“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор ХААГ-ын дарга асан Д.Энхжаргалыг урилаа.
-Таныг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн болохыг Анхан шатны шүүхээс тогтоосон. Гүйцэтгэх засаглал хууль хэрэгжүүлэх замаар ямар шийдвэр гаргасан бол?
-“Ажилд нь эргүүлэн томилж, тэр хугацааны цалин олго” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл саяхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Нийслэлийн шүүхэд давж заалдсан мэдээлэл авлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар давж заалдсан учраас намайг ажилд томилох асуудал яригдаагүй. Ер нь Засгийн газар солигдоход төрийн албан хаагчдыг олноор нь халж сольдог. Ажлаас халахдаа хоёрхон шалтгаар халдаг.
Нэг бол өөрийнх нь хүсэлт, эсвэл өөр ажилд шилжүүлэн томилсон тул гээд Засгийн газрын тогтоол гаргачихдаг. Гэтэл өөр ажилд шилжүүлэн томилсон юмгүй, нөгөө хүмүүс нь өөрийн хүсэлтээр халагдаагүй байдаг. Ингэж төрийн албан хаагчдыг ажилгүй болгодог. Монгол Улсад ажилгүй төрийн мэргэшсэн албан хаагчийн тоо нэмэгддэг. Эрх ашгаа хамгаалуулах гээд шүүхэд хандахаар шүүхийн шийдвэрийг үл тоомсорлодог гажиг жишиг тогтжээ.
-ЗГХЭГ давж заалдахаар болсон тухайгаа танд албан ёсоор мэдэгдсэн үү?
-Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, ЗГХЭГ буюу хариуцагч тал гомдол гаргасан байна лээ.
-Ер нь бол та ч гэсэн хууль хэрэгжихгүй байна гэдэг үүднээс гомдол гаргах эрх нээлттэй биз дээ?
-Би намайг ажилд томилсонгүй гээд байгаа юм биш. Төр хуулиа биелүүлэх ёстой шүү дээ. Төрийн жинхэнэ албан хаагчаа хуулиар хамгаалдаг төр, захиргааны байгууллага нь байна. Тэдний эрх ашгийг хамгаалдаг хууль эрх зүйн байгууллагууд байна. Тиймээс би хуулийн дагуу эдгээр байгууллагуудад хандсан юм. Тэр байгууллагууд аливаа асуудалд бодитой хандаж, үнэн зөвөөр шийддэг юм байна лээ. Одоо болох давж заалдах шатны шүүх хуралд би өөрийн биеэр оролцоно. Ямар хариу гарахыг үзнэ. Ер нь бид яагаад хохирч үлдэх ёстой юм бэ. Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан, ажил үүрэг дээрээ алдаа дутагдал гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлж болно. Гэтэл хүнийг өвчтэй зовлонтой, эмчлүүлж байгаа үед нь өөрт нь мэдэгдэлгүй “Өөрийнх нь хүсэлтээр” гээд ажлаас чөлөөлчихдөг байж таарахгүй. Би бүтэн хоёр сар гаруйн хугацаанд хоёр ч удаа хагалгаанд орж, эмчлүүлж байсан юм. Гэтэл тэр үеэр далимдуулж байгаа юм шиг ажлаас халсан. Хөдөлмөрийн хуулиар өвчтэй, жирэмсний амралт, сургалтанд явсан гэх мэт шалтгаантай хүмүүсийг ажлаас чөлөөлөх ёсгүй. Өөр ажилд шилжүүлсэн бол түүнийгээ надад мэдэгдэж яагаад болдоггүй юм бэ. Би ажлаа өгөөд найман сар болж байна. Гэтэл намайг хааш нь шилжүүлснийг мэдэхгүй. “Өөрийнх нь хүсэлтээр өөр ажилд шилжүүлэн томилсон тул” гэсэн Засгийн газрын тэр тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа. Би өөр ажилд шилжээгүй, тийм хүсэлт гаргаагүй. Энэ асуудал ганц надад тохиолдож байгаа юм биш. Маш олон төрийн албан хаагчдад байгаа. Таньдаг зарим нь ярьдаг. “Жирэмсний амралтаа авчихсан байтал ажилдаа түр ороод байж байгаач, ийм шаардлагатай байна гэсэн. Тэр дагуу нь ороод байж байтал салбарын сайдаар нь шинэ хүн томилогдож ирээд ажлаас халчихлаа” гэж байна. Зарим Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар ажиллаж байсан хүмүүсийн гурван ч шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажилд томилсон юмгүй сууцгааж байна. Тэд мэдлэг боловсролоор гологдсон юм уу, эсвэл ажилдаа алдаа дутагдал гаргасан уу гэвэл, үгүй. Тэгэхээр ЗГХЭГ өөрөө хуулийг хэрхэн хэрэгжүүлэхгүй байгаа нь харагдаж байна.
-ХААГ хэмээх шинэ агентлаг байгуулагдсан сургаар сурвалжлага хийхээр очиход байрны засвар, тохижилтоос эхлээд таныг бүх ажлаа гардаж хийж байхтай таарснаа санаж байна. Та тэнд юу хийж бүтээв?
-Би хэвлэлд тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй. Харин хийсэн ажлын үр дүнгээрээ харуулдаг байсан. Тэгээд ч тэнд ажилласан гурван жил шинэ газрыг олон улсын стандартад хүргэх гэж зүтгэж ажилласан. ХААГ-ыг байгуулна гэхэд байр, савнаас эхлээд асуудалтай. Ингээд Гаалийн ерөнхий газрын хуучин байранд орохоор болж будаг, шохойн засварын ажилд нь хүртэл ханцуй шамлан оролцож явлаа. Хүний урманд ажиллах ажилтан, суух ширээ, сандал ч байгаагүй. Ийм л газрыг анх хөл дээр нь босгосон. Яамдаас худалдан авах ажиллагааг хариуцдаг мэргэжилтнүүд шилжин ирж 10 хүнтэйгээр ажлаа эхэлж байсан. Худалдан авах ажиллагааны газар бусад агентлагаас онцлогтой. Тиймээс цахим худалдан авалт хийдэг болсон. Шилэн тендер арга хэмжээг жил бүр зохион байгуулж оролцдог компаниудад жагсаалтыг ил тод нэээлттэй мэдээлж, адаглаад хэдэн зуун хайрцаг цаасны хэрэглээг халж ганцхан CD-нд тендерийн бүх материалаа хийгээд ирдэг эхлэлийг бий болгосон гээд дэвшил олон гарсан.
-Одоо ХААГ-ын дарга хэн болсон бэ. Энэ газрыг татан буулгах, эсвэл нэгтгэнэ гээд байсан асуудал юу болсон юм бол?
-Х.Улам-Өрнөх гэдэг хүн ХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа. У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа тушаал гаргаж томилсон юм билээ. Засгийн газрын Эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн даргыг Засгийн газрын тогтоолоор томилдог юм. Гэтэл эрхэлсэн сайд нь ганцаараа агентлагийн даргыг томилсон хууль бус шийдвэр гаргасан. Бусад зүйлийг та бүхэн тэр хүнээс өөрөөс нь асуух нь зүйтэй байх.
-Тэгвэл ХААГ-ыг байгуулж, ажлын эхлэлийг тавьсан хүний хувьд та ирээдүйг нь хэрхэн хардаг вэ?
-Энэ салбарт хийх ажил их бий. Хэдий шинэ агентлаг ч гэлээ гуравхан жилийн хугацаанд Сангийн яам, Олон улсын байгууллага дэмжиж, албан хаагчдыг нь чадавхижуулах, цахим системийг илүү сайжруулах гэж хичээж, итгэл найдвараа өгч байсан юм. Азийн хөгжлийн банк төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байсан. Одоо энэ ажил юу болсныг мэдэхгүй. Мөн Европын сэргээн босголтын банк “Цахим дэлгүүр”-ийн төсөл хамтран хэрэгжүүлэх гэж байсан ч хойшилсон байна лээ. Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсан эхний хоёр жилд төсөвт 26-28 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан. Цаашид илүү үр дүнтэй ажиллах боломж, бололцоо байсан юм.
-Тухайн үед эмэгтэй хүн агентлагийн даргаар очоод салбараа өнгөтэй өөдтэй авч явж байна гэсэн үнэлгээг олон нийт өгч байсан. Ер нь эмэгтэй хүн төрд ажиллахад давуу тал нь юу байдаг юм бол?
-Эмэгтэй хүн хариуцлагатай, аливаа асуудалд маш нухацтай ханддаг гэж би боддог, өөрөө ч хичээдэг. Айлаар аваад үзэхэд эмэгтэй хүн айл гэрийг авч явдаг гэж ярьдаг шүү дээ. Нөхрийнх нь нэрээр орж эхнэрийнх нь нэрээр гардаг гэсэн үг ч бий. Ер нь төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, хувийн хэвшилд ажиллаж байгаа эмэгтэйчүүд аливаа юмыг том, жижиг гэлгүй авч үзэж, асуудалд нухацтай, нягт нямбай ханддаг нь илүүтэй анзаарагддаг. Тийм учраас УИХ дахь эмэгтэй гишүүд ч гэсэн юу хийж, ямар асуудал шийдүүлж байгааг ард түмэн харж л байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн хаана ч аль ч салбарт хариуцлагатай, хэрсүү, нөлөөнд бага автдаг нь ажиглагддаг.
-Гэхдээ шийдвэр гаргах төвшинд, төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүд тун цөөхөн байна уу даа?
-Өнөөдөр Монгол Улсын төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэй хүний тоог харвал тун цөөхөн. Намайг ХААГ-ын даргаар ажиллаж байхад 29 агентлагтай, гуравхан эмэгтэй дарга ажиллаж байсан. Сүүлд 16 агентлаг болгож хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Хоёр нь эмэгтэй даргатай байна. Тэр хоёр эмэгтэй яаж ажиллаж, байгууллага нь ямар өнгө зүстэй гялалзаж явааг олон нийт мэднэ.
-Эмэгтэй хүн төрд ажиллахад тулгардаг бэрхшээлийн тухайд та юу хэлэх бол?
-Эмэгтэй хүн төрд ажиллахад эрэгтэй хүн шиг байх ёстой юм байна, хоёрдугаарт, өвдөж болохгүй юм байна, гуравдугаарт, шударга дуугарч болохгүй юм байна. Би ийм л гурван зүйлийг анзаарсан. Тэгвэл ад шоо үзэгдэнэ, элдвээр хэлүүлж гүтгүүлнэ. Тэгээд эмэгтэй хүнийг ямар нэгэн ажилд томилоход тэр л томилсон байх, энэ яахаараа томилогддог юм бэ гэж харддаг. Эмэгтэй хүн ажил хийж болдоггүй юм уу, хаашаа юм. Гэтэл эмэгтэй хүн ажилдаа хариуцлагатай ханддаг, ил тод, шударга ажиллаж чаддаг, зарчимч гээд олон давуу талтай.
-Сүүлийн үед та юу хийж байна?
-Би олон жил судалгааны ажил хийж, их, дээд сургуульд багшилж байсан эрдэмтэн хүн. Өмнө нь сонирхож, судалж байсан судалгаа, шинжилгээний ажлууд дээрээ сууж байгаа. Түүнээс гадна түрүүнд хэлсэн дээ, төр хуулиа яаж биелүүлдэгийг харж байна, хүлээж байна...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин