Б.ЭНХЗАЯА

Сүүкомпанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.

-“Сүүкомпанийн суурь бааз ЗХУ-аас гаргасан зураг төслийн дагуу баригдсан гэдэг. Тэгэхээр сүүний анхны үйлдвэрлэлийн нэг болов уу?

-“Сүүкомпани анх 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгуул-лагын боловсруулсан зураг төслийн дагуу ЗХУ болон Европын орнуудын техник хэрэгслээр тоноглогдсон хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж байсан. Энэ нь Монгол Улсын сүү боловсруулах үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэл гэж хэлж болно. ӨнөөдөрСүүкомпани улам өргөжиж хоногт 200 тн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. Манай үйлдвэрт гурван үеэрээ ажиллаж байгаа ажилтан байдаг.

-Одоо танайх хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Сүү, тараг, аарц, цөцгийн тос, ааруул, йогурт, зайрмаг гээд 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн технологио 2011 онд бүрэн шинэчилж сүүг дөрвөн секундын хугацаанд 137 хэм хүртэл халаан буцааж дөрвөн хэм хүртэл хөргөдөг хамгийн сүүлийн үеийн UHT/Ultra high temperature/ шугамыг нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгчид үйлдвэрээс гарсан сүүг шууд ууж хэрэглэх боломжтой болсноороо давуу болсон.

-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ихээхэн эрсдэлтэй. Нэг өдөр, нэг цагаар үйлдвэрлэлийг зогсоох боломжгүй. Ууган үйлдвэрийг залуу хүн удирдаж байгаа болохоор шинэ санаа, маркетингаар баяжуулж байгаа болов уу?

-“Сүүкомпани хуучин сүүний үйлдвэрийн суурин дээр түүхийн үргэлжлэл болж явж байгаагийн хувьд 1990 оны нийгмийн шилжилтийн үе компанийн хувьд хүнд туссан. Тухайн үед Монгол Улс өөрөө хаалттай эдийн засагтай, дотроо зарлага, өртөг шингээлтийн тооцоололтойгоос болж сүү үйлдвэрлэлийн салбар гадаад зах зээлээс хэт тасарчихсан, улсаас үзүүлэх тусламжгүйгээр бие даан оршин тогтнох чадваргүй болсон байсан. Үүний дээр энэ салбарын хувьчлал зөв хийгдээгүй. Тиймээс социализмын үед ажиллаж байсан бүх ферм дампуурч, задарсан. Үүнээс болж үйлдвэр сүүгүй болж үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байдаг. Харин 2005 оноос сүү бэлтгэлийн системийг дахин сэргээж малчидтай гэрээ байгуулж, фермүүдэд асар их хөрөнгө оруулалт хийн сургалт зохион байгуулж, сүүний чанар, ариун цэврийг сайжруулах тал дээр олон төсөл хэрэгжүүлсний үр дүнд 10 жилийн хугацаанд тодорхой хэмжээний ахиц гарсан. Гэхдээ алсдаа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд хүрэхийн тулд маш их цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулсан ч бидний хүссэн хэмжээнд хүрч чадаагүй. Тиймээс манай компани өнгөрсөн онд Чингис бондын зээлд хамрагдаж өөрийн гэсэн фермийг байгуулан ашиглалтад орууллаа. Өмнө нь 5-6 тн сүүг малчид сүү бэлтгэн нийлүүлэгчдээс татан авахын тулд өдөр бүр 200 гаруй айлын гадаа очиж цуглуулдаг байсан үйлдвэр. Харин өөрийн гэсэн фермтэй болсноор энэ зардлаа хэд дахин хэмнэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Одоо фермийн үйл ажиллагаа жигдэрсэн үү?

-Өнгөрсөн жил нээлтээ хийсэн үнээний ферм маань саалийн 300 үнээтэй. Одоогоор 290 гаруй тугалтай. Фермээс өдөрт долоон тонн сүү авч байна. Нэг үнээнээс 20-25 литр, дээд амжилт нь 37 литр сүүг нэг өдрийн дотор авч байсан.

-Энэ салбарт ажиглагддаг хүндрэл нь малчдын гар дээрээс авч байгаа сүүний үнэ. Малчид, фермерүүд үйлдвэрүүдэд өгч байгаа сүүний үнийг нэмүүлэх талаар өнгөрсөн жилүүдэд жагсаал, цуглаан хүртэл хийж байсан. Өнөөдрийн байдлаар малчид, фермерүүдийн гар дээрээс үйлдвэр хэдэн төгрөгөөр сүүг нь авч байна вэ?

-Литр сүүг нь 900-950 төгрөгөөр авч байна. Сүүний үнэ улирлаас хамаарч харилцан адилгүй. Зун болохоор сүүний гарц нэмэгдэж үнэ нь унадаг, харин өвөл гарц буурч үнэ нь өсдөг. Үйлдвэр ч гэсэн энэ жишгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ сүүний үнэ 2013 оны зун гэхэд 350 төгрөг байсан бол энэ зун нэг литр сүү 600 төгрөг хүртлээ өссөн.

-Сүү компаниМалчны хотноос таны гэртгэсэн уриатай. Хэчнээн малчин, фермерүүдтэй хамтарч ажиллаж байна вэ?

-Одоогоор 2000 гаруй гэрээт малчин, фермертэй хамтарч байна. Бидний зүгээс сүүний чанар, хэмжээ, улирлын сүүний хэмжээнээс хамааран сүүг өөрийн ажил мэргэжил болгосон мэргэжлийн малчид, фермерүүдтэй хамтран ажиллахыг зорьдог. Одоогоос хоёр жилийн өмнө зуны цагт манай компани 3500 гаруй малчин, фермерээс сүүгээ авдаг байсан. Гэхдээ энэ тоон дотор зуны цагт сүү сааль нь илүү болохоор ирж тушаагаад өвөл болохоор нүүгээд алга болчихдог нөхдүүд их байсан. Тиймээс өнгөрсөн жилээс нийлүүлэгчдийн чанарт илүү анхаарч эхэлсэн. Энэ нь эхнээсээ үр дүнгээ өгч жилийн дөрвөн улирал сүүний хэмжээний хэлбэлзэл тогтворжиж, үйлдвэрт тушааж байгаа сүүний чанар илт сайжирч байна.

-Өнөөдрийн цаг үеийн сэдэв бол яах аргагүй эдийн засгийн хямрал. 350 ажилтантай, 2000 гэрээт фермертэй компани хямралын салхинаас хол өнгөрч чадаж байна уу?

-Эдийн засгийн өнөөгийн байдалд бидний хийж чадах зүйл зах зээл дээр аль болох хямд бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэх явдал. Хэрэглэгчийн сагсан дотор сүү байгаасай. Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг битгий багасгаасай гэдэг үүднээс хямд үнийг санал болгож байна. Өнөөдрийн байдлаар манайхаас бусад үйлдвэр литр сүүгээ дэлгүүрт 2400-2700 төгрөгөөр борлуулж байна. Бүр зарим импортын сүү 3000 төгрөгөөс давчихсан. Харин манай үйлдвэрийн хувьд сүүнийхээ үйлдвэрийн үнийг 1800 төгрөгт барьж байна. Хэдийгээр үйлдвэрээс литр сүү 1800 төгрөгөөр гарч байгаа ч дэлгүүрүүд ашиг нэмж зарахдаа харилцан адилгүй байдаг. Тиймээс энэ байдлыг харгалзан 1900-2000 төгрөгөөр зараарай гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ нь хэрэглэгчдэдээ хандсан хамгийн том хямралын эсрэг арга хэмжээ. Нөгөө талаар малчид, фермерүүдээс авч байгаа сүүний үнийг нэмэгдүүлэх тал дээр ч анхаарч байна. Малчид хэр зэрэг зардал гаргаж байгааг судалж үзсэн. Энэ жил гантай зун болсон болохоор буудай, хивэгний хэмжээ ч бага авах төлөвтэй болоод ирсэн. Үүнийг дагаад малын идэш тэжээлийн үнэ өмнөх жилтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. Тиймээс малчид, фермерүүдтэй хамтраад салбарын яаманд бичиг хүргүүлсэн. Хивэгний экспортод анхаарал хандуулж өгнө үү гэсэн утгатай. Гурилын үйлдвэрүүд хивгийг нэг тонныг 250-300 мянган төгрөгөөр экспортолдог мөртлөө малчид, фермерүүдэд 400 мянган төгрөгөөр зардаг, зарим тохиолдолд жижиглэнгийн үнээр тооцоход 490 мянган төгрөг хүрээд байсан. Үнэтэй хивэг, тэжээл авна гэдэг дөрвөн улирал тасралтгүй ажиллаж байгаа малчдын хувьд орлого нь багасч зардал нь өсөхөд хүргэсэн. Гэтэл бид малчдаас авдаг сүүний үнээ хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин өсгөсөн ч үнийн энэхүү өсөлт малчдад үр дүнгээ өгөхгүй байсан. Тиймээс бидний хүсэлтийг салбарын яамнаас судалж үзэн шийдвэртэй арга хэмжээ авч хивэгний экспортыг тодорхой хугацаанд хязгаарласнаар хөөсрөөд байсан малын идэш тэжээлийн үнэ бодит жишиг дээрээ ирэх жишээтэй. Биднийг асар урт удаан хүйтэн ширүүн өвөл хүлээж байгаа тул энэхүү шийдвэр нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас фермер, сүү бэлтгэлийн салбарыг дэмжсэн маш оновчтой бодлого болсон.

-Манай улс 60 орчим сая толгой малтай. Гэтэл малын тоо толгой, хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг харьцуулж үзэхээр Монголын энэ жижиг зах зээлийг шингэн сүүгээр бүрэн хангах боломжтой гэж харагддаг. Харамсалтай нь 80 орчим хувийг хуурай сүүгээр хийдэг гэх мэдээлэл бий. Яагаад импортын хуурай сүүг хэрэглээд байна вэ?

-Би анх ажлаа авахдаа энэ салбарыг сайн мэдэхгүй байсан учраас яг ийм хүсэл мөрөөдөлтэй байсан. Харин дотор нь ороод ажиллахаар 60 сая малаас хэд нь үхэр сүрэг билээ, түүнээс сүү өгөх боломжтой саалийн үнээг нь ялгаж үзвэл нэг жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 650 сая литр сүү л өгөх боломжтойг мэдсэн. Гэхдээ Улаанбаатар хоттой ойр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгийн ойролцоох нутгуудаас жилдээ ердөө 75 сая литр сүү л гарах боломжтой байдаг юм билээ. Үлдсэн 575 сая литр сүү гаргах үнээнүүд нь Улаанбаатар хотоос алслагдсан бөгөөд тэдгээр сүүг 12 цагийн хугацаанд үйлдвэрт авчирч халааж ариутгах нь замын зардлаас эхлээд эрсдэл ихтэй ажил болдог. Нэмэлт мэдээлэл хүргэхэд нийслэлд ирж байгаа 75 сая литр сүүнээс ойролцоогоор 50 сая литр нь үйлдвэрийн аргаар боловсруулагддаг бол үлдсэн нь задгайгаар зарагддаг.

Хэрэгцээ талаасаа харвал нэг хүн өдөрт 500 мл сүүтэй тэнцэх хэмжээний сүү болон бусад төрлийн тараг, ааруул, аарц, зөөхий гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэнэ гэж үзвэл нэг сая хүн амтай Улаанбаатар хотын хэрэгцээнд жилд 182 сая литр сүү шаардлагатай. Гэхдээ одоо Улаанбаатар хотын хэрэглэгчид өөрийн биед шаардлагатай сүүг хүссэн хэмжээнд авч чадахгүй байгаа. Магадгүй энэ мэт зүйлээс болоод хуурай сүүгээр үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн тоо олширсон байх.

-Тэгвэл яах ёстой вэ. Салбарынх нь хүнд энэ талаарх бодол байдаг байх?

-Хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, сүү сүүн бүтээгдэхүүний эрэлт тэр хэрээр өсч байгаа энэ үед нүүдлийн мал аж ахуйтай манай улс нийслэлийн хэрэглэгчдийнхээ сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах боломжгүй. Тиймээс зайлшгүй эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, хотын ойролцоох фермерүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж байж дотооддоо сүүний хэрэгцээг хангана. Үүнээс гадна нэг чухал асуудал бол Шинэ Зеландаас өчнөөн арван тонноор орж ирж байгаа хуурай сүүний импортод хязгаар тогтоож түүнийгээ шат дараалалтайгаар жил бүр бууруулах хэрэгтэй. Тэр үед дотоодын үйлдвэрлэл, фермерүүдийг дэмжинэ. Шударга өрсөлдөөн бий болно. Нэг зүйл тайлбарлая. Манай үйлдвэр сүүний 30 орчим машинтай. Сүүний машин өглөө бүр ойрдоо 80 км, холдоо 400 гаруй км явж малчид, сүү бэлтгэн нийлүүлэгчдээс сүү цуглуулдаг. Өдөр бүр ингэж явахад бензин, тос, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, дээрээс нь 30 жолооч, 30 лаборантын цалин гээд асар өндөр зардал, ажил, цаг зав шаардагддаг. Ийм өндөр зардлаар сүү цуглуулж, түүнийгээ үйлдвэрийн аргаар ариутган зах зээлд нийлүүлдэг. Гэтэл зарим нэг өрсөлдөгч маань Шинэ Зеландаас чингэлэг, чингэлгээр нь хуурай сүү оруулж ирээд устай холиод хуурай сүү найруулаад л нэг лангуун дээр зэрэгцүүлээд тавьчихаж байна. Нэг нь хямд, нөгөө нь үнэтэй болохоор хэрэглэгч үнийн зөрүүг харж байгаад л сонголтоо хийдэг. Ийм байхад хэрэглэгчдэд 100 хувь үнээний шингэн сүү хүргэх ажил асар их давааг туулж хүрдэг юм. Гэхдээ сүүлийн үед хуурай, шингэн сүүг ялгаж бичих ёстой гэсэн стандарт чангарснаас байдал арай нааштай эргэж л байна.

-Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл бусад салбарыг бодвол тийм ч өрсөлдөөнтэй, хөгжилтэй харагдахгүй байна. Үүнд чөдөр, тушаа болж байгаа ямар асуудал байдаг юм бол?

-Үйлдвэрлэлийн хөгжилд тушаа болж байгаа зүйл нь задгай сүүний худалдаа. Саяхан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан танилцуулган дээрх статистикийн мэдээ уншсан. Ченжүүд өдөрт малчдаас 30 тонн сүү аваад Улаанбаатарт ирж зарахдаа 35 тонн болгодог юм байна. Юу хольж байж тэр таван тонн сүүг яаж гаргаж авсан нь тодорхойгүй. Нэг үгээр хэлбэл эрсдэлтэй гэсэн үг.

Үүнд мэргэжлийн хяналтынхан дорвитой хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа. Задгай сүүний худалдааны хяналт хангалтгүй, сул. Гэтэл үйлдвэрүүд асар их хяналт, шалгалттай. Зах зээлийн тодорхой хэсэг нь ченжийн систем рүү урсчихсан сүлжээ болчихсон байна. Эргээд энэ нь баталгаагүй хүнсний худалдаа болж хувирдаг. Задгай сүү ямар ч эрсдэл дагуулж болзошгүй. Үүнд хяналт тавихгүй бол будаг, техникийн тосны саванд ямар ч төрлийн хольцтой нь мэдэгдэхгүй задгай сүү зарагдсаар л байна. Энэ байдлыг хүчтэй шийдэмгий замаар хааж болиулах хэрэгтэй. Тэгвэл үйлдвэрүүдэд хөгжих, хоорондоо цэвэр өрсөлдөх боломж гарч ирнэ. Тэр хэрээр хэрэглэгч баталгаатай хүнс хэрэглэх болно.

Хэрэглэгчид мэдээлэл болгоод хэлэхэд үйлдвэрээс гарч байгаа үнээний цэвэр сүү таны номер нэг сонголт. Хэрэв тийм сүү авч чадахгүй бол хуурай сүүгээр савласан сүүг сонгох нь аюул багатай. Хуурай сүүнд хортой юм байхгүй, энэ бол зүгээр л хатаасан сүү. Гэхдээ хуурай сүүнд ашигтай зүйл бас бага байдаг. Харин задгай сүүнд юу юу хольсныг, түүнийг хэрэглэснээр бид өөрсдийгөө ямар төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэлд оруулж байгаагаа мэдэхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин