга хэмжээ жил бүрийн гуравдугаар сард Нью-Йорк хотноо болдог юм. Азийн соёл урлагийг сурталчлахаас гадна худалдааны үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Энэ үеэр Азийн талаарх цуглуулгатай хүмүүс цуглаж, музейнууд тусгай үзэсгэлэн, яармаг худалдаатай эрчимтэй долоо хоног болж өнгөрдөг. Нэг ёсондоо Нью-Йорк долоо хоногийн турш Азиар амьсгалдаг. Америк тивд Нью-Йоркод болчихдог бол Азид Хонконгод болдог. Европод бол Лондонд болдог. Америкийн хувьд баруун эрэг дээр хамгийн их азичууд байдаг юм байна. Үүнийг харгалзан Хятадын нэгэн галерей “Asia week” арга хэмжээг санаачлан баруун эрэг дээр зохион байгуулах болсон юм билээ. Тус арга хэмжээндээ оролцох санал надад тавьсан. Өнгөрсөн аравдугаар сарын 4-нөөс долоо хоног болсон. Тэр үед манай сургуулийн Монгол хөтөлбөр нээх хурал болж таарсан учраас өргөн хүрээтэй Монголын соёлын өдрүүдийг хийсэн. Хоёр үзэсгэлэн зохион байгуулахаар Азийн долоо хоногийн программд оруулсан. Цаасан хайчилбар, хөрөг урлаг, монгол зургаар үзэсгэлэн гаргасан. Мөн эмэгтэй зураачдын үзэсгэлэнг гаргасан. Манайхыг Азийн долоо хоногийн мэдээнд онцолж дурдсан байна лээ.
-Уран зургийн олимп гэгддэг Венецийн Биенналид монгол зураачид анх удаа орсон юм билээ. Манайх ямар бүтээлүүдээр оролцсон бэ ?
-Энэ удаа 56 дугаар Венец Биеннали болсон. 1870 оноос хойш Италийн Венецид хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн урт удаан түүхтэй арга хэмжээ. Түүнд орчин үеийн урлагийн том төлөөллүүд оролцдог. Улс бүр бие даасан үзэсгэлэн гарган өөрийн улсын соёлын төвшинг харуулдаг. Энэ бол зөвхөн Монголын соёлоор ярихгүй, Монгол Улсын хэмжээнд яригдах асуудал. Олимпод улс орон яаж оролцдог билээ, тэгж соёл урлагаар Монголын далбааг мандуулдаг. Тэр үйл ажиллагаанд Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо санаачлан оролцож намайг куратороор урьж ажиллуулсан. Манай улс хоёр үзэсгэлэн дээр оролцсон. Би өөрөө Монголын эмэгтэй уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн бие даасан үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэ жил 89 орон үзэсгэлэнгээ гаргаж, 8000 сэтгүүлч сурвалжилсан.
-Та монголчуудын соёл, урлаг, тэр дундаа уран зургийг олон улсын арга хэмжээнд анхдагч болгон оролцуулдаг юм байна. Цаашид энэ чиглэлийн ямар арга хэмжээнд манайхан оролцож болохоор байна вэ?
-Калифорнийн их сургууль бол АНУ-д номер нэг улсын сургууль. Ийм сургуулийн захиргаанаас Монгол судлалын төв байгуулъя гэсэн шийдвэр гаргачихсан мөчийг алдаж болохгүй. Монгол бүтэхгүй байна гээд хаях хэмжээнд хүргэхгүй юмсан гэж би хичээнгүйлэн ажиллаж байгаа. Үүнд дээр монголчууд хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Энэ бол Уранчимэгийн асуудал биш, Дорж, Алимаагийн асуудал биш. Тэр тусмаа Калифорнийн их сургуулийнх ч биш. Монголын цаашдын хөгжилд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх ажил юм. Бидний насаар тогтохгүй дараагийн 100 жил оршиж байх алс руу, ирээдүй рүү харсан үйл ажиллагаа юм. Тиймээс Монголын бизнесмэн, улстөрчид үүнийг анхаараач, хамтарч ажиллаасай гэж уриалмаар байна.
Миний цаашдын эрдмийн гол ажлын нэг бол энэ. Монголын урлагийг судлахаас гадна Монгол судлалын төв байгуулах юмсан гэсэн гол зорилготой. Соёл урлагийн хэмжээнд “Asia week” –д оролцох, дахин үзэсгэлэнгүүд зохион байгуулна.
-Та 2002 онд АНУ руу явахаасаа өмнө урлагийн чиглэлээр томоохон шүүмж бичиж байсан. Одоо тэр үеийг гүйцэх шүүмж, түүнийг бичигсэд ховордож байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тиймээс Монголын урлагийн хөгжлийн талаар таны байр суурийг сонирхмоор байна?
-Энэ асуудлыг сэтгүүлч бүр хөнддөг. Тэр бүрт би өөдрөг хариулт өгдөг. Би өөрөө монгол хүн гэж цээжээ балбаад байгаа юм биш. Олон улсаар явж үзэж харлаа, нүд тайлж байна. Дэлхийн том сургуульд сурч, багшилж байна. Үүнээс харахад Монголын дүрслэх урлаг хэнээс ч дутахааргүй хөгжиж байна.
-Урлаг бол тухайн нийгмийн эмч гэдэг. Алдарт зураач Пабло Пикассо нэгэн ярилцлагадаа “Амьдралаас надад хоёр үүрэг өгсөн. Нэг нь урлагаар дамжуулж хүний оюун санааны “тоос”-ыг арилгах” гэсэн байдаг. Монголын урлагийнхан энэ үүргээ хэрхэн биелүүлж байна?
-Нийгмийн хөгжлөөс урлаг ямар ч үед түрүүлж явдаг. Зураачдыг ойлгохгүй байна, урлаг ойлгохгүй байна гэдэг асуудал улс орон бүрт тулгардаг. Манайхан нэгнийгээ гишгиж, “зодож” явдгаас болж эргээд нийгэм нь унаад байгаа. Монголд сайн урлаг, сайн зураач байгаа хэдий ч нэгдүгээрт хоорондоо дайсагнасан, хоёрдугаарт улстөржүүлдэг байдал нь буруу тийш чиглүүлдэг.
XX зуунд манайд сайн мастерууд төрсөн боловч сүүлийн үеийн залуус аль болох энгийн байдлаар хүний нүдийг хуурах, өнгөц харахыг эрмэлздэг болж. Урлаг бол амархан зүйл биш. Уран бүтээлч болох мөч хүнд, урт удаан үргэлжилдэг процесс. Хүн өөрөө боловсорч, гэгээрч байж уран бүтээлч болдог. Зураг зурдаг хүн бүр уран бүтээлч байдаггүй.
-Та Монголд байхдаа хэд, хэдэн уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Бас таны шүүмжүүдийг урлагийнхан онцолдог юм билээ. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би 1997 оноос куратор гэдэг мэргэжлийг бий болгосон. Одоо ч бичиж, судалгаа хийж, үзэсгэлэн гаргаж байна. Буддын шашны урлаг, орчин үеийн урлагийн чиглэлээр судлагаа хийж байна. Судалгааны өгүүллийг байнга бичиж нийтлүүлж байгаа. Гадаадын нийтлэлүүдийн хувьд хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Хонгконгийн урлагийн сэтгүүлд Монголын орчин үеийн урлагийн тухай өгүүлэл нийтлүүлсэн. Үүнээс гадна ном бичиж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин