Ч.Олдох
Очирваань бурхан судлаач Н.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
ЗАНДАНШУУЛСАН ШҮТЭЭН ХОРЛОЛЫН ЦЭГИЙГ ДАРАН ОРШИЖ БАЙСАН
-Архангай аймгийн Цахир сумын нутгаас олдсон Өвгөн гэсэр лам, түүний шавийн занданшуулсан шарилын тухай та сонирхолтой судалгаа, гаргалаа хийсэн гэсэн. Ямар учир шалтгаантай гэж үзэж байгаагаа тайлбарлахгүй юу?
-Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуунаас, одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг, Очирваань уулын зүүн талаас Өвгөн гэсэр лам Чүлтэмжамц, түүний шавь аграмба Р.Санжаажав нарын шүтээн бие олдсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц 1816 онд төрсөн, хулгана жилтэй, аграмба Р.Санжаажав нь 1826 онд төрсөн, нохой жилтэй хүн байсан. Гэтэл тэдний шүтээн бие 2015 оныг хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд 199 жилийн дараа цогцос нь хэвээр байгаа юм. Бас нэг сонин тохиолдол бол энэ хоёр хүний бунхан шүтээн оршиж байсан газар бол Монгол Улсад газрын эздийн гүйлт, буг чөтгөрийн гүйдэл, муу хар энергийн урсгал огтлолцдог гол цэг дээр оршиж байсан байгаа юм. Учир нь Очирваань бурхан Монгол Улсыг батлан дааж авсан ивээл хамгаалалтдаа багтаадаг бурхан юм. Тиймээс Очирваань бурханы уншлагад
“Гайт шулмасын омгийг
Ганцыг ч үлдээлгүй даран зохиогч
Гардаггүй нууц тарнийн эзэн Очирваань минь
Гансарч гасалсан хүмүүний
Гай зовлонг тонилгогч Очирваань минь
Гайхамшигт шинж тэмдгийг гартал залбирмой” гэж байдаг. Очирваань бурхан ямар учиртай, бидний шүтээн болох тухай товч хэлэхэд, Халхын Автай сайн хан 1577 онд Төвдөд очиж, гуравдугаар далай ламд бараалхсан түүхтэй. Гуравдугаар Далай лам Содномжамц түүнийг “Та нутаг буцахдаа эндээс бурхан залж авч яв” гэснээр шашны хожуу үеийн дэлгэрэлт эхэлсэн байдаг. Тэр дагуу Очирваань бурхныг авч Монгол Улсыг батлан дааж, ивээлдээ авах бэлгэдлээр Очирваань ууланд залж тахисан байдаг. Очирваань уул нь Архангай, Завхан аймгийн нутгийн заагт оршдог. Багш, шавь хоёр Очирваань уулыг тахин шүтэж, тэр уулын хувилгаан гэгдэж насан эцэслэхдээ Очирваань хайрхандаа бурхны хутгийг олж, хадгалагдсан нь ийм учиртай юм.
САЙН ЦАГИЙН 1000 БУРХАНЫ ХОЁР НЬ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО
-Багш, шавь хоёрын шүтээн бие 199 жилийн дараа олдож байгаа нь учиртай гэж та хэллээ. Үүнийгээ тодруулж тайлбарлана уу?
-Тийм ээ, энэ хүмүүсийн шүтээн бие энэ хүртэл хадгалагдаж ирсэн учир шалтгаан нь 199 жилийн дараа олдсон гэдгээр тайлбарлагдаж байгаа. 199 жил гэдэг нь нэг үгээр хэлбэл, зуун гэсэн үг юм. Аравт, зуут, мянгат, түмт гэдэг шиг Их цагаан есөн хөлт туг маань 1 дээр нэмэх нь 99 буюу 100 жилийн дараа гэсэн утгаар тайлбарлагддаг. Нострадамусын нэг үг бий. Түүнд 1999 он Эргэлийн их эзэн хаан буюу Очирваань дээрээс заларна гэж байгаа. Өөрөөр хэлбэл, шинэ тоолол эхлэхдээ холбогдуулж тайлбарлаж байгаа юм. Үүнийг эртний зөнчдийн ишлэлтэй харьцуулаад үзэж бас болно. Гаргалгаа бий. Тухайлбал, Ч.Нострадамус “1999 он буурал ид шид хүчээ олно. Булшилж нуугсад амилна” гэх мэтээр зөгнөсөн байдаг. Тэгвэл үүнээс сайн цагийн 1000 бурхадын хоёр нь энд заларч байна гэдгийг ухаж ойлгож болох юм. Мөн монголчуудад сайн цаг ирж буйн дохио, нэг ёсны илрэл ч гэж үзэж болно. Ч.Нострадамусын айлдсан өөр мөртүүд ч нэг утгатай. Тухайлбал:
“Хүндэтгэн ёслохоор Бархасбадийн өдөр
Хөх мөс газар тэнгэрийг бүрхэнэ
Мөргөн бишрэхээр дөрвөн зовхисоос цугларахуй
Мөнх орчлон гайхамшгаар цалгина
Тэгтлээ их хүлээгдсэн тэр эргэж
Тэрсүү Европод бус Азид тодормой
Аугаа Гермесийн үүдэгдсэн холбооны нэгнээс
Алс дорнын бүх хаадын дээгүүр тэр мандмуй” гэж байдаг. Чингис хааныг Очирваань бурханы хувилгаан гэж үздэг юм шүү дээ. Энэ тухай Ж.Арилдзэмбэ доктор 2015 онд “Монгол Улс дэлхийг хөтлөх цаг тохиоход тэнгэр бурхан өөрөө хамжилцах цаг ирэх нь ээ гэвэл та зөвшөөрөх үү” номынхоо 68 дугаар хуудсанд бичсэн байдаг юм.
ГЕРМЕС БОЛД НҮҮДЭЛЧДИЙН БУРХАН
-Гермес гэдэг нь ямар учиртай бурхан бэ?
-Л.Түдэв гуай Гермес бурханыг нүүдэлчин малчид хоньчдыг ивээгч бурхан гэж тайлсан байдаг. 1996 онд Монголын анхны зөгнөлт сонин болох “Дал” сониныхоо тэргүүн нүүрт “1999 онд есөн ес 81 зүйл гүйцэлдэж, их эзэнтэн эргэж ирнэ” гэсэн онц сонирхолтой нийтлэл бичсэн байдаг. Үүнтэй адилаар 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр биш ирэх 2016 он бол одоо арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, есөн ес 81 гүйцэлдэн эхэлж байгаа гэдэг утгаар шүү дээ. 2016 гэсэн тооны нийлбэр нь ес. Хасахад 816 гардаг, есөн есийн 81 гэсэн утга учир нь дандаа зурхайн ухаанд түшиглэсэн тоонууд байгаа юм.
-Та Очирвааны бурханы тухай судалгаагаараа ном гаргасан уу?
-Би “Номын цагаан буян” номдоо Очирваань бурхны биеийн талаар тайлбар хэвлүүлсэн, 2007 онд. Тухайлбал, Очирваань бурханыг гал хуй бадарсан орон төвд оршдог гэж үздэг. Энэ нь галын учир шалтгааны тухай нууцын онол юм. Цаг тоололтой холбоотой.
-Т нь юу билээ?
-2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд дэлхий нийт шинэ тоолол эхэлнэ гэж үзэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ хоосон зүйл биш ээ. Энэ бол мөнх тэнгэрийн тоолол юм. Өөрөөр хэлбэл, мөнх тэнгэрийн хаадын цаг тоолол эхэлж байгаа гэсэн үг. Мөн сайн цаг эхэлж байгаа, монголчуудын сайн цаг ирсэн, эхэлсэн гэж хэлж болно. Монголчууд өнөөдөр муу нигурт бичин жил гэж дээр, доргүй ярьж байна. Амны билгээс ашдын билэг гэжмонголчууд хэлдэг, ярьдаг. Тэгвэл энэ тооллыг авахгүйгээр зөвхөн сайн цаг тооллоо тоолоод явчих ёстой юм. Тэгвэл бид Бумбын эринд билгийн мэлмий нээгдэж байгаа үед сайн цаг тооллоо тоолоод явчих боломжтой. 2015 оны Д.Тэрбиш гуайн цаг тооны бичгийн гуравдугаар хуудсанд галуузууруулагч модон хонин жилийн үр гэж байгаа. Түүнд нууц ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ гэж бичсэн байгаа. Мөн шороон үхрийн шинжээр хааны хатуу цаг хаа ч бууж болзошгүйг билэгдэж байгаа гэсэн байна. Энэ бол Чингис хаанаас улбаатай бүх юм учир шалтгаантай, бүх нууц гарч ирж байна гэж ойлгож тайлбарлаж болно. Тэгэхээр 199 жил болоод шүтээн биес гарч ирж байна гэдэг нь их цагаан туг буюу Очирваань бурхныг заларсныг тайлбарлаж буй юм. Очирваань уулынхаа зүүн суганаас тэдгээр шүтээн биес олдож буй нь зүүн зүгээс нар манддагтай холбон сайн цагаар тайлж буй юм. Өвгөн Гэсэр лам хулгана жилтэй байснаас үзэхэд хулгана жил 12 жилийг тэргүүлж эхэлдэг учраас сайн цаг тоолол гэж үзэж болно.
ХОНИН ЖИЛЭЭС МӨНХ ТЭНГЭРИЙН ТООЛОЛ ЭХЭЛСЭН
-Та мууг нь орхиод сайн цаг тооллоо аваад явчих боломжтой гэлээ. Цаг тооллыг хэрхэн тоол гэсэн үг вэ?
-Монголчууд амны билгээс ашдынх гэж үздэг ард түмэн. Амны билэг, арга билэг гэж байна. Чингис хаан:
“Арга билгийг мэдвээс
Арын ууланд нуугдсан
Аргалийн зулзагыг
Алж идэхэд хялбар болой” гэсэн нь бий. Аргын ухаан, билгийн ухааныг нийлүүлээд хонин жил мөнх тэнгэрийн цаг тоолол эхэлж байгаа юм гэж тоолж бас болох юм гэдгийг л хэлээд байгаа хэрэг л дээ. Бичин жил гэхчлэн муу жилийн нигурыг тоочилгүй сайн цаг тооллоор тоолоод явчихвал монголчуудын ажил үйлс сайн байна. Монгол тоололд есөн есийн 81 гэж тоолдог, ингэж тоолдог өөр улс орон, үндэстэн байхгүй.
-Монголд Очирваань бурханы дүрийг цуглуулсан, эсвэл судалгаа хийх цогц төв байна уу?
-Монголчууд эртнээс өнөө хүртэл бурхадын дүрийг дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн. Өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт олон бүтээл хадгалагддаг. Зурмал, оёмол, хатгамал, утгуур, шуумал, баримал, дармал, сийлбэрээр бүтээсэн Очирваань бурхадыг өнгөрсөн нэг сарын турш дэлгэн үзүүлсэн “Нууцын эзэн” нэртэй маш том үзэсгэлэн гаргасан шүү дээ. Хамаг бурханы эрдмийг нэгэн дор хураасан, их хүчтэй, бүхий л сахиуснуудын тэргүүн, шулмсын орны хорлолыг дарагч их сахиус гэж үздэг учраас нууцын орныг сахин хамгаалагч, Нууцын эзэн гэж ёгтлон нэрлэдэг учиртай.
Эх сурвалж: www.polit.mn